Sunday, January 25, 2009

City of Ember

Дэлхийн амьдрал, байгал ертөнц тэр чигээрээ сүйрч, амьд үлдсэн хүмүүс газрын гүнд амь хоргодон Эмбр гэх нэртэй хотыг байгуулжээ. Гамшгаас хойш 200 гаруй жил өнгөрсний дараах үйл явдлыг өгүүлэх энэхүү зөгнөлт кино өнгөрсөн оны 10 сард нээлтээ хийсэн агаад сонирхолтой үйл явдлаар дүүрэн. Цагаа хумслан байж үзсэнийх хэдийгээр сэтгэл хөдлөөгүй боловч дажгүй кино гэж дүгнэв.
Хотын амьдралыг тэтгэгч нь болсон эрчим хүчний асар том генератор (энэ үг чинь орчуулагддаг билүү, юу билээ?) нь жагсаалаас гарах дээрээ тулж, Монголчууд бидний ихэд танил нөгөө байн байн тог тасрах зовлонг хотын оршин суугчид амсахын зэрэгцээгээр хүнсний нөөцгүй болж, өлсгөлөнгийн аюулын харанга дэлдэж байлаа.

Хотын захирагч энэ аюулаас гарах гарцыг үл хайхаар барахгүй, байгаа хүнсний нөөцийг нууцлан далдалж, зөвхөн өөрөө идэж ууж суух юм. Харин ядарсан оршин суугчдаа сайхан үг, амлалтаар молигодон хуурч, "За алив бүгдээрээ нэгдэн тэмцэцгээе. Бид энэ бүхнийг хамтдаа давж туулна, урагшаа" ухааны юм ярьж хотын сүлд дууг сэтгэл хөдөлмөөр дуулна. Энэ дүр зураг ч бас танил юм шиг...

Энэ үед өнгөж 12 настай, хотын долоо дахь захирагчийн үр удам, "өрөмний өт" шиг Лина (Lina) гэх охин эмээд нь өвлөгдөн ирсэн нэгэн хачирхалтай хайрцгийг олсноор үйл явдлын жинхэнэ өрнөл эхэлнэ. Лина, түүний ангийн найз, бидний ярьдгаар "жинхэнэ гавал толгойтой" аавтай Дүүн (Doon) гэх залуу хүү нар хайрцгийн нууцыг тайлахаар оролдох явцдаа хотын мөхөл ойртож байгаа болон Эмбрийн захирагч "нэг л биш" гэдгийг олж мэддэг. Ингээд л бүх л киноны адилаар бөөн адал явдал эхэлж, тэмцэл, хууран мэхлэлт, айдас хүйдэс, амжилт гээд л цаашаа өрнөнө. Эцсийн эцэст тэд газар дээр гарч чадах бөгөөд өглөө нар мандаж, байгал дэлхийн амьдрал сэргэсэн болохыг харна.

Ерөнхийдөө ямар ч хүчин зүтгэл жижигдэхгүй, хичнээн бага байсан ч нас залуудахгүй, ухаан, зориг эрмэлзэл, хичээл зүтгэл байхад юманд хүрнэ гэсэн санааг гаргажээ. "Муу санаа биеэ отно" гэдэг үлгэрийг хүнс нуусан өрөөндөө нуугдаж байгаад араатанд идүүлсэн хотын захирагчаар дүрслэн харуулсан байна. Хуурч мэхлээд хол явахгүй ээ гэж хэлээд байна, цаана чинь. Бас жинхэнэ үүргээ мэддэг, ажлаа хийж чаддаг хүн хэрэгтэй үед, хэрэгтэй газраа байж хийхээ ч хийж, амрахаа ч амарч чаддаг болохыг Сул (Sul) гэх сантехникч өвгөн харуулна. Ийм хүмүүс Монголд олон бий. Бүр маш олон байгаа гэж би бодно.

Киног үзсэний дараа уран зөгнөл, адал явдал автагдах бус утаан дундаа умбасан Улаанбаатар минь л бодогдож байх юм...

Улаанбаатар минь газрын гүний харанхуй Эмбр болчихгүй байгаасай. Бидний заяа түшиг.

Wednesday, January 7, 2009

Howl’s moving castle


Түүний дуу хоолойг сонсонгуут л хамаг биеэр ямар нэгэн юм гүйх шиг болж гайхалтай мэдрэмж төрөөд байдаг юм. Хэн бэ гэж үү? Нөгөө л Christian Bale. Тэр Hayao Miyazaki san-ийн бас нэгэн хөөрхөн киноны шидэт байшингийн эзэн Howl гэх нууцлаг, ид шидийн хүчтэй, царайлаг залуугийн дүрд дуу оруулжээ.

Ид шид, шулмас, албин чөтгөрүүд, дайн тулаан, нөхөрлөл, хайр сэтгэл гээд бүгд энэ кинонд багтсан. Өдөр бүрийг эгэл жирийн амьдрал дунд, ээжийнхээ дэлгүүрт малгай чимэглэн өнгөрөөж асан Sophie охин тэнгэрээр дүүлдэг нэгэн сайхан залуутай санамсаргүй таарснаар киноны хачин жигтэй үйл явдлууд өрнөж эхэлнэ. Мөнөөх залуу бол мэдээж Howl бөгөөд түүний зүрхийг өөрийн болгохыг санаархсан шулмас Witch of the Waste охиныг 90 настай эмгэн болгон хувиргана. Ямар ч идэвхгүй, нэгэн хэвийн амьдралтай, аймхай жаахан бүсгүй эмгэн болон хувирсны дараа түүний дотоодод нуугдаж байсан амьдралын тэмүүлэл, аймшиггүй зориг, ухаалаг шинж чанарууд илэрч гарч ирэх бөгөөд Howl-д дурласан сэтгэл нь түүнд улам их хүчийг өгдөг.

Нөгөө талд Howl хэдийгээр хүчирхэг, агуу ид шидтэй боловч эмзэг, хайр халамж дутсан нэгэн болох нь харагдана. Өөрөө явдаг шидэт байшингийн гэр бүлийн бусад гишүүд болох байшингийн онгон Calcifer, бяцхан жаалхүү Markl, хараалд өртөөд мануухай Turnip Head болон хувирсан хөрш улсын ханхүү Justin нар киноны үйл явдлын тайлалд гол үүргийг гүйцэтгэнэ. Calcifer санамсаргүйгээр Howl-ын зүрхийг шулмаст алдаж, Sophie түүнийг яаж аварч байгаа болон Turnip Head мануухай хэрхэн үзэсгэлэнт ханхүү болон хувирч буй гээд үйл явдал хэрхэн өрнөхийг киноноос үзээрэй. Киноны төгсгөл хэдийгээр аз жаргалтай боловч Sophie залуу насаа бүрэн сэргээж чадалгүйгээр, буурал үстэй хэвээр үлддэг нь харамсалтай. Магадгүй, амьдралд аз жаргал үнэ цэнэтэй олддог гэсэн санааг үүгээр илэрхийлсэн ч байж болох.

Уг киноны эх зохиол нь арай өөр бөгөөд номын зарим баатруудыг кинонд өөрчилж оруулсан ажээ. Жишээлэхэд, номон дээрээ залуухан, үзэсгэлэнт бүсгүй дүртэй гардаг шулмас кинон дээр тарган, настай авгай, аймшигт дүр төрхтэй, хилэнт гэрийн онгон Calcifer кинон дээр эгдүүтэй хөөрхөн галын дөл төрхтэй дүрслэгдсэн гэх мэт өөрчлөлтүүд хийгдсэн байна. Гэхдээ миний хувьд ямар ч киноны зохиолыг эхлээд уншчихвал кино сонирхол татахаа байчихдаг тул эхлээд киног нь үзээд дараа нь зохиолыг уншихыг эрхэмлэдэг юм.

Sunday, January 4, 2009

Нэг бүтэн жил...

Хуучин оны сүүл, шинэ оны эхний хэдэн өдрүүдийг хол замын аялал, галт тэрэг, автобус, такси, адал явдал, шинэ газар, шинэ хүмүүс дунд өнгөрөөлөө. Гэрийнхэн, найз нөхөд, блог андууддаа шинэ жилийн мэнд хүргэж амжилгүй явсаар шинэ оныг хуучруулах дөхжээ.

Энэ онд монголчууд бид бүгдээрээ хэн нэгнээс хишиг хүлээж, хэн нэгний хүч чадал, халамж, тусламжид найдалгүйгээр өөрсдөө хийж, бүтээх жил байх болтугай гэж ерөөе.

Шинэ жилийн мэнд!