Friday, October 31, 2008

Wall-E


Эгдүүтэй хөөрхөн Wall-E, Eve хоёрыг хичнээн дахин үзээд уйдахгүй юмаа. Уоли киноны эхнээс авхуулаад дуусан дуустал инээд, эгдүү хүргэсээр бүр сэтгэл сэргээчихнэ.
Хөгжилтэй, хөөрхөн энэ кинонд их зүйлийг өгүүлжээ. Байгаль хамгаалал, цөлжилтийн аюул, хүн төрөлхтөний буруу үйлдлийн үр дагавар, улс төр, үүрэг хариуцлага, нөхөрлөл, хайр сэтгэл, бүр таргалалтын зовлонг хүртэл багтаачихсан байх юм. Хүүхэд, том хүн хэнд ч бай юм бодогдуулахаар агуулгыг Пиксарынхан гаргаж чадсан байна. Үзэгчдээ юм бодуулахын зэрэгцээгээр сэтгэлийг нь бас сэргээчихнэ. Ерөнхийдөө мөнгөө ч хөөж, агуулгаа ч гаргаж чадсан сайн кино гэж би хувьдаа дүгнэлээ.
Хөөрхөн Еваг дэлхий дээр ирсний дараа өдөр бүр хогоо цэвэрлэн орой нь байрандаа ирж шуурганаас хоргодож хоноод, дараагийн өдөр нь дахиад л “хогондоо” гардаг Уолигийн амьдрал нэг ёсондоо “будаа” болж тайван амьдрал, жоом найз хоёроос нь илүү сэтгэлийг нь татсан нэг “зүйл”-тэй болсноор бөөн адал явдалд орооцолдож эхэлж байгаа нь амьдралын нэгэн ихээ чухал “асуудал”-ыг сөхөж тавьсан байна.
Бид өнөөдөр өөрсдөө ч анзааралгүй автоматжуулалтын нөлөөнд улам бүр автаж амьдрал маань тэр чигээрээ тоног төхөөрөмж, компьютер, роботуудаас хамааралтай болсоор байгаа нь цаашдаа хүргэж болзошгүй үр дагавруудын нэгийг сонирхолтойгоор зөгнөн харуулжээ.
Хөдөлгөөний дутагдалд орж баахан жин нэмчихээд "буяны тарга аа хө" гээд гайхуулсхийгээд явж байдаг хүмүүст энэ киног сайн үзүүлбэл фитнес клубуудын орлого нэмэгдэх магадлалтай.
Эцсийн эцэст үүрэг хариуцлагаа сайн мэддэг онгоцны ахмадынхаа хамтаар сөнөсөн дэлхий дээрээ хүмүүс эргэн ирцгээлээ. Бүрэн автомат орчинд роботуудын халамжинд амьдарч дассан энэ хүмүүс цаашдаа яаж амьдрах, юу хийх, ер нь амьдарч чадах ч юмуу, үгүй ч юмуу. Гайхмаар олон асуултууд л үлдлээ. Ямар ч гэсэн эгдүүтэй Уоли хөөрхөн Еватайгаа гараа атгачихсан зогсож байна. Өө, энэ хажууд сууж байгаа нөхөр Уоллитой адилхан ч юм шиг...

Thursday, October 23, 2008

Ээждээ бичсэн захиа

Миний ээжээ, сайн сууж байна уу? Охин нь дэгжин бүсгүй болзоондоо очихоор өнгө өнгийн хувцсаа ээлжилж өмсөн сонгох гэж ядаж байхтай зүйрлэм түмэн янзын өнгөөр хувиран гоёх намрын сайхан байгаль дунд таныгаа санаад л гүйж явна. Аав бид гурвыг очиход налгар дулаахан байсан ээж ууланд өвлийн амьсгал сэнгэнээд эхэлсэн биз ээ. Өглөөний нарны туяаг угтаад цантсан өвсөн дээгүүр та минь хөл нүцгэн тайвуухан алхалж байх шиг гэж санагдаад байх юм. Эсвэл тэртээ дээрээс намайгаа хараад сууж байна уу?

Ээжийгээ хөтлөн алхаж буй залуу, охиноо эрхлүүлэн үнсэж байгаа ээжийг харахаар атаархахын дээдээр атаархаж, бушуухан буруу хараад нулимсаа залгичихна. Хааяа та зүүдэнд минь ирнэ. Олны дунд бужигнаж явахдаа мэдрэхгүй мэт боловч нэг их баяр баясгалан төрсөн, эсхүл гунигийн мананд умбасан үед та минь санагдаад өмөг түшиг, дулаан энгэрээ хайгаад байх юм...

Дэлгүүр орохоороо сурсан зангаараа энийг ч, тэрнийг ч ээждээ авчих юмсан гээд барьж үзээд л. Одоо ноднин жил авхуулсан бид хоёрын зурагнаас та өөдөөс минь хараад сууж байна. Нэг мэдэхэд тэр өдрөөс хойш хоёр сар гаруй хугацаа харвасан сум шиг өнгөрчихжээ...

Охин нь нутагтаа очоод хамгийн түрүүнд ээж ууландаа очиж тантайгаа золгоно. Нар туссан, дулаахан, анир чимээгүй, тийм л нэг таатай сайхан уул байсан. Өвлийн хахир хүйтэнд ч тэр хэвээрээ байх байхаа.

Ээжийгээ санан суугаа охин нь

Monday, October 20, 2008

М. Цветаева: Мне нравится

Мне нравится, что Вы больны не мною
Мне нравится, что я больна не Вами
Что никогда тяжелый шар земной
Не уплывет под нашими ногами...

Мне нравится, что можно быть смешной,
Распущенной, и не играть словами
И не краснеть удушливой волной,
Слегка соприкоснувшись рукавами...

Спасибо Вам и сердцем, и рукой
За то, что вы меня, не зная сами,
Так любите,
За мой ночной покой,
За редкость встреч закатными часами,
За наше негулянье под луной,
За солнце не у нас над головами...

За то, что Вы больны, увы, не мной,
За то, что я, увы, больна не Вами

Thursday, October 9, 2008

Equilibrium

"Librium is freedom"
John Preston

Хүйтэн, баргар, нэгэн хэвийн, урлагийн бүтээл, гоо сайхан, хайр дурлал, уур хилэн, өшөө хорсол, уй гашуу юу ч үл орших ертөнц. Тэнд “гэмт хэрэг”, галзуу солиорол, атаа жөтөө юу ч байхгүй. Гагцхүү нэг хувцсаар ижилсэж, нэг л үйлдлийг өдөр бүр давтан хийж, нэг л философийг байнга сонсож, уншиж, дагаж мөрдөж, шүтэн биширч, түүнээс өөр зүйл байхгүй мэт амьдрал. Нэг бодлын тэртээх уулнаас цааш газар үгүй хэмээн гардаг “Хуучин хүү”-гийн үлгэр, нөгөө бодлын жинхэнэ ёсоороо коммунист ертөнц мэт. Хэн ч үгүйрэн хоосроогүй, юуны ч төлөө санаа үл зовж, тэр байтугай хэн нэгэнд дурлаж, хайрлаж, хаягдаж шаналан зовох, эсхүл үр хүүхдийнхээ төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа бүхнээ зориулах ямар ч хэрэггүй. Амьд биеийн жаргалыг хамтдаа эдлэх хэн нэгэн чамд оногдоно, үр хүүхэдтэй болно, гэхдээ тэд хэн ч биш. Зүгээр л нэг секс болохоос жаргал, таашаал ердөө ч биш. Аав, ээж гэж хэн байх нь чамд ямар ч ялгаагүй. Гагцхүү бүх зүйл “нам тайван сайхан” буюу “equilibrium”-тэнцвэрт ертөнц-Libria.

Ийм ертөнцийг би ч, та ч, өөр хэн нэгэн нь төсөөлж чадах болуу? Энэ ертөнцийг Kurt Wimmer-н “Equilibrium” кинонд Dominic Purcell, Christian Bale, Sean Bean нарын жүжигчид амилуулсан байна. Зарим хүмүүс Матрицын болхидуухан хуулбар, сонирхох зүйл юу ч үгүй гэж хэлдэг. Харин миний хувьд энэ киног эхэлж үзэхэд байлдаан тулааны дүрслэлийн хувьд Матрицтай төстэй санагдсан агаад хоёр дахь удаа үзээд түүнтэй адилтгах зүйл алга гэж үзсэн бөлгөө.

Кино бүхэлдээ “Матриц”болон бусад зөгнөлт кинонуудын нэгэн адил тулалдах урлагийн гайхамшиг, эгэл биш тулаанууд, адал явдлаар дүүрэн боловч ялгаатай нь хүний дотоод сэтгэл, амьдралын философийг бүхлээр нь хөндсөн маш өргөн агуулгатай байлаа. Эцсийн эцэст хүний амьдралын утга учир нь яг юу юм бэ гэж киног үзсэний дараа би өөрөө өөрөөсөө асуугаад хариултаа олоогүй, одоо ч гэсэн хайсаар л явна. Манай баатрын хамтрагч Партрижийн найз бүсгүй Mary O’Bryan (Emily Watson) “Why are you alive? ... To feel...” хэмээн хэлдэг. Киноны шигтгээ буюу сэтгэл хөдлөл, мэдрэмжийн бэлэг тэмдэг гэж миний нэрлэсэн энэ бүсгүй үнэхээр дур булаам, зоригтой, ухаалаг. “Бидний ертөнц”-д ч ийм бүсгүйчүүд ховор билээ.

Гол баатар болох Жон Прэстоны дүрийг жүжигчин Кристиан Бэйл гайхалтай гаргажээ. Хийх гэж бодсон л бол хийдэг, эсвэл нэгэнт бүтэхгүй ээ гэсэн бодлоор зүгээр байгаагаар нь орхидог, зохицон амьдардаг, нэг бол болж байгаа зүйлтэй нэгэнт эвлэрч чадахгүй тул өөрөө байхгүй байсан нь дээр гэж үздэг гэх зэрэг хүмүүний аливаа бэрхшээлтэй тулгарах үедээ гаргадаг шийдвэрүүдийг дүр тус бүр дээр сонирхолтой харуулсан. Эр хүйстнүүдийн дундах “шалгарлын процесс” ч гэж хэлж болмоор санагдсан.

Гэхдээ өчүүхэн ч сэтгэлийн хөдлөлгүй ертөнцийг эгэл жирийн хүмүүн бид төсөөлж арай л үл чадах, эсхүл угаас хүний төрөлхийн зөн совин ч юмуу ямар нэгэн дотоод мэдрэмж оршсоор байдаг нь тод харагддаг. Жишээлбэл, Партриж (Шон Бийн) гэх хамтрагчаа шууд л буудчихын оронд энэ хүн миний найз, миний хувьд үнэ цэнэтэй гэсэн сэтгэл Прэстонд илэрнэ. Аймшигтай, өршөөлгүй боловч ямар нэгэн юм түүнд байнаа.
“Destruction… is penalty for feeling” Аймаар сонсогдсон шүү.

Эрээнтэй бараантай хорвоод байж л байдаг нөгөө “дээгүүрээ хувааж иддэг” гэдэгтэй адил зүйл Либриад бас л оршиж байна. Dupont (Angus Macfadyen) өөрөө Либриаг хэрэглэдэггүй, өрөөгөөрөө дүүрэн уран зураг, урлагийн бүтээл өлгөчихсөн сэтгэлийн хөдлөлд автагданхан суудаг.
Түүний хэлсэн энэ үг их юм бодогдуулсан шүү. “Let’s show them that we are what we mean. Let’s burn this woman...”

Эцсийн эцэст сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүмүүний амьдралаас, түүний бие, зүрх сэтгэлээс салгаж яавч үл болно гэсэн агуулгаар кино төгсөв. Зүрх сэтгэл үгүй бол амьдрал амтгүй, нэгэнтээ өөрийгөө хайсаар дуусдаг хорвоог бүр ч утга учиргүй болгож орхих юм шиг санагдсаар нилээд удаан “бичиг” харж суулаа...

(Санаагаар болдог бол ч Либриаг хааяа нэг хэрэглэчихмээр үе бий шүү. Даанч одоогоор зөвхөн номны хуудас, дэлгэцэн дээрээс л энэ бодисыг олох юм даа.)

Надад их таалагдсан, тогтоогоод авчихмаар нэгэн үгийг Престон үргэлж шахуу хэлдэг нь: “My timeframe dictates that I can not wait”

Saturday, October 4, 2008

Нүд хийгээд гэмшил

Энэ хоёр нүд яасан удаан дагах юм бэ? Тэр нүдийг санагдуулаад юутай хэцүү вэ? Гэмшил дүүрэн дурсамжийг минь хөндөөд хаа ч явсан дагаад байх юм, битгий тэгээч. Ханан дээрээс хүртэл хараад байх шиг санагдаад би шаналаад байна.
Амьдрал, үхэл дотор нь багтаж, эгэл жирийн, агуу их холилдон оршсон их усан далай шиг мэлтийсэн энэ харцнаас чинь би айгаад байна, хэрэггүй ээ. Унтах нойр минь хулжиж, амгалан зүүд минь нисэн одлоо. Гагцхүү тайван амарыг хүсээд байхад ямар хяслантай юм бэ, далай минь?
...
Зүрхээ чангалан дахин нэг харлаа. Биш ээ. Нүд өөрийг өгүүлж байх шиг... Өө тиймээ, энэ өөр юм байна. Тэр нүд биш байна...
Зүрх минь тайвширч, сэтгэл минь амрав. Гэмшил, дурсамжийн аль аль нь мартагдсан арал руугаа хийсэн одож, харин би бээр зүүдний ертөнц рүүгээ дураараа ниссэн нь энэ буюу...

Thursday, October 2, 2008

Шунал минь, асар их шунал минь

Нэг уулын оргил дээр гараад дараагийн улам өндөр оргил өөд тэмүүлдэг шиг нэг зүйлийг өөрийн болгонгуут илүү их, бүүр илүү их зүйл рүү шунан дайрах ажээ. Харин хүссэндээ хүрээд авчихсан хойноо тэгтлээ их шунан зүтгэж байсан шигээ сэтгэл ханан тайвшрах нь ер үгүй. Байдаг л нэг зүйлийг авчихсан, байдаг л нэг зүйлийг хийчихсэн мэт санагдаж, дараагийн нэгэн илүү сайхан, илүү сэтгэл татам, илүү амттай харагдаад эхлэх нь гайхалтай.
Байгаа бүхэн минь багахаан, би жижигхээн, тэрнийг ч авмаар, үүнийг ч хиймээр. Ертөнцөд сэтгэл татам зүйлс юутай их, өчүүхэн миний хүсэлд хязгаар үгүй. Цаг өнгөрөх тусам яарч давчдан, улам хурдлах, байлдан эзлэх хүсэл нэмэгдэнэ. Цаг хугацаа, хүчин чадал минь даанч хязгаартай тул утга учиртайгаар, эргэж харамсахгүйгээр "дайтах"...
Энэ дайнд ялах ялагдах эцсийн үр дүн нь чухал биш. Туйлын ялалт, туйлын ялагдал гэж байх билүү? Гагцхүү шуналт сэтгэл тайвшрах эсэх нь л чухал буюу.

Princess Mononoke

Hayao Miyazaki-н "Сан Мононоки гүнж" хүүхэлдэйн кино 1997 онд дэлгэцэнд гарсан боловч өнөөдрийг хүртэл хүүхэд, томчуулгүй дурлан үздэг кино хэвээрээ л байна. Би өмнө нь орос хэл дээр үзэж байсан боловч сая үзэхдээ нүд салгалгүй шимтэн үзлээ.
Зорилгодоо хүрэх тэмүүлэл, зүтгэл, эр зориг, хүч чадал, хайр дурлал, гэнэн сэтгэл, далд санаа, өшөө хорсол гээд хүмүүний амьдралд байх бүхий л зүйлсийг хүмүүс болон амьтдаар төлөөлүүлэн маш сонирхолтойгоор дүрслэн гаргасан. Японы иймэрхүү хүүхэлдэйн кинонууд анимац сайнгүй хэдий ч дүрс, зураглалыг нарийн сайн гаргаж, дуу хоолой, агуулгаар хүний сэтгэлийг татаж чаддаг.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн бол байгалийн нэг хэсэг нь юм гэсэн философийг балчир хүүхдүүдэд сонирхолтой адал явдлаар ойлгуулж чадахуйц дүрслэлтэй. 5-с дээш насны хүүхдүүд ямар ч гэсэн ойлгох бол уу.
Харин бүсгүйчүүдийн хувьд сонирхол татсан өрнөлүүд бас бий. Жишээ нь төмрийн тосгоны бүсгүйчүүд Ашитакаг хараад "Ямар царайлаг юм бэ?" гэж шагширцгаах, Сан гүнжийг аваад тосгоноос явахад нь буудах гээд чадахгүй байх, эргээд ирэхэд нь баярлан угтан авцгаах зэргээр сайхан залуу харсан бүсгүйчүүдээс гарч болох аалийг эвтэйхэн харуулсан бөгөөд Ашитака ч энэ давуу талыг сурмагаар өөрийн талд ашигтайгаар эргүүлчихдэг сэргэлэн залуу аж.
Төмрийн тосгоны ахлагч хатагтай Эбоши ухаалаг, аймшиггүй зоригтой, эрэлхэг бүсгүй хэдий боловч гэнэдэж алдаа гаргаж байгаагаар харуулснаар "эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн" гэсэн санааг эвлэгхээн гаргачихсан мэт санагдав.
Кинонд чимэг нэмсэн, бас ч үгүй хамгийн гол тайллын эзэн болсон "модон шаахайт" Жиго доожоогүй царайлж явах мөртлөө цагаа тулахаар хачин сайн зодолдож, сонин модон шаахайтайгаа сурмаг гүйхийг нь харахаар инээд хүрмээр.
Уламжлал ёсоор эцсийн эцэст бүх зүйл сайхнаар төгсч Ашитака нутаг руугаа буцалгүйгээр төмрийн тосгонд, гүнж ойдоо үлдэнэ. Тэр хоёр хамт байх бол уу? Хүүхдүүдийн хувьд бол тийм, харин томчуудын хувьд бол мэдээж үгүй. Гэхдээ Ашитака ямар ч гэсэн үлдсэн.
Энэ киноноос надад хамгийн таалагдсан дүр бол Сан гүнжийн ээж Мори чоно. Харин Shishigami ойн савдаг түүний амийг авчихсан...
Киноноос сэтгэлд хамгийн тод үлдсэн үг бол Ашитакагийн хэлсэн: To see with eyes unclouded...