Friday, March 14, 2008

Уртын дуутай, Хонгорзултай үдэш

Би цэв цэнхэр торгон алчуур толгойдоо гоёмсог ороочихоод их талын тэнэгэр уудамд өглөөний сэрүүхэн цэнгэг агаарт ус туулан гүйж яваа юм шиг. Эсвэл цаст өндөр уулын чанх оргилд цав цагаан даашинзныхаа хормойг дэрвүүлэн салхи сөрөн гараа тосоод зогсч байгаа ч юм шиг. Бас ургаж буй нарыг чиглэн морин дэл дээр гэзгээ хийстэл давхиж ч явах шиг...
Уртын дууны шуранхайлах аялгуу дуурсч эхлэхүйеэ хамаг биеэр минь ямар нэгэн цахилгаан гүйдэл жирвэлзэх мэт болж нүдний нулимс цийлэгнээд... Нүдээ анихад бие сэтгэл минь тэр чигээрээ олон өнгийн, үзэсгэлэнтэй, эрх дураараа тийм нэгэн ертөнц рүү нисэн очих юм. Тэр ертөнцөд тал нутаг, сэвэлзүүр салхи, цэнхэр тэнгэр, бас хүлэг морьд байдаг. Тэгээд би, уртын дуутайгаа хамт...
Бүсгүй хүний хоолой чадлаар амилан дуурсах уртын дууны аялгуу тэр чигээрээ бүх биед минь нэвчин шингэж, сэтгэл санааг ариусган сэргээх шидтэй. Найзын минь хэлснээр уртын дууг мэдэрч хүлээж авдаг тэр мэдрэмж монгол хүний цусанд байдаг гэнэм. Харь оронд төрөөд, монгол хэлээ мэдэхгүй өссөн байлаа ч уртын дуугаа сонсоод яг л тэр цусанд байгаа монгол сэтгэлээ мэдэрнээ гэж тэр минь хэлж билээ.
Хүндээр өвдсөн хүмүүс, эсвэл гэмт хэрэгтнүүдэд уртын дуу байнга сонсгоод байвал ямар нөлөө үзүүлэх бол? Хүүхдүүдэд уртын дуу сонсгож өсгөвөл тэд лавтай хэзээ ч муу муухай сэтгэлтэй хүн болохгүй.
Уртын дууны аялгуун дор ийм л сайхан, ийм л гайхамшигтай мөчүүд урсана.
Би тэнэгэр уудам талынхаа салхинд гоёмсог цэнхэр алчуураа намируулан эрх дураараа гүйж явна. Өмнөөс минь хэн нэгэн угтан ирж явна уу. Намайг тосоод аваарай...

2 comments:

byambaa said...

bichleguud chin taalagddag shuu. amjilt husey

Baika said...

саруул аа,
маш сайхан бичсэн байна. ер нь уртын дуугаар өвчин эдгээх, сэтгэл засах зэрэг туршилтууд хийгдэж байгаа дуулсан байхаа. гэхдээ япончууд эхэлж байгаа дуулдсан. уртын дуу гэдэг үнэхээр гайхамшигтай. надад ч бас үнэнхүү өөр сэтгэгдэл төрдөг шүү.