Sunday, February 17, 2008

Дэлхийн анхны лифтүүдийн тухай Парист эхэлсэн бяцхан судалгаа


Парисын билэг тэмдэг болсон алдарт Эйфелийн цамхаг. Орон орны, түмэн хөлийн жуулчид хөлхөлдөж, энд ч хэд нь зураг авч, тэнд ч хэд патиараа татуулж, бас хэсэг нөхөд жижиг сажиг дурсгалын зүйлс заран гүйлдэж, зарим нь зуушаа идэнгээ элдвийг хөхүүнээр ярилцааад л. Үгүй энэ хятадууд ямар ч олуулаа юм, хаа газар л бөөнөөрөө хашгиралдаад л явцгаах, яанаа би яг эдний нэг шиг л харагдаж байгаа даа гэсэн шүү бодол төрж аль болох тэднээс холхон байхыг хичээснээ өөртөө инээд хүрээд ганцаараа түсхийтэл инээд алдчихав. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нэг хятад эр хажууд гүйж ирээд бодвол зураг дараад өг л гээд байгаа бололтой, камераа бариад л элдвийг шулганах юм. Яая гэхэв, адилхан инээд алдаж байгаад л зургийг нь дараад өгчихлөө. За за нэг иймэрхүү, өөрийгөө бүр их шооллоо.
Цахилгаан шатаар аялсан зайгаа бодвол амьдралдаа овоо олон километр замыг түүгээр туулсан байх аа. Өмнө нь хэзээ ч ийм саваагүй бодол төрж байсангүй. Харин цамхаг руу цахилгаан шатаар өгсч явахад яг ийм бодол төрж, ер нь энэ лифт гээч юм байгаагүй бол өндөр цамхгууд, тэнгэр баганадсан аваргууд хаа ч үгүй байх биз ээ, лифт анх хэзээ хийгдсэн бол, хүн төрөлхтөн үүнийг яаж сэтгэж хийсэн болоо хэмээн эргэн тойрныг сонирхохоосоо илүүтэй өөрийн бодолдоо автан явлаа.
Цахилгаан шатан дотор эхэлсэн энэхүү сониучхан бодлоос салалгүй явсаар орой гэртээ ирэнгүүтээ л Гүүглдэж бага сага мэдээлэл олж авсан маань энэ.
Хамгийн анх 1743 онд Францын эзэн хаан арван дөрөвдүгээр Людовик дээд давхарт нь хүлээж байх нууц амрагийнхаа өрөөнд төвөггүй хүрч очихын тулд Версаль дахь ордондоо “лифт” суурилуулсан баримт байна. Тэгэхээр лифт чинь сайхан бүсгүйгээс шалтгаалан бий болсон ч байж магадгүй юм байна шүү.
МЭӨ I зууны эртний Ром, МЭ VI зууны Эгипетийн Синайн сүмд хүн зөөдөг өргөгч төхөөрөмж байсан тухай эртний сурвалжуудад өгүүлсэн байдаг ажээ. 1795 онд Оросын алдарт Кулибин “өргөж буулгадаг эргүүлгэн сандал” хийж Өвлийн Ордонд байрлуулсан түүхтэй гэнэ. Эдгээр бүх төхөөрөмжүүдийг боолууд эсвэл морь, илжиг гэх мэт малын хүчээр өргөж буулгадаг байсан байна. Харин уурын машин зохион бүтээсний дараахан түүний ажиллах зарчмыг өргөгч төхөөрөмжинд тохируулан ашигласан юм.
Орчин үеийн лифт буюу цахилгаан шатны гол төхөөрөмж нь түүнийг автоматаар зогсоогч төхөөрөмж бөгөөд үүнийг Элайша Грэйвс Отис (1811-1861) гэгч америк эр зохион бүтээсэн нь анхных аж. Отис амьдралдаа маш олон төрлийн бизнес эрхэлж явсан сүйхээтэй нэгэн байсан. Барилга барьж, модны үйлдвэрт ажиллаж, сүйх тэрэг урлаж, тавилгын үйлдвэрт ч ажиллаж байжээ. Чухам тэрхүү тавилгын үйлдвэрт байхад нь буюу 1852 онд тавилга хийх модыг дээш өргөж гаргах ажлыг хөнгөвчлөн өргөгч бүтээх хэрэг гарсан бололтой.
Төхөөрөмжийг зохион бүтээхэд сүйх тэрэг урлаж байсных нь хэрэг гарч, өргөгч тавцанд аргамжааг бэхлэхдээ хавтгай пүршийг нум маягаар бэхэлжээ. Харин өргөгчтэй зэрэгцүүлэн арзгар шүдтэй рельс байрлуулсан нь өргөгч хоосон байх үед ч пүрш махийж, рельсүүдийн хооронд чөлөөтэй хөдлөх боломжийг олгоно. Татлага тасрахад пүрш тэгширч үзүүрүүдээрээ рельсийн шүдэнд тээглэн уналт зогсоно.
Отис өөрийн зохион бүтээсэн өргөгчөө “аюулгүй өргөгч” гэж нэрлэжээ. Үүнийхээ дараа тэр лифт үйлдвэрлэх жижиг гар үйлдвэрээ нээсэн байна. Өдгөө ч “Отис” компани энэ салбарт алдартай хэвээр.
1854 онд Отис бүтээгдэхүүнийхээ эрэлтийг өсгөх үүднээс нэгэн сонирхолтой сурталчилгааг хийв. Нью-Иоркын нэгэн үзэсгэлэнгийн танхимд 12 метрийн өндөртэй хоёр тулгуурын дунд өргөгч тавцангаа байрлуулжээ. Энэ төхөөрөмжийн орой дээр нь урт сэлэм барьсан хүн зогсч, харин өргөгч тавцан дээрх торх, хайрцагнуудын дунд бүтээгч маань өөрөө зогсоно. Уурын машин тавцанг дээш татан гаргаж, сэлэм барьсан туслагч нь Отисын дохиогоор олсыг цавчина. Тавцан хоёр метр хиртэй доошлоход автомат төхөөрөмж айхтар хяхтнан ажиллаж тавцанг зогсоох бөгөөд энэ үед Отис бүрхээ авч цугласан олонд мэхийдэг аж.
Гурван жилийн дараа “Отисын уурын өргүүрийн компани” хүн тээх анхныхаа лифтийг Бродвейн таван давхар дэлгүүрт байрлуулжээ. Лифт таван хүний даацтай, секундэд 20 см-ийн хурдтай байлаа.
Тэнгэр баганадсан барилгууд баригдаж эхлэх үед Отис аль хэдийн нас эцэслэсэн байв. Анхны аваргуудад олсгүй, гидравлик лифтүүдийг суурилуулж байсан аж. Түүний урт цилиндр дотор хөдлөх бүлүүр нь усны түлхэлтээр лифтийн кабиныг дээш гаргана. Ийм системийг 20 давхар хүртэлх өндөртэй барилгад л хэрэглэж байв. Харин цилиндр хонгилыг гаргахын тулд барилгын сууринаас доош түүний өндөртэй адил гүнтэй нүх ухах хэрэг гардаг нь хүндрэлтэй байж. Гэсэн ч гидравлик лифт нь Отисын аюулгүй лифтнээс даруй хорь дахин хурдан явдаг давуу талтай. Үүнээс гадна хэсэг хугацааны дараа энэ лифтийг илүү боловсронгуй болгосон нь цилиндрийг хэвтээ байрлуулж, бүлүүр нь оньсон системээр олсыг татаж кабиныг өргөдөг болжээ. Гидравлик лифтийг Францад зохион бүтээсэн бөгөөд 1867 онд Парист болсон олон улсын үзэсгэлэн дээр анх нийтэд танилцуулсан байна. Хожим түүнийг Эйфелийн цамхагт байрлуулжээ.
1859 онд Отис компани “Тавдугаар өргөн чөлөө” хэмээх нэртэй зочид буудалд эргүүлгэн лифт суурилуулав. Барилгын хонгилоос дээврийн хөндий хүрсэн аварга том эрэг эргэхэд дагаад кабин нь хөдөлнө. Уурын машиныг барилгын хонгилд байрлуулан эргийг хөдөлгөдөг байна. Гэвч энэ технологи нь хурд багатай, тохиромж муутайн дээр өртөг хэтэрхий өндөртэй байв. Ер нь дэлхий дээр ийм лифт хоёрхон хийгдсэн бөгөөд уг зочид буудал ч 1875 онд лифтээ сольжээ.
Анхны хүн зөөгч цахилгаан шатыг Германы Сименс ба Гальке компани 1880 онд бүтээсэн. Энэ лифт 22 метрийн өндөрт 11 секундын дотор гарч байлаа. Отис компанийн анхны цахилгаан шат 1889 онд Нью-Йоркын нэгэн аварга барилгад суурилуулагдсан. Өнөө үед барилгын өндөр огтхон ч бэрхшээл байхаа больжээ. Чикагогийн Сирс цамхаг (Sears) гэхэд 76 цахилгаан шаттай агаад тэдний 29 нь нэг зэрэг хоёр давхраас хүн бууж суудаг “давхар” лифтүүд (double decker) юм байна. Дэлхийн хамгийн хурдан лифт Тайванийн Тайпэйн 101 давхар цамхагт байдаг бөгөөд 37 секундын дотор 89 давхарт хүрэх хурдтай.
Одоо цамхгуудын тухай жаахан мэдээлэл цуглуулнаа.
Oct, 2007, Paris

2 comments:

бж said...

Saruulaa, goyo medeelel oruulsan baina. Ih urt yumaa. Jaahan yarch orj ireed guilgej unshaad l garlaa. Butsaj orj ireh l heregtei bolloo doo.
Chinii blog gej neg iim daruuhan goyo blogoor oroh durtai bolood baigaa. Bicheed baigaarai...

бж said...

Unuudur neg sonin bodol turj manai tsahilgaan shat 7 davhar hurtel heden second yavdagiig tsag harj shalgalaa. Neg davhraas hudluud 16 sec yavj baij 7 davhart irvee...