Sunday, October 28, 2007

Ээж минь л байвал...

Турьхан биед нь баймгүй хүчтэй цангинасан хоолойтой эмэгтэйг дуулж эхлэнгүүт оюун бодол биеэс минь салан холын холд нисэн одлоо. Би нэгэн их усан дор зогсч, тэр их усан миний биеийг бүхэлд нь нэвт норгон угааж байх шиг... Дотроос минь салдаггүй өөр нэгэн дууны үгс толгойд эргэлдэн, зүрх аялгуунд уусна.

Дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахав дээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ээжий
Хүүдээ харагдаж л байвал жаргалтай

Нулимс минь нүдний аяганд багтахгүй хацар даган дураар урсч байна. Цав цагаан хувцас өмссөн дуучин бүсгүй хөвөх адил зөөлөн алхаагаар их усан дээгүүр алхаж, түүний дуулж буй дуунаас өөр юу ч энд байхгүй мэт.

Өдөр өдрийн аашинд нь
Уйлж гундсан ч яахав дээ
Өмөлзсөн хошуугаа би ээждээ
Үнсүүлж л байвал жаргалтай

Дуучны хоолойноос дуурсах дуун миний зүрхэнд хүрч, удаан хугацааны туршид бөглөрөн байсан бүхнийг угаан эргээд нулимс болон гарч байна уу...

Бүтэн гурван сараас нь
Нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ээжий
Үрдээ л байвал жаргалтай...

Хаа холын Солонгос эмэгтэй ийн дуугаараа сэтгэлийг минь амирлуулаад хөвөн хөвөн алхалсаар цааш одлоо. Юутай тайван, юутай нам гүм... Амьдралын төлөөх тэмцэл цааш үргэлжилнэ.

No comments: