Thursday, April 24, 2008

Х. Тэргэл: Чи надад дэндүү дурласан болохоор

Чи надад дэндүү дурласан болохоор
Чин үнэндээ хүлцэнгүй боол минь болохоор
Чиний чичрэн байх уруулыг харахлаар
Шөнийн тэнгэрт саран мэт би бардамхан гэрэлтдэг

Уйтгарт зүрхэн дээр чинь гоёлын гутлаар товшиж
Уруулын тань олон үнсэлтийг гар дахь бээлийтэйгээ базаж
Цахилдаган цэцэг шиг өнгөөн алдах бүрийд чинь
Цангинатал инээн би одон дээгүүр дүүлдэг

Чи надад дэндүү хайртай болохоор л...

Wednesday, April 16, 2008

Дүүдээ

Аадар бороон дунд жаахан охин дүүгээ тэврэн гүйж явна. Хоёр орчим насны бяцхан жаалхүүг арав гаруйхан настай эгч нь арайхийн даах хэдий ч ширүүн хүйтэн бороонд дүүгээ норгохгүйн тулд байдгаараа хурдан гүйхийг хичээнэ. Ширүүн бороог залгуулан том том мөндөр орж эхлэх үед хантаазаа аль хэдийн тайлаад дүүдээ нөмрүүлчихсэн охины шалба норсон нимгэхэн даашинз нь биеийг улам ч дааруулж, өвдсөндөө ёолоход нь дүү нь тоглож байна гэж бодоод хөгжилтэй инээд алдана. Дүүгээ инээхэд нь охин баярлаж, өвдөж байгаагаа мартан чангаар инээн онгирч улам хурдлахыг хичээн цааш гүйнэ...
Энэ бол миний сэтгэлд тодоос тод үлдсэн хүүхэд ахуй цагийн минь дурсамж. Айлын том охин болохоороо үүргээ их л хариуцлагатайгаар ухамсарлаж отгон дүүгээ ширүүн борооноос хамгаалан гэр рүүгээ гүйж яваа нь тэр. Отгон юм болохоор нь би, хоёр том дүү маань түүндээ жигтэйхэн хайртай. Ээж маань хааяа дүүг хашраах гэхээр нь хоёр гурваараа дүүгийнхээ дээрээс халхалж хэвтчихээд гар хүргэдэггүйсэн...
Аль хэдийн надаас тохой өндөр болчихсон, бараг өрөөсөн гараараа намайг толгой дээрээ өргөөд гаргачихдаг дүү минь эгчийнхээ бяцхан цээжинд байдгаараа наалдаад хүзүүгээр тэвэрчихсэн ширүүн бороон дунд ход ход инээж явсан жаалхан хэвээрээ л санагдана. Гэрэл сүүдэр, хатуу, зөөлөн, догшин ширүүн, хайр энэрэл холилдсон энэ ертөнцөд турьхан эгч нь мөндрөөс хамгаалан гүйж явсан шигээ л хатууг зөөллөн, сүүдрээс халхан, хайраар дутаалгүй явахсан.
Өсөх насанд аав, ээжийн хэлсэн, сургасан бүхнийг чандлан сахиж, алдаа хийлгүй амьдарна гэж боломжгүй байх. Хэлсээр байтал заавал биеэрээ үзэж, яс махандаа мэдэрч байж ухаан суудаг бололтой. Гагцхүү бэрхийг даах сэтгэлийн тэнхээ, ялагдлаа гэхэд дараагийн тэмцэлд орох хүчийг олж авдаг ухааныг олж хүмүүжих нь чухал санагдана. Миний дүүд энэ бүх чанар хангалттай байгаа болохоор хэзээд хөл алдахгүй, уул шиг түшигтэй сайхан эр хүн болноо. Өнөөдрийн энэ алдаанаас олж авсан бүхэн чиний маргаашийн тэмцэлд ялах том хөзөр болох ч юм билүү.

Нэг удаа ялагдлаа...
Хоёр удаа ялагдсан...
Гурав дахиа алдсан ч бай
Бууж өгөхийг л март!
(Т. Алтай “Never, never,never give up!” шүлгээс)

Т. Алтай: Эр хүн танаас

Эр хүн танаас
Эгэл хэрнээ их далай шиг давалгаалах
Нулимстай бас нууцтай
Намар шиг сэтгэлийг хайнам!

Эр хүн танаас
Эрчтэй хэрнээ эрхлүүлж тоглодог
Цэнгэг бас цахилгаантай
Цастай өвөл шиг хатан зоригийг хүлээнэм!

Эр хүн танаас
Эхэлдэг хэрнээ дуусдаггүй
Үдшийн бас үүрийн цолмонтой
Уран хавар шиг ухааныг эрнэм!

Эр хүн танаас
Эрхгүй нарыг санагдуулах
Илчтэй бас илбэтэй
Ээж зун шиг инээдийг хүснэм!

Tuesday, April 8, 2008

Тэвчээрийн хязгаар

Нүд минь ихэд өвдөж, компьютер дээр удаан суух нь байтугай ном уншиж, ТВ үзэхэд бэрхтэй болов. Хэсэг хугацаанд "тэвчихээс" л биш. Хммм, хурдан гайгүй болоосой...

"Цахим Өртөө"-ний найзуудтайгаа нийлж бичсэн "Интернэт хэрэглэгчдийн гарын авлага" дөнгөж хэвлэгдэж гарч байна. Энэ тухай дараа бичнээ.

Tuesday, April 1, 2008

Гордиевийн зангилаа

Амьдралын элдэв асуудал ээдрээтэй, зарим үед хүнд хэцүү, зарим үед сонирхолтой, сайхан. Нэгэнтээ надад “Жаргалтай амьдрал гэж байдаггүй. Жаргалтай мөчүүд олон байгаасай” гэж хэлж байсан. “Чи амьдралд юу хүсдэг вэ?” гэж нэг удаа надаас асуухад нь би “Дуртай ажил, сайхан гэр бүл, мэдээж мөнгөтэй байх” гэж ирээд л баахан дэмий юм дээр дээрээс нь давхцуулан нуршихад “Үгүй шүү дээ, ердөө л аз жаргалыг л хүсдэг” гэсний хариуд юу ч хэлж чадаагүй.
Үнэндээ би чухам юу хүсээд, зориод байгаагаа ч ойлгоогүй, өөрийгөө хайсаар яваа нэгэн байгаа хэрэг. Яг л ээдрээтэй зангилааны учрыг олж тайлах гэж зүдэрч байгаатай адил. Тэр зангилаа намайг тойроод баглачихсан... Арай гэж нэг хэсгийг суллаж чадаад уужим амьсгаа авах гэтэл нөгөө хэсэгт нь зангилаа чангараад л. Гэхдээ энэ хэсгийг суллаж чадсан юм чинь тэрийг ч бас би суллаж чадна гээд дахиад л зүтгэнэ.
Эцсийн эцэст гордиев надад бууж өгч, үгүй ээ, би түүнийг тайлж чадсаны дараа юу болох бол? Гэхдээ энэ тухай бодоход хэтэрхий эртэджээ...
Гордиев бид хоёрын тэмцэл удаан, хэцүү ч намайг хэзээ ч айлгаж чадахгүй ээ.


“Дуучин Сарантуяа: Хүн өөрөө өөрөөсөө ичихгүй байх хэмжээнд шударга амьдрах хэрэгтэй”

АЛТАЙ: ****** (Нэргүй шүлэг)

Дутуу бичсэн шүлэг шиг
Дурлал
Сураггүй алга болсон анд шиг
Үнсэлт
Атгаад тавьсан гар шиг
Үдэш
Шанзны уяхан эгшиг шиг
Нулимс
Өр зөөлөн бороо шиг
Баяртай