Wednesday, July 22, 2009

Khaled Hosseini: The Kite Runner


Бас л нулимстай хэдэн оройг Амиртай цуг өнгөрүүлэв. Хасаны амьдралын тухай уншихаар юу гэж хүний амьдрал ийм байж болдог юм, худлаа байх аа гэж бодмоор. Монгол үндэстний мах цусны тасархай Хазар Монголчуудын тухай сүүлийн үед олон удаа сонсч, уншсан болохоор бүр ч их сэтгэл хөдөлсөн байх.

Цаасан шувуу нисгэн, инээд цангинуулан Кабулын гудамжаар гүйлдэж асан бяцхан хөвгүүдийн хувь заяа амьдралын хүрдэнд юутай өөр өөрөөр эргэн одож, зөрчилдөж, амьдралын зам нь эргэн огтлолцож...

Бодоод байхнээ миний хүүхэд ахуйн найзууд ч бас л хаа ч юм нисэн одоцгоож, зарим нь харамсалтайгаар цэл залуудаа тэнгэрийн оронд дүүлэн одож, зарим нь хувь заяаны эргүүлэгт живж, зарим нь амьдралын их далай дунд сэлж байгаа шүү дээ. Гэхдээ нарлаг Монголд хүн болж төрөөд тайван сайхан амьдарч буй миний амьдралыг хаа холын Афганистанд миний төсөөлж ч үл чадах хэцүү бэрх дунд тэсэн амьдарч чадаж буй тэр хүмүүсийн амьдралыг харьцуулшгүй аж.

Тэдний нэг хэсэг нь эрх чөлөөний орон гэгдэх Америк, өөр хаашаа ч юм арай тайван амьдарч болох газар руу дүрвэн одсон. Дүрвэж ч байгаа бизээ. Нэг хэсэг нь шашны хэт туйлширсан, хэт даврагчдын ч билүү бүлэглэлд нэгдэж ороод Асеф шиг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг байх. Харин үлдсэн хэсэг нь Хасанууд, Раимууд, Сохрабууд...

Дорд үзэгдсэн Хазара үндэстнүүдийн тухай уншихаар өөрийн эрхгүй өмөөрөх сэтгэл төрөөд байх шиг. Хөх өнгөтэй цаасан шувууг тэвэрсээр Амир дээр буцаж ирсэн Хасан, Талибануудыг зугаацуулахын тулд нүдээ тас аниад хоёр жижигхэн гараа дэвэн бүжиж байгаа бяцхан Сохраб, залуудаа бусдын харцыг булаан гунхаж асан Санабур эмгэний нүүрэн дэх хутгаар зүсүүлсэн аймшигт сорви гээд зүрх өвтгөсөн дүрслэл энэ номонд их.

Эцэг нэгтэй ч эх өөртэй, хувь заяаны эрхээр нийгмийн хоёр өөр гаралтай байхаас өөр аргагүйд хүрсэн, ах дүү болохоо мэдээ ч үгүй хоёр хүүгийн амьдралын тухай нэг уншаад эхэлчихвэл дуусгаж байж л салахаас өөр аргагүй. Эцэг хүний үрээ хайрлах сэтгэл, нийгмийн ялгаа, нэр төрөө хайрлах аминч үзлийн дунд насан туршдаа шаналан, өөрөө өөртэйгөө зөрчилдөн амьдарсаар дууссан тэдний аав Баба эцсийн бүлэгт Хасаны хувь заяаг золиосонд гаргаж байгаа нь миний мэдэхгүй тэр нийгэм, тэр соёлын харгис хатууг нэг талаар илэрхийлж байх шиг. Гэхдээ тэр дан ганц өөрийнхөө төлөө ч биш, нэг хүүгийнхээ төлөө нөгөө хүүгээ зольсон. Тэгэхээс ч өөр аргагүй байсан биз. Аймшигтай...

Амир аавтайгаа Америкт ирснийхээ дараа амьдарч байсан Сан Францискогийн Ван Нессийн өргөн чөлөөгөөр хэдхэн хоногийн өмнө явж байхад энэ номны тухай яриа бидний хэдэн нөхдийн дунд өрнөж билээ. Арван зургаан настай жаахан охин бидний яриаг ихэд сонирхон элдвийг асууж бараг л юу юугүй гүйж очоод энэ номыг уншаад эхлэх шинжтэй болохоор нь хорин нас хүрчихээд уншаарай гэж хэлсэн. Яагаад ч юм Хасан, Сохраб хоёрын эмгэнэлтэй хувь заяаны тухай энэ хөөрхөн охин битгий уншаасай гэж хүссэн юм. Киног нь бас том болохоороо үзээрэй. Би бол киног нь ер үзэхгүй гэж бодож байгаа...

No comments: