Saturday, February 9, 2008

Цагаан сар - Хамгийн сайхан баяр

Үдэш гэрээрээ сууж элдвийг хөөрөнгөө буузаа чимхээд л, тэдний хүүхдэд энийг, эдний хүүхдэд энийг өгөе гэж ээжтэйгээ ярилцаад л. Өглөө гэрийнхнийгээ унтаж байхад нь гараад л, орой бараг унтчихсан хойно нь ирдэг хүн шүү дээ би. Цагаан сард бэлдэж л гэрийнхэнтэйгээ халуу ам бүлээрээ сайхан сууж байна. Хоёр эрэгтэй дүү маань хоёулаа найз охидуудтай болсон л гэнэ, нэг нь бүр гадаад охинтой найзалдаг л гэнэ. Хэний хүүхэд сургуульд явсан, бас нэгнийх нь хүү яаманд ажилд орсон гэхчлэн олон шинэ мэдээ сонслоо.
Шинийн нэгэн болохоор бүтэн жил уулзаагүй ах дүүс хамаатан садангуудтайгаа уулзаж, бүлээ зүсээ харалцана. Манай ээж, аав, буурай ээж, аав Цагаан сардаа бэлдэж нэг хөөрцөглөөд л, баяр эхлэхээр золгож нэг хөөрцөглөөд л. Саяхан л жижигхээн юмнууд гүйлдэж байсан чинь энэ жил суга өсчихөж, ноднингийн Цагаан сараар төрөөд хэдхэн хоносон байсан улаан нялзрай нөхөр бэлэг авах гэж оочерлоод л мөлхөж явна.
Би гэрийн ажилд тусалж чаддаггүй ажил муутайг хэлэх үү, Цагаан сараар л хэдэн өдөр жинхэнэ эмэгтэй хүн шиг тогоо барьж, бууз жигнэж, аяга угаасаар шөнө болгоно.
Сүүлийн хэдэн жилүүдэд хүн бүхэн шахуу л ад үзэж элдвээр хэлдэг Цагаан сарын баярт би дуртай. Хамгийн сайхан баяр шүү дээ. Айлын эзэгтэйн гараа гаргаж бэлдсэн хоол ундыг амталж, хамаатан садангуудтайгаа жилдээ ганц уулзаад сайхан шүү. Цагаан сар байгаагүй бол ах дүүгээ ч танихгүй, аягүй бол хоорондоо ч сууж балрах байх.
Нэг ажил бүтээх гэж жил гаран хөөцөлдөөд ер бүтдэггүй, нэг хэл амтай, хэрсүү нөхөр дээр л очоод гацчихаад байлаа. Тэгсэн чинь нөгөө хэл амт маань манай бүр их ойрын ах дүү байгаа юм даа. Цагаан сараар л ах дүүсээ мэдэлцлээ.
Мөнгө их үрэгдээд, хүнд баяр гэж хэлэх хүмүүс байнаа. Яахав дээ, мөнгийг гаргаж байж л олдог юм гэсэн. Жилд нэг удаа гаргаж байхад гэмгүй байлгүй дээ.
Энэ сайхан баяраараа сайхан шинэлцгээгээрэй. Ирэх жил бүх зүйл бүтнэ, нээрээ шүү.

1 comment:

бж said...

Neeree tiim shuu, ah duu hamaatan sadnaa jildee gants udaa olj hardag bayar yum daa.
Odoo gereesee hol baigaa bolohoor ehnees ni zus tsaraigii ni martah geed baina shuu. Yalanguya huuhduud ni tom boltsgoogood tanigdahgui bolj baigaa biz.
Naanaa mungu sanhuugiin asuudal hetsuu ene ter gej baigaa bolovch setgeldee bol hun bolgon tsagaan sardaa durtai baihaa...
Saihan shineleerei.