Том том цасан ширхэг малгайлан... Гараа тосон нүдээ анихад хөвсийсөн цасан ширхгүүд намайг тойрон бүжиж, алган дээр минь буухдаа сэрүүхэн бас нойтон...
Сэтгэл дотор амгалан тайван, яг л энэ цас бударсан чив чимээгүй өдөр шиг. Чив чимээгүй. Гайхмаар...
Хүн зоны бужигнаан, машин тэрэгний шуугиан дундах яаруу давчуу амьдрал минь энэхэн мөч дээр ирээд түр зуур алмайран саатаа юу? Тэнгис далай, хэдэн зуун уулсын цаанаас сэтгэлд таатай дуун дуулдах шиг. Сураг ажиг тавилгүй удаа юу даа...
Хавар хурдан болоосой, өвөл бүү дуусаасай. Цас минь бүү зогс, малгайлан ор, бүр салхилан шуур. Энэ чимээгүй, амар амгаланг эвд. Өө, энд салхи байхгүй болохоор л ийм чимээгүй, тайван байжээ. Хаана, юунд тэгтлээ сатааран саатаа юм болоо?
Том том цасан ширхэг малгайлсаар... Гараа тосон нүдээ анихад...
Wednesday, February 18, 2009
Tuesday, February 10, 2009
Би зүүдлэв...
Эргэн тойрон өнгө өнгийн одод гялалзан би вээр тэдний дунд гэрлийн хурдаар нисч явнам. Өмнөөс харван ирэх сүүлт оддоос чадмаг гэгч нь бултан, огторгуйн дунд дураараа дүүлж байна. Бүхий л бие цогцос минь зүйрлэхийн аргагүй хөөрлөөр бялхан дүүрч, улам хурдлан, улам цаашаа харвахаас өөрийг үл бодно. Нэг тал нь гэрэлтэн ахуйд нөгөө тал нь харанхуйлан дүнсийх гариг эрхэс, дэлбэрч буй галт одод, өнгө өнгийн...
Ийм гайхалтай үзэгдлийг кинон дээрээс ч харж байгаагүй санагдана. Нэгэнтээ хурдаа аван нисэхэд эргэн тойронд буй бүхэн тэртээ хойшоо харван алга болж, аажууран сатаарахуйд эргээд л эгэлгүй их огторгуй нүднээ тодорно. Би чухам хаана, юуны учир, юунд ингэтлээ яаран хурдалж явааг бүү мэд...
Гэнэтхэн нүдний өмнө асар том гариг юу юугүй тулан, хаашаа ч бултан зайлахын аргагүй бүх орон зайг хаагаад ирэхийн сацуу дэмий л нүдээ аньж бурхан тэнгэрт өөрийгөө даатган орхив. Ямар нэгэн зүйлийг мөргөөд, эсвэл би унаад нэг л их өвдөлт, аймшиг болно доо гэсэн айдас зүрхэнд зурсхийн хамаг бие хөлрөөд ирэх шиг. Тэгтэл... тэгтэл.. юу ч болсонгүй, би хүлээсээр...
Нүдээ нээхэд өнөө олон өнгө өнгийн одод, гариг эрхэс тэртээ дээр тэнгэрт анивчиж, би газар тэнгэрийн завсарт жингүйдэн хөвж явна. Үзтэл нөгөөх асар том гариг дээгүүр нисч яваа бололтой. Тайван, намуухан, дулаан... Доошоо харахад газрын шаргал хөрс, уул толгод нүднээ дурайж, дээш өлийхүйд одод даллан дуудаж байна. Би дахин хурдаа авч, эндээс тасран холдохоос эмээж, зөөлөн хөвөн бүүвэйлэгдэхийг хүслээ. Энд нэг л сайхан. Аажуухан, зөөлөн, тэгээд бас чив чимээгүй байх юм. Гариг эрхсийн дундуур эргээд галзуу мэт хурдлан дүүлэх хүсэл төрөхүйд цойлон одох гэсэн боловч миний хүслээр хаашаа л бол хаашаа харван дүүлж байсан тэр их хурд алга болчихжээ. Яаж ч хичээгээд дээшээ бус харин ч доошоо хөвөөд байх шиг.
“Миний охин, сэрээрэй!” Ээжээ, энэ та юу? Та хаана байнаа? Энэ сайхан хоолой тэртээх огторгуйн гүнээс сонсогдоод байх шиг... Би сэрчихлээ... Өрөөндөө... Харанхуй... Нам гүм...

Labels:
Тэмдэглэлүүд
Subscribe to:
Posts (Atom)