Friday, November 14, 2008

Nausicaä of the Valley of the Wind

Hayao Miyazaki san-г шүтэн биширч барахгүйнээ. Аль 1984 оны Nausicaä of the Valley of the Wind хүүхэлдэйн кино-анимэ одоо болтол Япончуудын хамгийн дуртай анимэгийн нэг төдийгүй цаашид ч дэлхий даяар сонирхон үзсэн хэвээрээ л байх болуу. Миний бодлоор иймэрхүү төрлийн анимэ зураг, эффектүүд сайнгүй боловч үнэхээрийн сэтгэлийг хөдөлгөж, өөр ертөнцөд авчирч чаддаг увидастай тул би салж чадахгүй шимтэн үздэг билээ.
Энэ анимэд хүн төрөлхтөний тарьсан уршгийн улмаас агаар нь агаар, ой мод, ус, хөрс бүгд хордсон, хүмүүс, ан амьтад "бараг" устаад зөвхөн аварга том шавьж үлдсэн дэлхий дээрх нэгэн жижигхээн омгийн тэргүүлэгчийн охин зоригтой, дайчин Насика, Tolmekia гэх нэртэй хүчирхэг омгийн удирдагчдын нэг гүнж гэх гайхалтай бүсгүйчүүд гарна.
Мөхөж буй дэлхийгээ яаж аврах вэ гэсэн нэг зорилгын төлөө өөр өөр аргаар тэмцэж буй омгууд хоорондоо хэрхэн зөрчилдөж, ямар ч эв нэгдэлгүй "давхилдаж" байгаа тухай гайхалтай зөгнөлөөр дүрслэн харуулсан. Энэ киноны гол утга агуулга нь болох аварга том, аймшигт шавьжууд (шавьжнаас айдгийг хэлэх үү, бррррр) хүртэл байгаль дэлхийнхээ төлөө тэмцэж байх юм. Ерөнхийдөө нэгэнт амьсгалах агаар, гишгэх газар, уух ус нэгээс хойш хүн, амьтан, тэр байтугай шавьж хүртэл ялгаагүй байгалиа хайрлагтун гэсэн санааг гаргасан байна. Мөн хүн төрөлхтөний захирч эрхшээлдээ оруулж чадахгүй зүйлс ертөнцөд оршсоор байдаг гэж өгүүлжээ.
Бүх л киноны адилаар хайр сэтгэл, нөхөрлөл, хүндлэл, үзэн ядалт энэ кинонд багтсан. Миний хувьд Насика ааваа алуулсныг мэдэнгүүт дайснуудтай хэрхэн тэмцэж байгаа болон Tolmekia-н гүнж зүүн гаргүй гэдгээ харуулан "Энэ зэвүүн шавьжнууд, сөнөсөн ертөнц (Sea of Decay) намайг гаргүй болгосон. Хэрэв хэн нэгэн миний нөхөр болох аваас үүнээс ч илүү аймшгийг миний биенээс олж харах болно" гэж хэлж байгаа хэсгүүд ихэд сэтгэл хөдөлгөлөө. Аливаа бүхэнд нэг талаас халуун сэтгэл, нөгөө талаас аймшигт хүч чадал, хайр найргүй үзэн ядалт байх бөлгөө. Аварга, зэвүүн шавьжинд хүртэл...
Салхит хөндийн Насика гүнжийн тухай киног үзээгүй хүн байх аваас заавал үзээрэй гэж зөвлөе. Гайхалтай бөгөөд хуучрахгүй кино шүү.

1 comment:

ganga said...

хүүхдийг юм боддог, сэтгэл зовдог болгох хөөрхөн л кино юм байна. Одоогийн эрчимээрээ байгалаа цөлмөөд байвал удахгүй энэ кино амьдрал болох биз ээ,