Wednesday, April 16, 2008

Дүүдээ

Аадар бороон дунд жаахан охин дүүгээ тэврэн гүйж явна. Хоёр орчим насны бяцхан жаалхүүг арав гаруйхан настай эгч нь арайхийн даах хэдий ч ширүүн хүйтэн бороонд дүүгээ норгохгүйн тулд байдгаараа хурдан гүйхийг хичээнэ. Ширүүн бороог залгуулан том том мөндөр орж эхлэх үед хантаазаа аль хэдийн тайлаад дүүдээ нөмрүүлчихсэн охины шалба норсон нимгэхэн даашинз нь биеийг улам ч дааруулж, өвдсөндөө ёолоход нь дүү нь тоглож байна гэж бодоод хөгжилтэй инээд алдана. Дүүгээ инээхэд нь охин баярлаж, өвдөж байгаагаа мартан чангаар инээн онгирч улам хурдлахыг хичээн цааш гүйнэ...
Энэ бол миний сэтгэлд тодоос тод үлдсэн хүүхэд ахуй цагийн минь дурсамж. Айлын том охин болохоороо үүргээ их л хариуцлагатайгаар ухамсарлаж отгон дүүгээ ширүүн борооноос хамгаалан гэр рүүгээ гүйж яваа нь тэр. Отгон юм болохоор нь би, хоёр том дүү маань түүндээ жигтэйхэн хайртай. Ээж маань хааяа дүүг хашраах гэхээр нь хоёр гурваараа дүүгийнхээ дээрээс халхалж хэвтчихээд гар хүргэдэггүйсэн...
Аль хэдийн надаас тохой өндөр болчихсон, бараг өрөөсөн гараараа намайг толгой дээрээ өргөөд гаргачихдаг дүү минь эгчийнхээ бяцхан цээжинд байдгаараа наалдаад хүзүүгээр тэвэрчихсэн ширүүн бороон дунд ход ход инээж явсан жаалхан хэвээрээ л санагдана. Гэрэл сүүдэр, хатуу, зөөлөн, догшин ширүүн, хайр энэрэл холилдсон энэ ертөнцөд турьхан эгч нь мөндрөөс хамгаалан гүйж явсан шигээ л хатууг зөөллөн, сүүдрээс халхан, хайраар дутаалгүй явахсан.
Өсөх насанд аав, ээжийн хэлсэн, сургасан бүхнийг чандлан сахиж, алдаа хийлгүй амьдарна гэж боломжгүй байх. Хэлсээр байтал заавал биеэрээ үзэж, яс махандаа мэдэрч байж ухаан суудаг бололтой. Гагцхүү бэрхийг даах сэтгэлийн тэнхээ, ялагдлаа гэхэд дараагийн тэмцэлд орох хүчийг олж авдаг ухааныг олж хүмүүжих нь чухал санагдана. Миний дүүд энэ бүх чанар хангалттай байгаа болохоор хэзээд хөл алдахгүй, уул шиг түшигтэй сайхан эр хүн болноо. Өнөөдрийн энэ алдаанаас олж авсан бүхэн чиний маргаашийн тэмцэлд ялах том хөзөр болох ч юм билүү.

Нэг удаа ялагдлаа...
Хоёр удаа ялагдсан...
Гурав дахиа алдсан ч бай
Бууж өгөхийг л март!
(Т. Алтай “Never, never,never give up!” шүлгээс)

1 comment:

Barimalch said...

Duugee uramiig n sergeej humuujuuleh ih sain yum shig baina lee bi bagadaa jijig ohin duu nartaa amttai yum baival arai tomiig n huvaaj ogch ooroo arai bagii n avch iddeg baisan odoo bugdeeree minii ugend ih oromtgoi he he.