Thursday, February 14, 2008

Аймшигт төгсгөл үү?

Сүүлийн хоёр жилд хамгийн аймшигтай бөгөөд эмгэнэлтэй, сэтгэл эмэглүүлсэн, бас ихээр сонсогдож байгаа мэдээлэл бол хорт хавдар. Монголд хорт хавдар өмнө нь тийм их байдаггүй байсан уу, эсвэл байсныг нь оношилж чаддагүй байгаад одоо л оношилж чаддаг болсноос тэр үү, уулзсан хүн бүрийн хэн нэгэн ойр дотнын хүн, эсвэл өөрөө хорт хавдараар шаналж байгаа, нас нөгчсөн байх юм. Хамгийн элбэг тохиох нь:

  • Элэгний
  • Ходоодны
  • Эмэгтэйчүүдэд бол савны, умайн, өндгөвчний гэхчлэн.
Саяхан нэг хүний хамар дотор хорт хавдар үүсэн хамаг нүүрийг нь идэж, ихэд зовж байгаад таалал төгссөн гэж сонсоод шөнө нойр ч хүрсэнгүй. Эргэн тойрон хавдар, эмчлэх хугацаа нь өнгөрчихсөн, Монголд эмчилж чадахгүй, гадаадад эмчлүүлэхэд хэт үнэтэй, эрхтэнээ солиулахад донор олддоггүй гээд л...
Нэг өвчтөн Сингапурт элгээ солиулах мэс засал хийлгэхээр болоод хүүхдүүд нь ээждээ элэгнээсээ өгч донор нь болоё гэсэн юм байх. Гэтэл хоёр хүүхэд нь хоёулаа багадаа шарлаж байсан тул элэг нь өөрчлөлттэй гэсэн шинжилгээ гарсан байна.
Бэргэн эгч маань савны хорт хавдартай болсон тул саваа авхуулахаас өөр аргагүй болсон. Аминд тулсан эрхтэн биш болохоор савгүй ч амьдарна л даа. Гэхдээ л эмэгтэй хүн шүү дээ, яахав?
Юун наадам, юун цагаан сар, юун тэр төрийн хишиг, юун сонгууль. Ганган машин хөлөглөж, үнэтэй байранд амьдрах, брэндийн хувцсаар гангарч, сүүлийн үеийн загвартай гар утас барихаас илүүтэй миний дотор эрхтэн юу болж, амьсгалж байгаа агаар нь хүртэл секунд секундээр биднийг алж байгаа бодож үзсэн билүү?
Хүүхэд шуухад, элдэв нэрээр тараадаг тэр мөнгөөр ядаж л оношлогооны сайн төвтэй болчих юмсан. Энэ аймаар утааг багасгах гэж элдэв хурал цуглаан хийж, гадаадад явж туршлага судалж мөнгөө үрэхийн оронд зүгээр л цахилгаанаар халаах боломжтой болгочихвол яасиймб?
Өдөр өдрөөр зулын тос шиг хайлан урсаж байгаа ээжийгээ хараад миний зүрх шимширч байна, би айж байна. Монгол хүмүүс хорт хавдрын аймшигт вирусуудын дунд ямар ч хамгаалалтгүй амьдарч байна шүү дээ. Монгол хүний ген устаж байгаа биш үү? Энэ бол аймшиг. Энэ бол төгсгөл. Аймшгийн кинон дээр гардаг тэр аюултай вирусын тархалтаас ер ялгарах юмгүй, гагцхүү нүдэнд үл үзэгдэнэ. Би айж байна, би зүгээр нэг сууж байгаад үхмээргүй байна...

No comments: