Friday, January 4, 2008

Далай бид хоёр

Далай... Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшиг. Ийм их, амьд усан... Тэр надтай ярьж, намайг дуудаж, надад дуулж, бас намайг эрхлүүлж байна. Би түүний тэвэрт эгээ л хайртынхаа энгэрт наалдаж байгаа шиг тэврүүлэн, хөвөн урсаж, хайлна. Энэ миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм сонин, өөр, бас салахын аргагүй... Тиймээ, амьдрал уснаас эхтэй гэж үнэн ажгуу. Би зөнгөөрөө мэдэрнэ...
Халуун орны бөгчим, чийглэг агаарт цээж дүүрэн амьсгалах арга үгүй. Харин би одоо хадан цохионы оройд байх эртний хинду сүмийн яг хажууд, эгц доор минь хүрхрэн шуугих их далайг харж зогсохдоо чухамхүү энэ их ус руу халин орвол цээж минь уужрах юм шиг санана. Их усан хадан цохиог сүртэй мөргөж, хуйлран хөөсрөн, дуу чимээ их, сүр дуулиантай. Ямар гайхалтай вэ? Миний сэтгэл зүрх аль хэдийн хуйлрах давалгааны оройд нисэн очиж, түүний хөөс, хадан цохионы дунд дүүлэн наадаж байна. Чи бидэн нэг юм шиг...
Гэнэт араас хэн нэгэн татахад би цочин эргэлээ. Нутгийн жолооч залуу "энэ хачин нөхөр чинь юм үзээгүй юм уу, хаашаа юм. Ингэж байгаад хаднаас ус руу унахнээ" гэж бодсон нь гарцаагүй. Гайхсан харцтай боловч жижүүрийн инээмсэглэлээ уруулаасаа салгалгүйгээр эелдэгхэнээр явах цаг болсныг сануулж байгаа бололтой. Тэр англи хэл мэдэхгүй тул хэл нэвтрэлцэх арга үгүй. Дуртай дургүй машиндаа орж явах зам зууртаа өглөөний нарыг далай дээр угтана даа гэж бодож явлаа...
Харин үдшийн далайн гайхамшгийг надтай хамт амтлахаар чи намайг хүлээгээд л сууж байгаа...

Bali Island (28 Feb 07)

2 comments:

david santos said...

Happy New Year, Saruultuya! And best wishes for a healthy and successful 2008

бж said...

Saihan bichlegtei, ih ayataihan blog olsondoo bayartai baina. Linkelchihlee.