Saturday, September 29, 2007

Amazing Gobi




Монголын Говь... Говийн гайхалтай гоо үзэсгэлэнг хүнээр яриулаад, ТВ-ээр үзээд, зургийг нь хараад ч төсөөлшгүй. Ийм гайхамшгийг мэдрэхийн тулд ердөө очиж үзэх л хэрэгтэй ажээ.


Амьдралдаа анх удаа говь үзэхдээ би гэдэг ямар өчүүхэн, байгаль эх юутай агуу, юутай гайхалтай, юутай үзэсгэлэнтэйг мэдэрсэн билээ... Говь юутай олон өнгөтэй. Ийм өнгөний гайхамшгийг хангай нутагт төрж, өссөн би бээр хэзээ ч үзээгүй. Цэв цэнхэр тэнгэр, цав цагаан үүлс, алтан шаргал элс, армаг тармаг ногоон ургамлууд, хүрмэн улаан, эсвэл хав хар хөрс... Тоолохын аргагүй, бас эрс тэс, нүд, сэтгэл булаасан амьд өнгөнүүд...
Нүд алдам хязгааргүйд газар тэнгэр нийлсэн говийн цэлгэр уудамд хаа нэгтээ харагдах толгод бие биетэйгээ уулзахыг хүсэн тэмүүлж байгаа юм шиг санагдах аж. Энэ бол харь мөртлөө урин дуудсан, уусан шингээхийг хүссэн, хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй тийм тайван, тийм агуу, тэгсэн мөртлөө нам гүм тийм л ертөнц. Яг л дурлал шиг. Оргилсон хүслээр эхлээд, эцэст нь гүн батаар зүрхэнд минь шингэн холын холд одсон тийм л дурлал.
Хэрвээ цөл байсан бол үхмэл санагдах байсан буйзаа. Харин говь амьд ажээ. Говь бол гоо үзэсгэлэн, говь бол амьдрал...

No comments: