Saturday, March 1, 2008

Судалт авдрын нууц (Үргэлжлэл)

Авдрыг төмөр татлагаар Мэри Сэнклерийн тавцан дээр гаргаад дөрвөн усан цэрэг дамжилж байж зайтай арайхийн каютад оруулан арын хананы тэнд ширээ шүүгээ хоёрын дунд тавилаа. Оройн зоог барьсны дараа туслахууд маань миний каютад үлдээд дарс уун өдрийн явдлыг хэлэлцэв. Өндөр туранхай, яагаад ч юм элээг санагдуулаад байдаг Армстронг өөрийгөө гайхалтай далайчин гэж тооцдог боловч харамч хахир, ховдог шунахайгаараа нэртэй хүн билээ. Бидний олз түүнийг догдлуулжээ. Тэрээр нүд нь гялалзан хаягдсан хөлгөөс олсон зүйлсийг зараад орлогоо хуваахад нэг хүнд хэдий хир хувь ногдохыг аль хэдийн тооцчихсон сууна.
- Хэрвээ үнэхээр л тэр цаасан дээр бичсэнээр хосгүй ховор эд юм бол бид амандаа орсон үнээ өгч болно. Баян цуглуулагчид заримдаа галзуурсан мэт их үнэ төлдөг юм. Та нар төсөөлж ч чадахгүй дээ. Хэдэн мянган фунт гэдэг бол тэдний хувьд юу ч биш. Бидний энэ аялал амжилттай боллоо гэвэл худлаа хэлсэн болохгүй.
- Тэгж бодохгүй л байна шүү гэж би сөргөөд – Минийхээр бол энэ хуучны эдлэлүүд Өмнөд Америкаас байнга тээвэрлэж ирдэг зүйлсээс огтхон ч ялгагдахгүй.
- Гэхдээ сэр, би арван дөрвөн удаа аялал хийхдээ энүүн шиг авдар огтхон ч хараагүй юм байна. За, хоосон байлаа ч гэсэн овоо үнэ хүрэх л эд. Гэтэл хүндийг нь бодоод үзэхээр ямар нэгэн үнэтэй зүйл дотор нь байгаа нь илэрхий байна шүү дээ. Онгойлгож үзэх юм биш үү?
- Хэрвээ цоожийг нь эвдэх юм бол авдар ч бас гэмтэнэ шүү дээ гэж хоёрдугаар туслах маань болгоомжлов.
Армстронг авдрын өмнө явган суугаад урт бүдүүн хамраараа шүргэх шахан тонгойж, толгойгоо гилжийлгэн цоожийг үзнэ.
- Авдрыг царсаар хийсэн байна. Энд тэндээ бага зэрэг хагсчихаж. Хэрэв надад цүүц юмуу ир сайтай хутга байх юм бол авдрыг гэмтээлгүйгээр цоожийг эвдэж болох юм байна гэлээ.
Хурц иртэй хутганы тухай сонсоод дарвуулт онгоцон дээр алагдсан усан цэргийг санав.
- Магадгүй тэр авдрыг онгойлгох гэж оролдож байхад нь хэн нэгэн саад болсон байж болох юмаа гэж өөрийн эрхгүй дуугарав.
- Мэдэхгүй л дээ сэр. Гэхдээ би авдрыг онгойлгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тэр шүүгээн дотор халив байгаа. Эллердайс дэнлүү барьж бай. Би мөчийн дотор л бүгдийг амжуулна.
- Зогс! гэж би нүдэнд нь шунал, харам гялалзсан Армстронг авдарны таг руу тонгойхыг хараад хашхирав. – Бидэнд яарах шалтгаан байхгүй. Авдрыг онгойлгож болохгүй гэж бичсэн байхыг уншаа биз дээ. Хуурамч бичиг ч байж болох юм. Гэсэн ч би итгэж байна. Эцсийн эцэст авдарт байгаа юм алга болчихгүй. Бүр үнэт эрдэнэс нуусан байлаа ч гэсэн дарвуулт онгоцны эздийн өрөөнд бай, Мэри Сэнклер дээр ч бай, хаана ч онгойлгосон бай үнэ цэнээ алдахгүй.
Армстронг миний үгэнд илэрхий сандрав.
- Та чинь арай мухар сүсэгтэй юм биш биз дээ, сэр? хэмээн бувтнаж, зузаан уруул дээр нь зэвүүн инээвхийлэл тодорно. – Хэрвээ авдар бидний гараас мултарчихвал дотор нь юу байгааг ч мэдэж чадахгүй. Биднийг хуурч байж ч болно шүү дээ. Түүнээс гадна ...
- Хангалттай Армстронг! гэж би тас цохиод – Та өөрийнхөө хувийг авна. Энэ талаар санаа зоволтгүй. Харин авдрыг өнөөдөр онгойлгохыг огтхон ч зөвшөөрөхгүй.
- Хараач, шошгон дээрх бичгийг англиар бичсэн байгааг? Тэгэхээр түүнийг европчууд аль хэдийн үзэж амжсан байхнээ гэж Эллердайс хэлээд – Түүнээс гадна энэ авдарт үнэт зүйлс хадгалах ёстой байсан ч гэсэн энэ нь одоо дотор нь эрдэнэс байна гэсэн үг биш. Терра Фирмийн хөгшин губернаторын үеэс хойш цөөнгүй хүмүүс авдар руу өнгийж үзсэн гэдэгт эргэлзэх юм алга.
Армстронг мөрөө хавчаад халиваа ширээн дээр хаялаа.
- Дураараа л болцгоо гэж тэр бувтнав.
Хэдийгээр дараа нь бид огт өөр зүйлийн талаар ярилцсан боловч Армстронгийн шунал гялалзсан нүд судалт авдарнаас салахгүй байхыг би ажигласан билээ. Үүнээс цааш болсон үйл явдлыг эргэн санахад одоо ч өөрийн эрхгүй айдас хүрдэг юм.
Гол каютыг тойроод манай офицеруудын каютууд байдаг. Харин минийх хамгийн хол, доош буудаг нээлхийний хажууд хонгилын үзүүрт байдаг байлаа. Онцгой тохиолдлуудыг эс тооцох юм бол би жижүүрт бараг гардаггүй, туслахууд маань энэ ажлыг ээлжлэн гүйцэтгэдэг байв. Армстронг шөнө дунд жижүүрт гардаг ба өглөө дөрвөн цагт Эллердайс түүнээс халаа авна.
Би маш бөх унтдаг, намайг сэрээхийн тулд маш хүчтэй сэгсрэх хэрэгтэй болдгийг хэлэх ёстой. Ингээд л тэр шөнө, бүр яг хэлэх юм бол өглөө үүр цайхад би гэнэт сэрээд орон дээрээ босоод суучихлаа. Хронометр таван цаг хагасыг зааж байв. Ухаан мэдрэл маань чангалсан утас шиг л хөвчирчээ. Намайг ямар нэг хүнд юм унах, хүмүүн бусын дуугаар чарлах чимээ сэрээж, тэр дуу чихэнд хангинасаар байлаа. Би чих тавин чагнасан болов эргэн тойрон чив чимээгүй. Тэр аймаар дуу бол хоосон зүйл биш, бүр ойрхноос сонсогдсон бөгөөд одоо болтол сонсогдсоор байгаа юм шиг санагдана. Би орон дээрээсээ үсэр бууж, гартаа таарсан зүйлийг авч өмсөөд гол кают руу яарлаа.
Эхэндээ би онцгой юм юу ч ажигласангүй. Бүрэнхий хүйтэн өрөөн дэх тавилгууд, барометр, алсын буланд буй судалтай авдар зэргийг би ялгаж харлаа. Тавцан дээр гарч хоёрдугаар туслахаасаа асуухаар шийдэн эргэнгүүтээ ширээн дороос ямар нэгэн юм цухуйж байхыг ажиглав. Энэ бол далайчдын урт гутал өмссөн хүний хөл байв. Би тонгойн хараад Армстронгийг доош харан хэвтэж байхыг танилаа. Тэр үхчихжээ. Балмагдсандаа амьсгаа бөглөрөн хэдэн хором дуугарч чадахгүй зогсч байгаад тавцан руу гарч Эллердайсыг дуудан хоёул хамт буцаж ирэв. Бид золгүй Армстронгийг ширээн дороос гаргалаа. Түүний цус болсон толгойг харангуутаа үхдэл шиг л хувхай цайн бие бие рүүгээ харав.
- Бразилийн онгоцон дээр байсан усан цэрэг яг ингэж алуулсан байсан гэж эцэст нь би дуугарлаа.
- Яг тийм байна. Бурхан минь! Муу хараал идсэн авдар. Армстронгийн гарыг хараач!
Түүний гарт өчигдөр хэрэглэхээр завдаж байсан халив атгаатай байв.
(Үргэлжлэл бий)

No comments: