Thursday, February 28, 2008

Сохор

Том алаг нүдэнд нь уйтгар дүүрэн, сэтгэл санаа нь өөр хаа нэгтээ нисч яваа нь нүднээ ил. Энэ нүдийг ийм гунигтай байхыг би харж байгаагүй. Ийм хөөрхөн нүдийг нулимс, гуниг хоёроор дүүргэж чаддаг хүн бас байнаа? Тэр хүн юутай хэнэггүй, юутай биеэ тоосон ихэмсэг вэ? Алган дээр чинь байгаа аз жаргалын шувуухайгаа нэг л өдөр үргээгээд нисгэчихгүйн тулд энгүй их хайраар цаг мөч бүрт хайрлаач. Энэ хөөрхөн нүд ингээд нэг гуниг шингээгээд, хувь тавилантайгаа эвлэрээд явдаг нүд биш ээ. Энэ бол эмзэг танхил боловч өндөр тэнгэрт дүүлэн нисч, улам өөдөө дээшээ тэмүүлдэг тийм эрэлхэг шувуухай. Хайрын хургүй алган дээр удаан үдлэхгүйг ойлго.

Monday, February 25, 2008

Судалт авдрын нууц (Үргэлжлэл)

- Ахмад нь ерөөсөө журнал хөтөлдөггүй байсан байх л даа хэмээн Эллердайс өгүүлээд
– Ер нь Өмнөд Америкийн худалдааны онгоцуудад дэг журмыг тийм ч чанд баримталдаггүй. Ахмадууд нь ч өөрсдийгөө аар саар ажлаар дарах дургүй байдаг юм. За, ер нь тэмдэглэлтэй байсан байлаа ч ахмад нь аваад явчихаа биз дээ хэмээв.
- Энэ бүх ном, цааснуудыг нь авч явах хэрэгтэй байна. Бидэнд хэдий хир хугацаа байгааг асуугаадах.
Онгоцны хөндий усаар дүүрсэн байсан боловч ачааны нэлээд хэсэг нь усан дээр ил байсан тул хөлөг юу юугүй живчих аюул байсангүй.
- Эллердайс, та онгоцны хөндий рүү тайвуухан орж болох юм шиг байна. Аварч болохоор ачаа бараа байна уу, сайн үзээрэй. Би энэ бичиг цааснуудыг үзээдхэе гэж би хэлэв.
Бразилийн “Ялалтын бурхан” хэмээх энэ хөлөг онгоц ойролцоогоор сарын өмнө Баия боомтоос Лондонгийн зүг хөдөлсөн болохыг элдэв бичиг захиа, ачааны баримт зэргээс би олж мэдлээ. Дарвуулт онгоцны ахмад нь Таксейра гэгч хүн байсан бололтой, харин багийн бусад бүрэлдэхүүний талаар юу ч байсангүй. Бичиг баримтан дотор нь ч бидэнд хэрэг болохоор зүйлс алга байв. Онгоцонд самар, цагаан гаа болон халуун орны үнэт модод ачсан байж. Чухам энэ том гуалингууд л заяа муут хөлгийг живүүлчихэлгүй байлгаад байгаа нь энэ. Гэвч тэд дэндүү том учир бид онгоцны хөндийгөөс гаргаж чадахгүй биз. Үүнээс гадна хатагтай нар өдөөр нь бүрхээ гоёдог шувууд, зуун хайрцаг лаазалсан жимс зэрэг зүйлс ч байлаа.
Ширээн дээрх цааснуудыг цэгцэлж байтал англиар бичсэн баримт таарсан нь миний анхаарлыг ихэд татав. Тэнд ийн бичжээ “Сантаремийн цуглуулгын нэг хэсэг нь болох эртний Испанийн болон Энэтхэгийн ховор нандин зүйлсийг Лондоны Пронфут ба Нейман пүүсийн хаягаар илгээсэн болно. Эдгээр хосгүй зүйлс маш их үнэтэй тул замд эвдэрч гэмтэх, хулгайлагдах зэргээс нягтлан хамгаалах ёстой. Энэ нь ялангуяа дон Рамирес ди Лейрийн үнэт эдлэлтэй авдарт хамаатай болно. Авдрыг хэн ч хүрч чадахгүй найдвартай газарт хадгалах хэрэгтэй”. Дон Рамиресийн үнэт авдар! Хосгүй эдлэлүүд! Тэгэхээр онгоцон дээр ямар нэгэн үнэт зүйл байгаа байхнээ!
Хаалган дээр миний туслах хүрч ирэхэд би бичгийг барьсаар ширээний араас бослоо.
- Дарвуулт онгоц нэг л биш байна гэж тэр илтгэв.
- Юу болов?
- Аллага болжээ, сэр. Бид толгойг нь бяц цохисон үхдэл оллоо.
- Шуурганы үеэр золгүй явдал гарсан юм биш биз?
- Болох л юм, сэр. Гэвч та өөрөө харвал надтай адил зүйлийг хэлэх байх.
- Тэр хаана байна?
- Тавцангийн дундах каютад байна, сэр.
Тавцан дор хүн суудаг байр байсангүй. Ахмадын кают хитэгийн тэнд, тавцан дунд байлаа. Гол нээлхийн ойролцоо, гал зуухтай залгаад дараагийн каютыг барьжээ. Харин командын байр урд хамрын тэнд байв. Туслах маань намайг дунд талын каютад аваачив. Баруун талд шалаар нь нэг сав суулга, таваг хөглөрсөн гал тогоо, зүүн талд хоёр ортой офицеруудын кают харагдана. Офицеруудын каютын ар талд ойролцоогоор арван хоёр квадрат фут орчим хэмжээтэй өрөөнд далбаа, нөөц дарвуулууд дүүрэн байлаа. Хананы дагуу ороосон зотонгууд, бөхөлж уясан баглаа боодлууд хэвтэнэ. Каютын алсын буланд цагаан, улаан өнгийн судалтай авдар байна. Улаан будаг нь гандаж, цагаан нь хир буртаг болсон боловч гэрэл туссан газраа өнгө нь сайн ялгагдаж байлаа. Сүүлд нь бид хайрцгийг хэмжихэд уртаараа дөрвөн фут гурван дюйм, өргөнөөрөө гурван фут байсан билээ. Ерөнхийдөө ердийн усан цэргийн авдарнаас хамаагүй том байсан юм.
Намайг агуулах руу орж ирэх яг тэр мөчид авдар биш шал өөр зүйл миний анхаарлыг татсан билээ. Шалан дээр хөглөрөх далбаан дээр богинохон буржгар сахалтай, бараан царайтай хүн хэвтэж байна. Хөл нь авдарны зүгт, толгой нь эсрэг тийшээ харжээ. Цагаан зотон даавуун дээр үхдлийн толгойн хажууд хүрэн улаан толбо тогтож, наранд борлосон хүзүүнээс нь гоожсон цус шалан дээр тунарчээ. Эхлээд надад хүч хэрэглэсний ямар ч ул мөр харагдсангүй. Түүний царай яг л унтаж байгаа хүүхдийнх шиг амарлингуй байх юм. Би түүн рүү бөхийнгүүтээ айсандаа дуу алдаж гэдрэг үсрэв. Сая л шархыг харлаа. Тэр хүнийг ар талаас нь сүхээр хүчтэй цохиж алжээ. Сүх шилэн хүзүүг нь бяцалж, тархи руу нь гүн шигдсэн байна. Яагаад түүний царай тийм амарлингуй байсны учир энэ ажээ. Үхэл хоромхон зуурт ирсэн учир тэрээр алуурчнаа ч харж амжаагүй байна.
- Таныхаар бол ахмад Баркли, энэ санаатай аллага уу, эсвэл золгүй явдал уу? гэж туслах маань надаас асуулаа.
- Таны зөв байж, мистер Эллердайс. Түүнийг араас нь ямар нэг хүнд, хурц зүйлээр цохисон байна. Энэ юун хүн байгаад, түүнийг яах гэж алав?
- Энэ жирийн усан цэрэг байна, сэр. Гарыг нь харахад илт байна.
Эллердайс тонгойж, халаасыг нь уудалж үзэв. Онгоцны карт, олсны тасархай, бразилийн хайрцаг тамхи гэх мэтийн зүйлс л байлаа.
- Үүнийг хараач! гэнэт Эллердайс дуу алдаад шалан дээрээс нэг юм авсан нь хажуу дахь пүршийг нь дарангуут ир нь сугардаг урт хутга байв. Хутганаас бид нэг ч толбо олсонгүй тул хутга аллагын зэвсэг биш байжээ гэсэн дүгнэлтэнд хүрэв. Гэхдээ тэр хутга үхдлээс яг гар сунгах зайд, түүнийг цохиход гараас нь унасан байдалтай хэвтэж байсан юм.
- Сэр, миний бодоход аюул тулгарна гэдгийг тэр мэдэж байсан бололтой. Тэгээд хутгаа бэлэн барьж байжээ гэж туслах өгүүлээд
– Хөөрхийд бид нэгэнт тусалж чадахгүй болжээ. Харин тэр хананд уясан боодлуудад юу байгаа нь сонин байна. Энэ хуучин боодол дотор лав нандин зүйл, эртний зэвсэг ч юмуу, хуучны ховор эдлэл байгаа бололтой гэнэ.
- Яг үнэн. Эд бол эндээс бидний авч явж чадах цорын ганц үнэт зүйлс. Онгоцон дээрх хүмүүсийг дууд. Эдгээрийг ачих өөр нэг завь авчраг гэж би тушаав.Ганцаараа үлдсэн хойноо одоо нэгэнт бидний эзэмшил болсон тэр жигтэй зүйлсийг дахин нэг харлаа. Тэднийг бүгдийг нь гаднаас нь хараад хамгийн ерөнхий төсөөлөл л хийж болохоор тийм нямбай багласан байв. Харин энэ үед судалтай авдар дээр гэрэл сайн туссан байсан болохоор түүнийг сайн гэгч нь үзлээ. Өнцгийг нь төмөрлөсөн хүнд таган дээр нь нэг хачин сүлд сийлжээ. Сүлдний доод талд испаниар бичсэн бичиг үзэгдэнэ. Үүнийг харин би гаргаж уншиж чадлаа. “Верагуа муж болон Терра Фирмийн генерал-губернатор, генерал-ахмад, гэгээн Иаковын одонт рыцарь дон Рамирес ди Лейрийн үнэт эрдэнэстэй авдар”. Нэг өнцөгт нь 1606 он гэж сийлээд, нөгөө өнцөгт нь “Ямар ч үед авдрыг онгойлгохгүй байхыг хатуу сануулав” гэж англиар бичсэн цагаан шошго наасан байв. Доод талд нь энэ анхааруулгыг испаниар давтаж бичжээ. Гангаар хийсэн хүнд цоожин дээр нь латинаар сийлсэн бичиг байсан нь миний мэтийн эгэл далайчны ойлгох зүйл биш аж.
Миний нэгдүгээр туслах Армстронгийг завь аваад дарвуулт онгоц руу ирэх үед би энэ хачин авдрыг үзээд дуусч байлаа. Баглаатай эртний эдлэлүүдийг завинд ачиж онгоц руугаа явуулчихаад, авдрыг нөгөө завиндаа ачив. Авдар маш хүнд байсан агаад завины хамарт юмуу, хитэгийн талд тавьбал завийг хөмрүүлчих тул бид түүнийг завины дунд талд болгоомжтой тавилаа. Үхдлийг тэр чигт нь үлдээв.
Эллердайсын бодлоор бол баг хөлөг онгоцоо орхих үед алагдсан усан цэрэг ямар нэгэн юм хулгайлахыг оролдсон тул ахмад нь сахилгыг хадгалах үүднээс түүнийг сүх юмуу өөр ямар нэг хүнд зүйлээр цохиж алсан бололтой. Энэ бодол үнэнд ойр мэт санагдаж, үүгээр би ч сэтгэл ханав. Гэвч далайд олон нууц хадгалагдаж байдаг. Бидэнд бразилийн дарвуулт онгоцны усан цэрэг юунаас болж алагдсан нь таавар хэвээрээ л үлдэж, далайчдын дунд багагүй яригддаг тайлагдаагүй оньсгуудын нэг болох нь энэ.
(Үргэлжлэл бий)

Квазимодо

Түүнийг ярих гэж хичээхэд нь эрэмдэг болсон нүүр нь татганан, үгээ зөөн дүлэгнэж, сонсоход бэрхтэй, сэтгэл шимшрэм. Босоод явахад нь өрөөл татанхай бие нь эв хавгүйхэн хөдөлж, хөл нь эзнээ арайхийн зөөж байх шиг. Байгаль эх түүнд даанч харамч хандсан гэлтэй. Түүний амьдралдаа үзэж туулсан зовлон шаналал бүхнийг хэн ч төсөөлж ойлгохгүй биз ээ.
Түүнтэй ярилцахад хэцүү. Нүүр өөд нь харахгүй байж болохгүй, бас харж болохгүй. Өөрийн эрхгүй хөмсөг зангиран өмнөөс нь хэлээд өгчихмөөр, эсвэл өмнөх хана, өөр юу ч юм ширтэн гар хуруугаа оролдож энэ бүхэн хурдан дуусаасай гэж хүснэ. Харин зөвхөн нүд рүү нь эгц ширтэж, өөр юу ч анзаарахгүйгээр, түүний яриаг нь сонсох биш бодлыг нь уншиж ярилцах нь амар юм шиг. Өөр бусдыг бол бодлыг нь уншихаас үгийг нь сонсох нь хялбарсан.
Түүний бичгийн өндөр соёл, алдаагүй, ойлгомжтой, зөв үг хэллэгээр, цэгцтэй, хоёроос дээш хэлээр бичгээр чөлөөтэй харилцах нь хирийн хүнд байдаггүй боловсрол. Цэвэрхэн сайхан хувцаслаж, бүсгүй хүнтэй боловсон аядуу харилцах аж. Байгаль эх түүнд оюуны өндөр чадвар, бас авьяасыг харамгүй хайрлажээ.
Гадаад биеийн үзэшгүй муухай, дотоод сэтгэлийн ховорхон гоо үзэсгэлэнгийн нэгдмэл цогц энэ хүн... Миний сэтгэлд харамсах, хүндлэх сэтгэл холилдоно.
Гуниг нэвт шингэсэн энэ нүд рүү харах хүндхэн мөч олон тохиож намайг бүү шалгаасай.

Thursday, February 21, 2008

Д. Болдхуяг: Гэмшил

Ж.С: Маш сонирхолтой сэтгэлгээгээр бичсэн байна.

Өчигдөрхөн чамайг бодоод харанхуйн дунд суулаа
Өнгөрснийг нэхэн дурсаад дүрэлзэн шатаж байжээ
Өчнөөн удаа согтуураад уйлж дуулж гуньжээ
Өндөр хундага түшээд уйтгарт автаж явжээ

Өнгөрснийг нэхэн дурсаад харанхуйн дунд суулаа
Өчнөөн удаа согтуураад дүрэлзэн шатаж байжээ
Өндөр хундага түшээд уйлж дуулж гуньжээ
Өчигдөрхөн чамайг бодоод уйтгарт автаж явжээ

Өчнөөн удаа согтуураад харанхуйн дунд суулаа
Өндөр хундага түшээд дүрэлзэн шатаж байжээ
Өчигдөрхөн чамайг бодоод уйлж дуулж гуньжээ
Өнгөрснийг нэхэн дурсаад уйтгарт автаж явжээ

Өндөр хундага түшээд харанхуйн дунд суулаа
Өчигдөрхөн чамайг бодоод дүрэлзэн шатаж байжээ
Өнгөрснийг нэхэн дурсаад уйлж дуулж гуньжээ
Өчнөөн удаа согтуураад уйтгарт автаж явжээ

Wednesday, February 20, 2008

Артур Конан Дойль: Судалт авдрын нууц

- За, юу гэмээр байна даа, Эллердайс? гэж би асуулаа.
Онгоцны хитэг дээр миний хоёрдугаар туслах надтай зэрэгцэн богинохон бүдүүн хөлөө алцайлган зогсож шуурганд сүйдсэн нэгэн үл мэдэгдэх хөлөг онгоцыг долгионы оройд гарч ирэхэд нь сайн харж авахыг хичээн дурандаж байв. Шуурганы дараах далай номхроогүй, том том давалгаанууд хөлөг онгоцыг байн байн хазайлган аврах завинууд усанд автана. Онгоц усанд ихэд гүн суусан агаад хашлаганы нь ногоон судлыг би арайхийн ялган харж байлаа.
Энэ бол хоёр шурагт дарвуулт онгоц байв. Грот нь тавцангаасаа дээш арван фут орчимд хугарч далбаа, хөндөл моднууд нь цахлайны хугарсан далавч адил навсайн чирэгдэнэ. Энэ хугархайг тайрч хаяхыг хэн ч оролдоогүй бололтой. Фок нь бүтэн хэвээрээ байх боловч бэхлэгдээгүй, урд дарвуулыг нь салхи онгоцны хамарлуу хийсгэж аваачсан зэрэг нь салхинд дэрвэлзэн хийсч эгээ л том цагаан тугнууд намиран байх шиг үзэгдэнэ. Хөлөг онгоц ийм хөөрхийлөлтэй байдал орсон байхыг би урьд нь хэзээ ч хараагүй билээ.
Сүүлийн гурван өдрийн турш бид нэг бус удаа газар дахин харах найдвараа алдаж явав. Бүтэн гучин зургаан цагийн турш догшин шуургатай тэмцэлдэж, хэрвээ Клайдын шилдэг онгоцнуудын нэг болох Мэри Сэнклер биш байсан бол бид аймшигт шуургыг тэсвэрлэж чадах байсан нь юу л бол. Бид завинуудаа алдаж, баруун хашлага маань сүйдсэн ч мэнд өнгөрсөн билээ. Иймийн учир шуурганы дараа бусдад аз дайрсангүйг хараад огтхон ч гайхсангүй. Үүлгүй тэнгэрийн дор далайн цэнхэр давалгаан дунд аянганд сохорсон хүн шиг зогсох эвдэрхий хөлөг бидэнд аймшгийг санагдуулж байв.
Усан цэргүүд тавцан дээр бөөгнөрөн тэр зүгт харцгааж, удаан хөдөлгөөнтэй боловч хашир туршлагатай шотланд эр Эллердайс хөлгийг удаан анхааралтай ажиглана. Хаа нэгтээ алс умар зүгт Атлантын далайн худалдааны гол замаас төөрч орхиод, өргөргийн хорь, уртрагийн арван градус орчимд арав дахь өдөртөө бид ийнхүү ганцаар хөвж явлаа. Ийм үед хүн адал явдлыг өөрийн эрхгүй хүсч эхэлдэг аж.
- Миний бодоход хүмүүс нь онгоцоо хаяад явчихсан юм шиг байна гэж хоёрдугаар туслах маань хэллээ.
Надад ч бас тийм сэтгэгдэл төрсөн төдийгүй хөлгийн тавцан дээр нэг ч амьд амьтан байгаа шинжгүйн дээр манай усан цэргүүдийг гараараа даллахад нэг ч хариу өгөхгүй байв. Хөлөг онгоцоо сөнөх тавилантай болсныг мэдээд баг нь орхин одсоноос зайлахгүй.
- Энэ удаан тэсэхгүй гэж Эллердайс хэзээнийхээрээ яаралгүй өгүүлэн – Хар даа. Тавцан нь усанд автаж байна. Хитэг нь суувал живэх нь.
- Хаанахын далбаатай байна? гэж би асуув.
- Танигдахгүй байна, орооцолдчихож. Аа тэр, харлаа. Бразилийнх байна. Харин уруугаа харчихаж.
Энэ бол баг хөлөг онгоцоо орхихоосоо өмнө аюулын дохио үлдээсэн хэрэг байлаа. Магадгүй тэд дөнгөж саяхан явсан байж ч болох юм. Би туслахаасаа дуранг нь авч оволзон долгилох Атлантын далайн хөөс бүрхсэн цэнхэр гадаргууг харав. Үгүй ээ, энд биднээс өөр хэн ч алга.
- Хөлөг онгоцон дээр амьд хүн үлдсэн байж магадгүй юм даа гэж намайг хэлэхэд
- Бид ямар нэгэн юм олж болох л юм хэмээн Эллердайс бувтнав.
- Салхин дороос нь ойртож зогсоё.
Манай хөлөг дарвуулт онгоцноос зуун ярд газарт зогсов. Хоёр хөлөг бүжиглэж байгаа алиалагчид шиг л бие биендээ мэндчилэн савчина.
- Аврах завийг усанд буулга гэж би тушаагаад
– Эллердайс, та дөрвөн хүн аваад хөлгийг очиж үз гэлээ.
Яг энэ үед гурван цаг хагас цохиж, миний нэгдүгээр туслах Армстронг халаа авахаар тавцан дээр гарч ирлээ. Би өөрийн биеэр хаягдсан хөлөг дээр очиж үзэхийг ихэд хүсч байсан тул түүнд захирамж өгчихөөд завинд орж суув.
Далай улам догширч, асар том давалгаанууд онгоцыг хаан хуйларна. Онгоцнуудын хоорондхи багахан зайг туулахдаа бид нэлээд хугацаа зарцууллаа. Би хитэгт сууж явсан тул долгионд түрэгдэн дээш гарах үед хөлгийн бие дээрх ногоон судал, хазайсан фокыг харж амжсан минь хөлгийн хитэг тийш завиа залж, ойртож очих эвтэйхэн газрыг сонгох боломж олгов. Дарвуулт хөлгийн ус шоржигнон гоожих хитэг дээрх “Ялалтын бурхан” хэмээх нэр үзэгдэнэ.
- Салхин талаас нь очих уу, сэр? гэж хоёрдугаар туслах асуулаа.
- Тулгуураа бэлдээрэй!
Хөлгийн тавцан манай завины дөнгөж дээхэн харагдана. Мөчийн дараа гэхэд л бид онгоцон дээр гарчихсан байв. Юуны өмнө маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй, хөлөг хэдийд л бол хэдийд живж магадгүй тул хоёр усан цэрэг завин дээрээ үлдлээ. Би нэг усан цэрэгт онгоцны хөндийд хэр зэрэг ус байгаа, ямар хэмжээгээр нэмэгдэж байгааг мэдэхийг даалгаад Эллердайс болон өөр нэг усан цэргийн хамт гурвуулаа онгоцыг үзэж эхлэв. Дотор нь үхсэн шувууд хөвж буй шувууны тор, янз бүрийн эвдэрхий, хугархай зүйлс тавцангаар нэг хөглөрнө. Онгоцон дээр ердөө ганцхан завь байсан нь ёроол нь цоорхой ажээ.
Баг нь хөлгийг аль хэдийн орхиж явсан гэдэгт бид ер эргэлзсэнгүй. Би Эллердайсын хамт ахмадын өрөөнд орж үзэв. Бичгийн ширээг нь харахад эгээ л ахмад нь дөнгөж сая гарч явсан болуу гэлтэй. Дээр нь испани, португаль хэл дээр бичсэн бичиг цаас, ном хөглөрч, энд тэндгүй янжуурын үнс асгажээ. Би хөлгийн ахмадын тэмдэглэлийг хайсан боловч олсонгүй.
(Үргэлжлэл бий)

Monday, February 18, 2008

Замдаа бодсон бодлоо хэлэлгүй буцлаа...

Өглөө сэрэхэд онгорхой цонхоор дуулдах их хотын хөл хөдөлгөөн, харийн хотын танил биш үнэр, бас түүний компьютерийн товчлууруудын чимээ... Энэ бүхэнд би аль хэдийн дасчихсан байж. Цонхны хөшигний оронд байх модон хаалтыг ихэд тээршаан ертөнцөөс таслагдчихаад байгаа юм шиг санагддаг байснаа ч больж. Харин ч хотын чимээнээс зугтахад таатай байдаг болохоор сүүлдээ энэ жижигхэн байран дахь хамгийн дуртай ганц зүйл маань болон хувирсансан.
Гадаа дулаахан, зөөлөн бороо шивэрнэ. Буцах цаг минь болжээ... Урт удаан, холын аялллаа дуусгая даа...
Битгий яваач гэж байна уу? Тэгсэн мөртлөө чив чимээгүй.
“Кофе уух уу?” Тиймээ, кофе. Яг л өнөөдөр өдрийн хоолондоо юу идэх үү, гадаа бороо орж байна гэдэг шиг энгийн яриа. Маргааш өглөө ч энэ бүхэн хэвээрээ байх юм шиг. Энгийн, сэтгэлд дулаан.
“Google earth-с гэрээ олчихлоо”
“Энэ мөн юм уу? Хэхэ. Хаа нэгтээ нь бид байгаа. Харин энэ Монгол, энэ миний гэр.”
Гэр. Бушуухан буцахсан. Онгоц хэзээ нисэх билээ?
“Гэр чинь энд байна шүү дээ” Тэр ийн хэлээд инээд алдах боловч сэтгэл дүүрэн жинхэнэ инээд нь биш. Зүрх нь шимширч байгаа байх даа. Хараад л баймаар. Юу ч хэлэхгүйгээр. Дахиад жаахан л удвал би төрсөн гэрээ мартчих гээд. “Би явлаа”...
Нутагт минь өвөл аль хэдийн эхэлчихсэн. Дулаан орны зөөлөн бороон бүүвэйнээс тэсгим өвлийн тачигнасан жавар руу ниснэ. Сэтгэл минь аль хэдийн түрүүлээд нисчихсэн, харин би энд хоргодсоор...
Өглөө сэрэхэд дасал болсон хотын нүргээн, үнэр, компьютерийн товчлуурын чимээ, аль нь ч алга. Өө, тийм, би гэртээ байгаа шүү дээ. Цонх онгойлгонгуут өглөөний хүйтэн агаартай зэрэгцэн хоолой хорсгосон гашуун утаа. Хийх юм юу ч үгүй юм шиг. Эргэн тойрон ямар ч утгагүй санагдаад. Компьютерээ асаах уу? Нүдэнд минь нулимс дүүрчээ. Буцаж орондоо орон хөнжилдөө шургалаа... Үгүй ээ, би босмооргүй байна, компьютерээ ч асаахгүй...
...Замдаа бодсон бодлоо би хэлээгүй буцсан...
UB, Oct 2006

Sunday, February 17, 2008

Дэлхийн анхны лифтүүдийн тухай Парист эхэлсэн бяцхан судалгаа


Парисын билэг тэмдэг болсон алдарт Эйфелийн цамхаг. Орон орны, түмэн хөлийн жуулчид хөлхөлдөж, энд ч хэд нь зураг авч, тэнд ч хэд патиараа татуулж, бас хэсэг нөхөд жижиг сажиг дурсгалын зүйлс заран гүйлдэж, зарим нь зуушаа идэнгээ элдвийг хөхүүнээр ярилцааад л. Үгүй энэ хятадууд ямар ч олуулаа юм, хаа газар л бөөнөөрөө хашгиралдаад л явцгаах, яанаа би яг эдний нэг шиг л харагдаж байгаа даа гэсэн шүү бодол төрж аль болох тэднээс холхон байхыг хичээснээ өөртөө инээд хүрээд ганцаараа түсхийтэл инээд алдчихав. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нэг хятад эр хажууд гүйж ирээд бодвол зураг дараад өг л гээд байгаа бололтой, камераа бариад л элдвийг шулганах юм. Яая гэхэв, адилхан инээд алдаж байгаад л зургийг нь дараад өгчихлөө. За за нэг иймэрхүү, өөрийгөө бүр их шооллоо.
Цахилгаан шатаар аялсан зайгаа бодвол амьдралдаа овоо олон километр замыг түүгээр туулсан байх аа. Өмнө нь хэзээ ч ийм саваагүй бодол төрж байсангүй. Харин цамхаг руу цахилгаан шатаар өгсч явахад яг ийм бодол төрж, ер нь энэ лифт гээч юм байгаагүй бол өндөр цамхгууд, тэнгэр баганадсан аваргууд хаа ч үгүй байх биз ээ, лифт анх хэзээ хийгдсэн бол, хүн төрөлхтөн үүнийг яаж сэтгэж хийсэн болоо хэмээн эргэн тойрныг сонирхохоосоо илүүтэй өөрийн бодолдоо автан явлаа.
Цахилгаан шатан дотор эхэлсэн энэхүү сониучхан бодлоос салалгүй явсаар орой гэртээ ирэнгүүтээ л Гүүглдэж бага сага мэдээлэл олж авсан маань энэ.
Хамгийн анх 1743 онд Францын эзэн хаан арван дөрөвдүгээр Людовик дээд давхарт нь хүлээж байх нууц амрагийнхаа өрөөнд төвөггүй хүрч очихын тулд Версаль дахь ордондоо “лифт” суурилуулсан баримт байна. Тэгэхээр лифт чинь сайхан бүсгүйгээс шалтгаалан бий болсон ч байж магадгүй юм байна шүү.
МЭӨ I зууны эртний Ром, МЭ VI зууны Эгипетийн Синайн сүмд хүн зөөдөг өргөгч төхөөрөмж байсан тухай эртний сурвалжуудад өгүүлсэн байдаг ажээ. 1795 онд Оросын алдарт Кулибин “өргөж буулгадаг эргүүлгэн сандал” хийж Өвлийн Ордонд байрлуулсан түүхтэй гэнэ. Эдгээр бүх төхөөрөмжүүдийг боолууд эсвэл морь, илжиг гэх мэт малын хүчээр өргөж буулгадаг байсан байна. Харин уурын машин зохион бүтээсний дараахан түүний ажиллах зарчмыг өргөгч төхөөрөмжинд тохируулан ашигласан юм.
Орчин үеийн лифт буюу цахилгаан шатны гол төхөөрөмж нь түүнийг автоматаар зогсоогч төхөөрөмж бөгөөд үүнийг Элайша Грэйвс Отис (1811-1861) гэгч америк эр зохион бүтээсэн нь анхных аж. Отис амьдралдаа маш олон төрлийн бизнес эрхэлж явсан сүйхээтэй нэгэн байсан. Барилга барьж, модны үйлдвэрт ажиллаж, сүйх тэрэг урлаж, тавилгын үйлдвэрт ч ажиллаж байжээ. Чухам тэрхүү тавилгын үйлдвэрт байхад нь буюу 1852 онд тавилга хийх модыг дээш өргөж гаргах ажлыг хөнгөвчлөн өргөгч бүтээх хэрэг гарсан бололтой.
Төхөөрөмжийг зохион бүтээхэд сүйх тэрэг урлаж байсных нь хэрэг гарч, өргөгч тавцанд аргамжааг бэхлэхдээ хавтгай пүршийг нум маягаар бэхэлжээ. Харин өргөгчтэй зэрэгцүүлэн арзгар шүдтэй рельс байрлуулсан нь өргөгч хоосон байх үед ч пүрш махийж, рельсүүдийн хооронд чөлөөтэй хөдлөх боломжийг олгоно. Татлага тасрахад пүрш тэгширч үзүүрүүдээрээ рельсийн шүдэнд тээглэн уналт зогсоно.
Отис өөрийн зохион бүтээсэн өргөгчөө “аюулгүй өргөгч” гэж нэрлэжээ. Үүнийхээ дараа тэр лифт үйлдвэрлэх жижиг гар үйлдвэрээ нээсэн байна. Өдгөө ч “Отис” компани энэ салбарт алдартай хэвээр.
1854 онд Отис бүтээгдэхүүнийхээ эрэлтийг өсгөх үүднээс нэгэн сонирхолтой сурталчилгааг хийв. Нью-Иоркын нэгэн үзэсгэлэнгийн танхимд 12 метрийн өндөртэй хоёр тулгуурын дунд өргөгч тавцангаа байрлуулжээ. Энэ төхөөрөмжийн орой дээр нь урт сэлэм барьсан хүн зогсч, харин өргөгч тавцан дээрх торх, хайрцагнуудын дунд бүтээгч маань өөрөө зогсоно. Уурын машин тавцанг дээш татан гаргаж, сэлэм барьсан туслагч нь Отисын дохиогоор олсыг цавчина. Тавцан хоёр метр хиртэй доошлоход автомат төхөөрөмж айхтар хяхтнан ажиллаж тавцанг зогсоох бөгөөд энэ үед Отис бүрхээ авч цугласан олонд мэхийдэг аж.
Гурван жилийн дараа “Отисын уурын өргүүрийн компани” хүн тээх анхныхаа лифтийг Бродвейн таван давхар дэлгүүрт байрлуулжээ. Лифт таван хүний даацтай, секундэд 20 см-ийн хурдтай байлаа.
Тэнгэр баганадсан барилгууд баригдаж эхлэх үед Отис аль хэдийн нас эцэслэсэн байв. Анхны аваргуудад олсгүй, гидравлик лифтүүдийг суурилуулж байсан аж. Түүний урт цилиндр дотор хөдлөх бүлүүр нь усны түлхэлтээр лифтийн кабиныг дээш гаргана. Ийм системийг 20 давхар хүртэлх өндөртэй барилгад л хэрэглэж байв. Харин цилиндр хонгилыг гаргахын тулд барилгын сууринаас доош түүний өндөртэй адил гүнтэй нүх ухах хэрэг гардаг нь хүндрэлтэй байж. Гэсэн ч гидравлик лифт нь Отисын аюулгүй лифтнээс даруй хорь дахин хурдан явдаг давуу талтай. Үүнээс гадна хэсэг хугацааны дараа энэ лифтийг илүү боловсронгуй болгосон нь цилиндрийг хэвтээ байрлуулж, бүлүүр нь оньсон системээр олсыг татаж кабиныг өргөдөг болжээ. Гидравлик лифтийг Францад зохион бүтээсэн бөгөөд 1867 онд Парист болсон олон улсын үзэсгэлэн дээр анх нийтэд танилцуулсан байна. Хожим түүнийг Эйфелийн цамхагт байрлуулжээ.
1859 онд Отис компани “Тавдугаар өргөн чөлөө” хэмээх нэртэй зочид буудалд эргүүлгэн лифт суурилуулав. Барилгын хонгилоос дээврийн хөндий хүрсэн аварга том эрэг эргэхэд дагаад кабин нь хөдөлнө. Уурын машиныг барилгын хонгилд байрлуулан эргийг хөдөлгөдөг байна. Гэвч энэ технологи нь хурд багатай, тохиромж муутайн дээр өртөг хэтэрхий өндөртэй байв. Ер нь дэлхий дээр ийм лифт хоёрхон хийгдсэн бөгөөд уг зочид буудал ч 1875 онд лифтээ сольжээ.
Анхны хүн зөөгч цахилгаан шатыг Германы Сименс ба Гальке компани 1880 онд бүтээсэн. Энэ лифт 22 метрийн өндөрт 11 секундын дотор гарч байлаа. Отис компанийн анхны цахилгаан шат 1889 онд Нью-Йоркын нэгэн аварга барилгад суурилуулагдсан. Өнөө үед барилгын өндөр огтхон ч бэрхшээл байхаа больжээ. Чикагогийн Сирс цамхаг (Sears) гэхэд 76 цахилгаан шаттай агаад тэдний 29 нь нэг зэрэг хоёр давхраас хүн бууж суудаг “давхар” лифтүүд (double decker) юм байна. Дэлхийн хамгийн хурдан лифт Тайванийн Тайпэйн 101 давхар цамхагт байдаг бөгөөд 37 секундын дотор 89 давхарт хүрэх хурдтай.
Одоо цамхгуудын тухай жаахан мэдээлэл цуглуулнаа.
Oct, 2007, Paris

Thursday, February 14, 2008

Аймшигт төгсгөл үү?

Сүүлийн хоёр жилд хамгийн аймшигтай бөгөөд эмгэнэлтэй, сэтгэл эмэглүүлсэн, бас ихээр сонсогдож байгаа мэдээлэл бол хорт хавдар. Монголд хорт хавдар өмнө нь тийм их байдаггүй байсан уу, эсвэл байсныг нь оношилж чаддагүй байгаад одоо л оношилж чаддаг болсноос тэр үү, уулзсан хүн бүрийн хэн нэгэн ойр дотнын хүн, эсвэл өөрөө хорт хавдараар шаналж байгаа, нас нөгчсөн байх юм. Хамгийн элбэг тохиох нь:

  • Элэгний
  • Ходоодны
  • Эмэгтэйчүүдэд бол савны, умайн, өндгөвчний гэхчлэн.
Саяхан нэг хүний хамар дотор хорт хавдар үүсэн хамаг нүүрийг нь идэж, ихэд зовж байгаад таалал төгссөн гэж сонсоод шөнө нойр ч хүрсэнгүй. Эргэн тойрон хавдар, эмчлэх хугацаа нь өнгөрчихсөн, Монголд эмчилж чадахгүй, гадаадад эмчлүүлэхэд хэт үнэтэй, эрхтэнээ солиулахад донор олддоггүй гээд л...
Нэг өвчтөн Сингапурт элгээ солиулах мэс засал хийлгэхээр болоод хүүхдүүд нь ээждээ элэгнээсээ өгч донор нь болоё гэсэн юм байх. Гэтэл хоёр хүүхэд нь хоёулаа багадаа шарлаж байсан тул элэг нь өөрчлөлттэй гэсэн шинжилгээ гарсан байна.
Бэргэн эгч маань савны хорт хавдартай болсон тул саваа авхуулахаас өөр аргагүй болсон. Аминд тулсан эрхтэн биш болохоор савгүй ч амьдарна л даа. Гэхдээ л эмэгтэй хүн шүү дээ, яахав?
Юун наадам, юун цагаан сар, юун тэр төрийн хишиг, юун сонгууль. Ганган машин хөлөглөж, үнэтэй байранд амьдрах, брэндийн хувцсаар гангарч, сүүлийн үеийн загвартай гар утас барихаас илүүтэй миний дотор эрхтэн юу болж, амьсгалж байгаа агаар нь хүртэл секунд секундээр биднийг алж байгаа бодож үзсэн билүү?
Хүүхэд шуухад, элдэв нэрээр тараадаг тэр мөнгөөр ядаж л оношлогооны сайн төвтэй болчих юмсан. Энэ аймаар утааг багасгах гэж элдэв хурал цуглаан хийж, гадаадад явж туршлага судалж мөнгөө үрэхийн оронд зүгээр л цахилгаанаар халаах боломжтой болгочихвол яасиймб?
Өдөр өдрөөр зулын тос шиг хайлан урсаж байгаа ээжийгээ хараад миний зүрх шимширч байна, би айж байна. Монгол хүмүүс хорт хавдрын аймшигт вирусуудын дунд ямар ч хамгаалалтгүй амьдарч байна шүү дээ. Монгол хүний ген устаж байгаа биш үү? Энэ бол аймшиг. Энэ бол төгсгөл. Аймшгийн кинон дээр гардаг тэр аюултай вирусын тархалтаас ер ялгарах юмгүй, гагцхүү нүдэнд үл үзэгдэнэ. Би айж байна, би зүгээр нэг сууж байгаад үхмээргүй байна...

Saturday, February 9, 2008

Цагаан сар - Хамгийн сайхан баяр

Үдэш гэрээрээ сууж элдвийг хөөрөнгөө буузаа чимхээд л, тэдний хүүхдэд энийг, эдний хүүхдэд энийг өгөе гэж ээжтэйгээ ярилцаад л. Өглөө гэрийнхнийгээ унтаж байхад нь гараад л, орой бараг унтчихсан хойно нь ирдэг хүн шүү дээ би. Цагаан сард бэлдэж л гэрийнхэнтэйгээ халуу ам бүлээрээ сайхан сууж байна. Хоёр эрэгтэй дүү маань хоёулаа найз охидуудтай болсон л гэнэ, нэг нь бүр гадаад охинтой найзалдаг л гэнэ. Хэний хүүхэд сургуульд явсан, бас нэгнийх нь хүү яаманд ажилд орсон гэхчлэн олон шинэ мэдээ сонслоо.
Шинийн нэгэн болохоор бүтэн жил уулзаагүй ах дүүс хамаатан садангуудтайгаа уулзаж, бүлээ зүсээ харалцана. Манай ээж, аав, буурай ээж, аав Цагаан сардаа бэлдэж нэг хөөрцөглөөд л, баяр эхлэхээр золгож нэг хөөрцөглөөд л. Саяхан л жижигхээн юмнууд гүйлдэж байсан чинь энэ жил суга өсчихөж, ноднингийн Цагаан сараар төрөөд хэдхэн хоносон байсан улаан нялзрай нөхөр бэлэг авах гэж оочерлоод л мөлхөж явна.
Би гэрийн ажилд тусалж чаддаггүй ажил муутайг хэлэх үү, Цагаан сараар л хэдэн өдөр жинхэнэ эмэгтэй хүн шиг тогоо барьж, бууз жигнэж, аяга угаасаар шөнө болгоно.
Сүүлийн хэдэн жилүүдэд хүн бүхэн шахуу л ад үзэж элдвээр хэлдэг Цагаан сарын баярт би дуртай. Хамгийн сайхан баяр шүү дээ. Айлын эзэгтэйн гараа гаргаж бэлдсэн хоол ундыг амталж, хамаатан садангуудтайгаа жилдээ ганц уулзаад сайхан шүү. Цагаан сар байгаагүй бол ах дүүгээ ч танихгүй, аягүй бол хоорондоо ч сууж балрах байх.
Нэг ажил бүтээх гэж жил гаран хөөцөлдөөд ер бүтдэггүй, нэг хэл амтай, хэрсүү нөхөр дээр л очоод гацчихаад байлаа. Тэгсэн чинь нөгөө хэл амт маань манай бүр их ойрын ах дүү байгаа юм даа. Цагаан сараар л ах дүүсээ мэдэлцлээ.
Мөнгө их үрэгдээд, хүнд баяр гэж хэлэх хүмүүс байнаа. Яахав дээ, мөнгийг гаргаж байж л олдог юм гэсэн. Жилд нэг удаа гаргаж байхад гэмгүй байлгүй дээ.
Энэ сайхан баяраараа сайхан шинэлцгээгээрэй. Ирэх жил бүх зүйл бүтнэ, нээрээ шүү.

Wednesday, February 6, 2008

Цоо шинэхэн дуу: ТӨГС ТӨГӨЛДӨР

Шинэхэн дууны анхны сонсогч болов.
http://www.monstudnet.mn/blog/audio/tugstuguldur.mp3

Хамтлагийн нэр нь Softcore. Таалагдсан шүү.

(Мессенжерээр ирэв) Who Understands Men?

Бүсгүйчүүд ээ, жаахан завсарлага аваад инээгээдхэе. Жич: Тоглоом даадаг эрчүүд л уншаарай. ;) Зарим нь жендер мендер яриад явчихдаг тал бий шүү, хэхэ.

1. The nice men are ugly.
2. The handsome men are not nice.
3. The handsome and nice men are gay.
4. The handsome, nice and heterosexual men are married.
5. The men who are not so handsome, but are nice men, have no money.
6. The men who are not so handsome, but are nice men with money think we are only after their money
7. The handsome men without money are after our money.
8. The handsome men, who are not so nice and somewhat heterosexual, don't think we are beautiful enough.
9. The men who think we are beautiful, that are heterosexual, somewhat nice and have money, are cowards.
10. The men who are somewhat handsome, somewhat nice and have some moneyand thank God are heterosexual, are shy and NEVER MAKE THE FIRST MOVE!!!!
11. The men who never make the first move automatically lose interest in us when we take the initiative.

NOW ....WHO IN THE world UNDERSTANDS MEN?
Men are like a fine wine..... They all start out like grapes, and it's our job to stomp on them and keep them in the dark until they mature intosomething you'd like to have dinner with.

SEND THIS TO SMART WOMEN WHO NEED A LAUGH AND TO THE GUYS YOU THINK CAN HANDLE IT!