Friday, August 31, 2007

ГАЗРЫН ЗУРАГ


Иван Гайдаенко
Орчуулсан Ж. Саруултуяа 1995 он, Улаанбаатар


I хэсэг
Британийн "Роял Датчшелл" хэмээх нефтийн пүүсийн хайгуулч инженер эрхэм Виккерс Лондонгоос Бейрутад ирснийхээ дараахан эрхэм Эллистэй танилцжээ. Тэд анх "Хоёр хэрээ" клубын тусгай өрөөнд уулзаж, хундага грог шимэнгээ ярилцаж сууцгаасан аж. Тэдний яриа товчхон байлаа.
- Та юу хийдэг вэ, ноёнтон? хэмээн Виккерс асуув.
- Ажил хайж явна даа. Харин та?
- Түнш хайж явна.
Виккерс халааснаасаа шарлачихсан газрын зураг гаргаж ирээд ярилцагчийнхаа өмнө дэлгэлээ. Тэр тасархай шугамаар тойруулан зурсан гонзгой дүрсийг хуруугаараа тогшин:
- Энд юу байгаа гэж та бодож байна ? гэж асуув. Эллис сонирхсоноо нуун хайхрамжгүй царай гаргаж:
- Ертөнцийн аль хэсэгт нь юм бэ дээ? гэлээ.
Виккерс ярилцагчийнхаа гялалзсан нүдийг хараад өгөөшийг нь аль хэдийн үмхчихсэн болохыг мэдэв. Түүнийг яриа дууссаны тэмдэг болгож зургаа эвхэхэд нь Эллис гоморхсон дүр үзүүлэн:
- Энэ чинь нуугдаж тоглож байгаа юмуу хаашаа юм? гэхэд
- Нээгдээгүй орд газар. Арабд байгаа юм хэмээн Виккерс намуухан хэлээд – Сонин байна уу? гэв.
Эллис туршсан шинжтэй Виккерс рүү харснаа хундагаа өндөрт өргөн
- Ирээдүйн "Виккерс ба Эллис" пүүсийн төлөө! гэсэн ерөөлөөр хариулав. Тэд дуустал нь уув.
... Виккерсийн цөлийн чичрэг өвчин нь хөдөлж, гар хөл нь бадайран мэдээ алдаж, нүд нь өвдөн харанхуйлж, толгой нь эргэж байлаа. Виккерс өвчнөе нууж тэвчин, дагуулаасаа хоцрохгүйн тулд дуулгаваргүй болсон хөлөө элсэн дээгүүр хүчээр арайхийн зөөж явав. Виккерстэй зэрэгцээд Эллис алхаж байлаа. Тэрээр Лондонгийн сайхан хүүхнүүдийн тухай, өөрөө гүнгийн удамтай болохыгоо, ирээдүйн " Виккерс ба Эллис" газрын тос олзворлогч компанийхаа үйл хэргийн талаархи мөрөөдлөө ам хамхилгүй чалчина. Үнэн хэрэгтээ бол түүний санааг ганц л зүйл зовоож байсан нь Виккерсийн авч яваа газрын тосны орд газрыг тэмдэглэсэн газрын зураг байлаа. Эллис Виккерсийг санаандаа нэгжин "Чөтгөр чинь хаанаа нуучихдаг байнаа?" гэж өөрөөсөө сууж явав.
Виккерсийн амьдралын арвин их туршлага нь түүнд өөрийгөө хамгаалах зөн совинг бий болгожээ. Хөрөнгөө өсгөх гэж шунаж явдаг хүмүүсийн сэтгэл зүйг тэр даанч сайн мэднэ. Тиймээс ч түнштэйгээ харьцахдаа Виккерс маш болгоомжтой хашир байлаа.
“Хоёр хэрээ”-д болсон уулзалтын дараа ирээдүйн үйлдвэртээ оруулах хөрөнгөө нотариатаар баталгаажуулан Бейрутын банкинд хадгалуулаад хоёр эр газрын тостой газраа хайхаар Арабыг зорьжээ. Эллисийг шударга төвшин британи эр байна хэмээн ярилцацгааж байсан ч Виккерс түүнээс эмээж байв. Тэр түншээ сайн мэдэж байлаа. Ажил хэргийн хүрээнд Виккерс туршлагатай, хашир догь хайгуулчинд тооцогддог төдийгүй "Роял датчд"-д Арабаас нэг бус удаа нефтийн судал олж өгсөн билээ. Харин өөрөө хөрөнгө нь хүрэлцдэггүйн улмаас хувийн том ажил хэрэг үүсгэж чаддаггүй ажээ. Харин түүнийг нефтийн үйлдвэрийн эзэн нэгэн франц хүнийг дагаж явахдаа нефтийн шинэ ордынх нь газрын зургийг хулгайлж аваад одоо түүгээрээ томоохон бизнес хийх санаатай байгаа гэлцэж байлаа. Виккерс ердөө л орд газраа нээхдээ хөрөнгийг нь ашиглах баян түнш хайж байгаа юм, дараа нь түншээ замаасаа зайлуулчихна хэмээн зарим муу санаатай нь баталцгаана. Гэсэн ч иймэрхүү зүйлс Эллисийг ер айлгасангүй. Харин ч балмад залхай явдалд хачин амташсан түүнд аз туршина гэдэг бол дасал болчихсон зүйл юм. "За яахав, тоглоцгооё!" хэмээн Эллис бодож байлаа.
Цөл рүү явахдаа тэд газарч аваад тэмээгээр явж болох байсан боловч нэг нэгнээ тонох гэсэн далд хүслээсээ болоод эхний хайгуулд гуравдагч хүн ер хэрэггүй юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгээд ч Фарафрагийн баянбүрдээс газрын тосны орд газар хүртэл явганаар хоёр бүтэн хоног л явах аж. Бүр болохгүй бол Эльбад хэмээх сууринд очиж болох байлаа.
Замын хагас хүртлээ тэд цөлөөр нөхөрсөг алхалж, найрсаг яриа өрнүүлэн жин архи, даршилсан махаа тэнцүү хуваан идэж, харин өөр өөрсдийнхөө усыг ууж явлаа. Шөнө бол бие бие рүүгээ нүүрээ харуулан зэрэгцэн унтаж, долоовор хуруу нь бууныхаа гохон дээр бэлэн байдаг байв. Хэн нь ч нөгөө рүүгээ дагзаа харуулан хэвтдэггүй, нэг нь жаахан хөдөлмөгц л нөгөө нь хөдөлж унтаагүй байгаагаа мэдэгдэнэ.
Хэрэв Виккерсийн хүчийг аажим барсаар буй ужиг өвчин байгаагүйсэн бол энэ байдал нь үргэлжлээд л байх байв. Виккерс үүнийгээ мэдрэх тусам өөрийнхөө төлөө айх нь цаг ирэх тутам улам нэмэгдэнэ. Тэр чичрэг өвчнөөсөө илүү түнш нь үүнийг нь мэдээд сул дорой байдлыг нь ашиглачих вий гэхээс айж байлаа. Гэлээ ч эрт орой хэзээ нэгэн цагт өвчин нь илрэх нь гарцаагүй тул Виккерсд зайлшгүй арга хэмжээ авах арга л үлджээ.
"Энэ муу чалчааг алчихдаг ч юм билүү ? хэмээн Виккерс хавчуургатай талхаа өнөөдөр идэх үү, эсвэл маргааш өглөө идэх үү гэдгээ шийдэж байгаа аятай тайвнаар бодлоо. “Эртдэнэ” гэж эрүүл ухаан нь хэлэв. “Тэр хадгаламжийнхаа тасалбарыг хаанаа нууж явааг би мэдээгүй шүү дээ.” хэмээн тэр дахин тунгааж “Новшийн залуу, бас зальтай..." Хажууд нь амарлингуй исгэрэн алхах гулжгар өндөр дагуулаа тэр сэмхэн ажиглав.
- Энэ чинь тэнэг хэрэг гэж гэнэт Эллис өдсөн аялгаар хэлээд:
- Та бид хоёрын боломж ив ижил, бараг минийх илүү ч байх...
- Та юун тухай яриад байна? гэж Виккерс асуув.
- Таны бодож байгаа юмны тухай, ноёнтоон. Хадгаламжийн тасалбарыг та олж чадахгүй гэдгээ санаарай. Би үүнийг аль эрт бодолцчихсон.
- Хм... Инээдтэй юм... Би зүгээр л танд уур хүрч байна. Та эцэс төгсгөлгүй исгэрээд байна шүү дээ. Гэтэл цөлд энэ чинь муу ёр. Салхи босчихож магад.
Эллис дийлсэн байртай хамсаатныхаа сахал нь ургасан үлбэгэр царай, шалхгар хацрыг нь харснаа гэнэт Виккерсийн нүд нь бүр ширгэж гүйцээд доогуур нь хөх хүрээ татчихсан байхыг ажиглав.
- Өршөөгөөрэй, ноёнтоон. Дахиж тэгэхгүй гэж хэлээд Эллис толгойгоо эргүүлэн өмнөхөөсөө бүр ч чангаар исгэрч эхэллээ.
Ингээд тэд дахиад л зэрэгцэн хайхрамжгүй дүр үзүүлэн хөл доорхоо ширтэн алхлах боловч бие биеэ рүүгээ сэрэмжлэн хялалзаж явав. Эллис Виккерсийн монхор хамрыг цаг үргэлж харж, Виккерс Эллисийг хажуугаас нь ажиглана.
"... Хэрвээ би газрын зургийг олж чадахгүй бол яахав?” хэмээн Эллис тунгаана. “Цөлд ганцаараа үлдэх гэжүү? Ээ дэмий, би цөлийг хэтэрхий муу мэднэ." Орой болоход тэд манханд хүрлээ.
- Бид манхан хүрчихлээ гэж Виккерс дуугарав. Тэр халааснаасаа луужин гаргаж ирээд зүү нь савлахаа зогсохыг хүлээнэ.
- Бид үүнийг тойрох хэрэгтэй. Эргэх юм байна. Тэр нүдээ анин газрын зургаа төсөөлнө.
- Бид зүүн хойд зүг рүү эргэх юм байна.
- Бид энэ зүгтээ хир удаан явах вэ?
- Эргэх хүртлээ.
Эллис хорсонгуй инээвхийлэв.
- Ойлгомжтой. Харин дараа нь?
- Дараа нь уу. Харан байж л болъё.
Эллис эгдүүцэн мөрөө хавчаад амаа хамхин буруу харав. Виккерс халааснаасаа хэдэн ширхэг хинин сэмхэн гарган ирж залгиад үүргэвчээ яаралгүй уудлан жин архитай дашмагаа гаргалаа. Бүлээсчихсэн жин хоолойг нь зуран орж, бөөлжих шахан дотор нь муухай оргисон хэдий ч тэр ярвайсан ч үгүй, нэг гүзгий амьсгалаад нулимж орхив. Тэд цааш хөдөллөө. Виккерсийн бие улам муудсаар байлаа. Тэр хуурай элснээс хөлөө арай ядан сугалан зөөж, бие нь ихэд суларснаас найган, сүүлдээ бүр хоцорч эхлэв. Эллис түншийнхээ харласан царайг ажиглавал ширүүн улаан үснийх нь цаанаас өвчилж улайсан нүүр нь цухуйж, уруул ам нь зэвхий цайгаад, хавтгай духан дээгүүр нь хөлсний дуслуд бөнжигнөж харагдлаа.
- Таны бие тааруухан байна уу даа? гэж тэр элэгсгээр асуув.
- Би их ядарч хэмээн нөгөөх нь гүвтнээд
- Хараал идсэн нар гэлээ.
- Танд туслах уу? Виккерс дуугарсангүй. Түүний бие тун муу байлаа.
- Тээр тэнд байгаа довцог руу гаръя Эллис гараараа зааснаа
- Тэнд амаръя гэлээ.
Виккерс тэртээ тэргүй илэрснээ ойлгож байв. Өвчнөө цаашид нуух нь нэгэнт утгагүй хэрэг болсон тул
- Эллис сонс хэмээн ярьж эхлэв
- Хэрэв та намайг... Та цөлд үхэх болно шүү. Газрын зураг байхгүй. Та өөрийгөө үхэлд барьж өгнө.
- Тэгвэл газрын зураг хаана байгаа юм? гэж Эллис дуугарснаа гэнэт санан
- Газрын зураггүй юм бол бид яах юм?
- Тэр танд ямар хэрэгтэй юм? Тэр миний толгойд байгаа. Та намайг алж чадахгүй. Тэд чимээгүй болцгоов. Тоглоом одоо ил явагдаж эхэллээ. Өвчиндөө ярвайсан Виккерс элсэн довцог дээр арайхийн гарч үүргэвчнийхээ оосрыг хүчлэн мултлав. Тэр цүнхээ гар дороо байлгах гэсэн боловч газар тавихын тулд эргэж, Виккерсд одоо ч аюултай санагдаж байгаа хамсаатнаа хэдэн мөч хараанаасаа алдах болж байлаа. Тэр Эллис рүү сонжсон харцаар хоромхон зуур харав. Гэтэл энэ нь түншид нь цүнхнийхээ төлөө санаа зовсных нь дохио болжээ."3ураг цүнхэн дотор нь байна. "гэж Эллис бодлоо. Тэр Виккерс рүү араатан адил үсрэн ганцхан хөдөлгөөнөөр доош харуулан унагаад нэг гараараа багалзуурдан нөгөө гараараа Виккерсийн халаасан дахь буугаа атгасан гарыг барин авав. Буун дуу гарч сум нь түүний халаасыг нэвтлэн элс рүү шунгинан одов. Шил тасхийн хагарах мэт чимээ хязгааргүй цөлд нэгэнтээ тархан замхарлаа. Эллис Виккерсийн гараас бууг нь улангасан булаан авч, халаасандаа хийв.
- Газрын зураг хаана байна? гэж хэрцгийгээр асуулаа.
- Бейрутад байгаа гэж Виккерс хэржигнэв.
- Худлаа!
Цүнхнээс нь хараа салгалгүйгээр тэр хүндээр амьсгаадан дагуулынхаа халааснуудыг онгичиж нэгжиж эхлэв. Өмдний тэлээ, дотор халаасыг нь хүртэл нэгжсэн ч зураг байсангүй. Эллис цүнхийг нь шүүрэн авч, Доторхийг нь элсэн дээр асгав. Хоол хүнстэй бүх уутыг зад татаж, консервтой хайрцгийг онгичсон ч газрын зургийг олж чадсангүй.
- Тийшээ яаж хүрэх вэ? гэж Эллис Виккерсийг дахин багалзуурдаж аваад сүрдүүлэн хашгилаа. Виккерс бүүдийсэн хайхрамжгүй нүдээр түүнийг ширтэнэ.
- Хэл... Буудна шүү.
- Тэртээ тэргүй ялгаагүй, хэлэхгүй. Виккерс багтарч байсан ч тод ярихыг хичээж байв. Энэ үг Эллисийг сэхээ оруулав. Тэр хоолойноос нь гараа авлаа. Гэвч Виккерс боссонгүй, нэг уртаар амьсгалаад нүдээ анилаа.
Эллисс хоосон цүнхийг дахин барьж авснаа оёдлоороо туяалзахыг нь мэдрэв. Чичирсэн гараараа нугалж үзвээс цаас саржигнах чимээ сонсогдлоо. Харин тэр нь хагас сая фунт стерлингээр үнэлэгдсэн газрын зургийг хадгалахаар хүлээн авсан Бейрутын банкны тасалбар байжээ.
- Эрхэм Виккерс! хэмээн Эллис зөөлөн дуудав.
Виккерс дуугарсангүй. Тэр үхчихсэн байлаа. Эллис хүүрнээс татвасхийн холдов. Түүнд аймшигтай байлаа. Тэр цөлийг мэдэхгүй, зүг чигээ олж чадахгүй, тэр ганцаардлаас айж байв. Яахаа мэдэхгүй хэдэн минут зогссоноо тасалбар луужин хоёрыг нь аваад өрнө зүг сажиллаа.
Харанхуй болов. Эллис гүйж эхлэв. Цөөвөр чононуудын зэвүүн муухай улилт заримдаа сонсогдоно. Шөнө болж олз олох цаг ирсэнд тэд баярлан ийн ульж байлаа...
(Үргэлжлэл бий)

1 comment:

D.Sainbayar said...

Sain uu Saruul. Blog yertuntsud neg uhaalag busgui nemegdsend bayarlaj baina. Ingehed chamaig iim mundag orchuulga hiideg baisniig medeegui yum baina shuu. Hevlej avaad unshina aa. GH, Sainaa