Saturday, December 29, 2007

Өршөөл эрэхүй

Аливаад хатуу хандах, өөрийгөө хатуужуулж, сэтгэлээ чангалах гээд хүмүүний амьдралд хүссэн ч хүсээгүй ч амтлахаас аргагүй, хийхээс ч аргагүй зүйлс мөн ч их болдог бололтой. Харин хатуу байлаа гээд үүнээс хожих нь юусан билээ? Энэ л их харьцангуй юм байна. Нэг боломжоос татгалзахад өөр нэгэн боломжийн үүд нээгддэг гэдэг шиг хатуу хандаж татгалзаж чадсан тохиолдолд онох нь бий л байх.
Алдаагүй юмаа гэхэд үнэндээ юу ч олоогүй тийм зүйл надад байжээ. Үүнийгээ би харин чамайг хараад л мэдлээ дээ. Нэгэн найзын маань хэлдэгчлэн галзуу барын аманд гараан хийхээс ч буцахгүй гэдэг шиг л омголон, халуун цустай, өөрийнхөө зорилго, тэмүүллийн төлөө эрч хүчтэй тэмцдэг, хайртай бүсгүйнхээ төлөө хэнбугайтай ч нударга зөрүүлээд ялж чаддаг тийм оргилуун дүрэлзсэн гал байгаагүй билүү чи? Хэн нэгний харцны аясаар хөдөлж, уруу харж, дорой дуугарсан нэгэн болсныг чинь харахгүй байх минь ч яалаа. Миний сэтгэлд тодоос тод үлдэж асан тэр омголон бардам, догшиндуу ч гэмээр харц хаана байна? Нүд рүү минь тогтож харж чадахгүй халиран, жижүүрийн хэдэн асуулт асууж, тулга тойрсон уйтгартай яриаг хаа нэг хөврүүлэн, хүчээр ч гэмээр инээж суух гэж дээ...
Юу болоо вэ? Үгүй ээ, асуугаад яах юм, чи ч гэсэн надад бүү хэлээрэй. Төмөр мэт хатуу байлаа гээд бидний хэн нь ч, юу ч хожсонгүй, би харж байна. Хэзээ нэгэн цагт үүнийг бид, бас нэг хүн бүр ч хүчтэй, бүр их эмзгээр мэдрэх байх даа...

Thursday, December 27, 2007

Western vs Asian Culture

Understanding of Asian vs. Western Cultures - Although based on research of Chinese Asians, it also applies somewhat to other East Asians (Japanese, Koreans, Mongolians), Southeast Asians (Indonesians, Malays, Filipinos, Thais, Burmese, Vietnamese), and South Asians (Pakistanis, Indians, Bangladeshis, Nepalese, Sri Lankans). These icons were designed by Liu Young who was born in China and educated in Germany.


Blue --> Westerners // Red --> Asians/Chinese

Expressing an Opinion











Way of Life














Punctuality











Contacts











Expressing of Anger











When Waiting in a Queue











Ego / Perception of Self











Sundays on the Roads











Partying











Noise levels in a Restaurant











Treating a Stomach Ache











Travelling records











Handling Problems











Enjoying 3 Meals a Day











Transportation changes: 1970-2006











Elderly - Daily Life











Moods with Weather changes











Relations of Boss to Staff











What's Trendy (in Restaurant)











Approach to New Things

Таны харц

Олоон жилийн дараа уулзанаа гэж тэгэхэд мэдсэнсэн бол... Таны харц огт өөрчлөгдөөгүй, би харин эргээд л жаахаан охин гараа хааш нь хийж, харцаа хаашаа буруулахаа ч мэдэхгүй будилаад л. Яг энэ дүр зураг дахиад л давтагдах юм. Би таны л өмнө ингэтлээ сандрах юм даа.
Харин та "Өө, авгалдай өсөж том болоод далавч ургачихаж" гэхээс өөрийг бодоо бол уу? Гэхдээ энэ дулаахан, ахын хайр дүүрэн харцанд хоргодоод л, хоргодоод л...

Wednesday, December 26, 2007

Аминаас илүү хайр (төгсгөл)

- Таны дэмий яриа намайг бүр залхааж орхилоо гэж би нүүрээ буруулан хэлэв.
- Би хувьдаа таныг шал тэнэг амьтан гэж бодож байна. Хэрвээ дурлалаа мартагнаж чадахаар бол та ямар нэгэн байдлаар түр зуур ч болов зугаацсан нь дээр дээ. Харин хэзээ ч чадахгүй гэж бодож байгаа бол хоолойгоо хэрчих нь хамгийн сайн арга. Би иймэрхүү шал хэрэггүй юманд цагаа үрж чадашгүйнээ.
Ингэж хэлчихээд би шууд эргэн завиа чиглээд яаралгүй алхав. Би нэг ч эргэж хараагүй боловч тэр миний араас явж байгааг мэдэрч, түүний хөл дор элс шажигнах нь сонсдоно.
- Би өөрийнхөө түүхийн эхлэлийг танд ярилаа хэмээн тэр хэлээд
- Харин төгсгөлийг та хэзээ нэгэн цагт үзэх буйзаа. Хэрвээ та тэр бүсгүй явуулчихвал тун сайнсан.
Би юу ч хариулсангүй, дуугүй л завиа эргээс түлхлээ. Нилээд холдсон хойноо эргээд харвал тэр элсэн дээр зогссон хэвээр миний зүг бодлогшронгуй ширтсээр аж. Хэдэн минутын дараа дахин эргэн харвал тэр алга болсон байлаа.
Үүнээс хойш удаан хугацаанд миний амьдрал хуучин хэвээр, нэгэн хэмээр үргэлжиллээ. Заримдаа Архенгальскийн хүн эндээс бүрмөсөн явчихсан ч юм шиг санагдана. Гэсэн ч элсэн дээр гарсан мөр, түүнийг энд хаа нэгтээ нуугдсаар байгаа илтгэх янжуурын үнс зэргийг манай гэрээс холгүйхэн газарт довцгийн араас би олдог байв. Харин орос бүсгүй бид хоёрын харьцаа урьдынхаас ер өөрчлөгдсөнгүй. Хөгшин Меж анхандаа өөрийн бяцхан эрх мэдлээ алдчихвий хэмээн болгоомжилж, түүнтэй сэжиглэнгүй харьцаж байсан байсан бол сүүлдээ намайг бүсгүйг огтхон ч анзаарахгүй байгааг ажиглаад бий болсон нөхцөл байдалтай бага багаар эвлэрч билээ. Миний дээр хэлснээр харин ч бүсгүйгээр гэр орны ихэнх ажлыг хийлгэдэг болсон юм.
Бусдад сонирхуулах гэсэндээ ч бус өөрийнхөө сонирхлын улмаас эхэлсэн хүүрнэлийн маань төгсгөл ойртож байна. Энэхүү хоёр оросын явдал гэнэт эхэлсэн шигээ л гэнэт төгсч билээ. Нэгэн шөнийн явдлаар миний бүх зовлон дуусч, оросуудыг гэнэт ирэх хүртэл байсан шигээ би хэдэн номныхоо дунд элдэв янзын судалгаатайгаа үлдсэн юм. Энэ бүх үйл явдал хэрхэн төгссөнийг ярьж өгөхийг минь зөвшөөрнө биз ээ.
Тэр орой хэзээнийхээрээ л би өдөржингөө ажиллаад үдэш нь зугаалахаар гэрээсээ гарлаа. Далай яг л толь шиг жигтэйхэн гөлгөр, ганц ч давалгаагүй. Гэхдээ миний дээр ярьж байсан шиг дүрсэлж хэлж боломгүй чимээгээр дүүрэн, энэ их усан дор нойрсч буй хүмүүсийн сүнс ирж айсуй гай зовлонгийн тухай сэрэмжлүүлж байх шиг. Энэ муу ёрын чимээг үл андах загасчдын эхнэрүүд тэнгис рүү түгшин харж, эрэг рүү яарцгаах хүрэн өнгийн далбаанууд гарч ирэхийг хүлээцгээнэ. Энэ чимээг сонсоод би ч гэсэн гэр рүүгээ орж барометрээ хартал аль хэдийн уначихжээ. Түгшүүртэй шөнө болох нь илэрхий боллоо.
Довцгийн орой, тэнгисийн мандал жаргаж буй нарны туяагаар үзэсгэлэнтэйеэ гийгүүлэгдэж байсан ч довцгийн бэлээр салхилж явахад баргар, жиндүү. Тэнгэрт огт үүлгүй боловч тэнгисээс гарах бөглүү чимээ улам ихэссээр. Алс зүүн зүгт Уикийг чиглэн хөвж яваа далбаат онгоц харагдана. Бодвол ахмад нь ойртон ирж буй аюулыг хэдийн мэдрээ бизээ. Далбаат онгоцны араас усан дээгүүр тэнгэрийн хаяаг бүрхэн муу ёрын урт манан татаж эхэллээ. “Яаралгүй болохгүйнэ дээ” хэмээн би бодлоо. “Аягүй бол гэртээ хүрэхээс өмнө салхи дэгдэх нь”.
Гэртээ хүрэх замынхаа хагаст хүрч яваад өөрийн эрхгүй гэнэт зогсч, амьсгаагаа даран чагнаж эхлэв. Салхины исгэрээн, тэнгисийн долгион мэтийн байгалийн дуу чимээнд би тэгтлээ их дассан учир өөр ямар ч чимээг их холоос сонсчихдог болсон юм. Нөгөө дуун дахиад л гарав. Уртаар цангинан чарлах тэр дуу элсээр дамжин толгодоор цуурайтна. Тусламж гуйн цөхрөн дуудаж буй тэр дуу манай байшингаас гарч байлаа. Би ч элсэнд шигдэн бүдчиж, чулуун дээгүүр харайлган гэр рүүгээ хурдлав. Тэнд юу гээч болж байгааг санаандаа дүрсэлж л явлаа.
Миний байшингаас дөрвөн милийн газарт дээрээс нь бүх л орчин харагддаг элсэн манхан байдаг байв. Түүний орой дээр гараад би хоромхон зуур зогслоо. Миний муу хуучин саарал байшин, завь, бүх юм яг л намайг гэрээс гарах хүртэл байсан шигээ л харагдана. Гэтэл мөнөөх чарлах дуун өмнөхөөсөө ч чангаар хангинаж, дараачийн мөчид нөгөө орос далайчин байшингийн минь хаалгаар гарч ирлээ. Түүний мөрөн дээр бүсгүйн бие цайран харагдаж, тэгж их яарч явахдаа ч тэрээр бүсгүйг болгоомжтой, эвтэйхэн авч яваа нь харагдаж байв. Бүсгүй зэрлэгээр чарлаж, түүний тэврэлтээс мултрахаар цөхрөлтгүй оролдон эсэргүүцнэ. Тэдний араас хазаж чадахгүй ч дайсан руугаа шүдгүй амаа ярзайлган дайрдаг хөгшин нохой шиг л үнэнч итгэлтэй зарц хөгшин маань байдгаараа майжигнаж, хоёр урт гараа савчин шотланд хараал зүхэл хайр найргүй урсгаж явна. Нөгөө орос завь руу минь явж байгааг би шууд л ойлгов. Тэднээс өмнө завинд хүрч чадах юм шиг найдвар гэнэт төрж, бүхий л хүчээрээ эрэг рүү харайлгалаа. Би замдаа гар буугаа цэнэглэж, энэ түрэмгийлэлд эцсийн цэг тавихаар шийдэж явав.
Гэвч оройтжээ. Намайг эрэг хүрэх хооронд тэр элбэг зуун ярд газарт хөвж амжаад, түүний хүчтэй сэлүүрдэлтэнд завь маань хэрхэн дээш өргөгдөн байхыг л би олж харав. Ягдаж хорссондоо би орилж, хөөгдсөн араатан шиг л эргээр нааш цааш харайлгалаа. Тэр эргэн харснаа завинаас өндийж эелдгээр мэхийгээд гараа даллав. Энэ бол хөөрсөн, доог тохуу хийсэн зүйл огт биш, хэдийгээр би урам хугаран, уурлан бачимдаж байсан ч энэ бол найрсгаар, ёслол төгөлдөр салах ёс гүйцэтгэж байгаа хэрэг гэдгийг ойлгож байлаа. Дараа нь тэр сэлүүрээ атган авч, бяцхан завь хурдлан тэнгисийн булангаас улам улам холдож одов. Нар шингэж, түүний усан дээр туссан баргар улаан туяа нь улаан манантай сүлэлдэн, энэ муу ёрын туяаг зүсэн холдох завь улам жижгэрсээр шөнийн харанхуй өтгөрч ирэхэд задгай тэнгис дэх жаахан толбо болон үзэгдэнэ. Дараа нь хэзээ ч үл арилах мэт санагдах их харанхуйд уусан алга боллоо.
Би бэлтрэгийг нь булаагаад авчихсанд галзууран хийрхсэн өлөгчин чоно мэт хүнгүй эрэг дээгүүр бачимдан гүйсээр л байлаа. Магадгүй тэр орос бүсгүйд хайртай болчихсон байсан юм бол уу? Үгүй ээ, мянга дахин үгүй! Цагаахан царай, цэнхэр нүдний төлөө өмнөх амьдралаа мартаж, өөрийн үзэл бодлоо өөрчлөн, олон зүйлээс татгалздаг хүмүүсийн нэг би ердөө ч биш. Зүрх минь хөндөгдөөгүй билээ. Гэвч миний бардам зан, ай би ямар аймшигтай доромжлолд оров оо! Бодоод үз л дээ. Надад тэгж их итгэж, надаас туслахыг тэгж их гуйж байсан хөөрхий амьтанд тусалж чадсангүй шүү дээ! Ингэж бодонгуут л уур хилэн буцалж, хамаг цус толгойд хөөрөн гарч байлаа.
Энэ шөнө далайгаас аймшигтай хүчтэй салхилав. Давалгаа галзуурсан мэт эрэг мөргөж, яг л түүнийг нураан тэнгист аваад явчих гэсэн мэт. Энэ эмх замбараагүй үзэгдэл, нижигнэсэн дуу чимээ миний байгаа байдалтай яг таарч байлаа. Бүх шөнөжингөө би ус, бороонд цохиулан норж, хөөсрөн давалгаалах долгион бүрийг ажиглан, шуурганы улихийг сонсч, эргээр нааш цааш тэнэж өнгөрөөлөө. Зүрхэнд минь орос далайчинд хорссон хорсол буцална. “Хүрээд ирдэг л юм бол!” гэж би нударга зангидан хашгирч “Чамайг эргээд ирдэг л юм бол!”
Тэр эргэж ирсэн юм. Дорно зүгээс үүр гэгээрч, баргар үүлс дээгүүр нь нүүх их цөлийг гийгүүлэх үеэр би түүнийг дахин харлаа. Надаас хэдхэн ярдын зайд давалгаагаар хаягдсан нэг урт зүйл хэвтэж байв. Энэ бол танигдахгүй болтлоо хэмхэрсэн миний завь байлаа. Түүнээс нилээд зайтай газар хайрга чулуу, замгаар хучигдсан хэлбэр дүрсгүй нэг юм хөвж явна. Тэр бол нөгөө орос түрүүлгээ харан үхчихсэн хэвтэж байгааг би шууд л ойлголоо. Би ус руу орж, түүнийг эрэг дээр татан гаргав. Түүний биеийг эргүүлэнгүүтээ орос далайчин галзуурсан шуурганаас биеэрээ халхлах мэт бүсгүйгээ элгэндээ тас тэвэрсэн байхыг олж харлаа. Шуургат далай түүнээс амийг нь авч чадсан ч хайртай бүсгүйг нь энэ зөрүүд хүнээс салгах хүч нь хүрсэнгүй ажээ. Энэ аймшигт шөнийн турш мань хөнгөмсөг бүсгүй хүртэл түүний төлөө тэмцэж, түүнийг хайрлан халамжилж буй хүчирхэг гар, үнэнч зүрхийг ойлгосон бололтой. Үгүй юм бол яагаад тэр түүний өргөн цээжинд толгойгоо энхрийхэн нааж, алтан шаргал үс нь түүний хар сахалтай холилдон байх билээ дээ. Яагаад орос эрийн царайд үхэл ч арилгаж үл дийлсэн, үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалтай инээмсэглэл тогтох билээ? Түүний хувьд үхэл амьдралаас илүү өршөөнгүй байжээ.
Меж бид хоёр тэднийг далайн элсэн эрэг дээр оршуулж билээ. Одоо тэд энэ их шар элсний гүнд хамтдаа нойрсч байгаа. Тэдний эргэн тойронд түмэн янзын үйл явдал болно. Эзэнт гүрнүүд шинээр тогтож, мөхөн устаж, их дайн дэгдэж, дуусч, улс орон сүйдэж, сэргэнэ. Харин тэр хоёр энэ бүгдийг ер үл ажран их далайн эрэгт мөнхөд тэврэлдэн нойрсоно. Заримдаа надад тэдний сүнс далайн булангийн оволзсон их усан дээгүүр цахлай болон эргэлдэж байгаа юм шиг санагддаг юм. Тэдний булшин дээр загалмай байхгүй, өөр ямар нэгэн тэмдэг ч байхгүй. Харин хааяа хөгшин Меж маань зэрлэг цэцэг авчирч тавьдаг юм. Өдөр бүр зугаалж явахдаа би булшны хажуугаар өнгөрч, элсэн дээр тавьсан шинэхэн цэцгүүдийг харахаараа хаа холоос энд ирээд богинохон хугацаанд миний баяр баясгалангүй, нэгэн хэвийн, уйтгартай амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн хачин хосыг дурсдаг билээ.

Monday, December 24, 2007

Мартагдсан шанз

Энд чимээ аниргүй, үхмэл чимээгүй ноёлж байна. Нэгэн цагт цоо шинээр аялгуулан дуулж асан шанзны аялгуу, хөгжимчин гээд энд хэн ч үгүй. Би түүнийг гартаа авав. Дон дон дон... Юутай ганцаардмал, амьгүй сонсдоно вэ? Дон дон... утас нь тасарчихлаа...
Би түүнийг амилуулж чадах хүн нь биш ажээ. Тэр магадгүй сэтгэл татсан инээмсэглэл дор нь түүнийхээ гарт аялгуулан дуулах гэсэн байх. Харин миний гарт биш...
Хөг нь алдарч, утас нь тасарсан шанзыг би хайрцагт нь хийн буцааж тавилаа. Чамд би дахин гарч хүрч зүрхлэхгүй ээ. Эзэн нь ирэх хүртэл эндээ л байж байх, эргэж хэзээ ч ирэхгүйгээр явсан ч байж л байх магад... Чи цагийн аясаар зүгээр л нэг элэгдэж, өлөн тоосонд даруулан байх гэж үү?
Би энд юу хийж байгаа юм болоо? Би гарахаар эргэлээ. Хөл минь хүндэрч, алхаа удааширна. Ард хаагдах хаалганы чимээ эгээ л намайг явсанд сэтгэл нь амран санаа алдах шиг. Урилгагүй зочин айлаас хөөгдөн гарсан мэт аягүй сэтгэгдэл цээжинд нэн гашуун, бас хүнд. Уртаас урт амьсгаа авахсан...
Маргааш дахин нар мандана, тиймээ нар дахин мандана...

Sunday, December 16, 2007

Аминаас илүү хайр (үргэлжлэл)

...Энэ мөчөөс эхлээд л би гэдэг хүн энэ эмэгтэйг аварсан хөнгөмсөг яаруу явдалдаа бүр ч харамсаж эхэллээ. Түүний амьд үлдэх, эсвэл үхэх нь надад ер нь ямар хамаатай юм бэ? Би чинь тиймэрхүү гавьяа байгуулаад байхаар оргилуун залуу хархүү ч биш шүү дээ. Меж ч яахав, хөгшин, муухай амьтан учраас түүнийг хумсын төдий ч анзаарахгүй тэвчиж болно. Харин миний аварсан тэр амьтан бол цэл залуухан, амьдралын баяр баясгалантай, ямар ч хүнийг татаж чадах увдистай. Тэгэхээр би түүнийг яах вэ? Хааш нь явуулах вэ? Хэрвээ бүсгүйн тухай Уикт мэдэцгээх л юм бол албаны түшмэдүүд манайд ирцгээгээд л, энд тэндгүй ажиглан шиншиж, элдвийн юм асууж шалгаах болно. Гэтэл энэ тухай санахаас ч ой минь гутаж байв. Үгүй ээ, тэгснээс бүсгүйн энд байхыг тэвчсэн минь хамаагүй дээр.
Гэтэл намайг дахиад л азгүй явдал хүлээж байжээ. Би өөрөө ч харьяанд нь ордог хүмүүн төрөлхтөний төлөөлөгчид ирж саад болдоггүй тийм газрыг энэ дэлхий дээрээс олохгүй бололтой. Орой нар жаргаж, бүрэнхий болох үеэр би эргээр зугаалдаг, заримдаа ном авч явдаг байлаа. Энэ орой ч бас зугаалахаар явж, элсэн дээр сунан хэвтээд номоо уншихаар завдав. Гэтэл хэвтэж ч амжаагүй шахуу байтлаа гэнэт ямар нэгэн хар сүүдэр нар халхлаад ирэхийг мэдэрлээ. Өндийн эргэж хараад нэгэн өндөр хүн зогсож байхыг үзээд ихэд гайхав. Тэрээр надаас хэдхэн ярдын зайд, намайг хүн байна гэж анзаарсан ч шинжгүй зогсч байлаа. Бараан царайтай, хар үс, богинохон буржгар сахал, бүргэд хамартай тэрээр чихэндээ алтан ээмэг зүүжээ. Номхтгошгүй халуун цочмог хэдий ч өөрийнхөөрөө л шударга төвшин хүн шиг сэтгэгдлийг тэр над төрүүллээ. Онгож гандсан тансар хилэн хүрэм, улаан тэрмэн цамц, бараг бүсэлхийдээ хүрэх шахсан далайчны урт гутал өмссөн тэр эрийг өчигдөрхөн шөнө сүйрч буй хөлөг дээр байхыг харснаа би шууд саналаа.
- Өө за! гэж би цухалдан хэллээ.
- Тэгэхээр, та чинь ямар ч гэсэн эрэг хүрчээ?
- Тиймээ хэмээн тэр англи хэлээр цэвэрхэн хариулаад
- Гэхдээ би энд хамаагүй. Намайг давалгаа эрэг рүү шидчихсэн юм. Тэр чигтээ живчих минь ч яалаа даа.
Тэрээр бага зэрэг харь аялгатай ярьж байсан ч сонсоход таатай байлаа.
- Тээр тэнд амьдардаг сайн санаат хоёр загасчин намайг аварч асарсан юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд би тэдэн огтхон ч талархахгүй байна.
“ Өө, хөөрхий. Бид чинь нэг тэрэгний хоёр дугуй байхчив” гэж би бодлоо.
- Та чинь яахаараа живэхийг тэгтлээ их хүсдэг билээ?
- Яагаад гэвэл тэнд, тэр цөхрөн дуу алдаж хоёр урт гараа сунган
- Яагаад гэвэл тэнд миний зүрх сэтгэл, миний амин эрдэнэ, миний хайр, амьдралын минь ганц учир утга нойрсч байгаа юм.
- Гэсэн ч, хэмээн би татгалзаад
- Хүмүүс өдөр бүр л үхэж байдаг, үүний төлөө тэгтлээ их зовох хэрэг ердөө ч байхгүй. Тэгэхээр та миний газар дээгүүр явж байна. Аль болох хурдан эндээс яваад өгвөл надад таатай байна. Миний аварсан тэр хүн надад хангалттай яршиг төвөг удаж байгаа юм.
- Таны аварсан хүн гэнээ? гэж тэр амьсгал нь давчдан асуулаа.
- Тиймээ, хэрвээ та түүнийг аваад явбал би тун ч их талархахсан.
Тэр мөчийн төдий над руу харснаа арайхийж миний үгийг ухав бололтой, зэрлэгээр хашхираад гэр рүү минь харайлгачих нь тэр. Үүнээс өмнө ч тэр, үүнээс хойш ч тэр хүн ингэж хурдан гүйж байхыг би хэзээ ч хараагүй билээ. Би ч гэрт минь ийн халдаж зүрхэлсэнд эгдүүцсэндээ араас нь харайлгав. Гэвч намайг гэртээ хүрэхээс минь өмнө тэр нээлттэй хаалгаар ороод явчихав. Тэгтэл ч гэрээс чарлах дуун хадаж, ойртож очсон хойноо эрэгтэй хүний хүнгэнэсэн дуун түргэн түргэн, чангаар ямар нэгэн юм ярьж байхыг сонслоо. Хаалгаар цухуйгаад би нөгөө бүсгүй, Софья Рамузина буланд нүүрээ буруулан, бүхий л бие нь айдас зэвүүцэлдээ чичрэн суухыг үзэв. Нөгөө эр догдолсондоо чичрэн, хар нүд нь гялалзаж, ямар нэгэн зүйлийг тачьяадан гуйж байлаа. Намайг орж очингуут тэр бүсгүй руу ухасхийв. Гэтэл бүсгүй чоно оготнод багалзуурдуулсан молтогчин туулай шиг л чарлаж, булан руу улам ч шигдэх нь тэрээ.
- Хөөе! гэж би нөгөө хүнийг татангаа уурсан орилоод
- Та чинь юун бөөн шуугиан дэгдээгээд байна? Танд энд юу хэрэгтэйв? Арай буурчийн газар, аяны буудалд байна гэж санаагүй биз?
- Өө, эрхэм ээ! хэмээн тэр дуу алдаж
- Намайг уучлахыг гуйя. Энэ эмэгтэй бол миний эхнэр байгаа юм. Би түүнийгээ живчихсэн л гэж бодож байлаа. Та надад амьдралыг минь эргүүлж өглөө шүү.
- Та чинь хэн гэгч вэ? гэж би ширүүнээр асуулаа.
- Би Архенгальскийнх. Би орос хүн гэж тэр хариулав.
- Таны нэр хэн билээ?
- Урганев.
- Урганев гэнээ? Түүнийг чинь Софья Рамузина гэдэг шүү дээ. Тэр таны эхнэр биш байна. Түүнд хуримын бөгж ч алга.
- Бид бурхны өмнө эхнэр нөхөр бололцсон улс хэмээн тэр дээш харан ёслол төгөлдөр хэлээд
- Бид газар дэлхийнхээс ч илүү бөх бат барилдлагаар холбогдсон.
Түүнийг ярьж байх үед бүсгүй миний ард нуугдан хамгаалахыг гуйх мэт гарыг минь базлан байлаа.
- Эхнэрийг минь надад өгнө үү, эрхэм ээ хэмээн тэр үргэлжлүүлэн
- Намайг түүнийгээ эндээс авч явахыг зөвшөөрнө үү?
- Та сонсож бай гэж би ширүүнээр хэлээд
- Энэ хүүхэн чинь надад ердөө ч хэрэггүй, харин ч би түүнийг аварсандаа гэмшиж байгаа юм. Ер нь түүнийг харсандаа ч харамсаж байна. Тэр үхсэн ч би ер харамсахгүй. Гэсэн ч би түүнийг танд өгч чадахгүйнэ. Яагаад гэвэл үзтэл тэр танаас айж, таныг үзэн ядаж байх шиг байна.
- Та түүнийг надад өгөхийг хүсэхгүй байна гэнээ? гэж тэр сөөнгөтөн асуулаа.
- Намайг үүнийг хийхээс минь өмнө та тамд унах болно доо гэж би хэлэв.
- Хэрвээ би түүнийг хүчээр авч явбал та яахав? гэж тэр дуу алдаж, царай нь улам харлан барайлаа. Хамаг цус толгой руу минь хөөрөх шиг болж, би камин зуухны өмнө хэвтэж байсан түлээний тайрдас шүүрэн авч
- Зайл гэж намуухан хэлэв.
- Одоохон зайл. Эс тэгвэл тархийг чинь бяцлаад өгнө шүү.
Тэр эхлээд над руу шийдвэргүйхэн харснаа гэнэт эргэн гэрээс гүйн гарлаа. Тэгснээ минутын дараа буцан ирж босгоны тэнд биднийг харан зогсов.
- Та юу хийж байгаагаа сайн бодоорой! Энэ эмэгтэй бол минийх. Би түүнийг авах л болно. Харин зодолдохдоо хүрэх юм бол ч оросууд шотландчуудаас огтхон ч дутахгүй шүү гэж хэллээ.
- За яахав. Харж л байя хэмээгээд би урагш алхсан боловч тэр эргээд яваад өглөө. Түүний өндөр бие улам өтгөрөн буй харанхуйд уусан одов.
Үүнээс хойш сарын турш, бүр хоёр сар ч байх, бүх юм нам тайван байлаа. Би орос бүсгүйтэй юу ч ярьсангүй, тэр ч над руу ер хандсангүй. Заримдаа намайг лабораторитоо ажиллаж байхад бүсгүй чимээгүйхэн орж ирээд том нүдээрээ миний юу хийхийг ажиглан суудаг байв. Анхандаа энэ нь миний уурыг хүргэдэг байсан боловч бүсгүй над ер саад болдоггүй тул сүүлдээ дасч орхисон юм. Харин бүсгүй үүндээс урамшиж, өдрөөс өдөрт сандлаа миний ширээ рүү ойртуулсаар хэдэн долоо хоногийн дараа гэхэд бүр хажууд минь суудаг болов.
Гэсэн ч тэр өөрийнхөө байгааг ердөө ч мэдрүүлэхгүйгээр над тусалж, хэрэгтэй үед өд, хуруу шил, шилэн сав мэтийг дөхүүлж өгдөг байлаа. Би түүнийг хүн биш ердөө л автомат мэтээр үзэж дасаад, тэр өрөөнд минь орж ирээгүй үед үгүйлэх болов. Би ажиллаж байх үедээ гарсан үр дүнгээ тархиндаа бат хадгалахын тулд өөртэйгөө ярьдаг зантай хүн л дээ. Гэтэл бүсгүй түүнийг гайхалтай тогтоох аж. Миний үгийг ямар утгатайг огтхон ч ойлгоогүй атлаа тогтоочихсон байдаг байв. Тэрээр хөгшин Межд бүхэл бүтэн химийн тэгшитгэл, алгебрийн томьёо уншиж өгч, цаадах нь өөртэйгөө оросоор ярьж байна гэж бодоод толгой сэгсэрч, харин бүсгүй тачигнатал хөхөрч суух нь миний инээдийг цөөнгүй хүргэж билээ.
Бүсгүй гэрээс зуун ярдаас илүү ер холддоггүй, эхлээд эргэн тойронд хэн ч алга байгааг цонхоор харж байж гардаг байв. Үзтэл нутгийн хүн нь хаа нэгтээ ойрхон байгаа гэдгийг мэдэж буй бололтой, өөрийгөө аваад явчихвий гэж их л айж байлаа. Бүр нэг удаа бөөн хуучин хог новшин дунд л хэвтэж байдаг гар бууг минь сумтай нь олчихоод маш хурдан цэвэрлээд тосолчихож билээ. Тэгээд хаалганы тэнд жижигхэн уутанд хийж өлгөөд намайн зугаалаахаар гарахад минь авч явахыг шаарддаг байв. Намайг буцаж ирэнгүүт л үүдээ түгжчихнэ. Бүсгүйд энд байх нь аз жаргалтай байгаа бололтой, надтай ажиллаагүй үедээ Межд хичээнгүйлэн тусална. Гэрийн бүх ажилд тэр тун ч шаламгай ажээ.
Тун ч удалгүй би түүний айж байгаа нь бүрэн үндэстэй, Архенгальскийн хүн манайхтай ойрхон газар нуугдсаар байгааг мэдлээ. Нэгэн шөнө би ер унтаж чадсангүй, сүүлдээ босч цонхоор харж зогслоо. Тэнгэр бүрхэг, далайн эрэг, эрэг дээр хэвтэж буй завь маань арай л гэж ялгагдана. Нүд харанхуйд дасаад ирсэн хойно хаалганы эсрэг талд элсэн дээр ямар нэгэн хүн дүрс байхыг олж харлаа. Гэтэл өчигдөр шөнө тэнд юу ч байгаагүй билээ. Намайг харанхуй руу ширтэн юу болохыг нь мэдэх гэж дэмий оролдож байх зуур сарыг халхаж байсан бөөн үүл алгуур холдож, түүний хүйтэн хурц гэрэл далайн булан, хоосон эргийн урт зурвасыг гийгүүлэв. Энэ мөчид л миний гэрийн ойролцоо шөнөөр хэн нэгэн тэнэж явдгийг харлаа. Тэр бол нөгөө орос байв. Тэрээр аварга том мэлхий шиг л элсэн дээр хачин монгол заншлаар завилан, бүсгүй үйлчлэгч хоёрын унтаж буй өрөөний цонх руу ширтэн суух ажгуу. Түүний нүүрэн дээр гэрэл тусч, шулуун шударга төрх, духан дээрх гүн үрчлээ, халуун цочмог зангийн илрэл болсон сөрөвгөр сахал зэргийг нь би дахин олж харлаа.
Эхэндээ би түүнийг жирийн л нэг хэрмэл этгээдүүдийн нэг мэтээр л шууд буудчих хүсэл төрсөн ч түүнийг харж байх зуурт жигшил зэвүүцэл маань харамслаар солигдов. “Азгүй амьтан, тэнэг” гэж би бодлоо. “Чи үхэлтэй огтхон ч айхгүй нүүр тулж явсан мөртлөө одоо бүхий л хүсэл бодол, ухаан санаагаа нэг муу өөдгүй хүүхэнд, өөрөөс чинь зугтааж, үзэн ядаж буй хүнд зориулж байх ч гэж дээ. Чиний бараан арьс, сайхан том биенд чинь ухаан алдан татагдах мянга мянган хүүхнүүд байхад харин чи чамтай харьцах хүсэл огтхон ч үгүй бүсгүйн хойноос явж байх юм.” Орондоо хэвтэж байхадаа би түүнийг их л шоолов. Гэр маань бөх бат түгжээтэйг би мэдэх болохоор тайван байлаа. Энэ хачин хүн шөнийг манай үүдний тэнд ч бай, эндээс зуун милийн цаана ч бай, хаана өнгөрүүлэх нь надад огт падлийгүй, тэртээ тэргүй өглөө гэхэд тэр энд байхгүй байх нь мэдээж. Үнэхээр ч өглөө намайг босоод гэрээсээ гарахад тэр байсангүй. Шөнө ирснийхээ ул мөрийг ч үлдээсэнгүй.
Гэтэл удсан ч үгүй би түүнийг дахин харлаа. Нэгэн орой ширээнийхээ ард удтал сууж, хортой бэлдмэлийн уураар ханатлаа амьсгалснаас болж өглөө нь толгой ихэд өвдөв. Тэгээд завиар зугаалахаар гарлаа. Эрэг дагаад нилээд хэдэн миль хөвж явтал цангаж, тэнгис рүү цутгадаг цэнгэг уст горхитой газарт буудаллав. Энэ горхи миний эзэмшлийн газраас эх авч урсдаг боловч өнөөдөр миний буудаллаж буй адаг нь миний эзэмшлээс гадна байдаг юм. Тэр горхиноос ууж цангаагаа гаргаж байхдаа би нилээд аягүйрхэж байлаа. Тэгэдд босонгуутаа өнөөх оростой нүүр тулчих нь тэр. Одоо бол би яг л түүн шиг хүний газраар хэсч яваа шиншигч этгээд болсон, тэр ч харангуутаа үүнийг ойлгожээ.
- Танд хэдэн үг хэлмээр байна гэж тэр баргар царайлан хэлэв.
- Тийм бол хурдалж үз гэж би цагаа харангаа хэлээд
- Надад дэмий чалчиж байх цаг алга гэлээ.
- Дэмий чалчих гэнээ? хэмээн тэр уурсаж
- Шотландчууд та нар чинь хаашаа янзын ард түмэн бэ? Та хатуу ширүүн төрхтэй, бүдүүлэг яриатай. Намайг асарсан сайн санаат загасчид ч бас яг ийм. Гэсэн ч та нарыг сайн улс гэдэгт эргэлзэхгүй байна.
- Таныг чөтгөр аваасай гэж би орилоод
- Ярих юмаа яриад өөрийн замаараа тонилж үз. Таныг харахаас ч дургүй хүрч байна.
- Би таныг яаж зөөлрүүлэх юм бэ? гэж тэр дуу алдаад
- Өө тийм гэснээ тансар хилэн хүрэмнийхээ дотоод халааснаас грек маягийн загалмай гаргаж ирлээ.
- Үүнийг хараач. Бидний итгэл үнэмшил, ёс заншил ялгаатай ч энэ тэмдэг биднийг холбоно.
- Би ч үүнд нэг их итгэхгүй л байна шүү гэж би хариулав.
Тэр бодлогшронгуй харцаар ширтэнэ.
- Та мөн ч хачин хүн юм даа хэмээж эцэст нь хэлэв.
- Би таныг яагаад ч ойлгохгүйнээ. Та Софья бид хоёрын дундуур ороод байна. Энэ бол их аюултай, эрхэм ээ. Оройтоогүй дээрээ үүнийг ойлго. Намайг яаж байж энэ эмэгтэйг авч яваа, өөрийнхөө амьдралаар хэрхэн дэнчин тавьж, сэтгэл зүрхээ яаж хөнөөснийг минь та мэдэхгүй шүү дээ. Миний даван туулсан тэр бүхэнтэй харьцуулахад та юу юм бэ? Таныг би өөрийнхөө замаас хутга, чулуу, юугаар зайлуулж чадна. Гэвч бурхан намайг үүнээс хамгаална гэж зэрлэгээр хашгиран
- Би хэтэрхий дорд орж, хэтэрхий дорд... Юу ч болсон хамаагүй. Зөвхөн үүнийг л битгий...
- Та энд элсэн манхнуудын дунд сэлгүүцэж, миний амгалан тайван байдлыг алдагдуулж байсанд орвол эх нутаг руугаа буцсан чинь дээр дээ. Таныг эндээс явсныг магадалж мэдсэнийхээ дараа би бүсгүйг Эдинбург дэх Оросын консулын хамгаалалтанд өгнө. Тэр хүртэл би өөрөө түүнийг биечлэн хамгаалах тул та ч, хэн ч бүсгүйг надаас авч чадахгүй.
- Та чинь яахаараа Софья бид хоёрыг салгах гээд байдаг билээ? Намайг түүнийг гомдооно гэж бодоогүй биз дээ? Би чинь түүнийхээ төлөө амьдралаа зориулж яваа хүн. Та яагаад ингээд байгаа юм бэ?
- Яагаад гэвэл ингэх нь надад таалагдаж байгаа юм. Би өөрийнхөө үйлдлийн талаар хэнд ч тайлан тавихгүй.
.- Та сонсож бай хэмээн тэр дуу алдаад нударгаа зангидан над руу давшин ирэв.
- Хэрвээ би таныг энэ бүсгүйтэй харьцахдаа ямар нэгэн муу санаа агуулж байна гэж бодсонсон бол, хэрэв та бузар зорилгын үүднээс бүсгүйг бариад байна гэж нэг мөч ч гэсэн итгэсэнсэн бол, бурхныг барьж андгайлая! Би ямар ч эргэлзээгүйгээр өөрийнхөө гараар таныг боож алах байсан юм.
Тэр бараг л галзуурах шахан царай нь хачин болж, нударгаа татганан зангидаж байв. Би ч юу юугүй намайг багалзуурдах нь уу л гэж бодлоо.
- Над руу бүү ойрт гэж хэлээд гараа буун дээрээ тавьж
- Хэрэв дахиад нэг л алхах юм бол чинь духанд тань сум зооно шүү.
Тэр халаас руугаа гараа явуулахад нь би буу гаргаж ирэх гэж байна хэмээн саналаа. Харин тэр бууны оронд янжуур гаргаж ирээд түргэн түргэн гүн сорон татаж эхлэв. Энэ нь биеэ барих хамгийн сайн арга гэдгийг тэр туршлагаараа мэдэж буй бололтой.
- Би танд хэлсэн хэмээн тэр тайван өнгөөр эхэлж
- Миний нэр Урганев, Алексей Урганев. Яс үндсээрээ бол фин хүн. Гэсэн ч бараг бүх амьдралаа ертөнцийн нөгөө хэсэгт өнгөрүүлсэн. Би нэг газраа удаан тогтож сууж, тайван амьдарч чаддаггүй. Өөрийн гэсэн хөлөг онгоцтой болсны дараа бол Архенгальск, Австрали хоёрын хооронд миний зогсоогүй ганц ч боомт үлдээгүй дээ. Би халуун цочмог, ухаан жолоогүй, эрх чөлөөг эрхэмлэдэг нэгэн. Тэр үед манайхны нэг гоё үгтэй танхил залуу, хүүхэн эргүүлэхийн мастер нутагт минь амьдарч байлаа. Гэтэл тэр үргэлж минийх гэж боддог байсан, надтай гэрлэхийг зөвшөөрөхөд бэлэн байсан хайрт бүсгүйг минь заль мэхээр надаас булаан авсан юм. Би арслан зааны яс авахаар Гаммесфест рүү ээлжит аяллаа хийж яваад огтын ч санамсаргүй буцаж ирэхэд миний эрдэнэ, миний баяр бахдал минь тэр муу танхил жаалтай гэрлэж байгаа, бүр хуримлахаар сүмд оччихоод байгааг дуулдаг юм байна. Та ойлгож байгаа биз дээ. Тэр мөчид би хүнд юмаар цохиулах шиг л болж юу хийж буйгаа ч мэдэхээ байлаа. Би надтай цуг олон жил аялсан, надад чин үнэнч хүмүүсээс бүрдсэн багийнхантайгаа эрэг дээр бууж сүмд очив. Тэр хоёрыг ламын өмнө аль хэдийн зогсчихсон, хуримын ёслол нь арай эхлээгүй байх үед би шууд л тэр хоёрын дундуур дайран орж, бүсгүйг бэлхүүсээр нь тэврэн өргөөд аваад гарчихав. Миний хүмүүс тэр үед айсан сүйт хархүү болон зочдыг түрэн зайлуулж байлаа. Бид түүнийг шууд л боомтод авчран хөлөг дээрээ гаргаад зангуугаа өргөн задгай тэнгист гарсан. Би бүсгүйд өөрийнхөө өрөөг өгч, бүхий л тохилог байдлыг ханган, өөрөө багийнхантайгаа хамт унтаж байв. Аажимдаа тэр надад зэвүүцэхээ больж, надтай гэрлэхийг зөвшөөрнө, Англид ч юмуу, Францад ч юмуу бид гэрлэнэ гэж би найдаж байсан юм. Бид удаан аялав. Нордкапыг ардаа орхиж, Норвегийн баргар эргийн хажуугаар хөвж гарав. Гэсэн ч цонхигор царайт хайртаас нь хагацаасны төлөө бүсгүй намайг уучилсангүй. Дараа нь тэр хараал идсэн шуурга дайрч, хөлгийг минь сүйрүүлээд, миний бүх л итгэл найдварыг минь нурааж, тэгж их зүтгэсэн хайртай хүнээ ч харах боломжгүй болгов. Гэлээ ч тэр надад дахин дурлах ч юм билүү. Эрхэм ээ, та амьдралын их туршлагатай хүн юм шиг байна. Та юу гэж бодож байна?
(Үргэлжлэл бий)

Tuesday, December 11, 2007

Аминаас илүү хайр (үргэлжлэл)

Миний философи намайг үхлийг үл ялих, өчүүхэн, хүний амьдралд зайлшгүй тохиолддог жирийн л зүйл хэмээн үзэж сургасан төдийгүй хүний ертөнцийн хэргийг сонирхох сонирхлыг минь үгүй хийсэн билээ. Гэсэн ч урьдын ямар нэгэн юм надад байсаар байгааг би гэнэт мэдэрлээ. Хэдэн мөч энэ олон жилд сурсан ухаанаараа агшин зуурын хөөрлийг дарахыг хичээн эргэлдэв. Гэтэл шуурганы зэрлэг исгэрэлт дор их буугаар буудах чимээ бүдэгхэн сонсогдох ахуйд би өөрөө ч мэдэлгүйгээр орноосоо үсрэн босч хувцаслаад гаансаа зуун далайн эрэг рүү зүглэв.
Гэрээс гарангуут тас харанхуй, салхи аймшигтай хүчтэй үлээж байсан тул мөрөө түрүүлэн явахад хүрлээ. Салхинд туугдсан жижиг чулуу, шороонд цохиулсан нүүр хорсч, гаансны оч харанхуйд ямар нэгэн жигтэй бүжиг бүжиглэн хойшоо хийснэ. Хүчирхэг давалгаа хуйлран босч, хүрхрэн шуугиж буй далайн эрэгт дөхөж очоод давстай уснаас нүдээ гараараа халхлан байж харж эхлэв. Эхэндээ юу ч ялгаж харж чадаагүй боловч салхины улилттай зэрэгцэн тусламж хүсэн хашгирах, чарлах дуу надад сонсогдож буй мэт санагдаж байлаа. Гэнэт гал гялсхийхийг би олж харав. Агшин зуурт бүх эрэг тохой тэр аяараа муу ёрын хөх гэрлээр гийгүүлэгджээ. Энэ бол хөлөг онгоцны тавцан дээр асаасан дохионы гал байлаа. Онгоц шүдэт хадны хажууд, барагцаалбал хоёр зуу орчим ярд газарт зогсож байв. Хөлгийн хамгийн өндөр хэсэгт аниганах үхээнц хөх гэрэлд шураг, салхинд үлээгдэх далбаанууд нь үзэгдэж, харанхуй хар далайн хөөс цахарсан давалгаанууд сүйдэж буй хөлгийг нөмрөн авна.
Би далбаа руу авиран гарсан арав орчим усан цэргийг олж харлаа. Галын гэрэлд тэд намайг олж үзээд цайсан нүүрээ эргүүлэн гараа сарвайн орилолдож байв. Тэдний нэг өндөр нуруутай нь надад бусдаасаа онцгой харагдлаа. Тэрээр толгойгоо цээж рүүгээ унжуулан гараа дагзандаа авч, тайван зогсоно. Ямар ч найдваргүй болсон энэ үед ч түүний бүхий л байдалд хүч чадал, шийдмэг төрх илэрч, эргэн тойрноо харан аврагдах боломж эрж байгаа нь илт. Тэр хэдийгээр намайг олж харсан боловч бардам сэтгэлээс тэрүү, ямар нэгэн шалтгааны улмаас тусламж эрч хандсангүй. Тэр хүн гунигтай, үг дуугүй, далай руу ширтэн хувь заяа түүнд юу илгээхийг хүлээж байх шиг. Намайг түүн рүү харж байх зуур асар том давалгаанууд ар араасаа хөлгийг нөмрөн авлаа. Шураг хугарч, далбаанаас зуурсан хүмүүс эргүүлэг рүү унан алга болов. Хөлөг онгоц хурц хад мөргөсөн хирсэнгээсээ эхлэн чих дүлийрэм дуу гарган дундуураа хагарч эхэллээ.
Гэнэт нөгөө хүн тавцан дээгүүр гүйн түрүүн би олж хараад юу болохыг нь сайн ойлгоогүй байсан нэг бөөн цагаан зүйлийг тэврэн авав. Тэр түүнийг дээш өргөхөд нь л сая эмэгтэй хүн болохыг нь танилаа. Бүсгүйн толгойг үргэлж усан дээр ил байлгахаар суган суган доогуур нь хөндлөвч мод оруулан хүлсэн байжээ.
Нөгөө хүн бүсгүй болгоомжтой өргөж онгоцны хашлаганы тэнд очоод хөлөг дээр байх ямар ч боломжгүй болсныг тайлбарлаж эхлэв бололтой. Гэтэл бүсгүй гараа өргөн мөнөөх эрийн нүүр рүү байдаг чадлаараа цохисон нь намайг ихэд гайхуулав. Нөгөө хүн хоромхон зуур дуугүй болсноо дахиад л ярьж эхлэв. Бүсгүй түүнээс ухасхийн холдох гэсэн боловч тэр түүнийг тэврэн авч духанд нь уруулаа наалаа. Асар том давалгаа сүйрч буй хөлгийг нөмрөн ирэхэд тэр хашлага дээгүүр бөхийж яг л нялх хүүхдийг өлгийд нь хийж байгаа шиг тийм энхрий болгоомжтойгоор бүсгүйг долгионы оройд тавив. Бүсгүйн цагаан хувцас аварга долгионы хөөсөн дунд гялсхийгээд алга болохыг би олж харлаа. Гэрэл унтарч, үйлт хөлөг, түүн дээр үлдсэн цорын ганц хүнийхээ хамтаар харанхуйд уусан одлоо.
Энэ бүхнийг хараад эр хүний совин миний философийг дийлэн ямар нэгэн юманд түлхэгдэх шиг л болов. Би завь руугаа харайлаа. Арай гэж нэг юм завиа усанд оруулаад дотор нь үсрэн оров. Эхэндээ би завийг минь хөмрүүлчихнүү гэж айсан боловч хэд хэдэн айхтар давалгаанд цохигдсоны дараа далай руу гарч чадлаа. Завь минь тэхий дундаа хүртэл усаар дүүрчихсэн байсан ч живсэнгүй. Одоо би оволзох давалгаан дунд сэлүүрдэж, завь маань нэг асар том давалгааны оройд нисэн гарч, нэг доошлон, эргэн тойрон хав хар, далайн хөөс л үзэгдэнэ. Тээр хол ард хөгшин Межийн чарлах сонсдов. Намайг далайд гарсныг хараад тэрээр галзуурчээ гэж бодсоноос зайлахгүй.
Давалгаатай тэмцэлдэж явахдаа өмнөөс ирж буй долгионы оройд цагаан толбо үзэгдэхийг харж чадлаа. Бүсгүйг миний ойр ирмэгц нь би бөхийн, зүдэрч байж нэг юм ус дүүрсэн завиндаа татаж оруулав. Надад эрэг рүү сэлүүрдэх ч хэрэг гарсангүй, дараагийн давалгаа нөмрөн ирж, биднийг түрсээр эрэг рүү гаргаад хаячихлаа. Завиа уснаас хол чирч аваачаад би бүсгүйг өргөн гэртээ аваачив. Хөгшин Меж ард хазганан чангаар баяр хүргэн надад бахдсанаа илэрхийлнэ.
Гэр рүүгээ явж байх замдаа би цээжин дээр нь чихээ тавьж зүрх нь сулхан цохилохыг сонсов. Ачаа маань амьд байгааг мэдчихээд хөгшин Межийн ноцоосон галын өмнө яг л түлээ авчран асгаж байгаа юм аятай хайхрамжгүй тавьж орхилоо. Би түүнийг хөөрхөн юмуу, үгүй юу ч гэж харсангүй. Өдий олон жил би эмэгтэй хүнд огтхон ч анхаарал тавьсангүй явлаа. Гэлээ ч дүүжин орон дээрээ хэвтэж байхдаа бүсгүйг дулаацуулах гэж арчлан бөндөгнөж буй эмгэний “ Ээ хөөрхий минь! Үгүй яасан ч хөөрхөн юм бэ дээ!” хэмээн нэгэн хэмээр бувтнахыг сонсоод хөлөг онгоцны сүйрлээс миний аварсан бүсгүй залуухан төдийгүй хөөрхөн амьтан болохыг ойлгож авлаа.
Шуурганы дараах өглөө намуухан, нартай. Элсэн зурвасаар зугаалан явахад далай хүндээр амьсгалах нь сонсдоно. Хадны тэнд ус бургилан оволзож байвч эрэг хавиараа долгилох нь гайгүй байв. Энд далбаат онгоц байсны шинж тэмдэг юу ч үгүй, эрэг дээр ч хөлөг онгоц сүйрсний ул мөр байсангүй нь намайг гайхуулсангүй. Эндхийн усанд далай доорх хүчтэй урсгал байдгийг би мэддэг байлаа. Харин сүйрэл болсон газар өргөн далавчит хоёр цахлай эргэлдэж, долгион дунд ямар нэгэн жигтэй зүйл олж харсан бололтой агаарт удтал элин халин сөөнгө дуугаар хашгирах нь харсан зүйлээ бие биедээ ярих адил.
Намайг буцаж ирэхэд бүсгүй үүдэн дээр зогсон хүлээж байлаа. Түүнийг харангуутаа миний аглаг маань амьдрал төгсгөл болсныг ойлгоод аварсандаа харамсаж эхлэв. Бүсгүй цэл залуухан, хамгийн ихдээ арван есөн наснаас хэтрээгүй, нимгэн цайвар царай, алтан шаргал үс, хөгжилтэй цэнхэр нүд, сувд шиг цагаахан шүдтэй аж. Түүний гоо үзэсгэлэн ер бусын байлаа. Тэр маш эмзэг танхил, цав цагаан, яг л миний түүнийг гаргаж авсан тэр далайн хөөснөөс төрсөн юм шиг. Бүсгүй Межийн даашинзыг өмссөн нь тун ч хачин харагдаж байсан авч энэ нь түүнд яагаад ч юм зохиж байлаа. Намайг хүндээр алхалсаар жимээр гарч ирэхэд бүсгүй хүүхэд шиг хөөрхнөөр гараа сарвайн над руу гүйж ирэв. Харин би түүнийг түлхэж орхиод хажуугаар нь гарч гэрээ зүглэлээ. Эл явдал бүсгүйг тэвдүүлсэн байлгүй, нүдэнд нь нулимс мэлтгэнэсэн хэдий ч зочдын өрөөнд дагаж орж ирээд чимээгүйхэн намайг харж эхлэв.
- Та хаанахынх вэ? гэж би огцом асуулаа. Тэр инээмсэглэн толгой сэгсрэв.
- Francais? гэж би дахин асуулаа.
- Deutsh? Espagnol? гэсэн ч бүсгүй асуух бүрт толгой сэгсрэн миний огт мэдэхгүй хэлээр ямар нэгэн юм шулганах аж.
Харин өглөөний цайны дараа бүсгүйг ямар үндэстэн болохыг нь мэдэх түлхүүрийг би олж чадав. Дахин эргээр явж байгаад хадны завсарт хавчуулагдсан мод олж харсан юм. Би завиар очиж, түүнийг эрэг дээр авчрав. Энэ бол завины хугархай байсан бөгөөд түүн дээр бүр яг хэлэх юм бол түүн дээр хадсан модон дээр өвөрмөц үсгээр “Архенгальск” гэж бичжээ. “Тэгэхээр, хэмээн гэр рүүгээ яаралгүй буцаж явах зуураа би бодон, энэ цагаан хүүхэн чинь орос байх нь. Цагаан хааны эрхэмсэг албат, цагаан далайн эрхэмсэг орос бүсгүй!” Ийм гоолигхон танхил бүсгүй тийм бяцхан хэврэг хөлөг онгоцоор, алсын аянд гарч зүрхэлсэн нь надад байж боломгүй санагдаж байлаа. Гэртээ ирсэн хойноо би хэд хэдэн удаа янз бүрийн аялгаар “Архенгальск” гэж хэлсэн боловч бүсгүй ойлгосонгүй бололтой.
Бүх л өглөөжин би лабораторитоо бүгэн нүүрстөрөгч ба хүхрийн аллотропик хэлбэрийг шаргуу судалж өнгөрүүлэв. Үд дундын алдад юм идэхээр хоолны өрөөнд орохдоо бүсгүйг ширээний ард зүү утас барин хувцсаа нөхөж янзалж суухыг олж харлаа. Би түүнд эгдүүцсээр байсан хэдий ч эрэг рүү очиж төвхөнө гээд хөөчихөж чадсангүй. Удсан ч үгүй бас нэг явдал болов.
Бүсгүй өөрийгөө заагаад дараа нь хөлөг онгоц сүйрсэн газар руу зааснаа хуруугаа гозойлгосон нь миний ойлгосноор живсэн онгоцноос ганцаараа аврагдсан уу гэж асуув. Би итгэлтэйгээр толгой дохилоо. Гэтэл бүсгүй хачин баяртайгаар дуу алдан ширээний араас үсрэн босч нөхөж байсан даашинзаа дээр өргөөд өөрийнхөө хөдөлгөөний хэмд тохируулан толгой дээрээ эргүүлэн бүжиглэж эхлэв. Тэгснээ нээлттэй хаалгаар гүйн гарч, эргэлдэн бүжиглэх зууртаа хөөрч бахадсанаа илэрхийлэн нарийхан хоолойгоор ямар нэгэн бүдүүлэг зэрлэг дуу дуулна.
- Хөөе нааш ир, муу адтай чөтгөр чинь. Дуугаа тат! Наашаа хүрээд ир! гэж би хашгирсан боловч бүсгүй бүжиглэсээр л байлаа. Тэгснээ над руу гүйж ирэн гарыг минь барьж аваад угз татахаас минь өмнө үнсчихэв.
Үдийн хоолны үеэр тэр ширээн дээр харандаа байхыг харангуутаа шүүрч аван цаасны тасархай дээр “Софья Рамузина” гэсэн хоёр үг бичээд энэ нь түүний нэр болохыг илэрхийлэн өөр рүүгээ заалаа. Тэгснээ надад харандаагаа өгөхөд нь би түүнтэй харьцахыг огтхон ч хүсэхгүй байгаагаа илэрхийлэн хэнэг ч үгүй аваад халаасандаа хийчихэв.
(Үргэлжлэл бий)

Sunday, December 9, 2007

А. Конан Дойль: Аминаас илүү хайр

(Орос хэлнээс орчуулав)

Удаан хугацааны гансрал зовлонгийнхоо улмаас мянга найман зуун жаран долоон оны гуравдугаар сарын дөрвөнд хорин таван нас хүрсэн өдрөө би өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ ийн бичиж билээ. “Тоо томшгүй олон оддын систем дунд орших нарны аймаг анир чимээгүй, хязгааргүй их огторгуйд мөнхийн аяллаа хийсээр Геркулесийн одны ордыг чиглэх ажгуу. Түүний аварга том бөмбөрцгүүд нь мөнхийн хоосон дотор чимээгүйхэн, зогсолтгүй эргэлдсээр л. Энэ аймгийн хамгийн өчүүхэн, жижигхэн бөмбөрцгүүдийн нэг нь бол бидний Дэлхий хэмээн нэрлээд байгаа хатуу болон шингэн бодисуудын бөөгнөрөл билээ. Намайг төрөх хүртэл эргэсээр л байсан, намайг үхсэний дараа ч байж л байх тэрээр эргэлдэн урагшилсаар, хаанаас ирсэн, хаашаа явж байгаа нь ч бүү мэд. Энэхүү хөдөлгөөнт цул эдийн гадарга дээр тоо томшгүй олон бичил биетүүд язганаж байдгийн нэг нь би Жон Мак Витти, арчаагүй дорой, хүчгүй, ямар ч зорилгогүй амьтан билээ. Гэтэл амьдрахын тулд би дугуй төмрүүдийн төлөө ажиллаж, өөрийн жаахан хүч, өчүүхэн ухаанаа бүгдийг зориулан, байнга үхэж байдаг эд эсээ хооллохын тулд химийн элементүүдийг тэдгээр төмрүүдээрээ худалдан авч, өөрийгөө хамгаалахын тулд дээвэр дор суух ёстой ажээ. Амьдрал ийм л юм. Ийм ч учраас алхам бүрд минь тохиолддог ертөнцийн элдэв явдлыг бясалгах цаг над ердөө ч үл олдоно. Гэсэн ч өчүүхэн амьтан мөртлөө хааяа өөрийгөө бага ч гэсэн жаргалтай хэмээн мэдэрсээр байх. Заримдаа бүр хачин гайхмаар, бие хүн гэдгээ ухамсарлан бахдана!” Дээр өгүүлсэнчлэн би эдгээр мөрүүдийг зүгээр нэг цаг зуурын сэтгэлийн хөөрлөөр дэвтэртээ биччихээгүй юм. Энэ бол миний оюун ухаанд гүн шингэсэн үзэл бодлын минь илэрхийлэл байлаа.
Ийн байтал цагтаа янз бүрийн нийгэмлэгийн тэргүүн хийж яваад дараа нь Гленкернд сууж асан авга ах Мак Витти насан эцэслэв. Тэрээр өөрийн асар их хөрөнгөө олон ач зээ нартаа хуваан үлдээж билээ. Ингээд л би гэдэг хүн үлдсэн амьдралаа санаа амар өнгөрүүлэх хангалттай хөрөнгөтэй болох нь тэр. Түүгээр ч зогсохгүй Кейтнессийн эрэг хавьд байдаг нам гүмхэн, үржил шим муутай элсэрхэг хөрстэй багахан газрыг ч өвлөж авлаа. Гэхдээ өвгөн ер нь их хатуу тоглоомтой хүн байсан, надаар тоглоом хийж энэ эдлэнгээ бэлэглэсэн байхаа гэж би муу санаандаа боддог юм. Тэр үед би нэг жижигхэн хотод өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Үл ялих, шалихгүй эрмэлзлүүдээ бүгдийг хаяад өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, байгалийн нууцыг таньж мэдэх ариун үйлсэд өөрийгөө зориулах боломж ингэж нэг юм олдов.
Би ер нь их түргэн зантай, уурлахаараа бүр ухаанаа алдчихдаг хүн л дээ. Нэг удаа хүнтэй муудалцаж бараг алах дөхсөн нь тэр хотоос явахыг минь бүр ч түргэсгэв. Намайг шүүхэд өгөөгүй боловч сонинууд алхам бүрийг минь мөрдөж, тааралдсан хүмүүс хялайж харах болсон билээ. Ингээд л би эрдэм шинжилгээ ажлаа тайван эрхэлж, ганцаар бясалган суух боломж олохын тулд жигшил төрөм тэр хотыг орхин умардад буй эдлэн рүүгээ яаран явснаар энэ бүхэн нэг юм дуусгавар боллоо. Явахынхаа өмнө нилээд их мөнгө авсан тул энэ нь хүслээ биелүүлэхэд минь хэрэг болох орчин үеийн багаж хэрэгсэл болон бусад зүйлсийг авахад зарцуулагдав.
Өвлөж авсан газар маань Мэнси болон Кейтнессийн булангаас хоёр милийн зайд оршдог элсэрхэг нарийхан газар байв. Энд хэзээ, хэн, яах гэж барьсан нь бүү мэд, нэгэн саарал чулуун байшин байсныг нь над шиг яхир зожиг хүнд таарсан сууц болгон засварлахад тийм ч хэцүү байсангүй. Нэг өрөөг нь лаборатор, нэгийг нь зочдын өрөө, дээвэр дор байх бас нэг өрөөнд нь дүүжин ор дүүжлээд өөрийн унтлагын өрөөгөө болгон янзлав. Байшинд өөр бас гурван өрөө байсан боловч би тэднийг ашигладаггүй, харин нэгэнд нь миний гэрийн ажлыг хийдэг хөгшин авгай сууна.
Фергусын хадан хошууны тэнд амьдардаг Юнг, Мак Лео хэмээх хоёр загасчин айлыг эс тооцвол эргэн тойрон олон миль газар хэн ч амьдардаггүй байв. Байшингийн маань өмнө талд тэнгисийн том булан мэлтийж, цаад талд нь хоёр нүцгэн толгой байдаг нь дээр нь гарахад бүх л зүйл алган дээр тавьсан мэт харагддаг билээ. Толгодын дунд нарийхан хөндий байх агаад салхи гарах үес уйтгартайхан исгэрэх чимээ гарч манай байшингийн цонхон доорх моддын мөчрийг ганхуулан юуг ч юм гунигтайхан шивнэлдэнэ.
Би ер нь хүмүүст дургүй. Тэд ч над ёс шиг дургүй байдаг юм. Би тэдний бялдуучлал, балай ёсорхол, заль мэх, худал хуурмагийг үзэн яддаг. Миний огцом ширүүн, илэн далангүй байдал, тэднийг хайхардаггүй, аливаа хүчирхийллийг ямагт эсэргүүцдэг зэрэг маань тэднийг гомдоодог аж. Мэнси дэх буйдхан өрөөндөө ном, химийн бодисууд дунд сууж байхдаа би хүмүүс, улс төр, тэдний элдэв бүтээл, чалчаа ярианаас хол дураараа, юуг ч хийлгүй, жаргалтай байдаг байлаа. Гэхдээ бас ч юу ч хийдэггүй биш л дээ. Өөрийн бяцхан нүхэндээ би үргэлж ажиллаж, багагүй амжилт олж байв. Дальтоны атомын онол алдаатай болох үндэслэлийг илрүүлж, бас мөнгөн ус химийн элемент биш болохыг нээчихээд байлаа.
Бүх л өдөржин би элдэв шинжилгээ, туршилт хийгээд тун ч завгүй. Юм идэхээ ч мартчихна. Таван цагт хөгшин Меж маань цай оруулж ирэхэд миний үдийн хоол ширээн дээр ам хүрээгүй байж байх тохиолдол олон байв. Шөнөөр бол Бэкон, Декарт, Спиноза, Кант гээд л танин мэдэхүйн бүх л эрэлчдийн номыг уншина. Тэдгээр үр ашиггүй, хийсвэр сэтгэгчид ямар ч үр дүнд хүрээгүй боловч тэдний бүтээлийг уншихад их алтны хайгуулаас ердөө л өт хорхой олчихоод түүнийгээ өөрийнхөө эрлийн үнэт олдвор мэтээр баяр бахдалтайгаар олон түмэнд үзүүлдэг хачин жигтэй хүмүүс шиг надад санагддаг юм. Заримдаа миний сэтгэл хачин тавгүйтэж, хоол унд ч үгүй, огтхон ч амралгүйгээр гуч, дөчин миль газар явдаг билээ. Туранхай эцэнхий, сахал үсэндээ баригдсан, сэгсийсэн амьтан тосгоноор явахад авгайчууд гүйлдэн хүүхдээ гэртээ оруулж, тариачид намайг харах гэж архины газраасаа гарч ирцгээдэг байв. “Мэнсигийн галзуу ноёнтон” гэж намайг нэрлэдэг бололтой юм билээ. Тэгэхдээ би тийм аяллыг ховорхон хийдэг, ихэнхдээ гэрийнхээ ойролцоо эргээр зугаалснаар хязгаарлаж, далайгаар хань хийн хатуу хар тамхи татаж явдаг байлаа.
Хүржигнэн долгилох агуу их далайгаас илүү сайн нөхөр ертөнц дээр бий гэж үү? Тэнгис далай бол амьдралаар дүүрэн, орой дээр нь нарны цацраг хөгжилтэй бүжиглэх урт ногоон давалгаануудын хөөцөлдөхийг харж, дуу чимээг нь сонсоод чухамхүү урам зориг ордог билээ. Харин далай барайн давалгаалж, дээгүүр нь салхи улин, хөөсрөн оволзож байхыг нь харсан хамгийн тэнэг хүн ч байгаль чинь бас амьд амьтан шиг бухимддаг юмаа гэж бодох биз ээ.
Цаг агаар сайхан үед Мэнсийн булангийн ус толь шиг л гөлтийж, харин эргээс холгүй ганцхан газраа ямар нэгэн унтаж буй аймшигт араатны арзгар нурууг санагдуулам урт хар зурвас усыг нь хагалж харагддаг. Энэ бол загасчдын дунд “Мэнсийн шүдэт хад” хэмээн алдаршсан үелсэн хадан цохио юм. Дорноос салхилахад далайн давалгаа хад дэлдэн нижигнэж, ус нь толгодын ард орших манай байшинг хүртэл цацардаг байв. Энэ булан үзэсгэлэнтэй сайхан боловч умар болон дорноос салхилах үеэр аюумшигт хаднаас нь болоод загасчид ч ховорхон ирнэ. Гэсэн ч энэ буйд газарт ямар нэгэн сэтгэл татах сайхан зүйл байдаг байв. Цаг агаар намуухан үед би завиар хөвж, хашлага дээгүүр нь өнгийж байгаад далайн гүн рүү удтал ширтдэг. Тэртээ дор сүүмэлзэх том том загаснуудыг ялгаж харахдаа урьд өмнө мэдэгдээгүй загаснууд байх даа хэмээн боддог байв. Би тэднийг цөлөрхөг булангийн савдгууд гэж үзнэ. Нэгэн салхигүй шөнөөр намайг эрэг дээр зогсож байтал усны бүр гүнээс эмэгтэй хүний гашуудан орилох дуун хэдэн мөчийн турш нэг чангаран нэг бүдэгрэн сонсдож билээ. Би үүнийг хоёр чихээрээ сонссон юм шүү.
Ийн буйдхан гэр, хөдөлгөөнгүй толгод, мөнхийн шуугих далайн хооронд, улигт хүмүүсээс хол ажиллаж, бясалгасаар хоёр жил илүү амьдрав. Би хөгшин зарцаа амаа хамхиж явахыг сургасан төдийгүй тэр ч тун ховорхон дуугардаг байлаа. Харин жилд хоёр удаа Уик дахь садангаа эргэхээр очихдоо дуугүй байсныхаа шагналыг ханатлаа эдэлдэг гэдэгт би үл эргэлзэнэ. Агуу их хүн сүргийн гишүүн гэдгээ би бараг мартаж, амьгүй зүйлсийн дунд амьдраад сурчихжээ.
Долдугаар сар. Гурав хоногийн айхтар далайн шуурганы дараа арай гэж нэг юм чимээгүй тайван өдөр эхлэв. Тэр орой огтхон ч салхигүй, нар цувраа бараан үүлсийн цаагуур орон жаргах үеэр далайн толигор усан дээр улаан туяа нь наадан байлаа. Түрлэгийн дараа шаргал элсэн дээр тогтсон ус цусан толбо шиг улайн, хэн нэгэн шархадсан аварга хүн арайхийн мөлхөж өнгөрсөн мэт санагдана. Харанхуй болох тусам дорно зүгт бөөгнөрөх үүлс улам өтгөрөн томорсоор байлаа. Барометр доошилжээ. Би ч аадар бороо ойртож байгааг мэдэрлээ. Оройн есөн цагийн үеэс эхлэн тэнгисийн зүгээс ямар нэгэн зүдэрсэн амьтан зовох цаг нь ирснийг мэдрэн гаслах шиг бөглүү дуун гарч эхэллээ. Арван цагийн үес дорноос хүчтэй салхилж, арван нэгэн цаг гэхэд улам ширүүсэн өмнө нь миний хэзээ ч үзэж байгаагүй догшин шуурга эхлэв.
Намайг унтахаар хэвтэх үед хайрга чулуу, далайн ус, замаг цонх балбаж, салхи зэвүүнээр улин исгэрэх нь үхэж буй амьтны дуун дуулдах шиг аймшигтай байлаа. Гэлээ ч шуурганы исгэрэх чимээ нь надад бүүвэйн дуу болж байв. Гадаах ертөнцөд юу ч болж байсан миний байшингийн саарал хана тэсээд л үлдэнэ гэдгийг би мэдэж байсан тул ер санаа зовсонгүй. Хөгшин Меж маань ч энэ бүхэнд надтай адил ханддаг байлаа. Гэтэл шөнийн гурван цагийн үед тэрээр хаалга чанга балбан сөөнгө хоолойгоор орилж намайг сэрээхэд нь хачин гайхаж билээ. Би ч дүүжин орноосоо үсрэн босч, юу болсныг ууртайгаар асуув.
- Эзэнтэн, эзэнтэн минь! гэж авгай өөртөө баймгүй хоолойгоор чарлаж,
- Хурдлаарай! Нэг том онгоц хад мөргөчихлөө. Хүмүүс орилоод л сүйд болж байна. Ээ эзэнтэн минь, Мак Витти ноёнтон! бушуулаарай! Доошоо буугаарай!
- Муу хөгшин шулам, дуугаа тат! гэж би уурсан хашгирав.
- Тэд үхэж байна уу, үгүй юу чамд ямар хамаатай юм? Явж унт. Намайг тайван байлгаадах.
Би буцаж орондоо орон хөнжлөө нөмөрлөө. “Тэр онгоцон дээр байгаа хүмүүс үхлийн аймшгийг мэдэрч байгаа даа. Би одоо тэднийг аварлаа ч гэсэн хэдэн жилийн дараа тэд дахиад л үхлийн аймшгийг амсах болно. Үхлийг удаан хүлээж зовсноос тэд одоо үхсэн нь дээр. Үхлээ хүлээнэ гэдэг чинь үхлээс ч илүү аймшигтай шүү дээ.” гэж би өөртөө хэлж байлаа.
(Үргэлжлэл бий)

Friday, December 7, 2007

WITH MONEY (Мессенжерээр ирэв)

WITH MONEY
YOU CAN BUY A HOUSE
BUT NOT A HOME

WITH MONEY
YOU CAN BUY A CLOCK
BUT NOT TIME

WITH MONEY
YOU CAN BUY A BED
BUT NOT SLEEP

WITH MONEY
YOU CAN BUY A BOOK
BUT NOT KNOWLEDGE

WITH MONEY
YOU CAN BUY BLOOD
BUT NOT LIFE

WITH MONEY
YOU CAN BUY SEX
BUT NOT LOVE

Thursday, December 6, 2007

Шинэ өглөө

Өглөө гэрээс гарангуут гашуун утаа хоолой хорсгож, бушуухан хамар амаа битүүлэн унаанд суухыг яарахаас аргагүйд хүргэнэ. Өвлийн тэсгим цагаар Улаанбаатарт хөх тэнгэрийнхээ барааг ховорхон үзэх юм даа. Яасхийгээд хурдхан шиг ажилдаа хүрэе дээ гэхээс өөрийг бодолгүй явах замд таарсан хос залуусыг харахын зуурт алхаа удаашран, зөрөөд өнгөрсөн хойноо ч өөрийн эрхгүй эргэн харж зогсов.
Хөдөөнөөс ирсэн нь андашгүй, улаа бутарсан хацартай, монгол дээлтэй залуу, бүсгүй хоёр өглөөний жавар, хотын утааг ажирсан шинжгүй хөтлөлцөн яаруухан алхахдаа үе үе биесээ ширтэн зөөлөн инээмсэглэх аж. Тэдний бүхий л байдал аз жаргалаар дүүрэн, орчин тойрныг ер үл анзааран ямархан нэгэн зүйлд яаран алхалсаар цааш одлоо. Тэдэнтэй замд таарсан хүн бүр миний адил хараа билчээн, залуухан нэгэнд нь цагаахан атаархал төрж, настай нэгэн нь залуу насаа дурсан инээмсэглэж байсан буйзаа.
Утаанд бухимдаж шинэ өглөөг эхэлсэн би хамар амаа битүүлэхээ ч мартан сэтгэл өөдрөг ажил руугаа жирийв. Ийм залуус байхад монгол бүсгүйчүүд юундаа алзах вэ...
Саяхан харь оронд олон жил сурч, одоо ч тэндээ ажиллаж буй найз маань “Энд морио унаад, малаа төхөөрөөд амьдарчих эр хүн байхгүй болохоор би ганцаараа байгаа” гэж тоглоом болгон хэлж билээ. Нээрээ л монгол хүн хэзээд монголоороо үлддэг юм болуу даа.
Ажил хүртлээ би юу бодож байсан гээч? Энэ залуу л Солонгос руу битгий явчихаасай...
Бурхан чамайг ивээг, бүсгүй минь.

Sunday, December 2, 2007

Жаргалан

Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан...