Thursday, October 9, 2008

Equilibrium

"Librium is freedom"
John Preston

Хүйтэн, баргар, нэгэн хэвийн, урлагийн бүтээл, гоо сайхан, хайр дурлал, уур хилэн, өшөө хорсол, уй гашуу юу ч үл орших ертөнц. Тэнд “гэмт хэрэг”, галзуу солиорол, атаа жөтөө юу ч байхгүй. Гагцхүү нэг хувцсаар ижилсэж, нэг л үйлдлийг өдөр бүр давтан хийж, нэг л философийг байнга сонсож, уншиж, дагаж мөрдөж, шүтэн биширч, түүнээс өөр зүйл байхгүй мэт амьдрал. Нэг бодлын тэртээх уулнаас цааш газар үгүй хэмээн гардаг “Хуучин хүү”-гийн үлгэр, нөгөө бодлын жинхэнэ ёсоороо коммунист ертөнц мэт. Хэн ч үгүйрэн хоосроогүй, юуны ч төлөө санаа үл зовж, тэр байтугай хэн нэгэнд дурлаж, хайрлаж, хаягдаж шаналан зовох, эсхүл үр хүүхдийнхээ төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа бүхнээ зориулах ямар ч хэрэггүй. Амьд биеийн жаргалыг хамтдаа эдлэх хэн нэгэн чамд оногдоно, үр хүүхэдтэй болно, гэхдээ тэд хэн ч биш. Зүгээр л нэг секс болохоос жаргал, таашаал ердөө ч биш. Аав, ээж гэж хэн байх нь чамд ямар ч ялгаагүй. Гагцхүү бүх зүйл “нам тайван сайхан” буюу “equilibrium”-тэнцвэрт ертөнц-Libria.

Ийм ертөнцийг би ч, та ч, өөр хэн нэгэн нь төсөөлж чадах болуу? Энэ ертөнцийг Kurt Wimmer-н “Equilibrium” кинонд Dominic Purcell, Christian Bale, Sean Bean нарын жүжигчид амилуулсан байна. Зарим хүмүүс Матрицын болхидуухан хуулбар, сонирхох зүйл юу ч үгүй гэж хэлдэг. Харин миний хувьд энэ киног эхэлж үзэхэд байлдаан тулааны дүрслэлийн хувьд Матрицтай төстэй санагдсан агаад хоёр дахь удаа үзээд түүнтэй адилтгах зүйл алга гэж үзсэн бөлгөө.

Кино бүхэлдээ “Матриц”болон бусад зөгнөлт кинонуудын нэгэн адил тулалдах урлагийн гайхамшиг, эгэл биш тулаанууд, адал явдлаар дүүрэн боловч ялгаатай нь хүний дотоод сэтгэл, амьдралын философийг бүхлээр нь хөндсөн маш өргөн агуулгатай байлаа. Эцсийн эцэст хүний амьдралын утга учир нь яг юу юм бэ гэж киног үзсэний дараа би өөрөө өөрөөсөө асуугаад хариултаа олоогүй, одоо ч гэсэн хайсаар л явна. Манай баатрын хамтрагч Партрижийн найз бүсгүй Mary O’Bryan (Emily Watson) “Why are you alive? ... To feel...” хэмээн хэлдэг. Киноны шигтгээ буюу сэтгэл хөдлөл, мэдрэмжийн бэлэг тэмдэг гэж миний нэрлэсэн энэ бүсгүй үнэхээр дур булаам, зоригтой, ухаалаг. “Бидний ертөнц”-д ч ийм бүсгүйчүүд ховор билээ.

Гол баатар болох Жон Прэстоны дүрийг жүжигчин Кристиан Бэйл гайхалтай гаргажээ. Хийх гэж бодсон л бол хийдэг, эсвэл нэгэнт бүтэхгүй ээ гэсэн бодлоор зүгээр байгаагаар нь орхидог, зохицон амьдардаг, нэг бол болж байгаа зүйлтэй нэгэнт эвлэрч чадахгүй тул өөрөө байхгүй байсан нь дээр гэж үздэг гэх зэрэг хүмүүний аливаа бэрхшээлтэй тулгарах үедээ гаргадаг шийдвэрүүдийг дүр тус бүр дээр сонирхолтой харуулсан. Эр хүйстнүүдийн дундах “шалгарлын процесс” ч гэж хэлж болмоор санагдсан.

Гэхдээ өчүүхэн ч сэтгэлийн хөдлөлгүй ертөнцийг эгэл жирийн хүмүүн бид төсөөлж арай л үл чадах, эсхүл угаас хүний төрөлхийн зөн совин ч юмуу ямар нэгэн дотоод мэдрэмж оршсоор байдаг нь тод харагддаг. Жишээлбэл, Партриж (Шон Бийн) гэх хамтрагчаа шууд л буудчихын оронд энэ хүн миний найз, миний хувьд үнэ цэнэтэй гэсэн сэтгэл Прэстонд илэрнэ. Аймшигтай, өршөөлгүй боловч ямар нэгэн юм түүнд байнаа.
“Destruction… is penalty for feeling” Аймаар сонсогдсон шүү.

Эрээнтэй бараантай хорвоод байж л байдаг нөгөө “дээгүүрээ хувааж иддэг” гэдэгтэй адил зүйл Либриад бас л оршиж байна. Dupont (Angus Macfadyen) өөрөө Либриаг хэрэглэдэггүй, өрөөгөөрөө дүүрэн уран зураг, урлагийн бүтээл өлгөчихсөн сэтгэлийн хөдлөлд автагданхан суудаг.
Түүний хэлсэн энэ үг их юм бодогдуулсан шүү. “Let’s show them that we are what we mean. Let’s burn this woman...”

Эцсийн эцэст сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүмүүний амьдралаас, түүний бие, зүрх сэтгэлээс салгаж яавч үл болно гэсэн агуулгаар кино төгсөв. Зүрх сэтгэл үгүй бол амьдрал амтгүй, нэгэнтээ өөрийгөө хайсаар дуусдаг хорвоог бүр ч утга учиргүй болгож орхих юм шиг санагдсаар нилээд удаан “бичиг” харж суулаа...

(Санаагаар болдог бол ч Либриаг хааяа нэг хэрэглэчихмээр үе бий шүү. Даанч одоогоор зөвхөн номны хуудас, дэлгэцэн дээрээс л энэ бодисыг олох юм даа.)

Надад их таалагдсан, тогтоогоод авчихмаар нэгэн үгийг Престон үргэлж шахуу хэлдэг нь: “My timeframe dictates that I can not wait”

1 comment:

Anonymous said...

Tiim Shuu ene Kino nadaa ch bas uneheer ih taalagdsan chinii bichij bgaa zuil ch ih taalagdlaa chamtai sanal neg bna shuu Good luCk!