Thursday, March 27, 2008

Амны "асуудал"

Нүд зүрх сэтгэлийн толь гэдэг. Үнэхээр л нүд хэзээ ч худлаа хэлдэггүй санагддаг юм. Харин ам бол биеийн толь, тэр дундаа эрүүл мэндийн толь гэчихвэл буруудахгүй биз ээ. Ганц би гэлтгүй бүх л эмэгтэйчүүд үнэрт маш мэдрэмтгий байдаг, тийм биз? Тамхины үнэрийг (миний дургүйг яана) бол бараг зуун метрийн цаанаас, эвгүй сүрчигний үнэрийг өрөөний тэртээ булангаас ч мэдэрчихнэ шүү. Харин өөд өөдөөсөө харж суугаад харилцан ярилцаж буй хүний амны эвгүй эвгүй үнэр ч давахад бэрхтэйхэн даваа. Брандаар гангарч, сайхан үнэртэй ус цацсан цэвэрхэн залуу ганц үг хэлэхэд л ам нь “асуудалтай” байвал тэгээд л дуусаа гэсэн үг.
Интернэтээс багахаан хайлт хийгээд үзэхэд боловсон хэллэгээр бол “амны хөндийн ариун цэвэр” эсвэл “амны хөндийн эвгүй үнэр” нь тухайн хүний дотор эрхтний эрүүл мэнд ямар байгаатай шууд холбоотой байдаг аж. Амны хөндий элдэв янзын бактериудаар дүүрэн байдаг. Хүний буйл өвчлөхөд л тэдгээр бактериуд буйлаар дамжин цусанд орох магадлалтай байдаг гэж уншлаа. Цусанд бактер ороход мэдээж төрөл бүрийн өвчин үүсэх аюултай болноо гэсэн үг.
Бас хүүхэд гаргах төлөвлөгөөтэй байгаа бүсгүйчүүд энэ тал дээр хүүхэд олохоосоо өмнө анхаарч эмчлүүлэх хэрэгтэй гэнэ. Цаашилбал, ходоодны эрүүл мэнд ямар байгааг амны үнэр шууд илэрхийлдэг гэдэг шүү дээ. Зарим тохиолдолд ДОХ өвчний анхны шинж тэмдгүүд аманд ямар нэгэн байдлаар илэрдэг тохиолдол бий гэсэн байна. Ясны сийрэгжилтийн шинж тэмдэг бас шүдэнд илэрдэг. Энэ мэтчилэн дурдаад байвал их л урт жагсаалт болохдогоо. Ер нь бид бүгд л энэ талаар их бага ямар нэг хэмжээгээр мэднэ.
Сүүлийн үед монголчуудын дунд “амны үнэр”-ийн асуудал их түгээмэл болоод байх шиг ажиглагдаад байдаг. Өдөрт уулзаж ярилцсан 5 хүний тутмын лавтай 3 нь ийм асуудалтай гэхэд хэтрүүлсэн болно гэж би лав бодохгүй байна.
Нийтээрээ эрүүл мэнд доройтоод байна уу, эсвэл ариун цэврээ сахихаа больчихоод байгаа юм уу. Ямар ч байлаа гэсэн хүн бүр “амандаа” анхаарая аа!!!

Tuesday, March 18, 2008

Би мартжээ...

Өнөөдөр аль хэдийн гурван сарын арван найман, есний өдрөөс хойш есөн хоног өнгөрчихөж. Есөн... Өөрийнхөө төрсөн өдрийг ч тэмдэглэх дургүй би ертөнцийн чинад нисээд явчихсан хойно чинь ч том үсгээр тэмдэглэн хүндэлдэг тийм л өдөр, чиний төрсөн өдөр байсансан. Гэтэл би энэ жил мартчихаж. Есөн хоногийн дараа санах минь энэ.
Цагийн эрхээр юм бүхэн бүдгэрч, залуу нас, гоо үзэсгэлэн хүртэл хөгшрөн алга болж, хад чулуу элэгдэн, ус мөрөн гольдролоо солино. Би ч хумхийн тоос болон алга болно. Гагцхүү халуун сэтгэл хөрч мартагдах ёсгүй... Энэ өдрийг мартатлаа ийн хэнэггүй би явлаа ч сэтгэлд минь мөнхөд үлдсэн андынхаа дурсамжийг цагийн урсгалд зүгээр нэг гээчихнэ гэж үү? Үгүй л байгаасай.
Зүүдэнд минь өдрийн од шиг хааяахан үзэгдээд явчихдаг чи минь тэртээ дээрээс намайг хараад гомдож суугаа даа. Уучил...

Monday, March 17, 2008

АЛТАЙ: Хэрвээ энэ...

Хэрвээ энэ бороо
Бид хоёрыг норгосон бол
Хэрвээ энэ гудамж
Бид хоёрыг хүлээсэн бол

Хэрвээ хайртай гэдэг үг
Ийм гунигтай байгаагүй бол
Хэрвээ баяртай гэдэг үг
Ийм богинохон байгаагүй бол

Хэрвээ намайг ширтэх чинь
Алдах вий гэж нууцхан хэлээгүй бол
Хэрвээ би - би биш
Мөнх дурлалын дуулал байсан бол

Хэрвээ энэ олон “хэрвээ”
Цаасан дээр сараачсан зураас л байж
Хаа нэгтээ гээгдэж, мартагдвал...
Хэрвээ энэ бороо

Friday, March 14, 2008

Уртын дуутай, Хонгорзултай үдэш

Би цэв цэнхэр торгон алчуур толгойдоо гоёмсог ороочихоод их талын тэнэгэр уудамд өглөөний сэрүүхэн цэнгэг агаарт ус туулан гүйж яваа юм шиг. Эсвэл цаст өндөр уулын чанх оргилд цав цагаан даашинзныхаа хормойг дэрвүүлэн салхи сөрөн гараа тосоод зогсч байгаа ч юм шиг. Бас ургаж буй нарыг чиглэн морин дэл дээр гэзгээ хийстэл давхиж ч явах шиг...
Уртын дууны шуранхайлах аялгуу дуурсч эхлэхүйеэ хамаг биеэр минь ямар нэгэн цахилгаан гүйдэл жирвэлзэх мэт болж нүдний нулимс цийлэгнээд... Нүдээ анихад бие сэтгэл минь тэр чигээрээ олон өнгийн, үзэсгэлэнтэй, эрх дураараа тийм нэгэн ертөнц рүү нисэн очих юм. Тэр ертөнцөд тал нутаг, сэвэлзүүр салхи, цэнхэр тэнгэр, бас хүлэг морьд байдаг. Тэгээд би, уртын дуутайгаа хамт...
Бүсгүй хүний хоолой чадлаар амилан дуурсах уртын дууны аялгуу тэр чигээрээ бүх биед минь нэвчин шингэж, сэтгэл санааг ариусган сэргээх шидтэй. Найзын минь хэлснээр уртын дууг мэдэрч хүлээж авдаг тэр мэдрэмж монгол хүний цусанд байдаг гэнэм. Харь оронд төрөөд, монгол хэлээ мэдэхгүй өссөн байлаа ч уртын дуугаа сонсоод яг л тэр цусанд байгаа монгол сэтгэлээ мэдэрнээ гэж тэр минь хэлж билээ.
Хүндээр өвдсөн хүмүүс, эсвэл гэмт хэрэгтнүүдэд уртын дуу байнга сонсгоод байвал ямар нөлөө үзүүлэх бол? Хүүхдүүдэд уртын дуу сонсгож өсгөвөл тэд лавтай хэзээ ч муу муухай сэтгэлтэй хүн болохгүй.
Уртын дууны аялгуун дор ийм л сайхан, ийм л гайхамшигтай мөчүүд урсана.
Би тэнэгэр уудам талынхаа салхинд гоёмсог цэнхэр алчуураа намируулан эрх дураараа гүйж явна. Өмнөөс минь хэн нэгэн угтан ирж явна уу. Намайг тосоод аваарай...

Tuesday, March 4, 2008

Судалт авдрын нууц (Төгсгөл)

- Намайг тавцан дээр байгаа, таныг унтаж байгаа гэдгийг Армстронг мэдэж байсан. Тэгээд л авдрыг онгойлгох гэж. Тэр энэ халиваар түгжээг эвдэхийг оролджээ. Дараа нь ямар нэгэн юм болж та түүний хашгирахыг сонссон байна.
- Түүнд юу тохиолддог байнаа, Эллердайс? гэж би шивнэлээ.
Эллердайс миний мөрөн дээр гараа тавин өөрийнхөө каютад аваачлаа.
- Энд чөлөөтэй ярьж болно, сэр. Харин тэнд, яаж мэдхэв хэн нэг нь сонсчих ч юм билүү. Ахмад Баркли, энэ авдар дотор юу байна гэж та бодож байна?
- Тангараглая Эллердайс. Надад ямар ч төсөөлөл алга.
- Тэгэхээр би нэг л зүйлийг хэлж чадах байна. Бидэнд мэдэгдэж байгаа баримтуудыг аваад үзэе л дээ. Тэр элдэв чимэглэлүүдээр ямар ч нүх сүвийг халхалж болноо доо. Авдрын хэмжээ байна. Дөрвөн хүн дөнгөн данган өргөж байсан шүү дээ. Эцэст нь хоёр хүн түүнийг онгойлгох гэж оролдоод хоёулаа үхсэнийг мартаж болохгүй. Юу болоод байгаа нь ойлгомжтой биш үү, сэр?
- Та авдар дотор хүн байна гэж хэлэх гээд байна уу?
- Тэгэхгүй яах юм. Сэр, та өмнөд Америкийн орнуудыг сайн мэднэ. Өнөөдөр ерөнхийлөгч байсан хүнд маргааш нь гэхэд л нохой шиг хор өгч орхидог улс. Тэндхийн хүмүүс зөвхөн өөрийнхөө амь насны төлөө л бүхнийг хийж байдаг юм. Миний бодоход авдар дотор ямар нэгэн шийдсэн, зэвсэглэсэн этгээд нуугдаж байна. Тэр ч амьдаараа бидний гарт орно гэж байхгүй дээ.
- Түүний чинь хоол унд нь тэгээд яах болж байна?
- Авдар багтаамж ихтэй, тэгээд ч нэг хүнд их юм орохгүй. Бодвол дарвуулт онгоцны багийнхан дунд түүнд ус аваачиж өгдөг санаа нэгт этгээд байсан биз.
- Таныхаар бол авдрыг онгойлгож болохгүй гэсэн бичиг бол ердөө л мэх болж байна уу?
- Яг тийм, сэр. Та үүнийг өөрөөр тайлбарлаж чадах юм уу?
Би ч чадахгүй гэдгээ мэдэж байлаа.
- Одоо бид яах ёстой вэ?
- Тэр шийдсэн дээрэмчинг юу ч зогсоож чадахгүй. Авдрыг татлагаар уяад хагас цаг хиртэй чирэх хэрэгтэй. Тэгвэл санаа амар онгойлгож болно. Бүр авдрыг олсоор ороогоод тэр хүнийг усгүй байлгаж болох юм. Эсвэл агаар оруулахгүйн тулд нүх сүв болгоныг нь таглах хэрэгтэй.
- За боллоо, Эллердайс гэж би уурсан дуу алдаад – Хөлгийн бүх л багийг ганц хүн айлгах нь л дутаж гэнэ. Хэрвээ авдар дотор хэн нэгэн байгаа л юм бол би түүнийг тэндээс гаргана.
Би кают руугаа очоод гар буу авч гол кают руу оров.
- За Эллердайс, түгжээг онгойлго. Би бэлэн байдалд зогсож байя гэж тушаав.
- Бурхныг бодож сэр, та юу хийж байгаагаа бодооч! Хоёр хүн алагдчихсан байна. Нэгнийх нь хивсэн дээр асгарсан цус хатаж ч амжаагүй байна шүү дээ! хэмээн Эллердайс дуу алдлаа.
- Тийм тусмаа бид өшөөг нь авах ёстой.
- За тэгэе дээ сэр. Гэхдээ ядаж мужааныг дуудахыг зөвшөөрөөч. Гурвуулаа бол хоёулхнаа байснаас дээр шүү дээ. Тэр бол хүчтэй бас зоригтой залуу.
Эллердайс мужааныг авчрахаар явж, би авдартай хамт каютад үлдлээ. Би өөртөө найдах хэдий боловч дундад зууны Испанийн энэхүү сүрлэг эдээс эмээж, ширээний цаана очиж суусан нь дээр гэж үзэв. Өглөө болж, өрөө бага багаар гэрэлтсээр уран дархан ямар их сэтгэл гаргаж хөдөлмөрлөсний гэрч болох авдрын улаан, цагаан судлууд, модон болон металл чимгүүдийнх нь хээ угалз тодхон харагдана.
Удалгүй Эллердайс гартаа алх барьсан мужааныг дагуулсаар орж ирлээ. Мужаан Армстронгийн цогцсыг хараад толгой сэгсрэн
- Муу юм болжээ, сэр. Та бас энэ авдар дотор хэн нэгэн нуугдаж байна гэж бодож байгаа юм уу?
- Үүнд ямар ч эргэлзээ байхгүй гэж Эллердайс хариулаад юу ч болсон бэлэн байдлаар халивыг авлаа.
- Та хоёр зэрэгцээд зогсож бай, харин би түгжээг онгойлгоё. Хэрэв тэр этгээд зугтах гэвэл мужаан чи түүний толгой руу бүх хүчээрээ цохь. Харин та сэр түүнийг гараа хөдөлгөх л юм бол шууд буудаарай. За эхэлэе!
Эллердайс судалт авдрын өмнө өвдөглөж суугаад халивын үзүүрийг таган доогуур нь шургуулав. Цоож тасхийн дуугарснаа онгойлоо.
- Бэлдээд! гэж хашгираад авдарны хүнд тагийг хүчлэн түлхлээ.
Яг тэр мөчид бид гурвуул гэдрэг үсрэн би буутай гараа сунган мужаан алхаа далайн хүлээв. Нэг секунд, дахиад бас нэг секунд өнгөрлөө, юу ч болсонгүй. Бид авдарт ойртож ирээд харцгаалаа. Авдар хоосон байв.
Гэхдээ бүр ч хоосон биш л дээ, буланд нь маш уран хийцтэй лааны суурь байсан нь үзтэл авдрынхаа адилаар ихэд хуучны эд ажээ. Металлынх нь шаргал өнгө, өвөрмөц хийц нь энэ эдийн асар их үнийг хэлээд өгч байв. Үүнийг эс тооцвол тоосноос өөр жинтэй, үнэтэй зүйл судалтай авдар дотор байсангүй.
- Ийм байдаг байжээ, чөтгөр ав! хэмээн Эллердайс дуу алдаад – Энэ чинь тэгээд яахаараа ийм хүнд байдаг байнаа?
- Авдарны хана, таг нь ямар зузаан байгааг харахгүй юу. Лавтай таван дюймаас багагүй дээ. Таганд нь бэхэлсэн тэр асар том пүршийг хар л даа.
- Ийм пүршийг тагийг нь нээлттэй тогтоох гэж хийдэг юм гэж туслах маань тайлбарлаад – Тэр дотор талд нь германаар бичсэн юун бичиг вэ?
- Энд “Аугсбургийн Иоганн Ротштейн 1606 онд энэ авдрыг урлав” гэж бичсэн байна.
- За, муугүй л боллоо. Гэхдээ энэ бүгдийг яаж тайлбарлах вэ, ахмад Баркли? Энэ лааны суурийг алтаар хийсэн бололтой. Бидэнд зөндөө төвөг удсаны төлөө ямар ч гэсэн нэг юм авахнээ.
Эллердайс лааны суурийг авахаар авдар руу тонгойход нь би хоромхон зуурт цамцны захнаас нь барин авч хойш нь татав. Энэ мөчөөс хойш би зөн совин байдаг гэдэгт нэг ч удаа эргэлзээгүй билээ. Магадгүй, яг тэр мөчид надад дундад зууны үеийн ямар нэгэн үлгэр домог санагдсан ч байж болох юм. Эсвэл би түгжээний дээд талаас зэвтэй огтхон ч төсгүй, ямар нэгэн улаан өнгөтэй зүйл цухуйж байхыг гэнэт харсан байж ч болох юм. Юутай ч гэсэн зөн совин л надад юу хийхийг минь хэлж өгсөн гэдэгт Эллердайс бид хоёр итгэж билээ.
- Энд ямар нэгэн чөтгөр шулмын юм байна! гэж би дуу алдав. – Тэр буланд байгаа таягийг надад аваад өг дөө.
Энэ бол матмал бариултай жирийн таяг байв. Би түүгээр лааны суурийг дэгээдээд өөр рүүгээ татлаа. Гэтэл тагны дээд талаас гялалзсан ган соёо цухуйж, судалтай том авдар зэрлэг араатан адил бидэн рүү ярзайх нь тэрээ. Хүнд таг нижигнэн хаагдахад хананд өлгөсөн тавиур доргиж, шилэн аяганууд жингэнэн дуугарав. Эллердайс байдгаараа салгалан ширээний өнцөг дээр лагхийн суулаа.
- Ахмад Баркли, та миний амийг аварлаа хэмээн удаан дуугүй суусны эцэст дуугарав.
Ингэж бид хөгшин дон Рамиресийн эзэмшиж байсан судалт авдрын нууцыг мэдэж билээ. Терра Фирма болон Верагуагаас дээрэмдсэн үнэт эрдэнэсээ мань испани эр ингэж хадгалж байжээ. Үүнийг хулгайлсан хулгайч лааны алтан суурийг бусад үнэт эрдэнэсээс нь ялгаж чаддаггүй. Суурийг авах яг тэр мөчид аймшигт пүрш үүргээ гүйцэтгэж, ган соёонууд нь тархийг нь бяцалдаг байна. Цохилт маш хүчтэй учир үхдлийг хойш нь шидээд, авдар өөрөө хаагддаг ажээ. Хэчнээн хүн Аугсбургийн зальтай механикчийн бүтээлд үрэгдсэн бол гэсэн бодол миний толгойд гялсхийн орж ирэв.
Аймшигт судалт авдрын түүхийг бодож үзээд би шийдвэрээ гаргалаа.
- Мужаан, чи гурван усан цэрэг нааш нь дуудаж авчраад авдрыг тавцан руу гарга.
- Сэр, та түүнийг далай руу хаях гэж байна уу?
- Тиймээ, Эллердайс. Би огтхон ч мухар сүсэггүй хүн. Гэвч энэ ертөнц дээр нэг ч далайчин тэвчиж үл чадах тийм зүйлс байх юм.
- Ахмад аа, Бразилийн тэр дарвуулт онгоц шуурганд яагаад тэгж их зовсон нь одоо л ойлгомжтой боллоо. За тэр, барометр ч унаж байна. Сэр, бид яг цагт нь амжиж авдарнаас салах юм байна.
Бид усан цэргүүдийг ирэхийг ч хүлээсэнгүй, гурвуул авдрыг тавцан дээр чирч гаргаад хашлага давуулан шидлээ. Ус цацран хөөрч, судалт авдар далайн ёроол руу одов. Тэрээр одоо ч тэндээ хэвтэж байгаа буй заа. Хэрэв өнөө үед далай ширгэн татарч байгаа нь үнэн аваас тэр хачин судалтай авдрыг олоод түүний нууц руу нэвтрэхийг оролдох тэр хүний хөөрхийлөлтэй хувь заяанд би эртнээс гашуудан сууна.

Saturday, March 1, 2008

Судалт авдрын нууц (Үргэлжлэл)

Авдрыг төмөр татлагаар Мэри Сэнклерийн тавцан дээр гаргаад дөрвөн усан цэрэг дамжилж байж зайтай арайхийн каютад оруулан арын хананы тэнд ширээ шүүгээ хоёрын дунд тавилаа. Оройн зоог барьсны дараа туслахууд маань миний каютад үлдээд дарс уун өдрийн явдлыг хэлэлцэв. Өндөр туранхай, яагаад ч юм элээг санагдуулаад байдаг Армстронг өөрийгөө гайхалтай далайчин гэж тооцдог боловч харамч хахир, ховдог шунахайгаараа нэртэй хүн билээ. Бидний олз түүнийг догдлуулжээ. Тэрээр нүд нь гялалзан хаягдсан хөлгөөс олсон зүйлсийг зараад орлогоо хуваахад нэг хүнд хэдий хир хувь ногдохыг аль хэдийн тооцчихсон сууна.
- Хэрвээ үнэхээр л тэр цаасан дээр бичсэнээр хосгүй ховор эд юм бол бид амандаа орсон үнээ өгч болно. Баян цуглуулагчид заримдаа галзуурсан мэт их үнэ төлдөг юм. Та нар төсөөлж ч чадахгүй дээ. Хэдэн мянган фунт гэдэг бол тэдний хувьд юу ч биш. Бидний энэ аялал амжилттай боллоо гэвэл худлаа хэлсэн болохгүй.
- Тэгж бодохгүй л байна шүү гэж би сөргөөд – Минийхээр бол энэ хуучны эдлэлүүд Өмнөд Америкаас байнга тээвэрлэж ирдэг зүйлсээс огтхон ч ялгагдахгүй.
- Гэхдээ сэр, би арван дөрвөн удаа аялал хийхдээ энүүн шиг авдар огтхон ч хараагүй юм байна. За, хоосон байлаа ч гэсэн овоо үнэ хүрэх л эд. Гэтэл хүндийг нь бодоод үзэхээр ямар нэгэн үнэтэй зүйл дотор нь байгаа нь илэрхий байна шүү дээ. Онгойлгож үзэх юм биш үү?
- Хэрвээ цоожийг нь эвдэх юм бол авдар ч бас гэмтэнэ шүү дээ гэж хоёрдугаар туслах маань болгоомжлов.
Армстронг авдрын өмнө явган суугаад урт бүдүүн хамраараа шүргэх шахан тонгойж, толгойгоо гилжийлгэн цоожийг үзнэ.
- Авдрыг царсаар хийсэн байна. Энд тэндээ бага зэрэг хагсчихаж. Хэрэв надад цүүц юмуу ир сайтай хутга байх юм бол авдрыг гэмтээлгүйгээр цоожийг эвдэж болох юм байна гэлээ.
Хурц иртэй хутганы тухай сонсоод дарвуулт онгоцон дээр алагдсан усан цэргийг санав.
- Магадгүй тэр авдрыг онгойлгох гэж оролдож байхад нь хэн нэгэн саад болсон байж болох юмаа гэж өөрийн эрхгүй дуугарав.
- Мэдэхгүй л дээ сэр. Гэхдээ би авдрыг онгойлгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тэр шүүгээн дотор халив байгаа. Эллердайс дэнлүү барьж бай. Би мөчийн дотор л бүгдийг амжуулна.
- Зогс! гэж би нүдэнд нь шунал, харам гялалзсан Армстронг авдарны таг руу тонгойхыг хараад хашхирав. – Бидэнд яарах шалтгаан байхгүй. Авдрыг онгойлгож болохгүй гэж бичсэн байхыг уншаа биз дээ. Хуурамч бичиг ч байж болох юм. Гэсэн ч би итгэж байна. Эцсийн эцэст авдарт байгаа юм алга болчихгүй. Бүр үнэт эрдэнэс нуусан байлаа ч гэсэн дарвуулт онгоцны эздийн өрөөнд бай, Мэри Сэнклер дээр ч бай, хаана ч онгойлгосон бай үнэ цэнээ алдахгүй.
Армстронг миний үгэнд илэрхий сандрав.
- Та чинь арай мухар сүсэгтэй юм биш биз дээ, сэр? хэмээн бувтнаж, зузаан уруул дээр нь зэвүүн инээвхийлэл тодорно. – Хэрвээ авдар бидний гараас мултарчихвал дотор нь юу байгааг ч мэдэж чадахгүй. Биднийг хуурч байж ч болно шүү дээ. Түүнээс гадна ...
- Хангалттай Армстронг! гэж би тас цохиод – Та өөрийнхөө хувийг авна. Энэ талаар санаа зоволтгүй. Харин авдрыг өнөөдөр онгойлгохыг огтхон ч зөвшөөрөхгүй.
- Хараач, шошгон дээрх бичгийг англиар бичсэн байгааг? Тэгэхээр түүнийг европчууд аль хэдийн үзэж амжсан байхнээ гэж Эллердайс хэлээд – Түүнээс гадна энэ авдарт үнэт зүйлс хадгалах ёстой байсан ч гэсэн энэ нь одоо дотор нь эрдэнэс байна гэсэн үг биш. Терра Фирмийн хөгшин губернаторын үеэс хойш цөөнгүй хүмүүс авдар руу өнгийж үзсэн гэдэгт эргэлзэх юм алга.
Армстронг мөрөө хавчаад халиваа ширээн дээр хаялаа.
- Дураараа л болцгоо гэж тэр бувтнав.
Хэдийгээр дараа нь бид огт өөр зүйлийн талаар ярилцсан боловч Армстронгийн шунал гялалзсан нүд судалт авдарнаас салахгүй байхыг би ажигласан билээ. Үүнээс цааш болсон үйл явдлыг эргэн санахад одоо ч өөрийн эрхгүй айдас хүрдэг юм.
Гол каютыг тойроод манай офицеруудын каютууд байдаг. Харин минийх хамгийн хол, доош буудаг нээлхийний хажууд хонгилын үзүүрт байдаг байлаа. Онцгой тохиолдлуудыг эс тооцох юм бол би жижүүрт бараг гардаггүй, туслахууд маань энэ ажлыг ээлжлэн гүйцэтгэдэг байв. Армстронг шөнө дунд жижүүрт гардаг ба өглөө дөрвөн цагт Эллердайс түүнээс халаа авна.
Би маш бөх унтдаг, намайг сэрээхийн тулд маш хүчтэй сэгсрэх хэрэгтэй болдгийг хэлэх ёстой. Ингээд л тэр шөнө, бүр яг хэлэх юм бол өглөө үүр цайхад би гэнэт сэрээд орон дээрээ босоод суучихлаа. Хронометр таван цаг хагасыг зааж байв. Ухаан мэдрэл маань чангалсан утас шиг л хөвчирчээ. Намайг ямар нэг хүнд юм унах, хүмүүн бусын дуугаар чарлах чимээ сэрээж, тэр дуу чихэнд хангинасаар байлаа. Би чих тавин чагнасан болов эргэн тойрон чив чимээгүй. Тэр аймаар дуу бол хоосон зүйл биш, бүр ойрхноос сонсогдсон бөгөөд одоо болтол сонсогдсоор байгаа юм шиг санагдана. Би орон дээрээсээ үсэр бууж, гартаа таарсан зүйлийг авч өмсөөд гол кают руу яарлаа.
Эхэндээ би онцгой юм юу ч ажигласангүй. Бүрэнхий хүйтэн өрөөн дэх тавилгууд, барометр, алсын буланд буй судалтай авдар зэргийг би ялгаж харлаа. Тавцан дээр гарч хоёрдугаар туслахаасаа асуухаар шийдэн эргэнгүүтээ ширээн дороос ямар нэгэн юм цухуйж байхыг ажиглав. Энэ бол далайчдын урт гутал өмссөн хүний хөл байв. Би тонгойн хараад Армстронгийг доош харан хэвтэж байхыг танилаа. Тэр үхчихжээ. Балмагдсандаа амьсгаа бөглөрөн хэдэн хором дуугарч чадахгүй зогсч байгаад тавцан руу гарч Эллердайсыг дуудан хоёул хамт буцаж ирэв. Бид золгүй Армстронгийг ширээн дороос гаргалаа. Түүний цус болсон толгойг харангуутаа үхдэл шиг л хувхай цайн бие бие рүүгээ харав.
- Бразилийн онгоцон дээр байсан усан цэрэг яг ингэж алуулсан байсан гэж эцэст нь би дуугарлаа.
- Яг тийм байна. Бурхан минь! Муу хараал идсэн авдар. Армстронгийн гарыг хараач!
Түүний гарт өчигдөр хэрэглэхээр завдаж байсан халив атгаатай байв.
(Үргэлжлэл бий)