Tuesday, December 11, 2007

Аминаас илүү хайр (үргэлжлэл)

Миний философи намайг үхлийг үл ялих, өчүүхэн, хүний амьдралд зайлшгүй тохиолддог жирийн л зүйл хэмээн үзэж сургасан төдийгүй хүний ертөнцийн хэргийг сонирхох сонирхлыг минь үгүй хийсэн билээ. Гэсэн ч урьдын ямар нэгэн юм надад байсаар байгааг би гэнэт мэдэрлээ. Хэдэн мөч энэ олон жилд сурсан ухаанаараа агшин зуурын хөөрлийг дарахыг хичээн эргэлдэв. Гэтэл шуурганы зэрлэг исгэрэлт дор их буугаар буудах чимээ бүдэгхэн сонсогдох ахуйд би өөрөө ч мэдэлгүйгээр орноосоо үсрэн босч хувцаслаад гаансаа зуун далайн эрэг рүү зүглэв.
Гэрээс гарангуут тас харанхуй, салхи аймшигтай хүчтэй үлээж байсан тул мөрөө түрүүлэн явахад хүрлээ. Салхинд туугдсан жижиг чулуу, шороонд цохиулсан нүүр хорсч, гаансны оч харанхуйд ямар нэгэн жигтэй бүжиг бүжиглэн хойшоо хийснэ. Хүчирхэг давалгаа хуйлран босч, хүрхрэн шуугиж буй далайн эрэгт дөхөж очоод давстай уснаас нүдээ гараараа халхлан байж харж эхлэв. Эхэндээ юу ч ялгаж харж чадаагүй боловч салхины улилттай зэрэгцэн тусламж хүсэн хашгирах, чарлах дуу надад сонсогдож буй мэт санагдаж байлаа. Гэнэт гал гялсхийхийг би олж харав. Агшин зуурт бүх эрэг тохой тэр аяараа муу ёрын хөх гэрлээр гийгүүлэгджээ. Энэ бол хөлөг онгоцны тавцан дээр асаасан дохионы гал байлаа. Онгоц шүдэт хадны хажууд, барагцаалбал хоёр зуу орчим ярд газарт зогсож байв. Хөлгийн хамгийн өндөр хэсэгт аниганах үхээнц хөх гэрэлд шураг, салхинд үлээгдэх далбаанууд нь үзэгдэж, харанхуй хар далайн хөөс цахарсан давалгаанууд сүйдэж буй хөлгийг нөмрөн авна.
Би далбаа руу авиран гарсан арав орчим усан цэргийг олж харлаа. Галын гэрэлд тэд намайг олж үзээд цайсан нүүрээ эргүүлэн гараа сарвайн орилолдож байв. Тэдний нэг өндөр нуруутай нь надад бусдаасаа онцгой харагдлаа. Тэрээр толгойгоо цээж рүүгээ унжуулан гараа дагзандаа авч, тайван зогсоно. Ямар ч найдваргүй болсон энэ үед ч түүний бүхий л байдалд хүч чадал, шийдмэг төрх илэрч, эргэн тойрноо харан аврагдах боломж эрж байгаа нь илт. Тэр хэдийгээр намайг олж харсан боловч бардам сэтгэлээс тэрүү, ямар нэгэн шалтгааны улмаас тусламж эрч хандсангүй. Тэр хүн гунигтай, үг дуугүй, далай руу ширтэн хувь заяа түүнд юу илгээхийг хүлээж байх шиг. Намайг түүн рүү харж байх зуур асар том давалгаанууд ар араасаа хөлгийг нөмрөн авлаа. Шураг хугарч, далбаанаас зуурсан хүмүүс эргүүлэг рүү унан алга болов. Хөлөг онгоц хурц хад мөргөсөн хирсэнгээсээ эхлэн чих дүлийрэм дуу гарган дундуураа хагарч эхэллээ.
Гэнэт нөгөө хүн тавцан дээгүүр гүйн түрүүн би олж хараад юу болохыг нь сайн ойлгоогүй байсан нэг бөөн цагаан зүйлийг тэврэн авав. Тэр түүнийг дээш өргөхөд нь л сая эмэгтэй хүн болохыг нь танилаа. Бүсгүйн толгойг үргэлж усан дээр ил байлгахаар суган суган доогуур нь хөндлөвч мод оруулан хүлсэн байжээ.
Нөгөө хүн бүсгүй болгоомжтой өргөж онгоцны хашлаганы тэнд очоод хөлөг дээр байх ямар ч боломжгүй болсныг тайлбарлаж эхлэв бололтой. Гэтэл бүсгүй гараа өргөн мөнөөх эрийн нүүр рүү байдаг чадлаараа цохисон нь намайг ихэд гайхуулав. Нөгөө хүн хоромхон зуур дуугүй болсноо дахиад л ярьж эхлэв. Бүсгүй түүнээс ухасхийн холдох гэсэн боловч тэр түүнийг тэврэн авч духанд нь уруулаа наалаа. Асар том давалгаа сүйрч буй хөлгийг нөмрөн ирэхэд тэр хашлага дээгүүр бөхийж яг л нялх хүүхдийг өлгийд нь хийж байгаа шиг тийм энхрий болгоомжтойгоор бүсгүйг долгионы оройд тавив. Бүсгүйн цагаан хувцас аварга долгионы хөөсөн дунд гялсхийгээд алга болохыг би олж харлаа. Гэрэл унтарч, үйлт хөлөг, түүн дээр үлдсэн цорын ганц хүнийхээ хамтаар харанхуйд уусан одлоо.
Энэ бүхнийг хараад эр хүний совин миний философийг дийлэн ямар нэгэн юманд түлхэгдэх шиг л болов. Би завь руугаа харайлаа. Арай гэж нэг юм завиа усанд оруулаад дотор нь үсрэн оров. Эхэндээ би завийг минь хөмрүүлчихнүү гэж айсан боловч хэд хэдэн айхтар давалгаанд цохигдсоны дараа далай руу гарч чадлаа. Завь минь тэхий дундаа хүртэл усаар дүүрчихсэн байсан ч живсэнгүй. Одоо би оволзох давалгаан дунд сэлүүрдэж, завь маань нэг асар том давалгааны оройд нисэн гарч, нэг доошлон, эргэн тойрон хав хар, далайн хөөс л үзэгдэнэ. Тээр хол ард хөгшин Межийн чарлах сонсдов. Намайг далайд гарсныг хараад тэрээр галзуурчээ гэж бодсоноос зайлахгүй.
Давалгаатай тэмцэлдэж явахдаа өмнөөс ирж буй долгионы оройд цагаан толбо үзэгдэхийг харж чадлаа. Бүсгүйг миний ойр ирмэгц нь би бөхийн, зүдэрч байж нэг юм ус дүүрсэн завиндаа татаж оруулав. Надад эрэг рүү сэлүүрдэх ч хэрэг гарсангүй, дараагийн давалгаа нөмрөн ирж, биднийг түрсээр эрэг рүү гаргаад хаячихлаа. Завиа уснаас хол чирч аваачаад би бүсгүйг өргөн гэртээ аваачив. Хөгшин Меж ард хазганан чангаар баяр хүргэн надад бахдсанаа илэрхийлнэ.
Гэр рүүгээ явж байх замдаа би цээжин дээр нь чихээ тавьж зүрх нь сулхан цохилохыг сонсов. Ачаа маань амьд байгааг мэдчихээд хөгшин Межийн ноцоосон галын өмнө яг л түлээ авчран асгаж байгаа юм аятай хайхрамжгүй тавьж орхилоо. Би түүнийг хөөрхөн юмуу, үгүй юу ч гэж харсангүй. Өдий олон жил би эмэгтэй хүнд огтхон ч анхаарал тавьсангүй явлаа. Гэлээ ч дүүжин орон дээрээ хэвтэж байхдаа бүсгүйг дулаацуулах гэж арчлан бөндөгнөж буй эмгэний “ Ээ хөөрхий минь! Үгүй яасан ч хөөрхөн юм бэ дээ!” хэмээн нэгэн хэмээр бувтнахыг сонсоод хөлөг онгоцны сүйрлээс миний аварсан бүсгүй залуухан төдийгүй хөөрхөн амьтан болохыг ойлгож авлаа.
Шуурганы дараах өглөө намуухан, нартай. Элсэн зурвасаар зугаалан явахад далай хүндээр амьсгалах нь сонсдоно. Хадны тэнд ус бургилан оволзож байвч эрэг хавиараа долгилох нь гайгүй байв. Энд далбаат онгоц байсны шинж тэмдэг юу ч үгүй, эрэг дээр ч хөлөг онгоц сүйрсний ул мөр байсангүй нь намайг гайхуулсангүй. Эндхийн усанд далай доорх хүчтэй урсгал байдгийг би мэддэг байлаа. Харин сүйрэл болсон газар өргөн далавчит хоёр цахлай эргэлдэж, долгион дунд ямар нэгэн жигтэй зүйл олж харсан бололтой агаарт удтал элин халин сөөнгө дуугаар хашгирах нь харсан зүйлээ бие биедээ ярих адил.
Намайг буцаж ирэхэд бүсгүй үүдэн дээр зогсон хүлээж байлаа. Түүнийг харангуутаа миний аглаг маань амьдрал төгсгөл болсныг ойлгоод аварсандаа харамсаж эхлэв. Бүсгүй цэл залуухан, хамгийн ихдээ арван есөн наснаас хэтрээгүй, нимгэн цайвар царай, алтан шаргал үс, хөгжилтэй цэнхэр нүд, сувд шиг цагаахан шүдтэй аж. Түүний гоо үзэсгэлэн ер бусын байлаа. Тэр маш эмзэг танхил, цав цагаан, яг л миний түүнийг гаргаж авсан тэр далайн хөөснөөс төрсөн юм шиг. Бүсгүй Межийн даашинзыг өмссөн нь тун ч хачин харагдаж байсан авч энэ нь түүнд яагаад ч юм зохиж байлаа. Намайг хүндээр алхалсаар жимээр гарч ирэхэд бүсгүй хүүхэд шиг хөөрхнөөр гараа сарвайн над руу гүйж ирэв. Харин би түүнийг түлхэж орхиод хажуугаар нь гарч гэрээ зүглэлээ. Эл явдал бүсгүйг тэвдүүлсэн байлгүй, нүдэнд нь нулимс мэлтгэнэсэн хэдий ч зочдын өрөөнд дагаж орж ирээд чимээгүйхэн намайг харж эхлэв.
- Та хаанахынх вэ? гэж би огцом асуулаа. Тэр инээмсэглэн толгой сэгсрэв.
- Francais? гэж би дахин асуулаа.
- Deutsh? Espagnol? гэсэн ч бүсгүй асуух бүрт толгой сэгсрэн миний огт мэдэхгүй хэлээр ямар нэгэн юм шулганах аж.
Харин өглөөний цайны дараа бүсгүйг ямар үндэстэн болохыг нь мэдэх түлхүүрийг би олж чадав. Дахин эргээр явж байгаад хадны завсарт хавчуулагдсан мод олж харсан юм. Би завиар очиж, түүнийг эрэг дээр авчрав. Энэ бол завины хугархай байсан бөгөөд түүн дээр бүр яг хэлэх юм бол түүн дээр хадсан модон дээр өвөрмөц үсгээр “Архенгальск” гэж бичжээ. “Тэгэхээр, хэмээн гэр рүүгээ яаралгүй буцаж явах зуураа би бодон, энэ цагаан хүүхэн чинь орос байх нь. Цагаан хааны эрхэмсэг албат, цагаан далайн эрхэмсэг орос бүсгүй!” Ийм гоолигхон танхил бүсгүй тийм бяцхан хэврэг хөлөг онгоцоор, алсын аянд гарч зүрхэлсэн нь надад байж боломгүй санагдаж байлаа. Гэртээ ирсэн хойноо би хэд хэдэн удаа янз бүрийн аялгаар “Архенгальск” гэж хэлсэн боловч бүсгүй ойлгосонгүй бололтой.
Бүх л өглөөжин би лабораторитоо бүгэн нүүрстөрөгч ба хүхрийн аллотропик хэлбэрийг шаргуу судалж өнгөрүүлэв. Үд дундын алдад юм идэхээр хоолны өрөөнд орохдоо бүсгүйг ширээний ард зүү утас барин хувцсаа нөхөж янзалж суухыг олж харлаа. Би түүнд эгдүүцсээр байсан хэдий ч эрэг рүү очиж төвхөнө гээд хөөчихөж чадсангүй. Удсан ч үгүй бас нэг явдал болов.
Бүсгүй өөрийгөө заагаад дараа нь хөлөг онгоц сүйрсэн газар руу зааснаа хуруугаа гозойлгосон нь миний ойлгосноор живсэн онгоцноос ганцаараа аврагдсан уу гэж асуув. Би итгэлтэйгээр толгой дохилоо. Гэтэл бүсгүй хачин баяртайгаар дуу алдан ширээний араас үсрэн босч нөхөж байсан даашинзаа дээр өргөөд өөрийнхөө хөдөлгөөний хэмд тохируулан толгой дээрээ эргүүлэн бүжиглэж эхлэв. Тэгснээ нээлттэй хаалгаар гүйн гарч, эргэлдэн бүжиглэх зууртаа хөөрч бахадсанаа илэрхийлэн нарийхан хоолойгоор ямар нэгэн бүдүүлэг зэрлэг дуу дуулна.
- Хөөе нааш ир, муу адтай чөтгөр чинь. Дуугаа тат! Наашаа хүрээд ир! гэж би хашгирсан боловч бүсгүй бүжиглэсээр л байлаа. Тэгснээ над руу гүйж ирэн гарыг минь барьж аваад угз татахаас минь өмнө үнсчихэв.
Үдийн хоолны үеэр тэр ширээн дээр харандаа байхыг харангуутаа шүүрч аван цаасны тасархай дээр “Софья Рамузина” гэсэн хоёр үг бичээд энэ нь түүний нэр болохыг илэрхийлэн өөр рүүгээ заалаа. Тэгснээ надад харандаагаа өгөхөд нь би түүнтэй харьцахыг огтхон ч хүсэхгүй байгаагаа илэрхийлэн хэнэг ч үгүй аваад халаасандаа хийчихэв.
(Үргэлжлэл бий)

No comments: