Saturday, December 29, 2007

Өршөөл эрэхүй

Аливаад хатуу хандах, өөрийгөө хатуужуулж, сэтгэлээ чангалах гээд хүмүүний амьдралд хүссэн ч хүсээгүй ч амтлахаас аргагүй, хийхээс ч аргагүй зүйлс мөн ч их болдог бололтой. Харин хатуу байлаа гээд үүнээс хожих нь юусан билээ? Энэ л их харьцангуй юм байна. Нэг боломжоос татгалзахад өөр нэгэн боломжийн үүд нээгддэг гэдэг шиг хатуу хандаж татгалзаж чадсан тохиолдолд онох нь бий л байх.
Алдаагүй юмаа гэхэд үнэндээ юу ч олоогүй тийм зүйл надад байжээ. Үүнийгээ би харин чамайг хараад л мэдлээ дээ. Нэгэн найзын маань хэлдэгчлэн галзуу барын аманд гараан хийхээс ч буцахгүй гэдэг шиг л омголон, халуун цустай, өөрийнхөө зорилго, тэмүүллийн төлөө эрч хүчтэй тэмцдэг, хайртай бүсгүйнхээ төлөө хэнбугайтай ч нударга зөрүүлээд ялж чаддаг тийм оргилуун дүрэлзсэн гал байгаагүй билүү чи? Хэн нэгний харцны аясаар хөдөлж, уруу харж, дорой дуугарсан нэгэн болсныг чинь харахгүй байх минь ч яалаа. Миний сэтгэлд тодоос тод үлдэж асан тэр омголон бардам, догшиндуу ч гэмээр харц хаана байна? Нүд рүү минь тогтож харж чадахгүй халиран, жижүүрийн хэдэн асуулт асууж, тулга тойрсон уйтгартай яриаг хаа нэг хөврүүлэн, хүчээр ч гэмээр инээж суух гэж дээ...
Юу болоо вэ? Үгүй ээ, асуугаад яах юм, чи ч гэсэн надад бүү хэлээрэй. Төмөр мэт хатуу байлаа гээд бидний хэн нь ч, юу ч хожсонгүй, би харж байна. Хэзээ нэгэн цагт үүнийг бид, бас нэг хүн бүр ч хүчтэй, бүр их эмзгээр мэдрэх байх даа...

No comments: