Tuesday, September 4, 2007

АНДАА ДУРСАХАД


Яруу найрагч Д.Болдхуяг

Жамьянхорлоогийн Сүхбатын гэгээн дурсгалд зориулав.
(Анд нөхдийн нь хүсэлтээр)


Андаа дурсахад цээжний модод навчаа гөвөн сэрчигнээд
Аравдугаар сарын зэврүүн тэнгэр шиг сэтгэл нэг л уйтай
Аяндаа дүүрэх гуниг хацар угаан халтартуулж
Арзтай хундагын амсарыг гижигдэж суумаар бодогдоно

Андаа дурсахад ижилдэж явсан он жилүүд буцан ирж
Алган хонхорт нэг нэггvй хунгарлан бууна
Алив мартагдсан бүхэн эргэн амилж
Аньсага нүднээ шүүдэр буулган жирэлзэнэ

Андаа дурсахад зэргийн нөхөд бидэнтэй дугуйрч суугаад
Алиа марзан үгээр туурга цууртал инээд хундагалж
Аядуу царай, гундуу зүс, гандуу цамцтай
Амандаа янжуур зуусан дүр зураг vзэгдэнэ

Андаа дурсахад сагасан их билэг авъяас нь бодогдоно
Ая донжийг нь ихэрлүүлж сэтгэл эмхэрдтэл дуулах
Асган гарах үгсийг нь бэлэн зохиож орлуулаад
Алиахан нvдээ ирмэн суудаг нь бодогдоно

Андаа дурсахад сайн саар хоёр нь ээлжлэн санагдана
Амьдыг муулж, үхсэнийг магтдаг хоёр нүүртэй орчлонд
Ариун гэгээн бурхан байсан гэж худал үг зөрvvлэхгvй ээ
Алдахыг алдаж онохыг оносон эр хүн байсныг чинь дурсана

Андаа дурсахад хангал сархадтай сэм сэмхэн нөхцөж
Арслан цагаан манантай нь зовлон жаргалаа хуваахдаа
Амьдралынхаа өдрүүд цөөхнийг мэдсэн биш дээ хөөрхий
Алганаас чинь үргэлж хөтлөхгvй хорвоогийн жамыг яалтай

Андаа дурсахад нэг л өдөр жигүүрлээд одсон байх юм
Амжиж хийсэн нь харин эзнээ өмөөрөөд үлдсэн байх юм
Авьяас билэг хэтийдсэн хирнээ аваад одсон байх юм
Арван тавт шиг цайлган зан нь санаанд дурайж үлдсэн байх юм

Андаа дурсахад элсэн цаг дутуу эргэсэн шиг бодогдоно
Асан гэрэлтүүлж өөрөө урсах лаа жаргасан шиг санагдана
Амраг хосууд болздог модон гүүр нурсан шиг бодогдоно
Амин зүрхний холбоо алтан сэжим тасарсан шиг санагдана

Андаа дурсахад сэтгэл хийгээд дотрыг нь
Аргадан суугаад цөөхөн зассандаа бөөн бөөн гэмшил тєрнє
Алтангадасыг цочоож хааяахан нэг утасны хонх жингэнүүлэхэд нь
Айхтар унтууцдаг байснаа бодоод өр эмтрэн халаглана

Андаа дурсахад хур зузаан дуртгал сэтгэлд хөрвөн тонгочоод байна
Алд биеэ мартаж биднийг л гэж гүйсэн муу найз минь харагдаад байна
Алс он цагийн бүжин цагаан будан хожмоо бүхнийг бүрхэн далдлавч
Андгай өгсөн шиг үгүйлэн дурсаж алиа цайлган зангаар чинь цангаж явах болно

Андаа дурсахад....
Ай хөөрхий....

Улаанбаатар 2004.03.09

No comments: