Wednesday, June 25, 2008

Тэвчээрийн хязгаар 2

Хаашаа ч харсан хэн нэгний сайхан инээмсэглэсэн сэтгэл татам зураг, хаа ч очсон “Сайн уу?” гэж мэнд мэдэхээсээ өмнө “Хэний төлөө саналаа өгөх гэж байна даа?” гэсэн мэндчилгээ сонссоор сүүлдээ ч бүр дасах шинжтэй. Аз болоход энэ долоо хоногтой хамт сонгуулийн хөл хөөрцөг дуусч чих, нүд минь амрах нээ.
Нэгдүгээрт энэ улсын иргэнийхээ хувьд, хоёрдугаарт ирээдүйнхээ төлөө хариуцлагатайгаар сонгуулиа өгчихмөөр байдаг, сонгогчийн үнэмлэх ирдэггүй ээ. За, сонгууль болохоос өмнө сонгуулийн хэсгийн хороон дээр очоод авчихаяаа гээд л хэрэг болгоод очлоо. “Барилгын коллеж” дотор байрлах сонгуулийн хороог олоход нэг их төвөг ч байсангүй ээ. Дутуу хаасан хаалганы цаана хуралдаж байгаа бололтой. Ингэж ажиллая, тэгж ажиллая, зохицуулая, битгий хэрэлд энэ тэр гээд л дарга нь бололтой хүн учирлаад л байх юм. Эмэгтэйчүүд голдуу хэдэн ажилтнууд нь эхлээд овоо зөөлөн уур амьсгалтай ярилцаж эхэлсэн хурал аравхан минутын дотор оволзсон хэрүүл болон хувирваа. Үнэмлэхээ авчих санаатай хүлээж зогссон надтай хэд хэдэн “сонгогчид” ирж нэгдсэнээр бас ч үгүй ханьтай болж авлаа.
Хаалгыг нь тогшоод ч нэмэргүй. Ажлаа хийсэн, хийгээгүй, тэр тэгсэн, ийм хэрүүл гарсан гээд л. Хэрүүлийн сэдэв ч хэцүүхэн. Зарим нь одоо ингээд больёоо, ажлаа зохицоод хийеээ л гэх юм. Залуучууд, хөгшүүдээрээ талцаад байгаа бололтой байсан хэрүүл сүүлдээ намын харьяаллаар талцах шинжтэй эхэллээ. Удсан ч үгүй нэг залуухан бүсгүй уйлж гарч ирээд 00 руу гүйчих юм. За, энэ ч биш болоод явчихлаа, эртхэн дээрээ яаж ийгээд үнэмлэхээ салгаж авая аа.
Хаалгыг нь хэд хэд тогшоод, тэссэнгүй сүүлдээ шагайж үнэмлэхээ аваяаа гээд хирэндээ л эвтэйхэн хүслээ дээ. “Хурал удахгүй тарнаа” гэж байна. “Бид энд хагас цаг зогсож байнаа, зарим нь бүр хоёр дахиа ирж байгаа гэнэ, одоо үнэмлэхээ аваад явмаар байнаа.” Ингээд ямар ч гэсэн нэг юм орж авав.
Удирдлага нь бололтой хижээл насны хоёр эрэгтэй, нэг настай хүнээс бусад нь бүгд бүсгүйчүүд. Хаа очиж муухай аашлахгүй, аль болох л эвтэйхэн харилцах юмаа. Даанч сонгуулийн энэ хэсэгт харьяалагдах хэдэн мянган хүний бүртгэлийг цаасан дээрээс шүүн иргэний үнэмлэхтэй тулгаж, гараар бүртгэл хөтлөөд л. Хотын төвд байрлах энэ газарт ядаж ганц компьютер тавиад сүлжээнд холбочихсон байхад наад зах нь СЕХ-ы вэб сайт руу ороод л гялс шалгачих ажил шүү дээ. Энэ СЕХ ядаж энэ ажлаа цэгцэлмээр юмаа. Хөөрхий хэдэн эмэгтэйчүүд үнэхээр нямбай хандаж байдгаараа хичээж ажиллаж байна. Цэвэрхэн, сайхан хувцасласан. Гэтэл байрлаж байгаа энэ өрөө нь хэдэн өдрөөр цэвэрлээгүй нь лавтай, шороо тоосонд дарагдсан, үнэр танар ч гэж жигтэйхэн, дотор нь ажиллах байтугай хэдэн минут тэвчиж байх арга алгаа. Бүсгүйчүүдийн царай уравгар, илтэд стрессдэж ядарсан байдалтай. Түрүүхэн уйлаад гүйж авсан бүсгүй орж ирээд ажлаа хийж байна. Тэнд бас нэг эмэгтэй утсаар ярина. Бодвол хэн нэгэн өрөө нэхэж байгаа бололтой. “Бололцоо алгаа” гээд л учирлаж байгаа нь сонсогдоно...
Ингэж ингэж нэг юм гэртээ өвчтэй байгаа аав, ээж хоёроо цай хоолгүй хүлээлгэн байж бүтэн нэг цагийн дараа алдарт “сонгогчийн үнэмлэхээ” гардлаа. Ёоёо, ямар их ядарваа.
Гэр рүү харих замд хөдөөний хаягтай гээд үнэмлэх өгсөнгүй гэж бухимдсан залуу, бохир шалбааг туулан баясгалантай гүйлдэх жаахан багачууд, тэдний хажууханд шахуу “морь харж” зогсох согтуу эр, чанга яригчаар өндөр хариуцлага, ийм тийм сайхан амьдрал энэ тэр гэх сонгуулийн сурталчилгаа гэхчлэн багахан хэмжээний “баримтат кино” үзэв.
Энэ бүгдийн эцэст бодоод байхнээ тэр бяцхан жаалууд, хажууд нь байсан согтуу эр л юу ч бодох санах юмгүй жаргалтай байжээ.

2 comments:

бж said...

Saruul aa, saihan naadaarai.

Barimalch said...

Minii suuld sanahaar songuulid oroltsohgui gej baisan bolovch geriinhnii shahaltaar alban hucheer songuuli ogch baisan. Gol 2 orosoldogch taluud 2uulaa sanaand niitsehgui bol songuuli ogohgui baih n sain "songolt" sanagddag.

Ene jiliin Naadam sain bolson n hedhen odriin omnoh har showg martagnah ovoo emchilgee bolson bna.