Friday, September 26, 2008

Midnight Meat Train

Ryuhei Kitamura-н энэ киног үзэхгүй байсан нь дээр дээ. Сонирхол татсан ганц л зүйл байсан нь зурагчин залуугийн авсан зурагнууд. Ялангуяа бага насны хүүхдүүд болон эмэгтэйчүүд үзэх огт хэрэггүй.
Ямар ч утга учиргүй, цаг, мөнгөний гарз гэж миний бие дүгнэв.

Тодруулга:
Дашрамд дурдахад найруулагч нь Япон боловч кинонд Bradley Cooper, Leslie Bibb, Brooke Shields нар тоглосон агаад үйл явдал Нью-Йоркод өрнөнө. Гэхдээ энэ киноны тухай бичмээргүй байна.

Tuesday, September 23, 2008

Эрх чөлөөг мэдрэхүй буюу тэвчээрийн бүслүүрийг тас татав

Намар. Улаан, шаргал, шав шар, ногоон, хүрэн, хар, түмэн янзын өнгөөр гоёсон нутгийнхаа намрыг үнэрлээд ирсэн би гэдэг хүн цог хийморь сэргэнэ гэж байдаг бол түүний дээд нь болсон буйзаа. Гагцхүү их удаан энэ богинохон залуу насныхаа юунаас ч үнэтэй цаг хугацааг чухам өөртөө, хайртай хүмүүстээ зориулалгүй явсаар өдийг хүрсэн мэт санагдаж үе үехэн гашуун харамсал зүрхэнд зурсхийгээд өнгөрөх аж.
Хүний нутгийн үүр их эрт цайх. Гэгээ гарангуут нойр минь хаа нэгтээ нисэн алга болоод саглагар модны дор ганцаар таатайхан сууж бодлын ертөнцөд дүүлэх хүсэл төрнө. Ийн суухдаа элдвийг бясалгаж, Ангарагийн хэлснээр "журмын хашаанд" хөөн оруулчихаад удтал хорьж асан хөөрлийн эсүүдийг дураар билчээж, нэгэнтээ намуухан дуулж, нэгэнтээ мэгшин уйлаад... Сэтгэлийн хөдөлгөөн, зүрхний хөөрлийг хүчээр барьсан, нэгэн хэвийн, уйтайхан, завгүй амьдралыг мартсугай хэмээн санана.
Өглөө эртийн энэ хэсэгхэн хугацаа миний дотрыг шинэхэн болгон сэргээж, балчир ахуйгаас том хүн болох гэж яаран байсан тэртээх он жилүүдийн хаа нэгтээ гээгдэн одсон тэр л "БИ" гэх дүр төрхийг эргүүлэн авчирч байх шиг.
Инээд хөөр, уур уцаар, хайр дурлал, зовлон шаналгаа, уй гашуу... Амьдралын жинхэнэ амтыг ийм сэтгэлийн их хөдлөлгүйгээр яахан мэдрэх вэ дээ. Олон тохиохгүй ийм сайхан өглөөний мөч бүхнийг амтлан жарга, хайрлан мансуур...
Бүсгүй минь, нар манджээ...