Monday, August 4, 2008

Эргэлдэн эргэлдсээр нисэн одвоо...

Хундага шарзны охь, амрагийнхаа уруулын амтанд мансуурсан тархи минь эгээ л дэлхийн бөмбөрцөг шиг эрчээрээ эргэлдэн, дэргэдэх хүний яриа тээр уулын бэлээс хүнгэнэх бүгтхэн чимээ аятай. Ингэхэд юун тухай яриад байгаа билээ дээ. Амнаас үг гарахын оронд түмэн янзын жигтэй бодлууд толгойд нисэн орж ирээд буцаад нисэн одно...

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Нюрнбергийн шүүх хурал их урт удаан болсон. Эхлээд их л идэвхтэй суудаг байсан хүмүүс сүүлдээ залхаж, өөрийн эрхгүй унтаж эхэлдэг. Нэг сэргэлэн орос сэтгүүлч хар шилэн дээрээ нүдний зураг наачихаад хээвнэг унтдаг байсан гэж байгаа. Тэгсэн нэг удаа унтаад хоцорчихож. Хэн нэгнийг мөрнөөс нь татаж сэрээхэд нь цочихдоо “Новшийн муу зандалчид!!!” ч билүү, нэг юм хэлээд фашистуудыг зүхэж ирээд л харсан чинь хэн ч байхгүй танхимд ганцаараа унтаж байсан гэсэн. Хөгтэй гэдэг нь. Хүний тархи эргэлдэж байгаа нь бусдад харагддаг бол ямаршуу байх бол?

Нээрээ яг ингэж эргэж байхад хүв хүйтэн ус руу толгой руу асгаж үзэх юмсан. “Саран хөндий” дээр эргэлдэж байгаа сэнс рүү өндөг шидээд яахыг нь үзэхийг хүсдэг байсан залуу гүйлтийн уралдаанд түрүүлж гүйж байсан тамирчны хөл рүү таягаа явуулчихсан чинь нөгөөх нь тээр дээр эргэлдэж ирээд уначихдаг. Тэгээд л түүнийг дэмжиж байсан, эсвэл өрсөлдөгчийг нь дэмжиж байснаараа талцаад бөөн зодоон үүсээд л. Харин мань хэргийн эзэн хээвнэг тэндээс яваад өгчихдөг. Тархи эргэсээр л. Нээрээ өндөг шидэж үздэг ч юм билүү. Сая надад юу гээд хэлчихвээ?

Тээр уулын бэлээс бүгтхэн дүнгэнээд байсан чимээ наашилсаар, наашилсаар, одоо л бодит ертөнцдөө эргэн ирлээ... Сая би хүйтэн ус мусны тухай бодоогүй шүү. (ихэд тэвдэв)

No comments: