Thursday, October 23, 2008

Ээждээ бичсэн захиа

Миний ээжээ, сайн сууж байна уу? Охин нь дэгжин бүсгүй болзоондоо очихоор өнгө өнгийн хувцсаа ээлжилж өмсөн сонгох гэж ядаж байхтай зүйрлэм түмэн янзын өнгөөр хувиран гоёх намрын сайхан байгаль дунд таныгаа санаад л гүйж явна. Аав бид гурвыг очиход налгар дулаахан байсан ээж ууланд өвлийн амьсгал сэнгэнээд эхэлсэн биз ээ. Өглөөний нарны туяаг угтаад цантсан өвсөн дээгүүр та минь хөл нүцгэн тайвуухан алхалж байх шиг гэж санагдаад байх юм. Эсвэл тэртээ дээрээс намайгаа хараад сууж байна уу?

Ээжийгээ хөтлөн алхаж буй залуу, охиноо эрхлүүлэн үнсэж байгаа ээжийг харахаар атаархахын дээдээр атаархаж, бушуухан буруу хараад нулимсаа залгичихна. Хааяа та зүүдэнд минь ирнэ. Олны дунд бужигнаж явахдаа мэдрэхгүй мэт боловч нэг их баяр баясгалан төрсөн, эсхүл гунигийн мананд умбасан үед та минь санагдаад өмөг түшиг, дулаан энгэрээ хайгаад байх юм...

Дэлгүүр орохоороо сурсан зангаараа энийг ч, тэрнийг ч ээждээ авчих юмсан гээд барьж үзээд л. Одоо ноднин жил авхуулсан бид хоёрын зурагнаас та өөдөөс минь хараад сууж байна. Нэг мэдэхэд тэр өдрөөс хойш хоёр сар гаруй хугацаа харвасан сум шиг өнгөрчихжээ...

Охин нь нутагтаа очоод хамгийн түрүүнд ээж ууландаа очиж тантайгаа золгоно. Нар туссан, дулаахан, анир чимээгүй, тийм л нэг таатай сайхан уул байсан. Өвлийн хахир хүйтэнд ч тэр хэвээрээ байх байхаа.

Ээжийгээ санан суугаа охин нь

2 comments:

ganga said...

Eejee sanasan hun uilahaar bichjee. Bayarlalaa. Bas Tsvetaeva-n shulgees hamgiin durtaig maani tavisan baina.

serdaram said...

Tiim dee. Hynd hamgiin saihan tsag ye eleg byten baih gedgiig medertel bichjee. Bi yaag odoo eej ryygee zalgaad yamar neg goyo yum helmeer sanagdchihlaa.
Minii naiz Eejiinhee hamgiin sain ohin ni baij chadsan bolohoor AZ JARGALTAI baih bolnoo. Yaagaad gevel BURKHAN gedeg zyil baidag yum chin....