Thursday, July 24, 2008

Зун бид хоёр, бас блог гурвуулаа

Будаан дээрээ зодоонтой гэдэг шиг сонгууль будлиантай, "дайн самуун" ихтэй ч гэсэн зун сайхан, Наадам бүр сайхан. Энэ зуны өнгө шинэхэн оёсон ногоон торгон дээл шиг. Бас дээр нь өнгө өнгийн товч асгачихсан...
Хэсэг бороо орж байгаад тэнгэр цэлмэж нар гараад. Халуун биш, их сэрүүхэн ч биш, гайхалтай гэхээс өөр үг олдохгүйнээ...
Элдэв үйл явдал өрнөж, наадан баярлаж, зуны сайхныг биширч явсаар нэг мэдэхэд зун дуусч намар хаяанд ирчихжээ.
Юу ч хийж амжаагүй юм шиг л санагдаад байсан чинь бас үгүй байнаа. Энэ хоёрхон сарын дотор хир баргийн үед хоёр жилд ч тохиолдохооргүй олон үйл явдал, өөрчлөлтүүд амьдралд минь гараад амжсан байна. Бас ч үгүй овоо хэдэн, том гээд хэлчихмээр ажлуудын ард ч гарчихсан. Найз нөхдийн хүрээгээ ч тэлчихэж.
Харин шагайж ч харалгүй гүйсээр байтал блог минь хуучирч, тоосонд дарагдаад, шүүгээний ард тавиад мартсан дээр үеийн навсархай ном шиг болчихоо юу даа. Шороо тоосыг нь гүвж Тэрэлжийн голын усаар угаагаад, навсархай, уранхайг нь нааж эвлүүлж өнгийг нь засаад, уулын цэвэр агаар оруулж сэргээеээ.
Бас энэхэн зуурт сэтгэлийн гүнд эгшиглэж эхэлсэн шинэхэн аялгууг илэрхийлэн гаргах увьдсаа сүвэгчилж тархины нугачаагаа самнан, зүрхний цохилтоо чагнан сууя.
Өө... энэ аялгуу. Тэртээ дээрээс, эсвэл бүр дэргэдээс урсан ирж байх шиг. Шанзаа авлаа...

No comments: