Tuesday, August 26, 2008

Бээжин 2008: Медалийн сониноос

Бээжингийн Олмип юм юмаараа сэтгэлд хүрсэн, бас олон шинэ амжилтыг төрүүлсэн сайхан олимп боллоо. Хятад ч лут улс юмаа.

Бидний монголчууд хос алт, хос мөнгө, нэг хүрэл, бас нэг алт авсан Өвөр Монгол залууг тооцох юм бол нийтдээ 3 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэйгээр гялалзсан сайхан амжилтыг үзүүлцгээж магнай тэнийн баярлав.

Энэ олимпоор хамгийн олон буюу 958 медалийг тамирчид хүртэцгээжээ.
Медальтай холбоотой ганц хоёр сонирхолтой тоо баримтыг дурдвал:

  • Атлантагаас хятадууд 50 алт авч байсан амжилтаа энэ удаад нэгээр ахиулж чадав. Өмнө нь 1988 оны Өмнөд Солонгост болсон Олимпод Оросууд 55, 1984 оны АНУ-д болсон Олимпоос Америкчууд 83 алтан медалийг хүртэж байлаа.
  • Америкчуудын хувьд Афинаас авсан 36 алтан медалийн амжилтаа хадгалж үлдэв.
  • Харин нэг медальд ногдох хүний тоогоор аваад үзэх юм бол Хятадын 25 сая хүн тутамд, АНУ-н 8.5 сая хүн тутамд, Ямайкагийн (6 алт) 450 мянган хүн тутамд нэг алтан медаль ногдож байх юм. Тэгэхээр чанар өөр байгаа биз? Албан ёсоор бол 1.3 сая монголчууд дундаа нэг алтан медальтай. Хятад хэрэв Ямайкагийн үзүүлэлт хавьцаа очиё гэвэл 2,889 алтан медаль хүртэх хэрэгтэй болно.
  • Олимпын эх орон Грек нийтдээ ердөө 16 медаль авсан байх юм.
  • Африкийн орнууд бүгд нийлээд 40 медаль авч тивийн түүхэндээ рекорд тогтоов.
  • Афганистан, Бахрайн, Мавритан, Судан, Тажикстан, Того улсууд анхныхаа олимпын медалийг хүртэн баярлацгаав.
  • Олимпоос медаль авч чадсан орнууд дунд хүн ам хамгийн багатай нь Исланд бол медаль хүртэж чадаагүй орнууд дундаас хамгийн олон хүн амтай нь Пакистан (164 сая) гэнэ.
  • Майкл Фелпс гэгч агуу сэлдэг америк нөхөр Франц, Голланд, Испани, Канад, Аргентин, Швейцарь, Бразил, Мексик зэрэг бүхэл бүтэн улс орнуудыг ардаа орхин ганцаараа 9 алтан медаль “түүчихэв”. Эрэгтэйчүүдийн усанд сэлэлтээр бусад орнууд бүгд нийлээд 7 алтан медаль авч. Харин боксоор бол Амекрикчууд ёстой “будаа” болж, арайхийн ганц хүрэл “зулгаажээ”.
  • Хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд бүгд нийлээд 173 медаль авсан.
  • 1992 онд алтан медалийн тоогоороо 5-д жагсаж байсан Кубчууд 2008 онд 28 руу ухарлаа.
  • Биднээс гадна Панамчууд бас Энэтхэгчүүд энэ олимпоос анхны алтан медалиа авч хагартал баярлацгаав.
  • Дэлхийн хүн амын 17%-ийг эзэлдэг Энэтхэг олимпийн нийт медалийн 0.31%-ийг
    БНХАУ: Дэлхийн хүн амын 19.8%,ы нийт медалийн 10.4%-ийг
    АНУ: Дэлхийн хүн амын 4.6%, медалийн 11.5%
    Ямайка: Дэлхийн хүн амын 0.041%, медалийн 1.15%-ийг тус тус авсан байна.

Эх сурвалж: Yahoo Sports

Monday, August 25, 2008

Ээжийн охин

- Миний охион?
- Аан ээжээ?
- Яасан оройтдог юм бэ? Гэгээтэйд ирэхгүй, харанхуйд гэмтэй шүү.
- Өө, ээж юундаа санаа зовсийн. Найзуудтайгаа уулзаад, тэд хүргээд ирсэн.
- Юм идэхүү? За даа, орой их юм идээд дэмий байдаг юмаа.
- Идэхгүй ээ, би ямар орой юм идэх биш. Эртхэн унтая зүгээр.
- Охиноо эрт ирвэл хумсаа авхуулж янзлуулая гэж бодож байсан юм. Дараа л болохоос. Миний охин унт унт.
- Өө, би таг мартчихаж. За за, тэгж байгаад л нэг завтай үедээ болоё. Маргааш ажил ихтэй. Би дахиад оройтож магадгүй шүү, нээрээ. Гэхдээ утасданаа. Явж унтлаа.
- Миний охин гэрлээ унтраагаарай.
- Өө, нээрээ. Мартаад л явж байна. Ээжээ та унт унт. Аягүй бол нойр нь хүрэхгүй болчих вий. Охин нь гэрлээ унтраалаа...

xxx

- Хүүхдүүдээ лагер дээр ирэх байх гээд л хараад байхийн. Тийм л их ажил төрөлтэй байдаг юм байлгүй. (туньсан янзтай)
- Өө, ээжээ тэгж ингэсээр байтал л ирж амжихгүй юм. Өнөөдөр харин бүр ирэе гэж бодоод. Ээжээ би танд гоё шоколад авчирсан, гараар хийсэн, цэвэр шоколад. Энд сайхан байна шүү, тиймээ ээжээ. Би хонож чадахгүйнээ, хагас сайнд ирэе тэгэх үү, ээжээ?
- За ээж нь тэгж байгаад идэе. Ирэхгүй юм та нар зүгээр...

xxx

- Ээж ээ, та энийг нүүрэндээ тавьчих, их гоё болгодог юм. Таны арьс их зөөлөн шүү.
- Залуудаа ээж их л янз бүрийн юм хэрэглэдэг байж, одоо ч тэрэндээ мантай болжээ. Өө, ээж нь буруу тавьчихаж уу? Ээжийнх нь арьс ч одоо харлаад их л муухай болж байгаа байх даа.
- Үгүй үгүй, та сайхан хэвээрээ л байна. Тээр, ийм гоё зөөлхөн. Ийм сайхан үнэртэй. Би таны өвөрт унтана шүү.
- Шөнө битгий их эргэж хөрвөөгөөрэй. Ээж нь ор доргихоор дотор эвгүй болоод байх юм.
- За, би хөдлөхгүй ээ. Ээж, мээмээ барияаа.
- Үгүй, чи гижиг хүргээд. Хөгшин хүүхэн ээждээ эрхлээд л... Миний охины үс нь шингэрээд байна уу даа?
- Энэ чинь харин унаад байхийн байна ш дээ. Одоо тэгээд яанаа?
- Өдөр шөнөгүй компьютер шагайхаа боль, миний охин. Ажил дээрээ сууж сууж ирэнгүүтээ дахиад л суух. Яавч сайн биш. Ээж нь охиндоо халгай өгнөө. Ажил ажил гээд л. Ажил амьдралаа зохицуулж сур.
- Ээж тэгээд л хүн загнаад байдгийн.
- Ээжийнхээ хумсыг нэг их хачин янзалчихсан байналээ. Муухай харагдаад байнаа.
- Энэ чинь жинхэнэ гоё засалт байхгүй юу даа. Одоо би бүр гоё будаад өгөх үү? Тас хараар будаад ганган болгочихно.
- За за, будаж яах гэсэн юм?
- Хоёулаа унтах уу, ээж ээ? Та ядарчихлаа. Юм уух уу?
- За, ээж нь жаахан юм уунаа. Миний охин унт унт. Ээжийгээ харж суугаад нойр нь хүрчихэж...

xxx

- Ээж ээ, миний ээж ээ...
- Ээж ээ, охин нь хумсыг нь аваад өгөе. Охин нь одоо хаашаа ч явахгүй, хажууд нь байж байна...
- Ээж ээ, охин нь байнаа. Охин нь дахиж оройтохгүй. Ээж ээ, хоёулаа хөдөө сайхан агаарт хамтдаа гарая. Тэгэх үү ээж ээ?
- Ээж ээ, охиндоо ирээ...
- Ээжээ, миний хайртай ээж ээ...

Sunday, August 10, 2008

Амьдралын шалгалтад сөхрөхүй...

Нойрон дунд утасны дуу тасралтгүй жингэнэсээр, нүдээ нээх тэнхэл алгаа. "Яадаг муу ядаргаа...", ёоёоёо "Байна уу?" гэсэн уцаартай, нойрмог дууны минь хариуд "Нисэхээсээ өмнө уулзаад явах гэсэн юмаа. Одоо очлоо шүү" сэргэлэн хоолойны араас залгуулаад хөгжилтэй инээд... "Хммм, хэдэн цаг болж байгааг мэддэггүй юм уу, хаашаа юм. Онгоцноосоо хоцорч балрах гэж байгаан". Нүд маань надад огтоос үл захирагдан алгуурхан аниад дуг нойрондоо умбахаар зэхлээ...

"Чамайг амьдралдаа гэнэт гэнэт эрсдэлтэй алхам хийдэг болохоор чинь тайван нисчихэж чадсангүй. Зорилгоосоо ухарч болохгүй шүү. Чи чадах ёстой. Найз нь ч бас яг адилхан байдалд орж байсан, чи мэднэ дээ. Ээж маань бас л... Би ирж чадаагүй шүү дээ..."
Тиймээ, тэр үед би чамайг ээжээсээ мөнгийг илүүд үзлээ гээд л элдвийн хатуу үгээр хэлж байсан. Ямар тэнэг вэ? Хүүхэлдэйн киноноосоо ч салж амжаагүй эмзэг дэгдээхэй шиг миний хажууд чи хал үзсэн, өөрийн гэсэн өндөрлөгтөө элин хальж яваа бүргэд адил том эр хүн.

"Ямар нэгэн юм болбол... Заавал хэлээрэй!" Үгүй дээ, чи миний занг сайн мэднэ, юу ч хэлэхгүйг минь ч одоо мэдэж л байгаа. Гэхдээ дэгдээхэйд энэ үг хэрэгтэй байлаа, баярлалаа.

Би түүнийгээ чадах хирээрээ чангаас чанга тэвэрлээ. "Найз минь, сайн яваарай." Дотор бачуурч, чанга хашгирмаар санагдана. Дэгдээхэй юу хийх ёстойг чи эцсийн мөчид хэлээд өгчихлөө.

Магадгүй би хэзээ нэгэн цагт яг л түүн шиг иймэрхүү үг хэлээд явж байх ч юм билүү. Эргэж ирэхийг минь хүлээх тэнхэл нь өдрөөс өдөрт лааны тос шиг хайлан барагдаж буй хайртай ээж минь...

Нүдний буланд бэлтгэлийн хувцастай цүнх харагдлаа. Тиймээ, надад яг одоо энэ л хэрэгтэй. Унаанд суулгүйгээр заавал ч үгүй гүйж очоод, сунаж унатлаа бэлтгэл хийвэл дотор минь дэлбэрэх гэж байгаа галт бөмбөг унтрах буй заа. Нүүрээ ч угаалгүй, үсээ ч самналгүй цүнхээ шүүрлээ...

Бурхны шалгалт ЧАНГА ажээ!

Tuesday, August 5, 2008

Анакиныг дахин харахнээ, ураа!!!


Star Wars-н хүүхэлдэйн бүтэн animated хувилбар хийгдсэн байна. "The Clone Wars" 8 сарын 15-нд нээлтээ хийх гэнэ. Бүр ТВ цуврал гарах гэж байгаа гэнэ шүү.
Одоо ч гарахыг нь хүлээгээд нойр хүрэхгүй ээ.
Анакин, Оби Ван Кеноби, Ёода багшийг хүүхэлдэйн хувилбараар нь гаргахад ч одоо ид моодонд ороод байгаа Наруто, Луун бөмбөлгүүд ор тас мартагдана даа, хөөрхий.



Анакин нэг хэсэг "ханхүү" минь байлаа. Тэр эргэн иржээ... :)
Харин хүүхэлдэйн хувилбар дээрээ киногоо бодвол догшин царайтай, ширүүн харцтай харагдана. Уг нь кинон дээрээ бол их хөөрхөн шүү дээ. Гэхдээ ийм ширүүн төрх нь зан авиртай нь илүү авцалдаж магадгүй. Тэр ч гайхалтай даа.
Бушуухан киногоо үзэх юмсан...

Monday, August 4, 2008

Эргэлдэн эргэлдсээр нисэн одвоо...

Хундага шарзны охь, амрагийнхаа уруулын амтанд мансуурсан тархи минь эгээ л дэлхийн бөмбөрцөг шиг эрчээрээ эргэлдэн, дэргэдэх хүний яриа тээр уулын бэлээс хүнгэнэх бүгтхэн чимээ аятай. Ингэхэд юун тухай яриад байгаа билээ дээ. Амнаас үг гарахын оронд түмэн янзын жигтэй бодлууд толгойд нисэн орж ирээд буцаад нисэн одно...

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Нюрнбергийн шүүх хурал их урт удаан болсон. Эхлээд их л идэвхтэй суудаг байсан хүмүүс сүүлдээ залхаж, өөрийн эрхгүй унтаж эхэлдэг. Нэг сэргэлэн орос сэтгүүлч хар шилэн дээрээ нүдний зураг наачихаад хээвнэг унтдаг байсан гэж байгаа. Тэгсэн нэг удаа унтаад хоцорчихож. Хэн нэгнийг мөрнөөс нь татаж сэрээхэд нь цочихдоо “Новшийн муу зандалчид!!!” ч билүү, нэг юм хэлээд фашистуудыг зүхэж ирээд л харсан чинь хэн ч байхгүй танхимд ганцаараа унтаж байсан гэсэн. Хөгтэй гэдэг нь. Хүний тархи эргэлдэж байгаа нь бусдад харагддаг бол ямаршуу байх бол?

Нээрээ яг ингэж эргэж байхад хүв хүйтэн ус руу толгой руу асгаж үзэх юмсан. “Саран хөндий” дээр эргэлдэж байгаа сэнс рүү өндөг шидээд яахыг нь үзэхийг хүсдэг байсан залуу гүйлтийн уралдаанд түрүүлж гүйж байсан тамирчны хөл рүү таягаа явуулчихсан чинь нөгөөх нь тээр дээр эргэлдэж ирээд уначихдаг. Тэгээд л түүнийг дэмжиж байсан, эсвэл өрсөлдөгчийг нь дэмжиж байснаараа талцаад бөөн зодоон үүсээд л. Харин мань хэргийн эзэн хээвнэг тэндээс яваад өгчихдөг. Тархи эргэсээр л. Нээрээ өндөг шидэж үздэг ч юм билүү. Сая надад юу гээд хэлчихвээ?

Тээр уулын бэлээс бүгтхэн дүнгэнээд байсан чимээ наашилсаар, наашилсаар, одоо л бодит ертөнцдөө эргэн ирлээ... Сая би хүйтэн ус мусны тухай бодоогүй шүү. (ихэд тэвдэв)

Аахаааан...

Yesterday is history
Tomorrow is mystery
But today is a gift, and that's why it is called PRESENT

Master Oogway (From Dreamworks' "Kung Fu Panda")