Thursday, January 31, 2008

Монголын өвөл

Тэрэлжийн наахантай "Ашина"-н хажуугийн уул руу авирав. Ёстой тэсгим хүйтэн өдөр байсан.




















Шинэ жилээр Сүхбаатарын талбайд зассан гацуур. Хүүхдүүдийн хийсэн тоглоомоор чимсэн гэсэн.























12 сарын 29-нд Сүхбаатарын талбайд зугаалав. Хүйтэн өдөр байлаа.

Wednesday, January 30, 2008

Нандин холбоо

(Бодит явдлын тухай сонссоноо тэмдэглэсэн минь)

Санаа дагасан уу яасан, түүний чихэнд хүүхэд уйлах дуу дуулдах шиг боллоо. Амьсгаагаа түгжин байж дахин чагнасан ч юу ч дуулдсангүй. “Сөөсгөр хүү минь, амьд мэнд л байгаасай билээ” гэх горьдлого, “Яав даа даанч” гэх харуусал цээжинд сүлэлдэн дахиад л ийш тийш дурандана. Түүний хэнгэнэтэл санаа алдахыг сонссон анд нь юу хэлэхээ үл мэдэн “Одоо ч өнгөрсөн байхаа даа. Чоно барьчихаа биз дээ” гэж өөрийн эрхгүй бодогдсон ч “Түй, түй. Муу ёр байгаа даа” хэмээн өөрийгөө тайвшруулан хаа нэгтээгээс нүдэнд торох юм олоод харчих санаатай гараа саравчлан дөрөөн дээрээ өндөлзөнө.
Энэ хоёр эр гурав хоногийн өмнө гэрийнхээ хаяанд мөлхөж яваад алга болсон, ой дөнгөж хүрч яваа жаал хүүгийн эрэлд мордсон улс. Арай өндөрдүү нуруутай, ширвээ сахалтай эр нь хүүгийн эцэг нь. Хүүхэд алга болсон сургаар ойр хавьцаа нутаглах айл саахалтынхан даяараа хөдөлцгөөж, эрэл сурал болцгоож яваа аж. Зарим нь сум руу хүн хүч дуудахаар хөдөлсөн сурагтай.
“Хүү минь мэнд байгаа. Би мэдээд байна. Заавал олоод ирээрэй” гэсээр нулимсаа барьж ядан уруул нь чичрэн үлдсэн гэргийнх нь дүр, дөнгөж цухуйсан үүдэн хоёр цахиураа гаргаад халтайсан амаа байдгаар нь ангайн инээсээр мөлхөж явдаг хүүгийнх нь төрх нүднээс салахгүй. “Үгүй хө, нэг дуу гараад байх шиг” гэх андынхаа үгэнд цочин дурангаа алдах шахаж “Юу?” хэмээн эргэлээ.
“Над түрүүхэн нэг тийм дуу дуулдах шиг санагдсан, энүүхэн зүүхэнтээ л байх шиг. Аль хө, дурангаа? Нээрээ тэнд нэг юм байх нь ч байнаа. Чоно юмуу даа”
“Тийм байнаа, чоно байна. Ганцаараа юм шив.”
“Дөхөөд үзэх үү дээ? Юу эргээд байгаа юм бол доо.”
Хэн хэнийх нь дотор нэг ижилхэн аймшигт бодол төрсөн ч хэн нь ч дуугарсангүй. Хүүгийн эцгийн нэгэнтээ хүндхэн санаа алдах л сонсдлоо.
“Үгүй энэ чинь... Үгүй байлгүй дээ” хэмээхтэй зэрэгцэн хүүхдийн ход ход хийтэл баясан инээх дуу гарах нь тэрээ. Салхин дороос нь нилээд ойртож очоод морьдоо хөтлөн алгуурхан дөхөж ирсэн хоёр эр харсан зүйлдээ итгэж ядан хөдөлж ч чадахгүй нам зогслоо.
Газар хөрвөөж, ийш тийш харайлган, тоглож байгаа адил аяглах чонын цаахантай нялх хүү нь мөлхөж харагдана. Хүү байдгаараа инээн чонын араас мөлхөж байв. Тэгснээ газар суухад нь чоно холдоод явлаа. Гэтэл хүү араас нь гараа сарвайн уйлж эхлэв. Чоно холдож чадсангүй буцаж ойртсоноо дахиад л хөрвөөн тоглож эхэллээ. Яг л хүүг саатуулж байгаа аятай. Чоныг ирээд тоглож эхлэхэд хүү уйлахаа болив. Холдоод явахаар нь дахиад л уйлж дагаж эхэлнэ.
Нүдэндээ ч итгэхийн аргагүй энэ үзэгдэлд гайхсан, дахин харах найдвараа алдчихсан байсан хүүгээ олж харсан энэ бүхэндээ цочирдон тэр чигтээ мэлрэн хөшсөн хүүгийн аавыг араас нь татах андын нь гар сэхээ орууллаа. “Үгүй бас ийм юм байх гэж, бурхан өршөөг” хэмээн өөрийн эрхгүй шивнэв. “Амьд байна шүү дээ, амьд байна. Бурхан өршөөг. Ийм юм гэж байх уу даа.” Ховор тохиох эр хүний нулимсыг чухам энэхэн агшинд тогтоон барихын аргагүй.
Харин хүүдээ яаж очих билээ? Махчин араатан хүртэл хүний нялх үрд халдах биш халамжлаад байж байх нь хүн байгалийн тасаршгүй нандин холбооны дээд илэрхийлэл бус уу? Бяцхан хүү, чонотой тоглосоор. Даанч эцэг нь хүүдээ хэрхэн ойртох билээ.
“Одоо яахав? Холдохоор нь очоод хүүгээ авах гэхээр араатан л болсон хойно эргээд барьчих юм болуу.”
“Энэ хоёр амьтныг чинь яалтай билээ. Яаж салгаж авая даа.”
“Үгүй мөн өрөвдмөөр юм даа. Ингээд байгаад байлтай биш.”
“Буудчих уу?”
Хүүгийн аав нэг гүнзгий амьсгаа аваад:
“Өөр арга алга даа...”
Хэн хэний зүрх шимшрэн дэмий л хүү, чоно хоёрын зүг ширтэнэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүү ядрав бололтой газар хэвтээд өглөө. Хүүгийн аав шийдмэгээр буугаа онилов. “Нүгэлт намайг өршөө” хэмээн сэтгэлдээ шивнэхийн сацуу буу дуу тасхийж, чонын нэгэнтээ гаслаад чимээ алдрахтай зэрэгцэн жаал хүүгийн цочин уйлах дуун цангиналаа...

Thursday, January 24, 2008

Би монгол хэлээ мэддэггүй...

Бүтэн арван жил монгол хэлний хичээл заалгасан, хэдэн арав байтугай зуугаар тогтохгүй ном уншсан гээд л өөрийгөө хирэндээ монгол хэлээ гайгүй сайн мэддэг гэж тоодог байлаа. Харин тэр амьдралын арван жилээ зориулан байж сурсан монгол хэлний дүрэм маань өөрчлөгдчихөж. Эсвэл би заасан хичээлийг буруу сурсан бололтой.
Жишээлэхэд, үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа и бичнээ гээд л тогтоогоод, хэрэглээд байсан дүрэм маань үйлчлэхээ байсан байна.
“Хасчихаад” гэж бичиж дадсан бол одоо “хасчхаад” гэж бичнэ. Цаашилбал:
Буруу: “авчихаад”, Зөв: “авчхаад”
Дүрмүүдийг нь эс дурдаад миний бичиж сурснаас өөрөөр бичих ёстой үгүүдийг дурдвал:
Буруу: “авая”, Зөв: “авъя”
Буруу: “үзэе”, Зөв: “үзье”
Буруу: “идэе”, Зөв: “идье”
Буруу: “уул руу”, Зөв: “уулруу”
Буруу: “сургууль руу”, Зөв: “сургуулируу”
Буруу: “гэр рүү”, Зөв: “гэрлүү”
Өөрөөр хэлбэл, руу, рүү, луу, лүү-г тусад нь бус залгаж бичдэг болсон байна шүү. Анхаараарай. Уг нь голлуу, гэрлүү гэж ярихаас биш бичдэггүй байсан, өөрчлөгдсөн байналээ.
Буруу: “хэрэглэгчиддээ”, Зөв: “хэрэглэгчдэдээ”
Буруу: “шаагиж”, Зөв: “шаагьж”
Буруу: “шуугиж”, Зөв: “шуугьж”
Буруу: “сурвалжлага”, Зөв: “сурвалжилга”
Буруу: “гарагийн”, Зөв: “гаргийн”
Буруу: “хогийн сав”, Зөв: “хогны сав”
Буруу: “галвын”, Зөв: “галавын”
Буруу: “төлвийн”, Зөв: “төлөвийн”
Буруу: “шалгалтанд”, Зөв: “шалгалтад”
Буруу: “төвөг”, Зөв: “түвэг”
Бас “ажиллагсад” гэдэг үгийн утгыг бид огт буруу хэрэглэдэг юм байналээ. Энэ үг нь угтаа “ажиллаж байсан хүмүүс” гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл яг одоо ажиллаагүй хүмүүс. Харин одоо ажиллаж байгаа хүмүүсийг “ажиллагчид” гэж нэрлэж болох гэнэ. Мөн “төвшин” гэдэг нь төлөвийг илэрхийлдэг бол “түвшин” гэдэг нь level.
Бас: хаяя, оёё, уяя гэж бичих нь зүйтэй. “Хичнээн” гэж бус “хэчнээн”, “нилээд” биш “нэлээд” гэх нь зөв. Гэх мэтчилэн бичээд байвал дуусахгүй бололтой. Монгол хэлний дүрмээ дахиж үзэхээс.

Tuesday, January 15, 2008

Д. Болдхуяг: Өөртөө унших шүлэг

Үеэлийнхээ өөртөө уншсан шүлгийг өөрт нь зориулж энд оруулав.

Архи дарсыг уулаа
Юуны тулд вэ Болдоо
Амраг охидыг солилоо
Яах гэж тэр вэ Болдоо

Хусны мөчирт сэрвэлзэх
Навч л юм даа Болдоо
Хунгийн жигүүрээс хийсэх
Салхи л юм даа Болдоо

Томоожихийг чинь хүлээх
Ижийтэй билээ Болдоо
Тоостод үгүй ч дээрээс харах
Аавтай билээ Болдоо

Үзэмж дэлгэр зун байвч
Намар болдог орчлонд
Үймүүлж яваад юу хийнэ
Өтөлнө шүү чи Болдоо

Friday, January 4, 2008

Далай бид хоёр

Далай... Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшиг. Ийм их, амьд усан... Тэр надтай ярьж, намайг дуудаж, надад дуулж, бас намайг эрхлүүлж байна. Би түүний тэвэрт эгээ л хайртынхаа энгэрт наалдаж байгаа шиг тэврүүлэн, хөвөн урсаж, хайлна. Энэ миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм сонин, өөр, бас салахын аргагүй... Тиймээ, амьдрал уснаас эхтэй гэж үнэн ажгуу. Би зөнгөөрөө мэдэрнэ...
Халуун орны бөгчим, чийглэг агаарт цээж дүүрэн амьсгалах арга үгүй. Харин би одоо хадан цохионы оройд байх эртний хинду сүмийн яг хажууд, эгц доор минь хүрхрэн шуугих их далайг харж зогсохдоо чухамхүү энэ их ус руу халин орвол цээж минь уужрах юм шиг санана. Их усан хадан цохиог сүртэй мөргөж, хуйлран хөөсрөн, дуу чимээ их, сүр дуулиантай. Ямар гайхалтай вэ? Миний сэтгэл зүрх аль хэдийн хуйлрах давалгааны оройд нисэн очиж, түүний хөөс, хадан цохионы дунд дүүлэн наадаж байна. Чи бидэн нэг юм шиг...
Гэнэт араас хэн нэгэн татахад би цочин эргэлээ. Нутгийн жолооч залуу "энэ хачин нөхөр чинь юм үзээгүй юм уу, хаашаа юм. Ингэж байгаад хаднаас ус руу унахнээ" гэж бодсон нь гарцаагүй. Гайхсан харцтай боловч жижүүрийн инээмсэглэлээ уруулаасаа салгалгүйгээр эелдэгхэнээр явах цаг болсныг сануулж байгаа бололтой. Тэр англи хэл мэдэхгүй тул хэл нэвтрэлцэх арга үгүй. Дуртай дургүй машиндаа орж явах зам зууртаа өглөөний нарыг далай дээр угтана даа гэж бодож явлаа...
Харин үдшийн далайн гайхамшгийг надтай хамт амтлахаар чи намайг хүлээгээд л сууж байгаа...

Bali Island (28 Feb 07)

Thursday, January 3, 2008

Хөөрхий бидний бүсгүйчүүд...

Үдийн хоолны цагаар хажуугийн ширээнд суусан хижээлдүү насны үл таних эмэгтэйчүүдийн яриаг сонсч ахуй өнөөдрийн Монгол бүсгүйчүүдийн хувь заяа ямархан эргүүлгээр хаашаа явж байгаа юм бол доо гэх бодол өөрийн эрхгүй төрлөө. Би өөрөө ч хааяахан ийн боддог, таних мэдэх, найз бүсгүйчүүдийн яриа ч бас л нэг иймэрхүү гундуу. Үнэхээр байдал ямар байна вэ? Бодоё.
- Толгой нь сайн ажилладаг, боловсролтой, сэргэлэн залуус өнөөдөр бүгд биш юмаа гэхэд ихэнх нь гадагш гараад явчихсан гэнэ. Тэд эргэж ирэх хүсэл огт үгүйн дээр бараг хэзээ ч эргэж ирэхгүй ээ гэж боддог бөгөөд хаа нэг амралтаараа зугаалж, шоудах гэж нутагтаа ирчихээд үсрээд сарын дараа ум хумгүй буцаад арилж өгнө. Энэ тэдний буруу ч бас биш юмаа. Эргэн тойрноо харахад энд хэн ч тогтох вэ дээ гэж өөрийн эрхгүй бодогддог юм шүү.
- Үлдсэн эрчүүдийн гайгүйхэн хэсгийг нь эрүүл мэнд, бие хаагаар нь үзлэг хийж, хэл ус энэ тэрийг нь шалгаж байгаад аль л эрүүл, хэл устай, гайгүй шиг сэтгэдэг хэсгийг нь хэдэн зуу, мянгаар нь гэрээт ажилчин нэрээр Солонгос руу ачна. Тэд ойрын гурван жилдээ эргэж ирэхгүй бөгөөд хугацаа нь дуусмагц яаж ийгээд буцаад сунгах агаад дор хаяж 5 жил тэнд өглөө үдшийн наранг ч үзэх завгүй ажилладаг гэнэ. Тэгээд эргэж ирэхдээ залуу нас, эрүүл мэнд, оюун ухаанаа хэдэн доллараас арилжчихаад ирнэ. Мэдээжийн хэрэг гэр бүлийн амьдрал будаа.
- Ингээд үлдсэн эрчүүдийн бас л арай дөмөгхөн, амьдралын төлөө зүтгэдэг хэсэг нь нисдэг тэрэгний сүйрэл, авто машины осол, вагоны мөргөлдөөн, метилийн спиртийн хордлогоор төрөл арилжиж нөгөө ертөнц рүү илгээгдчих юм.
- Цаана нь хэн үлдэж байна вэ? Чухам яаж гэдгийг нь хэн мэдхэв, ямар дагаж явсан биш, ихэд мөнгөжсөн давхаргынхан, (мэдээж тэд мань мэтийн эгэл хүмүүс яажшуухан амьдардгийг яаж мэдхэв, зайлуул) бусад нь хэдэн хүүхдүүд, хөгшчүүд. Зуун хувь ийм гэх нь ч хаашаа юм, гэхдээ л энэ үнэн.
Тэгэхээр ийм нөхцөл байдал дунд монгол бүсгүйчүүдэд ямар сонголт үлдэж байна вэ?
1. Монголд амьдарвал мөнгөтэй, эхнэртэй нэгний хэтэвчинд багтаж өрөвдөлтэйхэн амьдрах
2. Хар ажил хийхээр ч хамаагүй гадагшаа явж мөн л тэнд ажиллаж байгаа, гэр бүл нь Монголд үлдсэн нэгний халамжинд орох
3. Эсвэл шар, хар нь хамаатай юу, хэн нэгэн гаднын хүний тогоог барьж, мөнгөнд санаа зовохгүйхэн, бас чиг гэрийнхэндээ илүүчилсэн шигээ явах. Зарим тохиолдолд улам хэцүү байдалд ордог юм шиг байгаан.
4. Нэг бол гэрт орж эм болж, гадаа гарч эр болж, өөрийн хүч чадалдаа найдан амьдралын төлөө зүтгэх. Энэ сонголт их хэцүү, нэг хэсэг нь оюун ухаанаа, нэг хэсэг нь хүч чадлаа, нэг хэсэг нь төрсөн биеэ үнэлж амьдарцгаадаг. Өөр хэндээ ч, юундаа ч найдхав дээ.
5. Өөр сонголт одоогоор толгойд орж ирдэггүй ээ.
Ийм л нөхцөл байдлын дунд чадан ядан тэмцэж, амьдарцгааж явахад нь хэдэн бүсгүйчүүдээ элдэв муугаар нь дуудаад л, шүүмжлээд л байх хэрэг байна уу даа? Тэднийг халамжилж, санаа тавих хүн алга л байх шиг.
Жич: Нилээд бараан талаас нь хараад биччих шиг боллоо, энэ удаад. Монгол эрчүүдийн хувьд ч бас байдал сайнгүй юм шиг байгаан. Энэ талаар бас тэгж байгаад нэг бичнэ гэж бодож байна.

Tuesday, January 1, 2008

Bonnie Altai: Think outside the circle

ТОЙРГООС ГАДНА СЭТГЭ

Нэг л мэдэхэд би тойргийн гадна гарч
Нэг л мэдэхэд тэр зураас ард хоцорч
Нэг л мэдэхэд хязгааргүй эрх чөлөө надад салхилж
Нэг л мэдэхэд би юунаас ч айхгүй болж

Зориг, нисэлт надад байх ч
Газардахаа бас мэдэх л болж
Газар шороо намайг татавч
Голдоо ортол тэнгэр байж чадах л болж

Гэнэн, сониучханаар дэлхийг нээх ч
Гүний хэмнэлийг нь хэдийн ойлгож
Гэрлийг гэрэл, харанхуйг харанхуй гэж мэдэх ч
Гэрэл нь харанхуй, харанхуй нь гэрэл байж мэдэх л

Өгсөн авсан нь нэмэх хасах мэт ч
Өөрт минь биш, орчлонгийнх гэж боддог болж
Өглөө орой гэж ялгаж мэдэх ч
Өөрөө би л эхлэл, төгсгөл болохоо мэддэг болж

Хүнд хүйтэн хариу өгч чадах ч
Холдсон хойно нь өрөвдөж, өршөөж л суудаг
Харамгүй шүлэг бичиж, хавар авчирч чадах ч
Хэнд ч хэлэхгүй хайрлаж бас мэдэх л