Thursday, July 26, 2007

Зугаалгын дараа...

Хэдэн долоо хоногийн өмнө энүүхэн Гачууртын ойролцоо голын эрэг рүү салхинд гарлаа. Олон цагаар компьютерийн дэлгэц ширтэж, бүгчим өрөөнд давчдан суусны дараа эрүүл агаарт гарч, урсгал ус ширтэж суух шиг жаргал хаана ч үгүй. Очингуутаа л хөөрсөн сэтгэлдээ болоод миний эргэн тойронд байсан зүйлсийг огт анзаараагүй суусныгаа хэдэн минутын дараа мэдэрлээ.
Усны мандал ширтэн сууж байтал дотор нь нэг юм хөдлөөд байнаа. Загас биш байлтай. Нилээд харлаа, оймс байж байхийн. Юун нөгөө сайхан ус мус.

Бушуухан эргээд л моддын зүг харлаа. Өмнө ирсэн хүмүүс бодвол гал түлж хорхог энэ тэр хийж идсэн бололтой. Шатсан чулуу, мөлжсөн, мөлжөөгүй ясны үлдэгдлүүд эгээ л нөгөө Робинзон Крузо дээр гардаг хүн иддэг омгийн үдийн хоолоо зооглосон газарт хүрээд ирсэн юм шиг.
Хажууханд нь архины лонх, шар айрагны лааз, ундааны хуванцар савнууд, элдэв янзын цааснууд, тамхины иш, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, за өөр бас юунууд ч юм бэ бүү мэд. Юун байгалийн сайхныг мэдрэх, хогийн цэг дээр ирчихвүү энэ чинь. Ганцхан энэ хавьд ийм байна уу гэтэл үгүй юм аа. Хаашаа ч очсон ижилхэн дүр төрх угтана.
Миний анзаарснаар Гачууртын тэр хавьд гэр амралтын газруудаас их юм алга. Бараг бүгд голоо дагаж байрлах аж. Даанч тэдэнд олон хүн цуглуулж мөнгө олохоос биш тэр хавиа хамгаалахаа байг гэхэд хогийг нь цэвэрлэчих, бүр байг гэхэд "Хогоо цэвэрлэнэ үү" гэсэн бичиг хадах сэтгэл үнэндээ алга. Угтаан бол чухам тэр Туул гол, гол дагасан бургас модны буянаар л мөнгө олж, гэдэс цатгалан, сэтгэл хангалуун амьдарч байгаа байлтай.
За тэр зугаалчихаад буцаж байгаа хүмүүс бол уух идэх, ухаанаа гээхээс өөр хийсэн юм энд л лав алга ажээ. Үгүй ядаж дараа дахиад ирнэ, өөр хүмүүс бас ирнэ, хогоо хамчихая гэсэн бодлыг аягүйдвэл эргүү тэнэг гэж үзэх буй заа.
Бидний муухай Монголчууд нэг иймэрхүү бохир заваан агаад өөрсдийгөө дээд тэнгэрээс заяат хэмээн их л бардам нэрийднэ. Мөхөс миний санахад тэртээ дээд тэнгэрийн улсууд их л цэвэрхэн суудаг баймаар...


Гачуурт, 2007 оны 06 сарын 29

No comments: