Friday, May 23, 2008

Их цөл

Өвөлдөө хүйтэн, зундаа халуу шатсан хатуу ширүүн цөл газар. Хүн байтугай аливаа амьтай бүхэн тэсч амьдарч үл чадах юм шиг санагдах хэдий ч олон зүйлийн амьтан, шавьж, хорхой, өвс, ургамал амьдарч байдаг маш сонирхолтой экосистем ажээ. Цөл манай цэнхэрхэн дэлхий дээрх нийт хуурай газрын долооны нэг, бүх гадаргуугийнх нь 35%-ийг эзэлнэ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн сүйрлээс улбаалан цөлийн амьд бүхэн устан үгүй болж, хоосон элсэн цөл болон хувирах аюул эдүгээ нүүрлээд байна. Цөл улам л томрон газар дэлхийг түрэмгийлэн эзэлсээр.
Гэтэл дэлхий даяараа санаа зовцгоож, хаврын хаварт хэдэн Монголчуудыг мөнгөө үрэн мод тарихад хүргээд байдаг цөлжилтийн аюул тээр тэнд л байдаг юм шиг санагддаг байсан чинь аль хэдийн Улаанбаатарын хаяанд тулаад айсуй. Туул голын минь эхэнд хэд хэдэн алтны уурхай ажиллаж, хайрга чулуу олборлодог компаниуд хөвөөг нь ухаад л, жирийн бид нь болохоор энд тэндгүй хогоо хаяж, мод бургасыг нь өвөл цавчиж аваачаад түлж суудаг. Бохироо ч хээвнэг Туул гол руугаа урсгачихна. Мөдхөн элсэн дунд онигоо яриад сууж байх цаг ирэхвий гэж эмээнэ.
Уг нь манай гаригийн хаахна нь агуу том элсэн цөлүүд байдаг тухай бичихээр зэхсэн маань эхлэвүү үгүй юу бөөн асуудал хөндөөд явчихваа, ингэсгээд үндсэн сэдэв рүүгээ ороё.

Дэлхийн хамгийн том цөл бол мэдээж Сахарын цөл. Хойд Африкийг бараг бүхэлд нь шахуу эзлэн орших энэ аварга цөл 8,6 сая кв км талбайтай. Өмнөддөө элсэн манхнаас өөр зүйлгүй, баруун талаасаа Атлантын далай, хойд зүгтээ Атласын уулс, Газрын Дундад тэнгисээр хүрээлэгдэж, зүүн талдаа Улаан тэнгистэй хиллэнэ. Зайлшгүй нэг очоод үзчих газрын нэг гэж би аяллын төлөвлөгөөндөө оруулчихсан байгаа.

Арабын цөл: 2,3 сая кв км талбайтай Арабын цөл Саудын Арабт оршино. Баруун өмнөддөө Иемэн, зүүн талд нь Оман, баруун хойдод Арабын Эмират, хойд зүгтээ Катар, өмнөд талдаа Персийн булангаар хүрээлэгдэнэ. Араб үндэстнүүдийн нутгийг бараг бүхэлд нь хамарсан асар том цөл ажээ.

Их Элсэн цөл/Great Sandy Desert: Баруун хойд Австралийн Eighty Mile Beach гэх Энэтхэгийн далайн эрэгээс зүүн тийшээ Northern Territory хүртэл сунаж, өмнөд хэсэгтээ Kimberly Downs, Гибсоны цөл, Capricorn-г эзэлсэн асар том цөл байна.

Тарын цөл: 200 мянган кв км хэмжээ бүхий нутаг дэвсгэрийг эзлэн Энэтхэгийн Ражастан муж, Пакистаны газар нутгийн хэсгийг дамнан оршино.

Симпсоны цөл: Төв Австралиийн 143 мянган кв км нутгийг эзлэн Northern Territory Хойд нутгийн баруун өмнө хэсэг, Queensland, өмнөд Австралийн нутаг дэвсгэрийн хэсэг ч энэ цөлд хамрагдана. Австралийн цөлийн ховор амьтан, ургамлын эх нутаг гэдгээрээ алдартай агаад ихэнх хэсэг нь хамгаалалттай буюу дархан цаазтай.

Такла Макан цөл: Төв Азид Хятадын Синян Xinjiang мужид орших энэ цөл бол 320 кв км талбайтай, жинхэнэ утгаараа элсэн цөл.

Говь: Говь гэмээнэ говь билээ... Төв Азид Монгол, Хятад хоёр улсын нутгийг дамнан нэг сая гурван зуу орчим кв км газар нутгийг эзлэн орших агуу том цөл. Монголын түйрэн гэх “алдарт” шороон шуурга эндээс эхлэлтэй бөгөөд газар нутгаа тэлсээр, тэлсээр буй.

Сонораны цөл: Хойд Америкийн энэ цөлийн нутаг 310,800 кв км, Аризонагийн баруун өмнөд, Калифорнын зүүн өмнөд, Мексикийн Бажа Калифорн, Сонора мужийн баруун хэсгийг эзлэн оршино.

Калахарийн цөл: Африкийн Ботсвана бараг бүхэлдээ, Өмнөд Африкийн Хойд Кэйп мужийн хойд хэсэг, Намибийн зүүн хэсгийг эзэлсэн 930 мянган кв км талбайтай агаад баруун өмнөд хэсэгтээ Намибийн цөлтэй хил залгана.

Атакамагийн цөл: Чилийн хойд хэсэгт орших 1,000 км урт сунасан, хүйтэн, ямар ч чийггүй хуурай энэ цөл Перугийн хил хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж:
mapsoffworld.com
foundationosa.org

Monday, May 19, 2008

Холын дуудлага

Утасны цаанаас хөнгөхөн ч биш, хүнд ч биш, уйтайхан санаа алдах нь сонсогдох атлаа гунигаа нуун элдвийг ярьж хошигноод л. Чи яг хэвээрээ. Богинохон бас урт байсан тэр цаг хугацаа өнгө өнгөөр дүүрэн амьдралын дахин давтагдашгүй тийм нэгэн өнгө байсан. Үргэлж дулаахан гарыг чинь атгаад л баймаар. Хэзээ ч алганаасаа тавихгүй дээ гэж харин бодогдоогүй... Чи мэдээгүй. Би хэлээгүй...
Танил бас танихгүй. Зөөлөн харц, уруул, бас миний сүрчигний үнэр... Тэртээ холын, тэр нэгэн аялгуу санаанд орж ирэн... Тэр аялгуу харин минийх байсан...

Friday, May 16, 2008

Сэтгэлийн төгөл - Ирээдүйн төгөл



- Багаж дутаад байнаа, ээлжилж ажиллахаас өөр аргагүй.
- Багш аа, дахиад багаж олоё л доо, бид ажилламаар байна. Зөндөө мод таримаар байна шүү дээ.
Эргэн тойрон охидын инээд, залуусын дуун, хүрзний хангинах, хувингаар ус цутгах чимээ сонсогдоно. Энэ бол асар хурдан хугацаанд цөлжилт явагдаж байгаа Булган аймгийн Баяннуур суманд мод тарихаар очсон 80 гаруй оюутнуудын ажиллаж буй талбай.
“Эх орны баялаг болсон үнэт газар шороо минь”
Энэ үг их л сүржин юм шиг санагддаг байж. Гэтэл хоёр хоног нүхийг нь ухаж, суулгаж, усалж байж модоо тарьсны дараа газар шороо, байгаль гэдэг юутай ч зүйрлэшгүй үнэтэй баялаг болохыг ухаарч авав.
МУШУТИС-ын оюутнуудын “Миний клуб”, “Хөгжил клуб”, “Цахим Өртөө Холбоо” ТББ, “Сайн дурын үндэсний сүлжээ байгууллага”-ын залуус БНСУ-ын Иргэдийн Мэдээллийн Төв ТББ-ын “Ногоон Ази” хөдөлгөөний Монгол Улсад хэрэгжүүлж буй “Цөлжилтийн эсрэг мод тарих” төслийн энэ хавар тарих арван мянган моддын 2,110 модыг өөрсдийн сайн дураар ажиллаж суулгасан билээ. Хаа холын хүний нутгийнхан Монголын цөлжилтийг зогсоохын тул мод тарих хөрөнгөө гаргаад, хүмүүсээ илгээгээд, төсөл хэрэгжүүлж байхад Монголчууд бид гар хумхиад сууж болохгүй. Тийм ч учраас “Цахим Өртөө Холбоо” ТББ, Солонгос дахь Монгол Оюутнуудын Холбооны залуус мөн Солонгосын “Seven Stars” компани энэ ажлын санхүүжилтэнд мөнгө хандивлаж, гар бие оролцож, оюутан залуус хувиасаа зардлаа гарган ажиллацгаав.
Тэдэнд мод тарих, нүх ухах туршлага ер байхгүй ч гэсэн төслийн ажилтнуудын заасан зүйлсийг дор нь сурч аваад хүн бүр л хайртай дотно хүмүүсийнхээ төлөө мод суулгаж байлаа. “Сайхнаагийн мод”, “Цахимынхны төгөл”, “Цацаагийн мод” гээд л. Тэнд суулгасан мод бүр эзэнтэй, залуус түүндээ сэтгэлээ шингээн тарьж, “Заавал ургаарай. Би ирж усална” гэж хэлцгээнэ. Яг л амьд хүнтэй ярьж байгаа юм шиг.
Залуу үе ийнхүү эх орныхоо байгалийг аврахаар ажиллаж байна. Энэ бол их давалгааны ердөө л эхлэл нь. Өнөөдөр тарьсан нялх төгөл ой мод болохын тул хэдэн арав, зуун жил хэрэгтэй.
Харин, томчуудаа, та бүхэн ой моддыг огтолж, түймэрт шатаан устгаж, хөрсөн доорх алтыг нь авахаар үндсээр булга татан сүйтгэхээ хэзээ болих вэ?

Баяннуур, Булган
2008 оны 5 сарын 11