Monday, December 24, 2007

Мартагдсан шанз

Энд чимээ аниргүй, үхмэл чимээгүй ноёлж байна. Нэгэн цагт цоо шинээр аялгуулан дуулж асан шанзны аялгуу, хөгжимчин гээд энд хэн ч үгүй. Би түүнийг гартаа авав. Дон дон дон... Юутай ганцаардмал, амьгүй сонсдоно вэ? Дон дон... утас нь тасарчихлаа...
Би түүнийг амилуулж чадах хүн нь биш ажээ. Тэр магадгүй сэтгэл татсан инээмсэглэл дор нь түүнийхээ гарт аялгуулан дуулах гэсэн байх. Харин миний гарт биш...
Хөг нь алдарч, утас нь тасарсан шанзыг би хайрцагт нь хийн буцааж тавилаа. Чамд би дахин гарч хүрч зүрхлэхгүй ээ. Эзэн нь ирэх хүртэл эндээ л байж байх, эргэж хэзээ ч ирэхгүйгээр явсан ч байж л байх магад... Чи цагийн аясаар зүгээр л нэг элэгдэж, өлөн тоосонд даруулан байх гэж үү?
Би энд юу хийж байгаа юм болоо? Би гарахаар эргэлээ. Хөл минь хүндэрч, алхаа удааширна. Ард хаагдах хаалганы чимээ эгээ л намайг явсанд сэтгэл нь амран санаа алдах шиг. Урилгагүй зочин айлаас хөөгдөн гарсан мэт аягүй сэтгэгдэл цээжинд нэн гашуун, бас хүнд. Уртаас урт амьсгаа авахсан...
Маргааш дахин нар мандана, тиймээ нар дахин мандана...

No comments: