Wednesday, October 31, 2007
Дээрэмчин (үргэлжлэл)
- Замаас зайл! Одоохон зайл! гэж халзан эр хахир хоолойгоор хашгираад
- Херн, чигээрээ яв. Эсвэл очоод машинаас нь чирээд гаргаад ир! Тэр согтуу юм шиг байна.
Энэ үеийг хүртэл манай дээрэмчинг бүр эелдэг ч гэж хэлж болохоор байсан бол харин одоо хэрцгий ширүүн болжээ. Лимузины жолооч зузаан чийрэг эр зорчигчийнхоо хашгирахыг сонсмогц машинаасаа үсрэн гарч ирээд дээрэмчинг багалзуурдсан боловч гар бууны ишээр толгой руугаа дэлсүүлэн ёолсоор газар унав. Дээрэмчин түүний гулдайсан биен дээгүүр алхан гараад машины хаалгыг угз татан нээлээ. Тэгээд бүдүүн эрийн чихнээс чирч, түүний орилохыг үл тоон зам дээр гарган хаяв. Дараа нь гараа яаралгүй өргөн бүдүүний нүүр рүү хоёр удаа хүчтэй цохиход чимээ нь шөнийн нам гүмд чимээ ихтэй лүгхийн сонсдоно. Бараг ухаанаа тавьсан бүдүүн эр машиныхаа хажууд үхдэл аятай унаад өгчээ. Дээрэмчин түүний пальтог дэлгээд том алтан гинж болон түүнд байсан бүхий л зүйл, хар торгон зангиан дахь том эрдэнийн чулуутай зүүг нь авч, хуруунуудаас нь үнэт чулуутай дөрвөн ч бөгжийг нь бас дотоод хармаанаас нь түнтгэр арьсан түрийвчийг нь олзлов. Энэ бүхнийг өөрийнхөө пальтоны халаасанд хийгээд нөгөө бүдүүний цамцны сувдан тээглүүр, бүр захных нь тээглүүрийг ч хүртэл үлдээлгүй авч халааслав. Өөр олзлох юм юу ч үгүй болсон хойно дээрэмчин дэнлүүгээ өргөн газар хэвтээ жолоочийг харвал тэр амьд байгаа бөгөөд ердөө л ухаан алдсан ажээ. Тэгснээ эзэн рүү нь эргэн хувцсыг нь тасчиж эхлэв. Хөөрхий бүдүүн ингээд л зүйл дуусчээ хэмээхээс өөр бодолгүй айсандаа дуугарч ч чадахгүй чичирнэ.
Гэтэл гэнэт дээрэмчин ямар нэг чимээ сонсоод толгойгоо эргүүлэн харвал умар зүгээс хурдлан ирж буй машины гэрэл харагдав. Тэр машин дээрэмдүүлсэн хүмүүстэй тааралдаад одоо цагдаагийнхантай түүний мөрөөр мөшгин ирж байгаа нь гарцаагүй.
Дээрэмчний мэдэлд хэдхэн минут үлджээ. Тэр бүдүүнийг зам дээр хаячихаад машиндаа үсрэн орж засмал замаар хурдлав. Тэгснээ хажуу тийш эргэн шороон замаар орон давхисаар таван миль хиртэй холдсоныхоо дараа л сая зогсох зүрх гаргажээ. Одоо мань эр энэ буйхан газар олзоо тоолж суулаа.
Ноён Рональ Баркерын туранхай түрийвчинд долоон шиллинг, жүжигчин хатагтай нарын хэтэвчинд тус бүр дөрвөн фунт, эцэст нь даймлертай баяны үнэт эдлэлүүд, тарган түрийвчинд нь тавин фунтын таван дэвсгэрт, арван фунтын дөрвөн дэвсгэрт, арван таван соверен (нэг фунт стерлингтэй тэнцэх алтан зоос) нилээд хэдэн үнэт цаас гэх зэрэг зүйлүүд байв. Нэг оройн хувьд гэхэд дэндүү хангалттай болжээ. Дээрэмчин маань олзоо хармаалаад огтхон ч гэмгүй хүний дүрээр тамхи татан замаа хөөв.
Дээрх адал явдал болсны маргааш буюу Даваа гаригийн өглөө Уолкот-олд-плэйсийн эзэн сэр Генри Хейлуорти өглөөнийхөө цайг яаралгүй уугаад ажилдаа явахынхаа өмнө шүүхэд хэд хэдэн захидал бичихээр өрөө рүүгээ зүглэлээ. Сэр Генри бол гүнлэгийн (Английн орон нутгийн засаг захиргааны нэгж) шүүгч агаад үе залгамжилсан барон хүн билээ. Тэрээр арван жил шүүхэд ажилласан, бүх Уилдад ихэд нэр хүндтэй. Бас адууны аж ахуй эрхлэх агаад эндхийн хамгийн эрэмгий морьтон гэгддэг. Өндөр сайхан бие бялдар, сахлаа нямбайлан хуссан цэвэрхэн нүүр, өтгөн хар хөмсөг, шийдмэг зангийн илрэл болсон дөрвөлжин эрүүтэй тэрбээр тавь орчим настай боловч наснаасаа хамаагүй залуу харагдана. Түүнтэй хүмүүс дайсагнахаасаа илүү нөхөрлөхийг эрхэмлэдэг. Насыг нь үнэнээр нь илэрхийлж буй ганц зүйл бол байгаль эх өөрийн гаж араншингаа гаргаж сэр Генригийн баруун чихний дээр ургуулсан туг цагаан үс бөгөөтөл үүнээс болоод ч тэр үү өтгөн хар үс нь улам ч хар харагдана. Энэ өглөө сэр Генри сэтгэл санаа тогтворгүй байх бөгөөд гаансаа татангаа ширээний ард сууж гүн бодолд автана. Тэр гэнэт цочлоо. Лаврын бутаар хүрээлэгдсэн замаар ирж буй машины чимээ гарч нэн удалгүй улаан хацартай, шар сахалтай залуу эрийн жолоодсон хуучин уолсли хүрч ирлээ. Түүнийг хармагцаа сэр Генри үсрэн боссоноо буцаад суув. Минутын дараа зарц ноён Рональд Баркерын ирснийг дуулгахад л сая түүнтэй уулзахаар бослоо. Хэдийгээр айлд зочлоход эрт байсан боловч Рональд Баркер бол сэр Генригийн дотнын найзуудын тоонд багтдаг юм. Тэд хоёул сайн буудагч, морь сайн унадаг, бильярд сайн тоглодогоороо алдартай бөгөөд ижил сонирхол нь тэднийг ойртуулан нөхөрлүүлжээ. Найзууд дотроос нь хамгийн залуу, хамгийн ядуу Баркер Уолкот-олд-плэйст долоо хоногт хоёр оройг өнгөрүүлдэг заншилтай. Сэр генри нөхөрсгөөр гар сунган Баркер руу очиж:
- Өө, эртэч шувуухай хэмээн тоглоом хийн:
- Энэ чинь юу болоо вэ? Хэрэв та Льюис руу явж байгаа бол чинь зам нийлэх юм байна шүү гэлээ.
Гэтэл залуу эр нэг л хачин байдалтай, түүний сунгасан гарыг үл анзааран ууртай, асуусан харцаар сэр Генриг ширтэж урт сахлаа угзчин зогсоно.
- За, ямар ажил хэргээр ирэв? гэж шүүгч сонирхов. Залуу дуугүй зогсоно. Тэр нэг юм хэлэх гэсэн боловч зориглохгүй байгаа бололтой. Шүүгч маань тэвчээр алдаж эхэллээ.
- Та өнөөдөр нэг л биш. Ямар нэгэн юм болоо юу?
- Тиймээ гэж Баркер битүү хариулав.
- Тэгээд яасан?
- Та!
Сэр Генри инээмсэглэв.
- Суу найз минь. Хэрэв та надад сэтгэл хангалуун бус байгаа бол би таныг сонсоё л доо.
Баркер суулаа. Үзтэл тэр өөрийгөө нилээд хүчилж буй бололтой. Эцэст нь зориглон
- Яах гэж та өчигдөр намайг дээрэмдэв? гэсэн нь буу тасхийх адил сонсогдоно.
- Өчигдөр би таныг дээрэмдсэн гэж та хэлэх гээд байнаа даа?
- Өчигдөр Мейфильдийн замд машинтай булиа этгээд намайг зогсоосон юм. Тэгээд надад буу тулган түрийвч, цагийг минь авсан билээ. Сэр Генри тэр бол та байсан шүү дээ.
Шүүгч инээмсэглэв.
- Тэнд чинь надаас өөр өндөр булиа хүн байхгүй гэж үү? Зөвхөн би ганцаараа машинтай юм уу?
- Намайг роллс ройсыг бусад машинаас ялгаж чадахгүй гэж та арай бодоогүй биз дээ? Би чинь амьдралынхаа тэн хагасыг машинд өнгөрүүлсэн хүн. Танаас өөр роллс ройстой хүн энд байхгүй шүү дээ.
- Хонгор Баркер минь, таны тодорхойлсончлон одоо үеийн дээрэмчид өөрийн нутгийнхаа гадна талд дээрэм хийж явдаг гэдгийг та бодохгүй байх шиг байна. Тэгээд ч өмнөд Англид хичнээн л бол хичнээн роллс ройсыг харж болно.
- Үнэмшилгүй байна, сэр Генри, үнэмшилгүй байна. Та хэдийгээр өөрчлөхийг хичээсэн боловч би таны дууг таньсан. Хангалттай биш үү? Та яах гэж ингэв дээ? Би юу ч ойлгож чадахгүй байна. Өөрийн чинь дотнын нөхдийн нэг, танд тусалж байсан хүнийг ердөө л нэг хямдхан цаг, хэдхэн шиллингийн төлөө дээрэмдлээ гэж үү?
- Байж боломгүй юм гэж шүүгч инээмсэглэн хэлнэ.
- Бас хөөрхий хоёр жүжигчин, амьдрахын тулд л ядаж яваа улс. Би таны араас явсан шүү. Бас Ситигийн аварга загас байна. Нэгэнт дээрэмдэх гэсэн юм бол тиймэрхүү амьтдыг дээрэмдэх нь шударга хэрэг. Харин өөрийнхөө найзыг бас тэр бүсгүйчүүдийг... Итгэх ч арга алга.
- Үгүй тэгээд чи яагаад үүндээ итгээд байгаа юм бэ? Та ердөө л өөрөө өөрийгөө итгүүлээд байна. Харин бусдыг итгүүлэх ямар ч баталгаа танд алга байна шүү дээ.
- Би таныг шүүхэд шилжүүлсэн ч бэлэн байна. Та миний машины цахилгаан дамжуулагчийг салгаж байхад би багны доороос цухуйсан цагаан үсийг чинь харсан юм. Ямар жигшүүртэй, ичгүүртэй юм.
Хэрэв ажигч хүн байсан бол энэ үгийг сонсоод бароны царайд түгшүүр илрэхийг харахаар байлаа.
- Та ч сүрхий биетээр сэтгэдэг хүн байна.
Зочин уурлан царай нь минчийгээд ирлээ.
- Үүнийг хар, Хейлуорти гээд тэр ямар нэгэн хар материалын өөдөс гарган ирж
- Харж байна уу? Бүсгүйчүүдийн машины хажууд зам дээр хэвтэж байсан юм. Та машинаас гарахдаа урсан бололтой. Та машин барихдаа өмсдөг хар пальтогоо гаргаад ир л дээ. Хэрэв та зарцаа дуудахгүй бол би дуудая. Би энэ ажлыг эцсийг нь хүртэл хийх ёстой. Саад хийх гээд дэмий гэжээ.
Харин бароны хариулт санаанд оромгүй байлаа. Тэр босч очоод хаалгаа хаан түгжээд түлхүүрийг нь хармаалчихав.
- Та ингэж л хийх болж дээ. Таныг ажлаа эцсийг нь хүртэл хийж байх хооронд би хаалгыг түгжээтэй байлгая. Баркер одоо хоёул эр улс шиг ярилцанаа. Бидний яриа эмгэнэлтэйгээр төгсөхгүй байх нь танаас л шалтгаална.
Ингэж хэлээд сэр Генри бичгийн ширээнийхээ нэг нүдийг онгойлгов. Зочин ууртайгаар хөмсгөө зангидна.
- Сүрдүүлэг танд тус болохгүй, Хейлуорти. Би үүргээ биелүүлж байгаа тул та намайг айлгаж чадахгүй.
- Би таныг айлгах гээгүй байна. Эмгэнэлийн тухай ярихдаа би таны тухай яриагүй билээ. Би энэ түүхийг олонд тараахыг хүсэхгүй байна. Надад төрөл төрөгсөд байхгүй боловч гэр бүлийн нэр төр гэж юм бий. Үүнийг бодолцохгүй байж болохгүй.
- Энэ тухай бодоход хэтэрхий оройтож.
- Тийм биш ээ. Би танд олон юм ярих хэрэгтэй болох нь. Юуны өмнө та үнэн хэлжээ. Тиймээ, би өчигдөр таныг Мэйфильдийн замд зогсоосон.
- Яагаад...
- Хүлээж бай. Би өөрөө бүгдийг ярина. Үүнийг хар. Сэр Генри ширээнийхээ нүднээс хоёр жижиг боодолтой зүйл гаргаж ирлээ.
- Би үүнийг өнөө орой Лондонгийн шуудангаар явуулах гэж байсан юм. Нэг нь танд хаяглагдсан байгаа. Харин одоо танд өгч болох нь байна. Дотор нь таны түрийвч, цаг хоёр байгаа. Хэрвээ тасалсан цахилгаан дамжуулагчийг эс тооцвол танд өчигдөр оройн явдлаас ямар ч гарз тохиосонгүй. Нөгөө боодлыг нь Гэйеэти театрын залуу хатагтай нарт хаягласан. Дотор нь тэдний хэтэвч буй. Тэгэхээр таныг намайг илрүүлэхээс өмнө би та бүхний гарз хохирлыг төлөхөөр зорьсныг минь үнэмшсэн байх гэж найдна.
- Тэгээд? гэж Баркер асуув.
- Одоо харин сэр Жорж Уайльдын талаар ярия. Магадгүй түүнийг Уайльд ба Гугендорф пүүсийн эзэн, бас Ладгэйтийн банк гэгчийг байгуулсан гэдгийг та мэдэхгүй байх. Харин жолооч нь бол өөр хэрэг. Би бүр түүнийг шагнахаар зэхэж байсан гэдгээ хэлэе. Хамгийн гол нь түүний эзэн. Би баян хүн биш гэдгийг та мэднэ. Энэ талаар бүх л гүнлэг даяараа мэднэ дээ. Дербид болсон уралдаанд Хар алтанзул маань хожигдсоноос би их юмаа алдсан. Бас өөр бэрхшээлүүд ч байлаа. Харин дараа нь би мянган фунтын өв залгамжлав. Тэр муу өөдгүй банк долоон хувийн хүү төлдөг байсан. Уайльдыг таньдаг байсан тул би түүнтэй уулзаж банк нь найдвартай эсэхийг асуусан юм. Тэр маш найдвартай гэхэд нь итгээд мөнгөө хийчихлээ. Гэтэл хоёрхон хоногийн дараа Уайльд дампуурснаа зарлачих нь тэр. Тэр аль хэдийн гурван сарын өмнөөс зайлшгүй сүйрэх аюултай болсноо мэдэж байжээ. Мэдсээр байж надад байсан бүхнийг минь аваад арилж өгөв. Ингээд би мөнгөө алдаж, ямар ч хууль надад тусалж чадсангүй. Уайльдтай дахин уулзахад тэр намайг доромжилж билээ. Тэр үнэт цаас худалдаж авахыг зөвлөөд харин ч чи гайгүй салснаа их юм гэж бод гэв. Тэгэхэд л би түүнтэй тооцоо хийхээр тангарагласан юм. Би аятай боломжийг хайж байлаа. Тэгээд түүнийг бүтэн сайн бүр их орой Истборноос ирдгийг мэдэв. Тэр их хэмжээний мөнгө биедээ явдгийг ч бас мэдэв. Ингээд л түүний түрийвч минийх болсон юм даа. Та үүнийг ёс суртахуунгүй хэрэг гэж хэлэх гээд байна уу? Хэрвээ надад хугацаа байсан бол би тэр муу новшийг бүр нүцгэлэх байснаа хэлчихэе. Муу новш олон хүнийг нүцгэлсэн дээ.
- Бүх юм ойлгомжтой. Гэхдээ энд би ямар хамаатай юм бэ? Бас тэр жүжигчид ч гэсэн?
- Ухаалаг байж үз, Баркер. Би өөрийн дайснаа дээрэмдчихээд яаж баригдахгүй байхав? Аюултай биз дээ? Тэгэхээр би жирийн л дээрэмчин шиг байж, санамсаргүй таарсан Уайльдыг дээрэмдсэн болгож харагдуулах хэрэгтэй байв. Ингээд би азанд найдаж их зам дээр гарлаа. Гэтэл гай болоход хамгийн түрүүнд тантай таарчихдаг байгаа. Тэнэг хүн биш дээ. Таны машины дууг сонсоод л таньсан, хараад золтой л инээчихээгүй. Гэвч жүжгээ дуустал нь тоглох хэрэгтэй шүү дээ. Жүжигчидтэй ч бас л төстэй юм болсон. Харин тэгэхэд би өөрийгөө золтой л илрүүлчихсэнгүй. Гэлээ ч инээдмийн жүжгээ үргэлжлүүлсээр байв. Тэгж байтал хүлээж байсан этгээд маань ч хүрээд ирлээ. Би түүнд юу ч үлдээлгүй тонохоор бэлдэж байсан, тоносон ч. Ичих юм огтхон ч алга. За, Баркер юу хэлмээр байна даа? Өчигдөр би танд буу тулгаж байсан бол одоо та надад тулгаж байна.
Залуу эр инээсээр алгуурхан босч шүүгчийн гарыг чанга атгав.
- Дахиж л ийм юм бүү хийж үзээрэй. Дэндүү аюултай. Энэ муу өөдгүй гахай Уайльд таныг барих юм бол бүр ч аюултай юм болно шүү гэлээ.
- Баркер, чи сайн залуу байна. Хойшид би иймэрхүү ажил хийхгүй гэж бодож байгаа. Сайхан цагийн тухай хэн хэлсэн билээ дээ. Золиг гэж, сонин юм. Жинхэнэ амьдрал. Ойд ан хийхийн тухайд бол бүр ярих юм алга. Өчигдрийнхийг дахиж хэзээ ч давтахгүй ээ. Эс тэгвэл биеэ татаж чадахгүй болно.
Ширээн дээрх утас дуугарав. Барон утсаа аван чагнаснаа зочин руугаа харан инээмсэглэв.
- Би өнөөдөр жаахан саатчихлаа гэснээ залуу руу хандаж:
- Гүнлэгийн шүүхэд нэгэн жижигхэн дээрмийн хэрэг намайг хүлээж байх шиг байна гэлээ.
Sunday, October 28, 2007
Ээж минь л байвал...
Дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахав дээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ээжий
Хүүдээ харагдаж л байвал жаргалтай
Нулимс минь нүдний аяганд багтахгүй хацар даган дураар урсч байна. Цав цагаан хувцас өмссөн дуучин бүсгүй хөвөх адил зөөлөн алхаагаар их усан дээгүүр алхаж, түүний дуулж буй дуунаас өөр юу ч энд байхгүй мэт.
Өдөр өдрийн аашинд нь
Уйлж гундсан ч яахав дээ
Өмөлзсөн хошуугаа би ээждээ
Үнсүүлж л байвал жаргалтай
Дуучны хоолойноос дуурсах дуун миний зүрхэнд хүрч, удаан хугацааны туршид бөглөрөн байсан бүхнийг угаан эргээд нулимс болон гарч байна уу...
Бүтэн гурван сараас нь
Нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ээжий
Үрдээ л байвал жаргалтай...
Хаа холын Солонгос эмэгтэй ийн дуугаараа сэтгэлийг минь амирлуулаад хөвөн хөвөн алхалсаар цааш одлоо. Юутай тайван, юутай нам гүм... Амьдралын төлөөх тэмцэл цааш үргэлжилнэ.
Friday, October 26, 2007
Шинэхэн бэр
Хажуу газар ургана гэдэг нь
Хайлаас модны жам юм даа
Харийн газар очно гэдэг нь
Бүсгүй хүний жам юм даа
гэж дуу байдагсан. Шанзаар тоглоход их сайхан аятай. Харин бүсгүй хүн хадамд гарахдаа “харийн газар ирдэг” бус “өөрийн ертөнцөө бүтээдэг” биш үү.
Найзыгаа харан яриаг нь сонсч, гарын хоолоор нь дайлуулан суухдаа би ийн бодно. Гайхалтай. “Амьдрал маш сайхан. Сайхныг нь мэдрэхийн тул гагцхүү амьдарч л үзэх хэрэгтэй” гэж нэг цагт хүн хэлж байж билээ. Тиймээ, энэ бүгд маш сайхан.
Урсан өнгөрөх мөч бүрт энэ жижигхэн ертөнц тэр чигээрээ гагцхүү чиний минь төлөө байгаасай.
Өнөөдөр Баасан гариг. Долоо хоногийн нөр их ажлын дараа амрахаас өөр хүсэл төрөхгүй байсансан. Харин одоо би харьж явахдаа эрч хүчээр дүүрэн. Эргэн тойрон гэрэл гэгээтэй. Улаанбаатарын утаа нь хүртэл арилсан юм шигээ.
Friday, October 19, 2007
Цасан хатан
Харин тэр яг л цахирмаа цэцэг шиг. Цахирмаа маш үзэсгэлэн гоо боловч ойртоод сайн ажиглахаар зэвүүн хэлбэртэй, жихүүцэм цэцэг. Дээгүүр харан бардамхан алхалж, замдаа таарсан бүхнийг юу ч үгүй болтол нь дайран өнгөрөх мэт. Ганцхан удаа түүнтэй харц тулгарахдаа би эгээтэй л уначихаагүйсэн. Түүний харц хүв хүйтэн, аймаар, миний зүрх чичрэн, бүх бие минь хөрчих шиг болж билээ. Өглөөний сайхан агаарт, хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн ажлынхаа хаалгаар орох гэж явсан би олон цаг компьютерийн урд ажилласны дараа байдаг шигээ л шалдаа буусан.
Хаалгаар оронгуут хажууханд байх ТҮЦ рүү ямар ч зорилгогүй, өөрийн эрхгүй зүглэлээ. “Миний дүү юу авах гэсийн?” гэх зөөлөн дуун. Нуруугаар намхан, махлагдуу, нүдэнд дулаахан, хачин сайхан инээмсэглэсэн ТҮЦ-ний худалдагч зогсож байна. Харин тэр эмэгтэйн харц дөлгөөн, бүхнийг ивээсэн, тайван сайхан. Тэнгэр минь, жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг чинь шал өөр зүйл байдаг юм байна шүү дээ. Энэ эмэгтэй ямар сайхан хүн бэ? Би өмнө нь хичнээн ч удаа ирж юм авч байлаа даа, ер анзаардаггүй байж шүү дээ. “Эгч ээ, халуун уух юм байвал өгөөч”...
Ажлынхандаа санаандгүйгээр “Би сая цасан хатантай таарлаа” гэхэд тэд “Өө, тийм. Бид цасан хатанг мэднээ” гэж билээ...
Sunday, October 14, 2007
Артур Конан Дойль
(Орос хэлнээс 1995 онд орчуулав.)
Кросс-Инхендийн ойролцоох Истборн-Танбрижийн замын нэгээхэн хэсэг гүйлсийн шугуйгаар хүрээлэгдсэн цөлөрхөг газар билээ. Зун дуусч байх үе.
Нэгэн бүтэн сайны шөнийн арван хоёр цаг гучин минут болж байлаа. Нилээд хуучирсан, урт роллс-ройс моторо аяархан хүнгэнүүлсээр зам дээр гарч ирэв. Машины урд талын гэрлийн тусгалд салхинд найгах өвс, бутсын орой яг л кино дэлгэцэнд гарч байгаа юм шиг үзэгдэх даруй тас харанхуйд уусан одохдоо улам ч шигүү болсон лугаа харагдана. Замын хажуугийн далан дээр бүдэгхэн тусах машины арын гэрлийн улаан туяанд дугаарыг нь харах боломжгүй ажээ. Энэ бол жуулчны маягийн задгай машин байсан боловч түүний гадаад хэлбэр нэг л биш болохыг ажиглахааргүй байхын аргагүй байв. Машин замын хажуу дахь зуслангийн байшингийн онгорхой хаалгаар туссан гэрлийг дайрч өнгөрөх үед бүх юм нь ил харагдав. Машины тэвшийг бор олсон даавуун бүтээлгээр хучжээ. Урт хар бүрхүүлийг нь хүртэл ямар нэгэн эдээр нямбай гэгч нь хучсан байлаа.
Энэ хачин жигтэй машиныг өргөн мөртэй булиа эр ганцаар жолоодож явна. Бүрх малгай нүдээ хүртэл дарж өмссөн тэрээр жолоо руугаа бөгтийн суужээ. Малгайнх нь сүүдэрт зуусан янжуурынх нь гал улалзаж харагдана. Цэмбэн эдээр хийсан өргөн пальтоныхоо захыг босгожээ. Тэр хүн хүзүүгээ урагш нь сунган уруу газар мотороо унтраан явахдаа ямар нэгэн зүйлийг тэсгэлгүй хүлээсэн янзтай харанхуй руу ширтэж байлаа.
Урд зүгт холоос машины дохио бүдэг дуулдана. Ийм газар бүтэн сайны шөнө далайн эрэг дээр өдөржин биеэ шарчихаад нийслэл рүүгээ буцаж буй Лондончуудын урсгал өмнөөс умар зүг рүү хөвж байдаг юм. Машинтай хүн эгцлэн сууж чих тавив. Тэр зүгээс дахиад дохионы дуу гарав. Мөнөөх хүн дахин жолоо руугаа бөхийж, харанхуй руу хүчлэн ширтсэнээ гэнэт янжуурынхаа ишийг нулимж орхиод гүнзгий амьсгаа авлаа. Урд талд нилээд хол замын эргэлтэн дээр хоёр жижигхэн шар цэг харагдав. Тэд гэнэт алга болсноо дахин гарч ирээд дахиад л алга боллоо. Өнгөлөн далдалсан машины жолооч одоо хүлээхээ больж ажилдаа оров. Тэр хармаанаасаа хар өнгийн баг гарган өмсөөд юм харахад саад болгохгүйн туд нүдэндээ таарууланд янзлав. Тэрээр агшин зуур жижигхэн хийн дэнлүү гарган асааж өөрийгөө түргэн хараад дэнлүүгээ суудал дээрх маузерын хажууд тавилаа. Дараа нь малгайгаа улам доош дараад хурдаа нэмэв. Урт хар машин ухасхийн давхиж налуу газраар худаллаа. Жолооч урд гэрлээ унтраан зөвхөн жанжуу гүйлсийн бүдэг саарал судлаар л замаа баримжаална. Өмнөөс өгсөн ирж буй машины дуу улам тодорно. Тэр машин өгсөхдөө хүч алдан мотор нь өвчтэй хүний зүрхний цохилт шиг дуу нь тасалдана. Хурц шар гэрэл нь нэг далд ороод толгой дээр гарч ирэхэд хоёр машины хооронд гуч орчим ярд зай үлдсэн байлаа. Хар машин огцом эргэж зам хөндлөн зогсоод багтай эр урьдчилсан сануулга болгож хийн дэнлүүгээрээ зангав. Урдаас нь
- Хөөе чи! Осол гаргах нь уу? Урд гэрлээ асаахад яадаг юм? Золтой л дайрчихсангүй гэж ууртайгаар хашгирах дуун сонсдлоо.
Дэнлүүний гэрэл ихэд хуучирсан арван хоёр морины хүчтэй Уолсли машины жолооны ард ганцаар сууж буй цэнхэр нүдтэй, шар сахалтай залуу эрийн уурласнаасаа улайсан царайг гэрэлтүүллээ. Цочир уурлан улайсан царай нь төдхөн гайхшралаар солигдов. Багтай хүн зам дээр зогсоод урт голтой хар бууга аль хэдийн түүн рүү чиглүүлжээ.
- Гараа өргө, эс тэгвэл ... гэж тушаав.
Уолслигийн жолоочийг хэн ч хулчгар гэж хэлэхгүй нь мэдээж боловч тэрбээр гараа дээш өргөлөө.
- Машинаасаа гар!Гар бууны ам, дэнлүүний гэрэл дор мөнөөх залуу машинаасаа гаран зам дээр зогсов. Тэр гараа буулгах гэсэн боловч ширүүн зандралтыг сонсоод энэ санаанаасаа татгалзахад хүрлээ.
- Та сонссоч, энэ бүхэн чинь хоцрогдсон зүйл гэдгийг та мэдэхгүй байна гэж үү. Та лав тоглож байгаа биздээ гэж залуу хэллээ.
- Цагаа өг гэж буутай хүн тушаав.
- Та больдоо
- Би цагаа өг гэж хэлсэн шүү
- За за. Танд тийм их хэрэгтэй ол ав л даа. Дашрамд хэлэхэд алтадсан цаг юм шүү. Та нэг бол хоёр зуун жилээр хоцрогдож, эсвэл хэдэн мянган миль газар төөрсөн байх. Уг нь бол та Австралийн талд юмуу Америкт байх хэрэгтэй байж. Харин энд бол, Суссексийн зам таны байх газар ердөө ч биш.
- Мөнгөө! хэмээн дээрэмчин эсэргүүцлийн бүхий л санааг үлдэн хөөсөн өнгөөр дуугарав. Залуу тэр даруй хэтэвчээ гарга өгөв.
- Бөгж!
- Би бөгж зүүдэггүй л дээ.
- Тэнд очоод хөдлөлгүй зогсож бай!
Дээрэмчин өөрийн золиосныхоо хажуугаар өнгөрөн Уолслигийн дэргэр очоод хамрыг нь сөхөж, бахьтай гараа мотор руу нь шургуулахад, утас огтлохыг сонссон Уолслигийн эзэн:
- Таныг чөтгөр аваасай! Битгий машн эвдчих гэж хашхирав. Тэр эргэн машин руугаа дөхтөл дээрэмчин агшин зуур залуу руу буугаа чиглүүллээ. Дээрмчинг цэхлэн зогсох агшинд залуу эр ямар нэгэн гайхалтай зүйл олж харсан бололтой цочив. Тэрээр юм хэлэх гэснээ болилоо.
- Машиндаа суу ! гэж дээрэмчин тушаав. Залуу суулаа.
- Таны нэр?
- Рональд Баркер. Харин таныг хэн гэдэг билээ?
Багтай хүн түүний ингэж зүрхэлснийг энэ удаад тоохгүй өнгөрөөв.
- Та хаана амьдардаг вэ?
- Миний нэрийн хуудас түрийвч дотор байгаа. Нэгийг аваарай л даа.
Дээрэмчин асаалттай байсан Роллс-Ройсдоо үсрэн орж огцом эргэн хөдөлгөөнгүй зогсох Уолслиг тойрон гараад хурдлан одов. Минутын дараа гэхэд л тэр хагас милийн зайд гэрлээ асаан өмнө зүг рүү хурдалж байлаа. Харин ноён Рональд Баркер энэ үед дэнлүү асаан цахилгаан дамжуулагчаа засахад ашиглах утас хайн багажны хайрцгаа уурсан ухаж байв.
Аюулгүй зайд очсон хойноо дээрэмчин машинаа зогсоогоод Баркераас дээрэмдсэн эд зүйлсээ халааснаасаа гарган үзлээ. Цагийг нь буцаан хийгээд, түрийвчийг онгойлгон мөнгийг нь тоолов. Энэ жаалхан олз нь ердөө л долоон шиллинг. Гэтэл энэ нь мань дээрэмчинг харин ч хөгжөөсөн янзтай дэнлүүний гэрэлд мөнгийг хараад инээд алдав. Тэгснээ даруй өөрчлөгдөж, дахин ширүүн дүртэй болоод хоосон түрийвчийг халаасандаа хийн машинаа асааж цааш явлаа. Алсад дахин урдаас ирж буй машины гэрэл харагдлаа.Одоо дээрэмчин маань илүү зоригтой хөдөлж байлаа. Саяын болсон явдал түүнд өөртөө итгэх итгэлийг бий болгосон нь лавтай. Тэрээр гэрлээ унтраалгүйгээр өмнөөсөө ирж буй машинд ойртон очиж замын голд очиж тэднийг зогсохыг дохилоо. Аялагчдад энэ үзэгдэл тун сүртэй санагдсан тул үг дуугүй захирагдав. Тэдэнд хар радиаторын хажуугаар гэрэлтэх хоёр гэрэл, багтай жолооч л харагдаж байлаа.
Дээрэмчний машины гэрэл хорин морины хүчтэй задгай Хамбер, дэгжин машиныхаа жолооны ард сандарч мэгдсэндээ анивчин суух албаны саравчтай малгай өмссөн жолоочийг гэрэлтүүлнэ. Машины хоёр талын цонхоор торон бүрх өмссөн хоёр залуухан бүсгүйн гайхсан царай цухуйлаа. Тэдний нэг нь айсандаа чарлаж, харин нөгөөх нь биеэ барин тайван сууж байлаа.
- Биеэ бариач Гильда! хэмээн тэр шивнэж:
- Тэнэг юм шиг битгий орилоод бай! Берти ч юмуу, залуусын аль нэг нь биднээр тоглож байгаа биз гэж байлаа.
- Үгүй , үгүй! Флосси минь, энэ бол жинхэнэ дээрэмчин байна. Ёстой жинхэнэ зэрлэг. Бурхан минь, бид чинь одоо яанаа.
- За үгүй дээ! Харин энэ чинь бидний хувьд жинхэнэ сурталчилгаа, гайхамшигтай сурталчилгаа байна. Өглөөний сонинд ч амжихгүй л дээ. Харин оройныход бол ч яг хэвлэгдэнэ шүү.
- Тэгээд бид яах юм? хэмээн Гильда уйлагнан
- Флосси, Флосси, би муужирч унах нь байна. Бид хашгирсан нь дээр биш үү? Чи хар л даа. Тэр хар багтай хүн ямар аймаар харагдаж байнаа. Бурхан минь, бурхан минь. Тэр хөөрхий муу жаахан Альфыг алах байх даа гэнэ.
Байдал ч үнэхээр түгшүүртэй байлаа. Дээрэмчин машин руу харайн ирж, жолоочийг заамдан кабинаас нь чирч гаргав. Дээрэмчний барьсан маузерыг хараад намхан жолооч эсэргүүцэхээ больж дуулгавартайгаар машиныхаа хамрыг сөхөн моторноосоо очлуурыг нь салган авав. Олзныхоо хөдлөх боломжийг нь ийнхүү таслаад багтай дээрэмчин маань дэнлүүгээ гартаа барьсаар машины хаалга руу очлоо. Энэ удаад тэрээр ноён Рональд Баркертай харьцаж байсан шигээ тйим ширүүн бус, бага зэрэг ширүүвтэр боловч биеэ эелдгээр авч явж байлаа. Тэр хатагтай нарт хандан бүрх малгайгаа аваад:
- Эрхэмсэг хатагтай нарт төвөг учруулсандаа маш их харамсаж байна. Та бүхнийг хэн болохыг тань мэдэж болохсон болов уу гэв.
Хатагтай Гильда юу ч хэлж чадсангүй. Харин хатагтай Флосси тун хатуу байдалтай байна. Тэрээр:
- Хэлэх үг алга! хэмээн дуу алдаад:
- Харин та биднийг замд зогсоох ямар эрхтэй хүн бэ гэдгийг мэдэхийг хүсч байна гэлээ.
- Надад цаг бага байна гэж дээрэмчин хүйтнээр хариулаад:
- Миний асуултанд хариулаарай.
- Түүнд хэлээч, Флосси! Бурхныг бодож түүнтэй эелдэг байж үз хэмээн Гильда шивнэв.
- Бид Лондонгийн Гэйети театрын жүжигчид. Магадгүй та хатагтай Флосси Торнтон болон хатагтай Гильда Маннеринг нарын тухай сонссон байж болох юм. Өнгөрсөн долоо хоногт бид Истборны Роялд тоглоод бүтэн сайнд амрахаар шийдсэн юм. За миний хариулт болов уу?
- Би та бүхний үнэт зүйлс болон түрийвчийг тань авах ёстой!
Хатагтай нар чангаар дуу алдсан боловч удалгүй ноён Рональд Баркерын адилаар үл таних хүний тушаалыг дагалаа. Тэд түрийвчнүүдээ бушуухан гаргаж өгөөд бөгж, бугуйвч, энгэрийн зүүлт, хүзүүний зүүлтнүүдээ машины урд суудалд овоолов. Дэнлүүний гэрэлд үнэт чулуунууд гялтганана. Дээрэмчин үнэт эдлэлүүдийг авч:
- Энэ та бүхний хувьд их үнэтэй зүйл байх шиг байна? гэж асуулаа. Гэвч хатагтай Флосси зохицохыг хүссэнгүй.
- Битгий Клод Дювал шиг зан гаргаад бай! гэж дуу алдаад
- Нэг бол бүгдийг нь ав, эсвэл юу ч битгий ав! Бид өөрийнхөө хувийн өмчнөөс өөрсдөдөө бэлэг болгож жаахан юм авах болж байна уу?
- Биллийн сувдан зүүлт хэмээн Гильда яаран хэлээд богинохон сувдан зүүлт рүү гар сунгалаа. Гэтэл дээрэмчин баяртайгаар түүнд зүүлтийг нь эргүүлээд өгчихөв.
- Өөр авах юм байна уу?
Зоримог Флосси, турьхан Гильда хоёр цочирдсондоо уйлчихав. Гэтэл бүсгүйчүүдийн нулимс санаандгүй үр дүнд хүргэж дээрэмчин маань үнэт эдлэлүүдийг тэдний өвөр дээр бушуухан тавиад:
- Май авцгаа. Энэ бүхэн бол ердөө л гялалзсан утаснууд. Та нарт үнэтэй байх, харин миний хувьд юу ч биш гэжээ.
Нулимс дорхноо инээмсэглэлээр солигдов.
- Бидний түрийвчийг та ав л даа. Сурталчилгаа гэдэг чинь бидэнд юунаас ч чухал байдаг юм. Харин таны амьдрах арга тань юутай хачин. Бүр одоо энэ цаг үед шүү! Гэхдээ та баригдана гэж бүү ай. Энэ бүхэн маш гайхалтай, ямар нэгэн инээдмийн жүжиг шиг.
- Эмгэнэлт жүжиг ч байж болох юм гэж дээрэмчин санаашрангуй хэллээ.
- Өө яалаа гэж. Бид тийм биш гэж итгэж байна хэмээн жүжигчид зэрэг дуу алдацгаав.
Гэтэл дээрэмчинд маань яриагаа үргэлжлүүлэх зав байсангүй. Алсад ирж буй машины гэрэл гялалзаж харагдлаа. Ийнхүү шинэ ажил гарч ирсэн тул тэд тус тусын мөрөө хөөх хэрэгтэй болжээ. Дээрэмчин машиндаа суун салах ёс гүйцэтгэн бүрхээ өргөөд ээлжит олз руугаа давхин одлоо. Харин саяын адал явдлаасаа цочирдсон хэвээр буй хатагтай Флосси, хатагтай Гильда хоёр түүний машины арын улаан гэрлийг харанхуйд алга болтол нь харсаар үлдэв...
(Үргэлжлэл бий.)
Friday, October 12, 2007
Мессенжерээр ийм нэг шүлэг ирлээ
Too Slow for those who Wait
Too Swift for those who Fear
Too Long for those who Grieve
Too Short for those who Rejoice
But for those who Love
Time is not....
Sunday, October 7, 2007
Сүүлчийн бороо, анхны цас бас та
Яриагүй байхад тань сонсож байдаг
Хараагүй байхад тань харцыг мэдэрдэг
Халуун зуныг та сонгож
Хажууд тань би ирсэн юм
Зориг гаргаж эгцлэн харсныг минь
Хүлээж байсан нь таны алдаа
Зөөлөн бороонд навч шиг нормоор болж
Гарыг тань түшсэн нь миний алдаа
Та юу ч хэлээгүй, энэ тэрхэн яриад
Тэгтэл залуу нас минь л буруутайг
Тэгэхэд мэдэж, би дугараагүй
Таны бэлэглэсэн сарнайг хачин өрөвдлөө
Харин тэгэхэд хацар жиндсэн хүйтэн, сайхан өвөл байсан. Хөл доор цас чихраад л... Хачин юм, ийм урт хугацаа өнгөрчихсөн гэж үү? Би одоо ямар болоо бол, энэ толь надад хэлээд өгдөг болоосой.
Гэнэт утасны хонх жингэнэлээ. Тиймээ, өнөөдөр намайг дуудаж байна, өчигдөр минь тээр холд, тэр өвөлтэй хамт үлджээ...
Утас руугаа бушуухан очъё, би.
Thursday, October 4, 2007
Домайн Нэрийн Хамгийн Их Шуугиан Тарьсан 5 Мэдээ
Доктор Ливен П. Ван Нэстэ гэгч хүн 200 мянга гаруй домайн нэрийг ганцаараа эзэмшдэг. Хүмүүсийн марк, чулуу, дискний цуглуулга шиг домайн нэрийн баян цуглуулгатай энэ эрхэм домайн нэр зардаг вэб сайтууд болон брокеруудаар дамжуулан цуглуулганаасаа худалддаг байна.
Хоёр. 7.5 сая ам.доллараар зарагдсан домайнbusiness.com домайн нэрийг eCompanies 7.5 сая ам.доллараар худалдан авчээ.
Энэ нь олон нийтэд ил мэдэгдсэн хамгийн өндөр үнэтэй зарагдсан домайны мэдээлэл юм. Ил, далд янз бүрийн хэлбэрээр хийгдэж байгаа домайны наймаанууд дунд бүр илүү өндөр үнээр зарагдсан байх олон домайн байж болохыг хэн мэдэхэв. Солонгос хэл дээр бичигддэг вэбийн хаягуудаас секс гэсэн утга бүхий солонгос үг 50,000 ам.доллараар зарагдсан гэдэг.Тувалу арлын улс дахь DotTV Inc. компани .tv домайн нэр бүртгэх эрхийг 50 сая ам.доллараар худалдан авсан нь энэ төрлийн бизнесийн хүрээнд хийгдсэн хамгийн өндөр үнэтэй төлбөр юм.
Гурав. Домайн нэрийн бизнесийн "акулууд"-ын нууц зөвлөл байдаг
Мэдээж би энд домайн нэр бүртгэдэг албан ёсны Интернэтийн компаниудын тухайн яриагүй гэдгийг та мэдэж байгаа гэж бодож байна. Хамгийн их эрэлт хэрэгцээтэй домайн нэрүүдийг эзэмшсэн хүмүүс гишүүн нь байдаг, "акулууд" нь энэ төрлийн бизнесийг атгаж байдаг ийм зөвлөл үнэхээр байдаг гэсэн шүү.
Дөрөв. Гурван үсгээс бүтсэн, .com өргөтгөлтэй домайн дууссан
a-z хүртэлх үсэг, 0-9 хүртэлх тоо, дундуур зураас (-)-ыг оруулаад дурын тэмдэгтээс бүтсэн нэрийн 50,000 гаруй боломж бий. .com өргөтгөлтэй ийм нэрүүд бүгд бүртгэгдээд дуусчихсан.
Тав. aaa.com, aaa...aaa.com хүртэлх a үсгээс бүтсэн домайнууд бүгд дууссан
Зөвхөн a үсгээс бүтсэн, гурван ширхэг a-с эхлээд 63 ширхэг a-с бүтсэн a.com, aa.com, aaa.com ........ aaaaaaaa...aaaaaaaaa.com домайн нэрүүдийг бүгдийг нь бүртгүүлчихсэн байна. Ямар хүн ийм хачин домайн авдгийг би бодоод олохгүй байгаа. Домайн нэрийг 3 ба түүнээс дээш 63 хүртэл тэмдэгттэйгээр бүртгэдэг стандарт байдаг.
САЙН ВЭБ САЙТТАЙ БОЛОХ НУУЦААС
Та эсвэл танай байгууллага өөрийн вэб сайттай болоод нилээд удсан, эсвэл тун саяхан вэб сайттай болсон байж мэднэ. Тэгвэл та яах гэж, ямар зорилгоор вэб сайттай болсон бэ? Зүгээр л бусдыг дуурайгаад, эсвэл өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй гэж, үгүй бол хүмүүс Интернэт дээр хайгаад үзэхэд ядаж нэг үзүүлэх юмтэй байя гэж бодсон уу? Өнөөгийн мэдээллийн технологи өндөр хөгжсөн ертөнцөд гэж ирээд л вэбгүй бол хэн ч биш болох байх гэж бодсон уу. Та өөрөө үүндээ үнэхээр итгэж байна уу? Вэб сайттай болсны хэрэг нь, үр ашиг нь чухам юундаа байна вэ? Энэ гээд хэлчих үр дүн танд авчирсан болуу?
Эцсийн дүндээ вэб сайттай болсон зорилго ямар байснаас үл хамаараад таны гол хүлээж байгаа үр дүн бол “олон хүн цугласан” вэб биш гэж үү. Вэбдээ хүн цуглуулахын тулд яах вэ? Хамгийн нэгдүгээрт вэбээ “сайн” хийх. Дизайн, агуулга ажиллагаа гээд бүгд таны вэбтэй болох зорилгод нийцсэн, орж үзэж байгаа хүмүүст ойлгомжтой, “дотор нь тэнэхэд” хялбар байх ёстой.
“Сайн вэб”-тэй болох, олон хүн орж үздэг байхад хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл өөр юу байна гэж та бодож байна вэ? ТВ, сонины реклам, гудамжны дагуу ярайх самбарууд уу? Энэ рекламууд мэдээж тусална, тодорхой үр дүн өгнө, гэхдээ хамгийн гол нь эд биш. Вэбийн хаяг оновчтой, Интернэт дээр хайхад хялбархан олддог байх л хамгийн гол хүчин зүйл. Үүнгүйгээр хэдэн сая удаа рекламдаад ч таны хүссэн үр дүнд хүрэхгүй.
Оновчтой, сайн вэбийн хаягтай байхын тулд юуны түрүүнд домайн нэрээ маш зөв сонгох хэрэгтэй юм. Домайн нэр сонгох бичигдээгүй “дүрмүүд” бий. Жишээ нь:
- Хэрвээ таны бизнест олны танил болсон брэнд нэр бий бол тэр нэрээрээ, бас болж өгвөл Интернэт хэрэглэгчдийн сайн мэддэг .mn, .com гэх мэт хэд хэдэн өргөтгөлтэйгөөр, ижил нэр сонгох хэрэгтэй. Жишээ нь дэлхийд алдартай бүх брэндүүд байж болох бүх өргөтгөлтэйгөөр домайн нэрээ бүртгүүлж авсан байдаг. Алдарт Кока Кола гэхэд л cocacola.com, coca-cola.com, cocacola.mn, coca-cola.mn, cocacola.net, coca-cola.net гэх мэтээр бүх өргөтгөлөөр нэрээ бүртгүүлээд авчихсан байна. Дашрамд дурдахад өргөтгөл гэж домайн нэрийн ард талд байх .mn, .com, .net зэргийг хэлж байгаа юм.
- Харин олны танил брэндтэй болж хараахан амжаагүй байгаа бол хүмүүст тогтооход хялбар, ойлгомтой, эсвэл бүр содон нэр сонгосон ч гэмгүй байдаг. Магадгүй энэ нь хожим таны брэнд нэр болж болзошгүй. Жишээлбэл olloo.mn домайн нэрийг олны танил болгохоосоо өмнө бүртгүүлж авсан байдаг.
- Олны танил нэрээрээ домайн бүртгүүлж авахдаа жирийн хэрэглэгчдийн алдаж бичиж болох хувилбаруудыг бас бодолцоход илүүдэхгүйг Кока колагийн жишээн дээрээс харсан биз ээ.
- Хэзээ ч мөнгө бүү харамла. Хэрэв та .mn арай үнэтэй юм, .com нь арай хямд байна, өө, .info нь бүр ч хямдхан юм байна, хямдыг нь авчихад л болоо гэж бодож байгаа бол та вэбтэй болоод ч хэрэггүй. Больсон нь дээр. Өмнө дурдсанаар авах боломж л байвал аль алийг нь ав. Эсвэл авсны хэрэггүй. Та маш их цаг хугацаа, хөрөнгөө зарцуулж байж олны танил болгосон брэнд нэрээ хоёрын хооронд харьцуулсан сонголт хийснийхээ улмаас үгүй хийж байнаа л гэсэн үг. Таны үнэтэй гээд аваагүй нэрийг өөр хэн нэгэн сэргэлэн бизнесмэн аль хэдийн бүртгүүлээд өөрийн вэбээ хаяглачихсан тохиолдолд ямар ч сурталчилгааны зардалгүйгээр вэб рүүгээ хүн татаад сууж байх болно. Харин та өөрийнхөө вэбийг рекламдахдаа давхар нөгөө сэргэлэн эрийн вэбийг бас рекламдаад өгчихнө гэдгийг санагтун.
- Интернэт дээр хүмүүсийн хамгийн их бичиж хайдаг, түгээмэл хэрэглэгддэг, “сайн” үгүүдийг сонгож хаяг болгон авах хэрэгтэй. Гэхдээ сайн үгүүдийг авч байна гээд өөртөө хэрэггүй баахан үгийг хаяг болгон бүртгүүлэх нь бас зөв шийдэл биш. Янз бүрийн түгээмэл үгүүдийг домайн болгон бүртгүүлэхийн оронд хайлт хийхэд гарч ирдэг вэбийн жагсаалтууд дунд дээгүүр гарч ирэх, хялбархан олдож байхыг бодолцож, түлхүүр үгүүдийг ашиглан вэбээ хийсэн нь илүү оновчтой болно.
- Домайн нэрээ сонгохдоо монгол нэрээ англи руу орчуулсан хэлбэрээр авах нь ихэнх тохиолдолд тийм ч зөв биш. Түүний оронд монгол дуудлагаараа галигласан хэлбэрээр авсан нь хамаагүй дээр.
- Таны бизнест англиас өөр хэлээр ярьдаг хэрэглэгчид чухал байр суурь эзэлдэг бол тухайн орны хэл дээр бичигддэг Интернэт хаягуудыг ч давхар бүртгүүлэн авах нь чухал. Тухайлбал монгол хэл дээр, кирилл үсгээр бичигддэг монхаяг гэж бий. Учир нь иймэрхүү олон хэл дээр бичигддэг хаягууд нь зөвхөн вэбийн хаяг төдийгөөр зогсохгүй хайлтын системийн өөр нэг чухал үүргийг давхар гүйцэтгэж байдаг. Домайн нэр бол тухайн нэрийг заавал зөв, алдаагүй бичиж, үр дүнд нь нэг л вэб гарч ирэх зарчмаар ажилладаг. Харин монхаяг бол нэрээ бага зэрэг алдаатай бичиж үзэхэд л хайлтын систем ажиллаж төстэй хаяг бүхий вэбийн жагсаалтыг гаргаж харуулдагаараа давхар ач холбогдолтой. Нэгэнт хайлтын үр дүн гаргаж харуулдаг юм бол та ямар ч хаяг авч болно гэсэн үг. Жишээ нь “Шуугиан тарьсан мэдээ”, “Монголын номер нэг ноолууран бүтээгдэхүүн” гэсэн өргөн хэрэглэгддэг холбоо үгсийг ч бүртгүүлэн авах боломжтой. Жишээлбэл, “Тоёто машин зарна” гэж хэрэглэгч Интернэт дээр хайхад олон вэбийн жагсаалт гарч ирдэг байсан бол энэ “сайн” өгүүлбэрийг өөрийнхөө вэбийн хаяг болгоод бүртгүүлээд авчихсан тохиолдолд тэр олон вэб жагсаалтын оронд зөвхөн таны зарах гэж буй тоёото машины вэб гарч ирнэ. Том давуу тал байгаа биз?
- Алтан дүрэм бол “Хэн түрүүлсэн нь хожно”. Та сайн нэр авахын тулд бусдаас түрүүлж л бүртгүүлэх хэрэгтэй, эс бөгөөс хоцорно. Нэгэнт нэрээ алдчихсан бол харамсч суугаад яахав, авсан хүнээс нь үнэ цохиж авах гээд үз. Хамгийн хялбар арга л энэ. Бүр болохгүй бол шүүхдэлцэхээс өөр яахав. Гэхдээ энэ бол хамгийн хэцүү, бартаатай, хэдэн жилээр ч сунжирч мэдэх, зардал, нерв шаардсан бэрх зам юм. Хамгийн тод жишээ гэхэд алдарт Ниссан корпорац ба Ниссан хэмээх нэртэй араб эр хоёрын дунд үүссэн nissan.com домайн нэрийн эзэмшлийн маргаан байна. 1994 онд өөрийнхөө нэрээр бүртгүүлэн авч компьютерийн худалдаа эрхэлдэг компанийнхаа вэб сайтыг хаягласан Юзи Ниссан нэртэй бизнесмэнээс энэ домайн нэрийг нь авахаар 1999 онд маргаан үүсгэн шүүхдсэн Ниссан корпорац 2005 он хүртэл цөхрөлтгүй зүтгэсэн боловч nissan.com домайн нэрийг авч чадаагүй билээ. Манайд иймэрхүү тохиолдол гарч байсан жишээ байхгүй хэдий ч жишээ нь Номин холдинг, Номин нэртэй бүсгүй хоёрын дунд ийм маргаан үүслээ гэж бодоход nomin.mn, nomin.com домайн, эсвэл “номин” гэсэн монхаягийг хэн нь ч домайн нэр болгон бүртгүүлэх бүрэн боломжтой бөгөөд хэн түрүүлсэн нь л авч, харин хоцорсон нь өөр нэр хайхаас өөр аргагүй л болно.Вэбийн хаяг, тэр дундаа домайн нэртэй холбоотой сонирхолтой баримтууд их байдаг. Домайн нэр нь өөрөө нилээдгүй сонирхолтой бизнест тооцогддог аж.
(Үргэлжлэл бий)
Улаанбаатар
Өдрийн сонин 2007/07/26
Monday, October 1, 2007
...
Шанз дуулна. Өө, тэр цоо шинээр аялгуулан дуулж байна. Би хэзээ ч сонсч байгаагүй, бас зөвхөн үүнийг л сонсохыг өнө удаанаар хүлээж байсан мэт…
Хөгжимчний уруулд инээмсэглэл тодорно. Хүүхдийнх мэт цайлган, сэтгэл татам инээмсэглэл...
Түүний гарт шанз эрхлэн дуулна. Дуулах тусмаа улам уянгалаг ажгуу. Энэ инээмсэглэл, энэ аялгуу нэгэн бүхэл мэт…
Нүдээ анихдаа би хязгааргүй эрх чөлөөг мэдэрлээ. Хязгааргүй бас харьцуулшгүй...
Цаг хугацаа энд зогсчээ…