Wednesday, August 5, 2009

ДА

Как мы близки с тобой,
Нам даже слов не надо,
Только спроси, взглядом спроси меня,
И вновь я, как тогда,
Тебе отвечу взглядом -
Да, да, да, да...

И если нам судьба
Тысячу лет подарит,
Тысячу лет буду гордиться я,
Что ты - любовь моя

В белых снегах зимы
Или в пустыне рыжей
Только спроси, молча спроси меня
Я прибегу туда,
И рядом ты услышишь:
Да, да, да...

Да! Если решит судьба
Нас разлучить навеки,
Не разлюблю! Не позабуду я
Тебя, любовь моя!
Да! Да! Да! Да! Да...

(
Л. Дербенев)

Thursday, July 23, 2009

Khaled Hosseini: The Kite Runner


Бас л нулимстай хэдэн оройг Амиртай цуг өнгөрүүлэв. Хасаны амьдралын тухай уншихаар юу гэж хүний амьдрал ийм байж болдог юм, худлаа байх аа гэж бодмоор. Монгол үндэстний мах цусны тасархай Хазар Монголчуудын тухай сүүлийн үед олон удаа сонсч, уншсан болохоор бүр ч их сэтгэл хөдөлсөн байх.

Цаасан шувуу нисгэн, инээд цангинуулан Кабулын гудамжаар гүйлдэж асан бяцхан хөвгүүдийн хувь заяа амьдралын хүрдэнд юутай өөр өөрөөр эргэн одож, зөрчилдөж, амьдралын зам нь эргэн огтлолцож...

Бодоод байхнээ миний хүүхэд ахуйн найзууд ч бас л хаа ч юм нисэн одоцгоож, зарим нь харамсалтайгаар цэл залуудаа тэнгэрийн оронд дүүлэн одож, зарим нь хувь заяаны эргүүлэгт живж, зарим нь амьдралын их далай дунд сэлж байгаа шүү дээ. Гэхдээ нарлаг Монголд хүн болж төрөөд тайван сайхан амьдарч буй миний амьдралыг хаа холын Афганистанд миний төсөөлж ч үл чадах хэцүү бэрх дунд тэсэн амьдарч чадаж буй тэр хүмүүсийн амьдралыг харьцуулшгүй аж.

Тэдний нэг хэсэг нь эрх чөлөөний орон гэгдэх Америк, өөр хаашаа ч юм арай тайван амьдарч болох газар руу дүрвэн одсон. Дүрвэж ч байгаа бизээ. Нэг хэсэг нь шашны хэт туйлширсан, хэт даврагчдын ч билүү бүлэглэлд нэгдэж ороод Асеф шиг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг байх. Харин үлдсэн хэсэг нь Хасанууд, Раимууд, Сохрабууд...

Дорд үзэгдсэн Хазара үндэстнүүдийн тухай уншихаар өөрийн эрхгүй өмөөрөх сэтгэл төрөөд байх шиг. Хөх өнгөтэй цаасан шувууг тэвэрсээр Амир дээр буцаж ирсэн Хасан, Талибануудыг зугаацуулахын тулд нүдээ тас аниад хоёр жижигхэн гараа дэвэн бүжиж байгаа бяцхан Сохраб, залуудаа бусдын харцыг булаан гунхаж асан Санабур эмгэний нүүрэн дэх хутгаар зүсүүлсэн аймшигт сорви гээд зүрх өвтгөсөн дүрслэл энэ номонд их.

Эцэг нэгтэй ч эх өөртэй, хувь заяаны эрхээр нийгмийн хоёр өөр гаралтай байхаас өөр аргагүйд хүрсэн, ах дүү болохоо мэдээ ч үгүй хоёр хүүгийн амьдралын тухай нэг уншаад эхэлчихвэл дуусгаж байж л салахаас өөр аргагүй. Эцэг хүний үрээ хайрлах сэтгэл, нийгмийн ялгаа, нэр төрөө хайрлах аминч үзлийн дунд насан туршдаа шаналан, өөрөө өөртэйгөө зөрчилдөн амьдарсаар дууссан тэдний аав Баба эцсийн бүлэгт Хасаны хувь заяаг золиосонд гаргаж байгаа нь миний мэдэхгүй тэр нийгэм, тэр соёлын харгис хатууг нэг талаар илэрхийлж байх шиг. Гэхдээ тэр дан ганц өөрийнхөө төлөө ч биш, нэг хүүгийнхээ төлөө нөгөө хүүгээ зольсон. Тэгэхээс ч өөр аргагүй байсан биз. Аймшигтай...

Амир аавтайгаа Америкт ирснийхээ дараа амьдарч байсан Сан Францискогийн Ван Нессийн өргөн чөлөөгөөр хэдхэн хоногийн өмнө явж байхад энэ номны тухай яриа бидний хэдэн нөхдийн дунд өрнөж билээ. Арван зургаан настай жаахан охин бидний яриаг ихэд сонирхон элдвийг асууж бараг л юу юугүй гүйж очоод энэ номыг уншаад эхлэх шинжтэй болохоор нь хорин нас хүрчихээд уншаарай гэж хэлсэн. Яагаад ч юм Хасан, Сохраб хоёрын эмгэнэлтэй хувь заяаны тухай энэ хөөрхөн охин битгий уншаасай гэж хүссэн юм. Киног нь бас том болохоороо үзээрэй. Би бол киног нь ер үзэхгүй гэж бодож байгаа...

Friday, May 8, 2009

Paolo Coelho: Eleven minutes


Орой нь уншиж эхлээд салж чадалгүй шөнөжин уншиж дуусгасан энэ ном Paolo Coelho-н зохиолуудаас миний уншсан анхны ном юм. "The Alchemist"-ийн тухай зөндөө сонссон авч одоог хүртэл уншаагүй л яваа.

Бүсгүй хүний дотоод ертөнцийг эрэгтэй хүн ийм тодорхой, нарийн бичиж чадсан нь үнэхээр гайхмаар. Maria-тай хамт өнгөрөөсөн шөнийн турш би хэдэнтээ нулимс унагаж, зохиолчийн бичлэг, сэтгэлгээг гайхан биширч байлаа. Эмэгтэй хүний бардам мөртлөө гэнэн сэтгэл, юуны ч өмнө сөхөрчихгүй санаатай, чадахгүй байсан ч "үхтлээ" гүрийдэг нэрэлхүү зан гээд. Заримдаа ичмээр, заримдаа инээд хүрмээр, эсвэл тэнэг, бүр аймаар ч юм шиг...

Бразилийн хөдөө тосгоны жаахан охин Швейцарт ирээд замаа алдан биеэ үнэлэгч болж буй, түүний үйлчлүүлэгчид мөнгөтэй, "мундаг" эрчүүд, секс, садизм, сүүлдээ хайр дурлал, дарс, цэцэг... Ерөнхийдөө "Эртээ урьдын цагт Мариа гэж нэгэн биеэ үнэлэгч байжээ..." гэж эхлээд намайг бүтэн шөнө унтуулалгүй гүрийлгэж, уйлуулж явсаар ямар ч гэсэн аз жаргалтай төгслөө.

Зохиолч эротик агшнуудыг мөн маш эвтэйхнээр дүрсэлсэн байсан. Номыг унших явцад надад хэн нэгэн биеэ үнэлэгчийн амьдрал, нийгмийн бохир завааны тухай уншиж байгаа сэтгэгдэл төрсөнгүй. Яг л охидын амьдрал ямар байдаг тэр бүхэн, анхны үнсэлт, анхны болзоо, анхны, анхны... Дараа нь шархалсан зүрх, дахиад шархалсан зүрх, бас дахиад шарх, эцэстээ зүрх шархлуулагч...

Энэ номыг гайхалтай сайн ном, заавал уншаарай гэж хэлмээргүй байна. Сайн ном, хүсвэл уншаарай.

Sunday, May 3, 2009

The love guru ба Iron man

The love guru гэж хөгийн кино байнаа, нээрээ. Нилээд хүлээцтэйгээр 3/1 хүртэлх хэсгийг нь үзээд цаашид тэвчихээн байж кино үзэж байсан өрөөг орхин гарсан болно. Тэнэг гэхэд ч хаашаа юм, заваан гэхэд ч бас хаашаа юм. Тэгсэн мөртлөө хамаг л одууд тоглсон гэж байгаа. Эрчүүд бол энэ киног дуустал нь инээж маазраад үзчих юм шиг байналээ. Мань мэтийн бүсгүйчүүд бүгд "The love guru"-г хаяж "Iron man"-г сонголоо.
Төмөр хүнийг өмнө нь хоёр ч удаа үзсэн боловч энэ удаад нэгэнт кино үзэх төлөвлөгөөтэй байсан, дээр нь эхний сонгосон кино шал дэмий байсан тул буцах замдаа Дулмааг заллаа гэдгийг үлгэр болсон нь энэ л дээ. Гэхдээ Төмөр хүн сонирхолтой, адал явдалтай, дуу чимээ, дүрсний эффектүүд маш сайтай.
Энэ удаад миний анхааралд орсон зүйлс нь нэгдүгээрт, хүн хэдий гоц ухаан, гойд хүч чадал, хөрөнгө чинээтэй байлаа ч анд нөхөд, гэр бүл байхгүй бол энэ бүгд ямар ч утгагүй юмаа гэсэн нэг өгүүлэмж, хоёрдугаарт, чамайг тойрон хүрээлж, хайртай дуртайгаа зарлаж, дагаж гүйгсдийн дундаас үнэн сэтгэлт нэгнийг таньж олно гэдэг ёстой л өвсөн дундаас зүү эрэхтэй адил хэрэг гэсэн илэрхийлэл байсан юм. Муу нөхрөөс сайн дайсан мянга дахин илүү гэж нэг үг байдаг. Надад хэдийгээр ийм азгүй тохиолдол таарч байгаагүй ч "хүн цагаа тулахаар бас өөр л байдаг юм байна даа" гэсэн сэтгэгдэл төрж байсан үе бишгүй бий.
Саяхан Их Хурлын гишүүн Бат-Үүлийн бичсэн нэг нийтлэлийг уншиж байхад улс төр, эрх мэдэл, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай огт биш анд нөхөр, үнэнч сэтгэл гэдэг чинь юу юм бэ?, миний хажууд хэн байсан хэрэг вэ? гэсэн олон асуултууд дунд торойн үлдсэн ганцаардал үнэртэж байх шиг санагдаж билээ.
Өчигдөр бас "Тайна Чингис хана" гэж дөнгөж энэ гуравдугаар сард нээлтээ хийсэн орос киног үзэж суухад бас л энэ сэдвийг гүнзгий хөндөж харуулсан байсан. Энэ киноны тухай сэтгэгдлээ мөдхөн оруулна. Сайхан кино байналээ, үзээрэй. Оргил, Түвшинхүү нарын манай монгол жүжигчид маш сайн тоглосон байсан шүү.

Sunday, April 26, 2009

Живэхүй...

Бүх юм цэнхэр... Миний даашинз, түүний нүд, тэртээх уулсын өнгө, тэнгэр, тэр байтугай наран хүртэл цэнхэрхэн өнгөөр гэрэлтэж байх шиг. Энд цэнхэр цэцэг ургажээ. Харж байна уу? Бүх юм цэнхэр...
Уруулаас минь урсан гарах үгс, чихэн дээр минь наадан бүжих яриа ч цэнхэр. Даашинзныхаа хормойг дэрвүүлэн энэ цэнхэр ертөнцөөр наадан зугаацмаар... Энэ аялгуу хүртэл цэнхэр ертөнцийн цэнхэр аялгуу. Би нүдээ анимааргүй байна, хараад л, хараад л, хараад л баймаар. Бүх юм цэнхэр...
Уулсын дээгүүр бараан үүл хөшилдөж, хүйтэн салхи нэвт үлээн жиндүүлээд. Ийм хүйтэн бороонд дургүйг минь яана... Бодит ертөнц ийм л байдаг.
Үгүй ээ, өнөөдөр би цэнхэр ертөнцөөс гарахгүй. Эндээ үлдлээ...

Tuesday, March 17, 2009

Хувцас бурхан, бие чөтгөр...

Сэргэн жавхаажсан торомгор алаг нүд сормуусаа донжтой дэвэн, цовоо цолгин инээд цангинуулахад нь эр хүн байтугай бүсгүй хүн ч нүд алдмаар... Гоёмсог даашинзны хормой дэрвүүлэн үнэн галзуу бүжиж байна. Тэнгэр минь, тэр хэн бэ? Сайхан, гоё, гоёмсог, хөөрхөн, өөр бүсгүй хүнийг илэрхийлж болох ямар сайхан үгс байдаг билээ дээ?
Би түүнийг хэзээ ч анзаарч харж байгаагүй юм байна шүү дээ. Хааяахан нэг тааралдахад мэндийн зөрөөнөөс цаашгүй. Толгойгоо боосон энэ алчуур доор ямархуу үс байгаа бол гэсэн саваагүй бодлоос өөр зүйлгүй.
"Дотоод гоо сайхан" гэсэн нэг их нарийн учир утга тоочиж цэцэрхсэн нэгний үгс хоосон. Гадаад гоо сайхан үгүй бол дотоод гоо сайхан бас л хоосон... Бүү өөрийгөө хуур... Түүнийг хараач. Бүхний нүдийг унаган бүжиж байгаа энэ гайхалтай бүсгүйг хар. Нэвсгэр даашинз, алчуураа солих төдийд л төрөл арилжсан мэт хувиран өөрчлөгджээ. Би нэг сайхан үг түүнд хэлэх юмсан...
...Бороо шиврэн байснаа цас болон хувираад л. Бүсгүй хүн шиг аальгүйхэн тэнгэр үү. Гарч цасан дунд алхмаар ч юм шиг. Энэ өмнөөс ирж байгаа хэн бэ? Царай дарсан нэвсгэр даашинз, үсээ битүү далдалсан алчуур... Өчигдрийн гал цогтой үзэсгэлэнт бүсгүйг халтьхан санагдуулах нүднээс өөр юу ч үгүй. Ээ дээ. Сүсэг бишрэлийг нь яалтай ч билээ...
Бурхан минь, намайг монгол бүсгүй болгож төрүүлсэнд талархаад баршгүй ээ...

Wednesday, February 18, 2009

Санасан...

Том том цасан ширхэг малгайлан... Гараа тосон нүдээ анихад хөвсийсөн цасан ширхгүүд намайг тойрон бүжиж, алган дээр минь буухдаа сэрүүхэн бас нойтон...
Сэтгэл дотор амгалан тайван, яг л энэ цас бударсан чив чимээгүй өдөр шиг. Чив чимээгүй. Гайхмаар...
Хүн зоны бужигнаан, машин тэрэгний шуугиан дундах яаруу давчуу амьдрал минь энэхэн мөч дээр ирээд түр зуур алмайран саатаа юу? Тэнгис далай, хэдэн зуун уулсын цаанаас сэтгэлд таатай дуун дуулдах шиг. Сураг ажиг тавилгүй удаа юу даа...
Хавар хурдан болоосой, өвөл бүү дуусаасай. Цас минь бүү зогс, малгайлан ор, бүр салхилан шуур. Энэ чимээгүй, амар амгаланг эвд. Өө, энд салхи байхгүй болохоор л ийм чимээгүй, тайван байжээ. Хаана, юунд тэгтлээ сатааран саатаа юм болоо?
Том том цасан ширхэг малгайлсаар... Гараа тосон нүдээ анихад...