Wednesday, January 30, 2008

Нандин холбоо

(Бодит явдлын тухай сонссоноо тэмдэглэсэн минь)

Санаа дагасан уу яасан, түүний чихэнд хүүхэд уйлах дуу дуулдах шиг боллоо. Амьсгаагаа түгжин байж дахин чагнасан ч юу ч дуулдсангүй. “Сөөсгөр хүү минь, амьд мэнд л байгаасай билээ” гэх горьдлого, “Яав даа даанч” гэх харуусал цээжинд сүлэлдэн дахиад л ийш тийш дурандана. Түүний хэнгэнэтэл санаа алдахыг сонссон анд нь юу хэлэхээ үл мэдэн “Одоо ч өнгөрсөн байхаа даа. Чоно барьчихаа биз дээ” гэж өөрийн эрхгүй бодогдсон ч “Түй, түй. Муу ёр байгаа даа” хэмээн өөрийгөө тайвшруулан хаа нэгтээгээс нүдэнд торох юм олоод харчих санаатай гараа саравчлан дөрөөн дээрээ өндөлзөнө.
Энэ хоёр эр гурав хоногийн өмнө гэрийнхээ хаяанд мөлхөж яваад алга болсон, ой дөнгөж хүрч яваа жаал хүүгийн эрэлд мордсон улс. Арай өндөрдүү нуруутай, ширвээ сахалтай эр нь хүүгийн эцэг нь. Хүүхэд алга болсон сургаар ойр хавьцаа нутаглах айл саахалтынхан даяараа хөдөлцгөөж, эрэл сурал болцгоож яваа аж. Зарим нь сум руу хүн хүч дуудахаар хөдөлсөн сурагтай.
“Хүү минь мэнд байгаа. Би мэдээд байна. Заавал олоод ирээрэй” гэсээр нулимсаа барьж ядан уруул нь чичрэн үлдсэн гэргийнх нь дүр, дөнгөж цухуйсан үүдэн хоёр цахиураа гаргаад халтайсан амаа байдгаар нь ангайн инээсээр мөлхөж явдаг хүүгийнх нь төрх нүднээс салахгүй. “Үгүй хө, нэг дуу гараад байх шиг” гэх андынхаа үгэнд цочин дурангаа алдах шахаж “Юу?” хэмээн эргэлээ.
“Над түрүүхэн нэг тийм дуу дуулдах шиг санагдсан, энүүхэн зүүхэнтээ л байх шиг. Аль хө, дурангаа? Нээрээ тэнд нэг юм байх нь ч байнаа. Чоно юмуу даа”
“Тийм байнаа, чоно байна. Ганцаараа юм шив.”
“Дөхөөд үзэх үү дээ? Юу эргээд байгаа юм бол доо.”
Хэн хэнийх нь дотор нэг ижилхэн аймшигт бодол төрсөн ч хэн нь ч дуугарсангүй. Хүүгийн эцгийн нэгэнтээ хүндхэн санаа алдах л сонсдлоо.
“Үгүй энэ чинь... Үгүй байлгүй дээ” хэмээхтэй зэрэгцэн хүүхдийн ход ход хийтэл баясан инээх дуу гарах нь тэрээ. Салхин дороос нь нилээд ойртож очоод морьдоо хөтлөн алгуурхан дөхөж ирсэн хоёр эр харсан зүйлдээ итгэж ядан хөдөлж ч чадахгүй нам зогслоо.
Газар хөрвөөж, ийш тийш харайлган, тоглож байгаа адил аяглах чонын цаахантай нялх хүү нь мөлхөж харагдана. Хүү байдгаараа инээн чонын араас мөлхөж байв. Тэгснээ газар суухад нь чоно холдоод явлаа. Гэтэл хүү араас нь гараа сарвайн уйлж эхлэв. Чоно холдож чадсангүй буцаж ойртсоноо дахиад л хөрвөөн тоглож эхэллээ. Яг л хүүг саатуулж байгаа аятай. Чоныг ирээд тоглож эхлэхэд хүү уйлахаа болив. Холдоод явахаар нь дахиад л уйлж дагаж эхэлнэ.
Нүдэндээ ч итгэхийн аргагүй энэ үзэгдэлд гайхсан, дахин харах найдвараа алдчихсан байсан хүүгээ олж харсан энэ бүхэндээ цочирдон тэр чигтээ мэлрэн хөшсөн хүүгийн аавыг араас нь татах андын нь гар сэхээ орууллаа. “Үгүй бас ийм юм байх гэж, бурхан өршөөг” хэмээн өөрийн эрхгүй шивнэв. “Амьд байна шүү дээ, амьд байна. Бурхан өршөөг. Ийм юм гэж байх уу даа.” Ховор тохиох эр хүний нулимсыг чухам энэхэн агшинд тогтоон барихын аргагүй.
Харин хүүдээ яаж очих билээ? Махчин араатан хүртэл хүний нялх үрд халдах биш халамжлаад байж байх нь хүн байгалийн тасаршгүй нандин холбооны дээд илэрхийлэл бус уу? Бяцхан хүү, чонотой тоглосоор. Даанч эцэг нь хүүдээ хэрхэн ойртох билээ.
“Одоо яахав? Холдохоор нь очоод хүүгээ авах гэхээр араатан л болсон хойно эргээд барьчих юм болуу.”
“Энэ хоёр амьтныг чинь яалтай билээ. Яаж салгаж авая даа.”
“Үгүй мөн өрөвдмөөр юм даа. Ингээд байгаад байлтай биш.”
“Буудчих уу?”
Хүүгийн аав нэг гүнзгий амьсгаа аваад:
“Өөр арга алга даа...”
Хэн хэний зүрх шимшрэн дэмий л хүү, чоно хоёрын зүг ширтэнэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүү ядрав бололтой газар хэвтээд өглөө. Хүүгийн аав шийдмэгээр буугаа онилов. “Нүгэлт намайг өршөө” хэмээн сэтгэлдээ шивнэхийн сацуу буу дуу тасхийж, чонын нэгэнтээ гаслаад чимээ алдрахтай зэрэгцэн жаал хүүгийн цочин уйлах дуун цангиналаа...

2 comments:

granola said...

ih goe boljee. teer jil Hovsgold alga bolson 2-3 nastai (?) huuhed sanaand orloo. Ereed oldsongui gej sonin.mn deer garch baisan, ih haramsaltai.

oyunaa said...

Sanaand bagtamgui uy be. Uneheer sonin yabdal uym daa. araatand hurtel achlah setgel bhad ....