Thursday, December 6, 2007

Шинэ өглөө

Өглөө гэрээс гарангуут гашуун утаа хоолой хорсгож, бушуухан хамар амаа битүүлэн унаанд суухыг яарахаас аргагүйд хүргэнэ. Өвлийн тэсгим цагаар Улаанбаатарт хөх тэнгэрийнхээ барааг ховорхон үзэх юм даа. Яасхийгээд хурдхан шиг ажилдаа хүрэе дээ гэхээс өөрийг бодолгүй явах замд таарсан хос залуусыг харахын зуурт алхаа удаашран, зөрөөд өнгөрсөн хойноо ч өөрийн эрхгүй эргэн харж зогсов.
Хөдөөнөөс ирсэн нь андашгүй, улаа бутарсан хацартай, монгол дээлтэй залуу, бүсгүй хоёр өглөөний жавар, хотын утааг ажирсан шинжгүй хөтлөлцөн яаруухан алхахдаа үе үе биесээ ширтэн зөөлөн инээмсэглэх аж. Тэдний бүхий л байдал аз жаргалаар дүүрэн, орчин тойрныг ер үл анзааран ямархан нэгэн зүйлд яаран алхалсаар цааш одлоо. Тэдэнтэй замд таарсан хүн бүр миний адил хараа билчээн, залуухан нэгэнд нь цагаахан атаархал төрж, настай нэгэн нь залуу насаа дурсан инээмсэглэж байсан буйзаа.
Утаанд бухимдаж шинэ өглөөг эхэлсэн би хамар амаа битүүлэхээ ч мартан сэтгэл өөдрөг ажил руугаа жирийв. Ийм залуус байхад монгол бүсгүйчүүд юундаа алзах вэ...
Саяхан харь оронд олон жил сурч, одоо ч тэндээ ажиллаж буй найз маань “Энд морио унаад, малаа төхөөрөөд амьдарчих эр хүн байхгүй болохоор би ганцаараа байгаа” гэж тоглоом болгон хэлж билээ. Нээрээ л монгол хүн хэзээд монголоороо үлддэг юм болуу даа.
Ажил хүртлээ би юу бодож байсан гээч? Энэ залуу л Солонгос руу битгий явчихаасай...
Бурхан чамайг ивээг, бүсгүй минь.

No comments: