Friday, April 5, 2013

Монгол муммитай дэлхийн үзэсгэлэн


Америкийн Юта мужийн Давс Нуурын (Salt Lake City) хотод дэлхийн муммийн үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгааг өнгөрсөн амралтын өдрөөр гэр бүлээрээ очиж сонирхов. Нялх хүүхэд дагуулах дэмий байх гэж бодоод 2 настай охиноо эмээ, өвөө дээр нь үлдээлээ. Аман дээрээ шууд хэлэхгүй ч цаанаа явуулах дургүй байсан нь илт хоёр хөгшин ч сэтгэл нь тэнийж баяртай нь аргагүй ач охиноо хөтлөөд хоцорлоо. Гэхдээ үзэсгэлэн дээр бүх л хүмүүс жаахан хүүхдүүдээ дагуулаад явж байналээ. Зарим хүүхдүүд айж байгаа харагдсан боловч ихэнх нь нэг их ойлгож тоож байгаа шинжгүй байв.

Хүүтэйгээ гурвуулаа үзэхэд нийтдээ 65 доллар төлсөн нь үзсэн харсан зүйлтэйгээ харьцуулахад тун дажгүй хямд үнэ санагдсаныг нуугаад яахав.Үзэсгэлэнд зураг авах хориотой байсан тул тархиндаа л сайн хадгалж авахыг хичээлээ. Энэ блогт ашигласан зургуудыг http://www.amusingplanet.com/2010/07/mummies-of-world.html вэб сайтаас авч ашигласнаа дурдъя. Нэр нь Манай Ертөнцийн мумминууд буюу Mummies of the world боловч Египт, өмнөд Америк, Европоос болон далайн орнуудаас олдсон хэд хэдэн мумми, Азиас олдсон нэг мумми гээд нийтдээ 20 ширхэг хүн болон амьтны муммины цуглуулга ба 21 бусад олдворуудыг үзүүлж байна.



Зураг 1. Аргентиний нутгаас олдсон занданшуулсан сармагчин 

Энэ цуглуулга нь занданшуулсан цогцосын хувьд дэлхийд хамгийн томд тооцогдох цуглуулга юм байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр үрэгдэж алга болсон гэж үзэж байсан 20 ширхэг муммийн цуглуулга Германы Mannheim хотын Reiss-Engelhorn гэх музейн агуулахаас 2004 онд олдсон нь азтай явдал болжээ. Үүний дараахан нэр бүхий хэсэг эрдэмтэн судлаачид German Mummy Project гэх судалгааны баг байгуулж энэхүү шарилуудыг судалж эхэлсэн аж. Үзэсгэлэн дэх мумми тус бүрийн тайлбар дээр ойролцоогоор хэд орчим настай, ямар хүйсний хүн болоод хэрхэн үхсэн, эсвэл ямар өвчин зовлонтой хүн байсан, ямар хоол иддэг байсан гэхчлэн дэлгэрэнгүй мэдээлэл тавигдсан байлаа. Тухайлбал, Европоос олдсон, намагт хадгалагдаж үлдсэн эмэгтэй хүний цогцосны үлдэгдлийг бие гэж хэлэхэд хэцүү, хөдөөний айлууд газар дэвссэн байдаг адсага шиг хэлбэртэй тас хар өнгөтэй арьс, хэдэн ширхэг яс л харагдана. Гэтэл эмэгтэйн дотор эрхтэн сайтар хадгалагдсанаас гадна үхэхийнхээ өмнө идсэн хоолны үлдэгдэл нь хүртэл байсан тул түүний талаар маш нарийн мэдээллүүд тавигдсан байх жишээтэй.

Муммиг монголчууд бид занданшуулсан шарил гэж ойлгодог. Эртний олон соёлын үед бурхан болоочдийн шарилыг занданшуулан оршуулдаг байж. Эртний Египетэд талийгаачийн гэдэс дотрыг авч тусгай вааранд хийсний дараа биеийн үлдсэн хэсгийг зориулалтын давс, ургамлууд ашиглан занданшуулдаг байсан. Бодвол, чинээлэг хүмүүс л энэ үнэ өртөг ихтэй "үйлчилгээг авдаг" байсан биз ээ. Египетүүд бурхан болоочдоо төдийгүй амьтдыг хүртэл бурхдад өргөл болгон өргөх зорилгоор үржүүлж, дараа нь занданшуулдаг байсан нь муур, матрын зулзага, нохой, загас зэрэг амьтын мумминаас харагдана. Тэд ер нь занданшуулах бүхэл бүтэн үйлдвэртэй байсан бололтойдог. Бурхан болсон хойноо шарил хаана байснаас хамааран олон зуу, мянган жилээр байгалийн жамаар хадгалагдаж үлдсэн шарилууд нилээд олддог нь судлаач эрдэмтдэд туйлын өгөөжтэй олдворуудад тооцогддог бололтой. Хүйтэн уур амьсгалтай газарт хөлдөж хадгалагдсан, эсвэл чийггүй, халуун уур амьсгалтай говь цөлд эсвэл намганд хадгалагдсан гэх зэргээр орчноосоо хамаараад цогцсын өнгө, шинж чанарууд өөр өөр байдаг байна. Түүнийг хүмүүст мэдрүүлэхийн тулд дуурайлган хийсэн хиймэл материалуудыг бариулж үзүүлж байна.

Зүүн хойд Ази дахь цөлөөс олдсон мумми гэх 17 орчим насны залуу хүүгийн цогцос нь цөлийн хуурай халуунд хадгалагдаж үлдсэн бололтой. Манай говийн Өвөр Монголын нутаг дахь хэсгээс л олдсон байх даа гэж таалаа. Томруулагч шилээр гавлын яс, нүүрний зургийг маш тодорхой харах боломжтойгоор үзүүлсэн байналээ. Уг муммийг Монгол гаралтай байх магадлалтай гэж тайлбарласан байна. Анх энэ үзэсгэлэнд Азиас олдсон мумми байгаа тухай сонсоод нөхөр маань Монгол мумми байгаа ч юм билүү явж үзье гэхэд нь би манай Монголчууд хэзээ ч бурхан болоочдоо занданшуулдаггүй байсан гэж ирээд их л мэдэмхийрэн тунхаглаж байсан билээ. Мэдэхгүй бол дуугүй суу гэж үнэн үг шүү.


Зураг 2. Ази буюу монгол гаралтай мумми 

Хүүхдийн мумми нилээд хэд байгаагаас гадна 35 долоо хоногтой эр, 38 долоо хоногтой эм ургийн мумми хүртэл тавигдсан байна. Эртний Египетэд амьдарч байсан Христийн шашинтай хүүхдийн муммийн толгой дахь буржгар шар үс малгай доороос нь цухуйж харагдах нь өхөөрдмөөр бас өрөвдмөөр. Дэлхийн хамгийн өндөр настай мумминуудын нэг болох 6420 жилийн настай 8-10 орчим сартай нялх хүүхдийн цогцосыг харахад нэг л эвгүй. Сөөсгөр үс нь хүртэл маш сайн хадгалагдсан муммийн тайлбар дээр нь витамины дутагдлын улмаас бугуйн ясны өсөлт муутай, мөн зүрхний ноцтой гажигтай байсан нь үхлийн шалтгаан болсон байх магадлалтай гэжээ. Ер нь энд байгаа мумминууд голдуу эрүүл мэндийн ноцтой асуудалтай, халдварт өвчин эсвэл гэмтэл бэртлээр өөд болсон хүмүүсийн цогцос байх аж. Хамгийн аймшигтай нь 18-р зуунд мумми хадгалагдаж байсан газрын хөрсний шороо болон муммиг тээрэмдэж нунтаглаад анагаах эм, тосон түрхлэг зэргийг хийхэд ашиглаж байсан байх юм. Хэтрүүлэн хэлбэл тухайн үед муммийг бараг л үд хүргэдэггүй үнэгэн цагаан эм гэх нь холгүй бишрэн хэрэглэж байсан гэнэ. Үзэсгэлэнд муммия-mummia тос, E. Merck-ийн эмийн каталог зэргийг үүний жишээ болгож тавьсан байлаа. 18-19 зууны Египетэд археологийн үнэт олдвор болох мумминуудаа хэсэгчлэн зарах бизнес ёстой л нэг цэцэглэж байсан бололтой. Яг л одоо манайхан эртний булш тонож, хамаг байдаг судар бичиг, түүхэн олдворууд, эсвэл динозаврын яс, өндөгнүүдээ нэг нэгнээсээ нуун гадагшаа зөөж хэдэн цаас олж байгаатай л адил юм уу даа. Тэр хүмүүс ч яахав, тухайн үедээ мөнгө олоод болдог л юм биз. Одоо Египет орны байгаа байдлыг харахад л үр уршиг нь зуун дамжин илэрдэг болох нь харагдана. Мөн ч их эмгэнэл шүү.


Зураг 3. Найман сартай нялх хүүхдийн 6420 жилийн настай мумми 

Бас нэгэн ихэд сонирхолтой үзмэр байсан нь хоёр нялх хүүхдийн нь хамт занданшуулан хэвтүүлэн оршуулсан бүсгүй хүний шарил байв. Нэг хүүхдийг нь түүний толгой доор тавьсан бөгөөд хүүхдийн толгой, гар, хөлний доод хэсэг нь байхгүй. Нэг хүүхдийг хэвлий тушаа тавьжээ. Эмэгтэй намирсан урт хар үстэй, зарим хэсэгтээ үсний сүлжээс нь хүртэл хэвээрээ. Тайлбар дээр нь толгой доорхи хүүхэд нь уг эмэгтэйн төрсөн хүүхэд бөгөөд эх хүүхэд хоёрыг оршуулснаас 200 жилийн дараа хэвлий тушаа дахин нэг хүүхэд тавьсан гэжээ. Тэдний хооронд ямар холбоо сүлбээ байгааг тогтоох боломжгүй агаад сүүлд оршуулсан хүүхэд тархиндаа том гэгчийн хорт хавдартай байсан гэнэ.

Занданшуулан оршуулах ёс зөвхөн Египет бус дэлхийн олон газар оронд түгээмэл байсан бөгөөд газар газрын занданшуулах үйлүүд өөр өөр байжээ. Өмнөд Америкаас олдсон мумминуудыг суугаа байрлалд оршуулсан бол Египетийнх хэвтээ, талийгаачийн хоёр гарыг цээжин тушаа нь зөрүүлэн байрлуулсан байна. Үзэсгэлэн дэх эртний Египетийн нэгэн чинээлэг ямбатны 2500-с дээш жилийн настай муммийн гар болон нүүрэнд түрхсэн алтан түрхлэг нь харагдаж байсан. Хэдэн мянган жилийн дараа биеийг нь музейд байрлуулаад хар, цагаан, шар зүсэн зүйлийн хүмүүст харуулж, хүүхдүүд хүртэл сониучирхан ширтэж, зарим нь инээлдэж, элдвийг нь сониучирхан ярьж, зураг хөргийг нь авна гэдгийг тэр мэдсэнсэн бол бушуухан биеийг минь шатаагаад аль гэх байсан байх даа. Эзэн Чингис хааны маань бунхан, шарил хэзээ ч бүү олдоосой.


Зураг 4. Эртний Египетийн чинээлэг эрхэмийн занданшуулсан шарил, МЭӨ V зуун 

Европоос олдсон мумми ихэнхдээ зориуд занданшуулаагүй, ямар нэгэн байдлаар хадгалагдаад үлдсэн цогцосууд байх юм. Тэдний нэр ус, юу хийж, хаана амьдарч байсан, гэр бүл, үр хүүхдийн нь тухай хүртэл дэлгэрэнгүй мэдээллийг олж мэдсэн байгаа нь тэд ургийн бичгээ сайтар хөтөлж, удам судартаа өвлүүлэн үлдээдгийг гэрчилж байх шиг. Миний хувьд өөрөөсөө дээш гурав дахь үеэ ч сайн мэдэхгүй, дээд эмэг, өвөгийнхөө нэрнээс цааш мэдэхгүй. Хайгаад ч манай гэр бүлийнхэн олигтой мэдээлэл олж чадаагүй. Манайхтай адилхан хэдэн мянган монгол гэр бүл байгаа нь ойлгомжтой.

1806 онд Наполеоны цэргүүд дайн хийж явахдаа Германы өмнөд хэсэгт орших Sommersdorf цайзаас санамсаргүй олсон гэр бүлийн таван хүний занданшуулсан шарилын хоёр нь буюу 17 зууны үед амьдарч байсан Baron von Holz, түүний үр удмын нэг болох баронес Schenck von Geiern нарын мумми энэ үзэсгэлэнд тавигджээ. Баронд өмсгөж оршуулсан гутлыг сүүлд дуурайлган хийж өмсүүлсэн байсан нь маш сайн чанарын ширээр хийсэн сайхан гутал байналээ.

Олон төрлийн жинхэнэ мумми үзнэ гэдэг нэг бодлын гайхалтай сонирхолтой, ховор тохиох боломж билээ. Нөгөө бодлын энэ олон талийгаачид, үхсэн амьтдын дунд хээвнэгхэн тайлбарыг нь уншсан шигээ алхаж явах эвгүй ч юм шиг. Ямар ч байлаа гэсэн энэ хүмүүс бүгд л тухайн цаг үедээ гэр бүлтэй, найз нөхөд, үр хүүхэдтэй, хүндлэгдэж, хайрлуулж л явсан хүмүүс. Тэд зүгээр нэг сонирхоод хараад өнгөрөх музейн үзмэр биш, хэдэн мянган жилийн түүх өгүүлэх бодит гэрчүүд. Өөрсдөө ч мэдэлгүй ирээдүй хойч үедээ биеэрээ судалгааны материал, бичиггүй түүхийн судар болж үлдсэн тэдний дурсгалыг хүндэтгэе.

Үзэсгэлэнгийн албан ёсны вэб сайт: http://www.mummiesoftheworld.com
Видео http://www.youtube.com/watch?v=0h5CEsLWbKo

2013 оны 4 сарын 2, Солт Лейк хот, Юта

No comments: