Thursday, October 4, 2007

САЙН ВЭБ САЙТТАЙ БОЛОХ НУУЦААС

1 хэсэг: Вэбийн хаяг
Та эсвэл танай байгууллага өөрийн вэб сайттай болоод нилээд удсан, эсвэл тун саяхан вэб сайттай болсон байж мэднэ. Тэгвэл та яах гэж, ямар зорилгоор вэб сайттай болсон бэ? Зүгээр л бусдыг дуурайгаад, эсвэл өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй гэж, үгүй бол хүмүүс Интернэт дээр хайгаад үзэхэд ядаж нэг үзүүлэх юмтэй байя гэж бодсон уу? Өнөөгийн мэдээллийн технологи өндөр хөгжсөн ертөнцөд гэж ирээд л вэбгүй бол хэн ч биш болох байх гэж бодсон уу. Та өөрөө үүндээ үнэхээр итгэж байна уу? Вэб сайттай болсны хэрэг нь, үр ашиг нь чухам юундаа байна вэ? Энэ гээд хэлчих үр дүн танд авчирсан болуу?
Эцсийн дүндээ вэб сайттай болсон зорилго ямар байснаас үл хамаараад таны гол хүлээж байгаа үр дүн бол “олон хүн цугласан” вэб биш гэж үү. Вэбдээ хүн цуглуулахын тулд яах вэ? Хамгийн нэгдүгээрт вэбээ “сайн” хийх. Дизайн, агуулга ажиллагаа гээд бүгд таны вэбтэй болох зорилгод нийцсэн, орж үзэж байгаа хүмүүст ойлгомжтой, “дотор нь тэнэхэд” хялбар байх ёстой.
“Сайн вэб”-тэй болох, олон хүн орж үздэг байхад хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл өөр юу байна гэж та бодож байна вэ? ТВ, сонины реклам, гудамжны дагуу ярайх самбарууд уу? Энэ рекламууд мэдээж тусална, тодорхой үр дүн өгнө, гэхдээ хамгийн гол нь эд биш. Вэбийн хаяг оновчтой, Интернэт дээр хайхад хялбархан олддог байх л хамгийн гол хүчин зүйл. Үүнгүйгээр хэдэн сая удаа рекламдаад ч таны хүссэн үр дүнд хүрэхгүй.
Оновчтой, сайн вэбийн хаягтай байхын тулд юуны түрүүнд домайн нэрээ маш зөв сонгох хэрэгтэй юм. Домайн нэр сонгох бичигдээгүй “дүрмүүд” бий. Жишээ нь:
- Хэрвээ таны бизнест олны танил болсон брэнд нэр бий бол тэр нэрээрээ, бас болж өгвөл Интернэт хэрэглэгчдийн сайн мэддэг .mn, .com гэх мэт хэд хэдэн өргөтгөлтэйгөөр, ижил нэр сонгох хэрэгтэй. Жишээ нь дэлхийд алдартай бүх брэндүүд байж болох бүх өргөтгөлтэйгөөр домайн нэрээ бүртгүүлж авсан байдаг. Алдарт Кока Кола гэхэд л cocacola.com, coca-cola.com, cocacola.mn, coca-cola.mn, cocacola.net, coca-cola.net гэх мэтээр бүх өргөтгөлөөр нэрээ бүртгүүлээд авчихсан байна. Дашрамд дурдахад өргөтгөл гэж домайн нэрийн ард талд байх .mn, .com, .net зэргийг хэлж байгаа юм.
- Харин олны танил брэндтэй болж хараахан амжаагүй байгаа бол хүмүүст тогтооход хялбар, ойлгомтой, эсвэл бүр содон нэр сонгосон ч гэмгүй байдаг. Магадгүй энэ нь хожим таны брэнд нэр болж болзошгүй. Жишээлбэл olloo.mn домайн нэрийг олны танил болгохоосоо өмнө бүртгүүлж авсан байдаг.
- Олны танил нэрээрээ домайн бүртгүүлж авахдаа жирийн хэрэглэгчдийн алдаж бичиж болох хувилбаруудыг бас бодолцоход илүүдэхгүйг Кока колагийн жишээн дээрээс харсан биз ээ.
- Хэзээ ч мөнгө бүү харамла. Хэрэв та .mn арай үнэтэй юм, .com нь арай хямд байна, өө, .info нь бүр ч хямдхан юм байна, хямдыг нь авчихад л болоо гэж бодож байгаа бол та вэбтэй болоод ч хэрэггүй. Больсон нь дээр. Өмнө дурдсанаар авах боломж л байвал аль алийг нь ав. Эсвэл авсны хэрэггүй. Та маш их цаг хугацаа, хөрөнгөө зарцуулж байж олны танил болгосон брэнд нэрээ хоёрын хооронд харьцуулсан сонголт хийснийхээ улмаас үгүй хийж байнаа л гэсэн үг. Таны үнэтэй гээд аваагүй нэрийг өөр хэн нэгэн сэргэлэн бизнесмэн аль хэдийн бүртгүүлээд өөрийн вэбээ хаяглачихсан тохиолдолд ямар ч сурталчилгааны зардалгүйгээр вэб рүүгээ хүн татаад сууж байх болно. Харин та өөрийнхөө вэбийг рекламдахдаа давхар нөгөө сэргэлэн эрийн вэбийг бас рекламдаад өгчихнө гэдгийг санагтун.
- Интернэт дээр хүмүүсийн хамгийн их бичиж хайдаг, түгээмэл хэрэглэгддэг, “сайн” үгүүдийг сонгож хаяг болгон авах хэрэгтэй. Гэхдээ сайн үгүүдийг авч байна гээд өөртөө хэрэггүй баахан үгийг хаяг болгон бүртгүүлэх нь бас зөв шийдэл биш. Янз бүрийн түгээмэл үгүүдийг домайн болгон бүртгүүлэхийн оронд хайлт хийхэд гарч ирдэг вэбийн жагсаалтууд дунд дээгүүр гарч ирэх, хялбархан олдож байхыг бодолцож, түлхүүр үгүүдийг ашиглан вэбээ хийсэн нь илүү оновчтой болно.
- Домайн нэрээ сонгохдоо монгол нэрээ англи руу орчуулсан хэлбэрээр авах нь ихэнх тохиолдолд тийм ч зөв биш. Түүний оронд монгол дуудлагаараа галигласан хэлбэрээр авсан нь хамаагүй дээр.
- Таны бизнест англиас өөр хэлээр ярьдаг хэрэглэгчид чухал байр суурь эзэлдэг бол тухайн орны хэл дээр бичигддэг Интернэт хаягуудыг ч давхар бүртгүүлэн авах нь чухал. Тухайлбал монгол хэл дээр, кирилл үсгээр бичигддэг монхаяг гэж бий. Учир нь иймэрхүү олон хэл дээр бичигддэг хаягууд нь зөвхөн вэбийн хаяг төдийгөөр зогсохгүй хайлтын системийн өөр нэг чухал үүргийг давхар гүйцэтгэж байдаг. Домайн нэр бол тухайн нэрийг заавал зөв, алдаагүй бичиж, үр дүнд нь нэг л вэб гарч ирэх зарчмаар ажилладаг. Харин монхаяг бол нэрээ бага зэрэг алдаатай бичиж үзэхэд л хайлтын систем ажиллаж төстэй хаяг бүхий вэбийн жагсаалтыг гаргаж харуулдагаараа давхар ач холбогдолтой. Нэгэнт хайлтын үр дүн гаргаж харуулдаг юм бол та ямар ч хаяг авч болно гэсэн үг. Жишээ нь “Шуугиан тарьсан мэдээ”, “Монголын номер нэг ноолууран бүтээгдэхүүн” гэсэн өргөн хэрэглэгддэг холбоо үгсийг ч бүртгүүлэн авах боломжтой. Жишээлбэл, “Тоёто машин зарна” гэж хэрэглэгч Интернэт дээр хайхад олон вэбийн жагсаалт гарч ирдэг байсан бол энэ “сайн” өгүүлбэрийг өөрийнхөө вэбийн хаяг болгоод бүртгүүлээд авчихсан тохиолдолд тэр олон вэб жагсаалтын оронд зөвхөн таны зарах гэж буй тоёото машины вэб гарч ирнэ. Том давуу тал байгаа биз?
- Алтан дүрэм бол “Хэн түрүүлсэн нь хожно”. Та сайн нэр авахын тулд бусдаас түрүүлж л бүртгүүлэх хэрэгтэй, эс бөгөөс хоцорно. Нэгэнт нэрээ алдчихсан бол харамсч суугаад яахав, авсан хүнээс нь үнэ цохиж авах гээд үз. Хамгийн хялбар арга л энэ. Бүр болохгүй бол шүүхдэлцэхээс өөр яахав. Гэхдээ энэ бол хамгийн хэцүү, бартаатай, хэдэн жилээр ч сунжирч мэдэх, зардал, нерв шаардсан бэрх зам юм. Хамгийн тод жишээ гэхэд алдарт Ниссан корпорац ба Ниссан хэмээх нэртэй араб эр хоёрын дунд үүссэн nissan.com домайн нэрийн эзэмшлийн маргаан байна. 1994 онд өөрийнхөө нэрээр бүртгүүлэн авч компьютерийн худалдаа эрхэлдэг компанийнхаа вэб сайтыг хаягласан Юзи Ниссан нэртэй бизнесмэнээс энэ домайн нэрийг нь авахаар 1999 онд маргаан үүсгэн шүүхдсэн Ниссан корпорац 2005 он хүртэл цөхрөлтгүй зүтгэсэн боловч nissan.com домайн нэрийг авч чадаагүй билээ. Манайд иймэрхүү тохиолдол гарч байсан жишээ байхгүй хэдий ч жишээ нь Номин холдинг, Номин нэртэй бүсгүй хоёрын дунд ийм маргаан үүслээ гэж бодоход nomin.mn, nomin.com домайн, эсвэл “номин” гэсэн монхаягийг хэн нь ч домайн нэр болгон бүртгүүлэх бүрэн боломжтой бөгөөд хэн түрүүлсэн нь л авч, харин хоцорсон нь өөр нэр хайхаас өөр аргагүй л болно.Вэбийн хаяг, тэр дундаа домайн нэртэй холбоотой сонирхолтой баримтууд их байдаг. Домайн нэр нь өөрөө нилээдгүй сонирхолтой бизнест тооцогддог аж.
(Үргэлжлэл бий)
Улаанбаатар
Өдрийн сонин 2007/07/26

1 comment:

chimege said...

thanks! unetei zuvluguu bna.