Thursday, January 3, 2008

Хөөрхий бидний бүсгүйчүүд...

Үдийн хоолны цагаар хажуугийн ширээнд суусан хижээлдүү насны үл таних эмэгтэйчүүдийн яриаг сонсч ахуй өнөөдрийн Монгол бүсгүйчүүдийн хувь заяа ямархан эргүүлгээр хаашаа явж байгаа юм бол доо гэх бодол өөрийн эрхгүй төрлөө. Би өөрөө ч хааяахан ийн боддог, таних мэдэх, найз бүсгүйчүүдийн яриа ч бас л нэг иймэрхүү гундуу. Үнэхээр байдал ямар байна вэ? Бодоё.
- Толгой нь сайн ажилладаг, боловсролтой, сэргэлэн залуус өнөөдөр бүгд биш юмаа гэхэд ихэнх нь гадагш гараад явчихсан гэнэ. Тэд эргэж ирэх хүсэл огт үгүйн дээр бараг хэзээ ч эргэж ирэхгүй ээ гэж боддог бөгөөд хаа нэг амралтаараа зугаалж, шоудах гэж нутагтаа ирчихээд үсрээд сарын дараа ум хумгүй буцаад арилж өгнө. Энэ тэдний буруу ч бас биш юмаа. Эргэн тойрноо харахад энд хэн ч тогтох вэ дээ гэж өөрийн эрхгүй бодогддог юм шүү.
- Үлдсэн эрчүүдийн гайгүйхэн хэсгийг нь эрүүл мэнд, бие хаагаар нь үзлэг хийж, хэл ус энэ тэрийг нь шалгаж байгаад аль л эрүүл, хэл устай, гайгүй шиг сэтгэдэг хэсгийг нь хэдэн зуу, мянгаар нь гэрээт ажилчин нэрээр Солонгос руу ачна. Тэд ойрын гурван жилдээ эргэж ирэхгүй бөгөөд хугацаа нь дуусмагц яаж ийгээд буцаад сунгах агаад дор хаяж 5 жил тэнд өглөө үдшийн наранг ч үзэх завгүй ажилладаг гэнэ. Тэгээд эргэж ирэхдээ залуу нас, эрүүл мэнд, оюун ухаанаа хэдэн доллараас арилжчихаад ирнэ. Мэдээжийн хэрэг гэр бүлийн амьдрал будаа.
- Ингээд үлдсэн эрчүүдийн бас л арай дөмөгхөн, амьдралын төлөө зүтгэдэг хэсэг нь нисдэг тэрэгний сүйрэл, авто машины осол, вагоны мөргөлдөөн, метилийн спиртийн хордлогоор төрөл арилжиж нөгөө ертөнц рүү илгээгдчих юм.
- Цаана нь хэн үлдэж байна вэ? Чухам яаж гэдгийг нь хэн мэдхэв, ямар дагаж явсан биш, ихэд мөнгөжсөн давхаргынхан, (мэдээж тэд мань мэтийн эгэл хүмүүс яажшуухан амьдардгийг яаж мэдхэв, зайлуул) бусад нь хэдэн хүүхдүүд, хөгшчүүд. Зуун хувь ийм гэх нь ч хаашаа юм, гэхдээ л энэ үнэн.
Тэгэхээр ийм нөхцөл байдал дунд монгол бүсгүйчүүдэд ямар сонголт үлдэж байна вэ?
1. Монголд амьдарвал мөнгөтэй, эхнэртэй нэгний хэтэвчинд багтаж өрөвдөлтэйхэн амьдрах
2. Хар ажил хийхээр ч хамаагүй гадагшаа явж мөн л тэнд ажиллаж байгаа, гэр бүл нь Монголд үлдсэн нэгний халамжинд орох
3. Эсвэл шар, хар нь хамаатай юу, хэн нэгэн гаднын хүний тогоог барьж, мөнгөнд санаа зовохгүйхэн, бас чиг гэрийнхэндээ илүүчилсэн шигээ явах. Зарим тохиолдолд улам хэцүү байдалд ордог юм шиг байгаан.
4. Нэг бол гэрт орж эм болж, гадаа гарч эр болж, өөрийн хүч чадалдаа найдан амьдралын төлөө зүтгэх. Энэ сонголт их хэцүү, нэг хэсэг нь оюун ухаанаа, нэг хэсэг нь хүч чадлаа, нэг хэсэг нь төрсөн биеэ үнэлж амьдарцгаадаг. Өөр хэндээ ч, юундаа ч найдхав дээ.
5. Өөр сонголт одоогоор толгойд орж ирдэггүй ээ.
Ийм л нөхцөл байдлын дунд чадан ядан тэмцэж, амьдарцгааж явахад нь хэдэн бүсгүйчүүдээ элдэв муугаар нь дуудаад л, шүүмжлээд л байх хэрэг байна уу даа? Тэднийг халамжилж, санаа тавих хүн алга л байх шиг.
Жич: Нилээд бараан талаас нь хараад биччих шиг боллоо, энэ удаад. Монгол эрчүүдийн хувьд ч бас байдал сайнгүй юм шиг байгаан. Энэ талаар бас тэгж байгаад нэг бичнэ гэж бодож байна.

3 comments:

Unknown said...

гашуун боловч үнэн л үг байна.

Barimalch said...

Ulamjilalt blogiin "gyalgar goy" bichlegnees iluu gyalgar bodit sain bichleg bainaa.

Manaihan baga bagaar eyreg zugt hogjij baina gej naiday.

chimege said...

chinii blog-iig unuudur olloo :-) mash ih taalagdaj bn. uls tur ediin zasag,.. ene ter bichij tsetserhelgui uuriiin bodloo engiineer unencheer bichsend chin bayarlalaa. mash gunzgii holbogdoj bn :-) tsaashid bainga unshih bolno. jijig zuilees taashaal avch, byasalgaj, ariusaj, bie daan am'darch bgaa chin bas taalagdaj bn.