Sunday, December 9, 2007

А. Конан Дойль: Аминаас илүү хайр

(Орос хэлнээс орчуулав)

Удаан хугацааны гансрал зовлонгийнхоо улмаас мянга найман зуун жаран долоон оны гуравдугаар сарын дөрвөнд хорин таван нас хүрсэн өдрөө би өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ ийн бичиж билээ. “Тоо томшгүй олон оддын систем дунд орших нарны аймаг анир чимээгүй, хязгааргүй их огторгуйд мөнхийн аяллаа хийсээр Геркулесийн одны ордыг чиглэх ажгуу. Түүний аварга том бөмбөрцгүүд нь мөнхийн хоосон дотор чимээгүйхэн, зогсолтгүй эргэлдсээр л. Энэ аймгийн хамгийн өчүүхэн, жижигхэн бөмбөрцгүүдийн нэг нь бол бидний Дэлхий хэмээн нэрлээд байгаа хатуу болон шингэн бодисуудын бөөгнөрөл билээ. Намайг төрөх хүртэл эргэсээр л байсан, намайг үхсэний дараа ч байж л байх тэрээр эргэлдэн урагшилсаар, хаанаас ирсэн, хаашаа явж байгаа нь ч бүү мэд. Энэхүү хөдөлгөөнт цул эдийн гадарга дээр тоо томшгүй олон бичил биетүүд язганаж байдгийн нэг нь би Жон Мак Витти, арчаагүй дорой, хүчгүй, ямар ч зорилгогүй амьтан билээ. Гэтэл амьдрахын тулд би дугуй төмрүүдийн төлөө ажиллаж, өөрийн жаахан хүч, өчүүхэн ухаанаа бүгдийг зориулан, байнга үхэж байдаг эд эсээ хооллохын тулд химийн элементүүдийг тэдгээр төмрүүдээрээ худалдан авч, өөрийгөө хамгаалахын тулд дээвэр дор суух ёстой ажээ. Амьдрал ийм л юм. Ийм ч учраас алхам бүрд минь тохиолддог ертөнцийн элдэв явдлыг бясалгах цаг над ердөө ч үл олдоно. Гэсэн ч өчүүхэн амьтан мөртлөө хааяа өөрийгөө бага ч гэсэн жаргалтай хэмээн мэдэрсээр байх. Заримдаа бүр хачин гайхмаар, бие хүн гэдгээ ухамсарлан бахдана!” Дээр өгүүлсэнчлэн би эдгээр мөрүүдийг зүгээр нэг цаг зуурын сэтгэлийн хөөрлөөр дэвтэртээ биччихээгүй юм. Энэ бол миний оюун ухаанд гүн шингэсэн үзэл бодлын минь илэрхийлэл байлаа.
Ийн байтал цагтаа янз бүрийн нийгэмлэгийн тэргүүн хийж яваад дараа нь Гленкернд сууж асан авга ах Мак Витти насан эцэслэв. Тэрээр өөрийн асар их хөрөнгөө олон ач зээ нартаа хуваан үлдээж билээ. Ингээд л би гэдэг хүн үлдсэн амьдралаа санаа амар өнгөрүүлэх хангалттай хөрөнгөтэй болох нь тэр. Түүгээр ч зогсохгүй Кейтнессийн эрэг хавьд байдаг нам гүмхэн, үржил шим муутай элсэрхэг хөрстэй багахан газрыг ч өвлөж авлаа. Гэхдээ өвгөн ер нь их хатуу тоглоомтой хүн байсан, надаар тоглоом хийж энэ эдлэнгээ бэлэглэсэн байхаа гэж би муу санаандаа боддог юм. Тэр үед би нэг жижигхэн хотод өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Үл ялих, шалихгүй эрмэлзлүүдээ бүгдийг хаяад өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, байгалийн нууцыг таньж мэдэх ариун үйлсэд өөрийгөө зориулах боломж ингэж нэг юм олдов.
Би ер нь их түргэн зантай, уурлахаараа бүр ухаанаа алдчихдаг хүн л дээ. Нэг удаа хүнтэй муудалцаж бараг алах дөхсөн нь тэр хотоос явахыг минь бүр ч түргэсгэв. Намайг шүүхэд өгөөгүй боловч сонинууд алхам бүрийг минь мөрдөж, тааралдсан хүмүүс хялайж харах болсон билээ. Ингээд л би эрдэм шинжилгээ ажлаа тайван эрхэлж, ганцаар бясалган суух боломж олохын тулд жигшил төрөм тэр хотыг орхин умардад буй эдлэн рүүгээ яаран явснаар энэ бүхэн нэг юм дуусгавар боллоо. Явахынхаа өмнө нилээд их мөнгө авсан тул энэ нь хүслээ биелүүлэхэд минь хэрэг болох орчин үеийн багаж хэрэгсэл болон бусад зүйлсийг авахад зарцуулагдав.
Өвлөж авсан газар маань Мэнси болон Кейтнессийн булангаас хоёр милийн зайд оршдог элсэрхэг нарийхан газар байв. Энд хэзээ, хэн, яах гэж барьсан нь бүү мэд, нэгэн саарал чулуун байшин байсныг нь над шиг яхир зожиг хүнд таарсан сууц болгон засварлахад тийм ч хэцүү байсангүй. Нэг өрөөг нь лаборатор, нэгийг нь зочдын өрөө, дээвэр дор байх бас нэг өрөөнд нь дүүжин ор дүүжлээд өөрийн унтлагын өрөөгөө болгон янзлав. Байшинд өөр бас гурван өрөө байсан боловч би тэднийг ашигладаггүй, харин нэгэнд нь миний гэрийн ажлыг хийдэг хөгшин авгай сууна.
Фергусын хадан хошууны тэнд амьдардаг Юнг, Мак Лео хэмээх хоёр загасчин айлыг эс тооцвол эргэн тойрон олон миль газар хэн ч амьдардаггүй байв. Байшингийн маань өмнө талд тэнгисийн том булан мэлтийж, цаад талд нь хоёр нүцгэн толгой байдаг нь дээр нь гарахад бүх л зүйл алган дээр тавьсан мэт харагддаг билээ. Толгодын дунд нарийхан хөндий байх агаад салхи гарах үес уйтгартайхан исгэрэх чимээ гарч манай байшингийн цонхон доорх моддын мөчрийг ганхуулан юуг ч юм гунигтайхан шивнэлдэнэ.
Би ер нь хүмүүст дургүй. Тэд ч над ёс шиг дургүй байдаг юм. Би тэдний бялдуучлал, балай ёсорхол, заль мэх, худал хуурмагийг үзэн яддаг. Миний огцом ширүүн, илэн далангүй байдал, тэднийг хайхардаггүй, аливаа хүчирхийллийг ямагт эсэргүүцдэг зэрэг маань тэднийг гомдоодог аж. Мэнси дэх буйдхан өрөөндөө ном, химийн бодисууд дунд сууж байхдаа би хүмүүс, улс төр, тэдний элдэв бүтээл, чалчаа ярианаас хол дураараа, юуг ч хийлгүй, жаргалтай байдаг байлаа. Гэхдээ бас ч юу ч хийдэггүй биш л дээ. Өөрийн бяцхан нүхэндээ би үргэлж ажиллаж, багагүй амжилт олж байв. Дальтоны атомын онол алдаатай болох үндэслэлийг илрүүлж, бас мөнгөн ус химийн элемент биш болохыг нээчихээд байлаа.
Бүх л өдөржин би элдэв шинжилгээ, туршилт хийгээд тун ч завгүй. Юм идэхээ ч мартчихна. Таван цагт хөгшин Меж маань цай оруулж ирэхэд миний үдийн хоол ширээн дээр ам хүрээгүй байж байх тохиолдол олон байв. Шөнөөр бол Бэкон, Декарт, Спиноза, Кант гээд л танин мэдэхүйн бүх л эрэлчдийн номыг уншина. Тэдгээр үр ашиггүй, хийсвэр сэтгэгчид ямар ч үр дүнд хүрээгүй боловч тэдний бүтээлийг уншихад их алтны хайгуулаас ердөө л өт хорхой олчихоод түүнийгээ өөрийнхөө эрлийн үнэт олдвор мэтээр баяр бахдалтайгаар олон түмэнд үзүүлдэг хачин жигтэй хүмүүс шиг надад санагддаг юм. Заримдаа миний сэтгэл хачин тавгүйтэж, хоол унд ч үгүй, огтхон ч амралгүйгээр гуч, дөчин миль газар явдаг билээ. Туранхай эцэнхий, сахал үсэндээ баригдсан, сэгсийсэн амьтан тосгоноор явахад авгайчууд гүйлдэн хүүхдээ гэртээ оруулж, тариачид намайг харах гэж архины газраасаа гарч ирцгээдэг байв. “Мэнсигийн галзуу ноёнтон” гэж намайг нэрлэдэг бололтой юм билээ. Тэгэхдээ би тийм аяллыг ховорхон хийдэг, ихэнхдээ гэрийнхээ ойролцоо эргээр зугаалснаар хязгаарлаж, далайгаар хань хийн хатуу хар тамхи татаж явдаг байлаа.
Хүржигнэн долгилох агуу их далайгаас илүү сайн нөхөр ертөнц дээр бий гэж үү? Тэнгис далай бол амьдралаар дүүрэн, орой дээр нь нарны цацраг хөгжилтэй бүжиглэх урт ногоон давалгаануудын хөөцөлдөхийг харж, дуу чимээг нь сонсоод чухамхүү урам зориг ордог билээ. Харин далай барайн давалгаалж, дээгүүр нь салхи улин, хөөсрөн оволзож байхыг нь харсан хамгийн тэнэг хүн ч байгаль чинь бас амьд амьтан шиг бухимддаг юмаа гэж бодох биз ээ.
Цаг агаар сайхан үед Мэнсийн булангийн ус толь шиг л гөлтийж, харин эргээс холгүй ганцхан газраа ямар нэгэн унтаж буй аймшигт араатны арзгар нурууг санагдуулам урт хар зурвас усыг нь хагалж харагддаг. Энэ бол загасчдын дунд “Мэнсийн шүдэт хад” хэмээн алдаршсан үелсэн хадан цохио юм. Дорноос салхилахад далайн давалгаа хад дэлдэн нижигнэж, ус нь толгодын ард орших манай байшинг хүртэл цацардаг байв. Энэ булан үзэсгэлэнтэй сайхан боловч умар болон дорноос салхилах үеэр аюумшигт хаднаас нь болоод загасчид ч ховорхон ирнэ. Гэсэн ч энэ буйд газарт ямар нэгэн сэтгэл татах сайхан зүйл байдаг байв. Цаг агаар намуухан үед би завиар хөвж, хашлага дээгүүр нь өнгийж байгаад далайн гүн рүү удтал ширтдэг. Тэртээ дор сүүмэлзэх том том загаснуудыг ялгаж харахдаа урьд өмнө мэдэгдээгүй загаснууд байх даа хэмээн боддог байв. Би тэднийг цөлөрхөг булангийн савдгууд гэж үзнэ. Нэгэн салхигүй шөнөөр намайг эрэг дээр зогсож байтал усны бүр гүнээс эмэгтэй хүний гашуудан орилох дуун хэдэн мөчийн турш нэг чангаран нэг бүдэгрэн сонсдож билээ. Би үүнийг хоёр чихээрээ сонссон юм шүү.
Ийн буйдхан гэр, хөдөлгөөнгүй толгод, мөнхийн шуугих далайн хооронд, улигт хүмүүсээс хол ажиллаж, бясалгасаар хоёр жил илүү амьдрав. Би хөгшин зарцаа амаа хамхиж явахыг сургасан төдийгүй тэр ч тун ховорхон дуугардаг байлаа. Харин жилд хоёр удаа Уик дахь садангаа эргэхээр очихдоо дуугүй байсныхаа шагналыг ханатлаа эдэлдэг гэдэгт би үл эргэлзэнэ. Агуу их хүн сүргийн гишүүн гэдгээ би бараг мартаж, амьгүй зүйлсийн дунд амьдраад сурчихжээ.
Долдугаар сар. Гурав хоногийн айхтар далайн шуурганы дараа арай гэж нэг юм чимээгүй тайван өдөр эхлэв. Тэр орой огтхон ч салхигүй, нар цувраа бараан үүлсийн цаагуур орон жаргах үеэр далайн толигор усан дээр улаан туяа нь наадан байлаа. Түрлэгийн дараа шаргал элсэн дээр тогтсон ус цусан толбо шиг улайн, хэн нэгэн шархадсан аварга хүн арайхийн мөлхөж өнгөрсөн мэт санагдана. Харанхуй болох тусам дорно зүгт бөөгнөрөх үүлс улам өтгөрөн томорсоор байлаа. Барометр доошилжээ. Би ч аадар бороо ойртож байгааг мэдэрлээ. Оройн есөн цагийн үеэс эхлэн тэнгисийн зүгээс ямар нэгэн зүдэрсэн амьтан зовох цаг нь ирснийг мэдрэн гаслах шиг бөглүү дуун гарч эхэллээ. Арван цагийн үес дорноос хүчтэй салхилж, арван нэгэн цаг гэхэд улам ширүүсэн өмнө нь миний хэзээ ч үзэж байгаагүй догшин шуурга эхлэв.
Намайг унтахаар хэвтэх үед хайрга чулуу, далайн ус, замаг цонх балбаж, салхи зэвүүнээр улин исгэрэх нь үхэж буй амьтны дуун дуулдах шиг аймшигтай байлаа. Гэлээ ч шуурганы исгэрэх чимээ нь надад бүүвэйн дуу болж байв. Гадаах ертөнцөд юу ч болж байсан миний байшингийн саарал хана тэсээд л үлдэнэ гэдгийг би мэдэж байсан тул ер санаа зовсонгүй. Хөгшин Меж маань ч энэ бүхэнд надтай адил ханддаг байлаа. Гэтэл шөнийн гурван цагийн үед тэрээр хаалга чанга балбан сөөнгө хоолойгоор орилж намайг сэрээхэд нь хачин гайхаж билээ. Би ч дүүжин орноосоо үсрэн босч, юу болсныг ууртайгаар асуув.
- Эзэнтэн, эзэнтэн минь! гэж авгай өөртөө баймгүй хоолойгоор чарлаж,
- Хурдлаарай! Нэг том онгоц хад мөргөчихлөө. Хүмүүс орилоод л сүйд болж байна. Ээ эзэнтэн минь, Мак Витти ноёнтон! бушуулаарай! Доошоо буугаарай!
- Муу хөгшин шулам, дуугаа тат! гэж би уурсан хашгирав.
- Тэд үхэж байна уу, үгүй юу чамд ямар хамаатай юм? Явж унт. Намайг тайван байлгаадах.
Би буцаж орондоо орон хөнжлөө нөмөрлөө. “Тэр онгоцон дээр байгаа хүмүүс үхлийн аймшгийг мэдэрч байгаа даа. Би одоо тэднийг аварлаа ч гэсэн хэдэн жилийн дараа тэд дахиад л үхлийн аймшгийг амсах болно. Үхлийг удаан хүлээж зовсноос тэд одоо үхсэн нь дээр. Үхлээ хүлээнэ гэдэг чинь үхлээс ч илүү аймшигтай шүү дээ.” гэж би өөртөө хэлж байлаа.
(Үргэлжлэл бий)

No comments: