Tuesday, May 5, 2015

Улс төр, гэмт хэрэг, тэгээд эрүүл мэнд

Би өдөр бүр тусгайлчлан цаг гарган сууж монгол мэдээ, олон нийтийн сайтуудаар хэсч Монголоосоо хоцрохгүй, холбоотой, юу болж байгааг мэдэж байхыг хичээнэ. Ингээд суугаад байхаар хамгийн их хэлэлцэж ярьж байгаа хэдхэн л зүйл байнаа.

Улс төр гэж их чухал сэдэв байна. Манай Сансарын насныхан хүртэл хэлэлцэж байдгийг бодоход их моодонд орж байгаа бололтой. Сансар маань ирэх сард 5 нас хүрнэ л дээ.

Гэмт хэрэг гэж хоёр дахь чухал сэдэв байна. Би хүртэл гарчгийг нь хараад хуруу маань маузаа очоод тогшчихно. Тэгээд л аймшиг дунд яваад орчихно шүү дээ. Сүүлдээ гарчгийг нь ч уншихаа больсон. Твиттер дээр байгаа энэ сэдвийн жиргээнүүдийг ч тойрно. Тэгэхгүй бол сэтгэл санаа хямраад бие өвдөөд байх юм.

Гурав дахь чухал сэдэв нь эрүүл мэнд, хоол унд. Юутай сайн. Эрүүл энхийн чухам жаргалан гэж, чухамаа чухам. Энэ сэдэв дунд хүн бүрийн амьдралд үзэж туулсан зовлон шаналал, тэмцэл, ялалт, ялагдал, гомдол, жаргал мөн ч их юм багтаж байна даа. Айл бүрт хамгийн доод тал нь нэг хүн ямар нэгэн төрлийн хүнд өвчтэй. Хавдар голдуу... Эмгэнэлтэй мэдээ байсхийгээд л дуулдах. Сэтгэл өвдөөд байж суухад ч хэцүү. Айл бүрт доод тал нь нэг архичин, нэг тамхичин. Сайн нь гэвэл айл бүрт нэг эрүүл, эсвэл ядаж эрүүл энхийн төлөө тэмцдэг хүн ядаж нэг байнаа байна. Энэ бол харин ёстой гайхамшиг...

Бид ердөө гуравхан саяулаа. Архичин ч бай, авилгачин ч бай, эрдэмтэн ч бай, өтгөс өвгөд, нялх балчираасаа эхлээд хэн нь хэнийгээ ад үзэхийн арга байхгүй тун цөөхүүлээ. Хэдүүлхнээ байж эрүүл байхгүй бол нэг мэдэхэд хэдхэн ширхэг болчих ч юм билүү. Хүнс зарж байгаа бизнесмэн мэдсээр байж хугацаа нь дууссан хүнс зарахгүй, хуурамч эм гаднаас оруулж ирэхгүй, юу ч юм бүү мэд бодис найруулж архи болгож зарахгүй, уудаг усныхаа эх булаг болсон гол мөрөн рүүгээ бохироо юүлэхгүй болчихвол ч их зүйл өөрчлөгдөнө дөө. Таван Толгой, Оюу Толгой бол байж л байна, хаашаа ч алга болохгүй. Харин Тамираа, Зулаа, Дорж, Дулмаа, Энхээ Мөнхөө бид нар нь бол байхгүй болох дээрээ тулчихжээ! Бохир агаар, бохир хөрс, бохир ус, муу хүнс, архи, тамхи, стресс...

Энэ бүгдээс салая!!! Харин яаж???...

No comments: