Friday, October 26, 2007

Шинэхэн бэр

Өрөөгөөр нэг үнэр нь ханхлах гэрийн сайхан хоол, халуун дотно яриа, жаргалтай цангинасан инээд гээд энэ бүхэн юутай сайхан. Чи минь гэрийн эзэгтэйн намба аль хэдийн сууж, энэ сайхан тухтай дулаахан, жаргалтай, жижигхэн ерөнцийг амилуулжээ.
Хажуу газар ургана гэдэг нь
Хайлаас модны жам юм даа
Харийн газар очно гэдэг нь
Бүсгүй хүний жам юм даа
гэж дуу байдагсан. Шанзаар тоглоход их сайхан аятай. Харин бүсгүй хүн хадамд гарахдаа “харийн газар ирдэг” бус “өөрийн ертөнцөө бүтээдэг” биш үү.
Найзыгаа харан яриаг нь сонсч, гарын хоолоор нь дайлуулан суухдаа би ийн бодно. Гайхалтай. “Амьдрал маш сайхан. Сайхныг нь мэдрэхийн тул гагцхүү амьдарч л үзэх хэрэгтэй” гэж нэг цагт хүн хэлж байж билээ. Тиймээ, энэ бүгд маш сайхан.
Урсан өнгөрөх мөч бүрт энэ жижигхэн ертөнц тэр чигээрээ гагцхүү чиний минь төлөө байгаасай.
Өнөөдөр Баасан гариг. Долоо хоногийн нөр их ажлын дараа амрахаас өөр хүсэл төрөхгүй байсансан. Харин одоо би харьж явахдаа эрч хүчээр дүүрэн. Эргэн тойрон гэрэл гэгээтэй. Улаанбаатарын утаа нь хүртэл арилсан юм шигээ.

No comments: