Monday, February 18, 2008

Замдаа бодсон бодлоо хэлэлгүй буцлаа...

Өглөө сэрэхэд онгорхой цонхоор дуулдах их хотын хөл хөдөлгөөн, харийн хотын танил биш үнэр, бас түүний компьютерийн товчлууруудын чимээ... Энэ бүхэнд би аль хэдийн дасчихсан байж. Цонхны хөшигний оронд байх модон хаалтыг ихэд тээршаан ертөнцөөс таслагдчихаад байгаа юм шиг санагддаг байснаа ч больж. Харин ч хотын чимээнээс зугтахад таатай байдаг болохоор сүүлдээ энэ жижигхэн байран дахь хамгийн дуртай ганц зүйл маань болон хувирсансан.
Гадаа дулаахан, зөөлөн бороо шивэрнэ. Буцах цаг минь болжээ... Урт удаан, холын аялллаа дуусгая даа...
Битгий яваач гэж байна уу? Тэгсэн мөртлөө чив чимээгүй.
“Кофе уух уу?” Тиймээ, кофе. Яг л өнөөдөр өдрийн хоолондоо юу идэх үү, гадаа бороо орж байна гэдэг шиг энгийн яриа. Маргааш өглөө ч энэ бүхэн хэвээрээ байх юм шиг. Энгийн, сэтгэлд дулаан.
“Google earth-с гэрээ олчихлоо”
“Энэ мөн юм уу? Хэхэ. Хаа нэгтээ нь бид байгаа. Харин энэ Монгол, энэ миний гэр.”
Гэр. Бушуухан буцахсан. Онгоц хэзээ нисэх билээ?
“Гэр чинь энд байна шүү дээ” Тэр ийн хэлээд инээд алдах боловч сэтгэл дүүрэн жинхэнэ инээд нь биш. Зүрх нь шимширч байгаа байх даа. Хараад л баймаар. Юу ч хэлэхгүйгээр. Дахиад жаахан л удвал би төрсөн гэрээ мартчих гээд. “Би явлаа”...
Нутагт минь өвөл аль хэдийн эхэлчихсэн. Дулаан орны зөөлөн бороон бүүвэйнээс тэсгим өвлийн тачигнасан жавар руу ниснэ. Сэтгэл минь аль хэдийн түрүүлээд нисчихсэн, харин би энд хоргодсоор...
Өглөө сэрэхэд дасал болсон хотын нүргээн, үнэр, компьютерийн товчлуурын чимээ, аль нь ч алга. Өө, тийм, би гэртээ байгаа шүү дээ. Цонх онгойлгонгуут өглөөний хүйтэн агаартай зэрэгцэн хоолой хорсгосон гашуун утаа. Хийх юм юу ч үгүй юм шиг. Эргэн тойрон ямар ч утгагүй санагдаад. Компьютерээ асаах уу? Нүдэнд минь нулимс дүүрчээ. Буцаж орондоо орон хөнжилдөө шургалаа... Үгүй ээ, би босмооргүй байна, компьютерээ ч асаахгүй...
...Замдаа бодсон бодлоо би хэлээгүй буцсан...
UB, Oct 2006

1 comment:

david santos said...
This comment has been removed by a blog administrator.